Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 28

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

      Даргалагч шүүгч  Б.Батзориг

                           Шүүгчид                Л.Амарсанаа

                                                         Г.Давааренчин

                   Оролцогчид:

                            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адъяа

                               Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

                            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 482 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Сэлэнгийн долгио чуулгад” холбогдох “2902.000 төгрөг гаргуулах тухай” 1 хавтас иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захрал Д.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сэлэнгэ аймгийн Ардын дуу бүжгийн Сэлэнгийн долгио чуулга нь 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр манай  үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч “Худалдах, худалдан авах” болон “Төлбөрийн батлан даалт”-ын гэрээ байгуулан нийт 16 ажилтан, албан хаагч хамруулан 9.260.000 төгрөгний үнэ бүхий гар утас, төхөөрөмж зээлээр авч, төлбөрийг 5-12 сард хуваан төлөхөөр тохиролцсон.

Сэлэнгийн долгио чуулга нь гэрээний үүргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл 2895000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байгаа тул 2902.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр анхан шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Манай байгууллага “Скайтел” ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ хийсэн болно. Гэрээний дагуу тус компанид 6.358.000 төгрөг шилжүүлж байсан. Нэхэмжлэлд дурдсан төлбөрийн үлдэгдэл 2902.000 төгрөгийг манай байгууллага төлөх боломжгүй. Учир нь манай байгууллагад ажиллаж байсан 8 хүн ажлаас чөлөөлөгдсөн, мөн дээрх 8 хүн хувиараа төлсөн эсэх нь нэхэмжлэлд тодорхойгүй байна …гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адъяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгийн долгио чуулга нь 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Худалдах, худалдан авах” болон “Төлбөрийн батлан даалт”-ын гэрээ байгуулан нийт 14 ажилтан, албан хаагч хамруулан 9.260.000 төгрөгний үнэ бүхий гар утас, төхөөрөмж зээлээр авч, төлбөрийг 5-12 сард хуваан төлөхөөр тохиролцсон бөгөөд төлбөрийг ажилтнуудынхаа  цалингаас суутган шилжүүлэх, уг төлбөрийг төлөгдөхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд төлбөрийг батлан даахаар тохиролцсон.

Сэлэнгийн долгио чуулга нь 2012 оны11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 4.525.000 төгрөгийг төлсөн, 2014 оны 06 дугаар сард манай дансанд 5 удаагийн шилжүүлгээр 1840.000 төгрөг орж ирсэн бөгөөд 2014.06.19-ний өдрөөс хойш ямар нэгэн төлөлт хийгдээгүй тул шүүхэд хандсан.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 482 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн долгио чуулгаас төлбөрийн үлдэгдэл 2895.000 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөг, нийт 2902.000 төгрөгийг гаргуулж  “Скайтел” ХХК-д олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 61382 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжинд 61382 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  

“Скайтель” ХХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгийн долгио чуулгад  холбогдох “2.902.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 482 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариуцагчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэлд дурьдсанаар Сэлэнгийн долгио чуулгатай “Скайтел” ХХК нь 2012 оны 09-р сарын 21-ний өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг баримтлан худалдах, худалдан авах гэрээ хийсэн боловч гэрээний гол нөхцөл болох гар утасны үнийн үлдэгдэл гэх 2.902.000 төгрөгийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй юм. Учир нь  “Скайтель” ХХК нь 9.260.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг манай байгууллагын ажилчдад шилжүүлсэн гэдэг нь дараахь байдлуудаар нотлогдохгүй байна.

Худалдах, худалдан авах гэрээнд гэрээний гол нөхцөл болох гар утасны тоо хэмжээ, үнийн талаар буюу 9.260.000 төгрөгийн гар утсыг авсан гэдэг нь тусгагдаагүй ба энэ нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан “...гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий байхыг зөрчсөн  биет байдлын доголдолтой” байхаар харагдаж байна.

2. Гэрээний хавсралт гэх баримтанд гар утас авсан хүмүүсийн гарын үсэг байхгүй, хэдэн төгрөгийн утас авч байгаа нь тодорхойгүй, зарим хүмүүсийн нэр давхцсан, 9.260.000 төгрөгийн утас гэдэг нь нотлогдохгүй байхад шүүх санаачлагаараа дүгнэж 2.902.000 төгрөгийг гаргуулсан байна.

3. Тус худалдах, худалдан авах  гэрээг тухайн үеийн дарга байсан Нина хийж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. Худалдах худалдах гэрээ бол 2 талын байгууллага зөвхөн хамтран ажиллах саналын шинжтэй байгуулагдсан ба гэрээний агууллагад ямар нэгэн гар утасны үнэ тоо, ширхэгийн талаар заагаагүй байна. Гэтэл хавсралт гэх баримтанд итгэмжлэлгүй хүн байгууллагыг төлөөлж зурсан нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн гэрээ байгуулсан байгууллагын удирдлагад гар утас тоо, ширхэгээр өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна.

4. Шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн дэлгэрэнгүй гүйлгээний баримтаар 2.895.000 төгрөг үлдсэн, үүнийгээ 2012 оны 11 дүгээр сараас 2014 оны 03 дугаар сарын 21-нийг хүртэлх хугацаанд 6.365.000 төгрөг төлсөн  гэдэг нь нотлогдож байна гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан...нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл тухайн гүйлгээний хуудас нь банкны гүйлгээний хуудас бус өөрийнх нь санхүүгийн талаас гаргаж өгсөн баримт байхад эргэлзээгүй гэж үзсэн байна.

Манай байгууллагын зүгээс 2014 онд гэрээнд дурьдсан Голомт банкны данс руу төрийн сангаар дамжуулан ямар нэгэн төлбөр хийгдээгүй байхад тус гүйлгээний хуудсанд хамгийн сүүлд 2014 оны 03 сард гүйлгээ хийгдсэн гэдэг нь боломжгүй юм.

Скайтел компани  тухайн үед гэрээг байгуулахдаа утас өгсөн ажилчид бүрт өөрт нь өгч гарын үсэг зуруулан авч байсан ба манай байгууллагаас гарсан ажилчид хувиараа төлбөрөө өгсөн байж болох ба яг хэн нь хэдэн төгрөг төлөөгүй, хэн нь хэдэн төгрөг төлсөн гэдэг нь тодорхой бус байгаад байгаа юм.

Гэтэл Скайтел компани тухайн үед утас өгөхдөө давхар ажилчдад гарын үсэг зуруулсан баримтаа өгөхгүйгээр шинээр  хуурамч баримт үйлдэн /гэрээний хавсралт/ ард нь тамга, тэмдгийг дарж ашиглан шүүхэд нотлох баримт болгосныг мэдэх боломжгүйгээр  хэргийг шийдвэрлэсэн байна.  /Энэ талаархи нотлох баримтыг хурал дээр гаргаж өгөх болно./

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 482 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн шүүх хуралдааны үеэр гаргаж өгсөн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэдэг баримтыг үндэслэсэн байдаг. Үүн дээр Сэлэнгийн долгио чуулганаас хамгийн сүүлд 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлбөр төлсөн, нийтдээ 6.395.000 төгрөг өгсөн гэж бичсэн байсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 05 дугаар сард үлдэгдэл төлбөрөө төлнө гэсэн, үүнээс хойш 1.840.000 төгрөг манай дансанд орсон гэж мэдүүлдэг. Гэтэл дээрх харилцагчийн дэлгэрэнгүй дээр 1.840.000 төгрөг өгсөн талаар байдаггүй.

Надад байгаа баримт буюу Сэлэнгийн долгио чуулгын төрийн сангийн дансны хуулга дээр 1.840.000 төгрөг “Скайтел” ХХК-ийн дансруу шилжүүлсэн тухай байхгүй. Нэхэмжлэгчийн дансанд 2014 оны 02 дугаар сарын 22-нд гэрээнд заасан мөнгө орсон байсан гэж хэлсэн. Тэгэхээр энэ мөнгийг хэн шилжүүлсэн нь тодорхойгүй.

Мөн нэхэмжлэгч тухайн байгууллагад яг 9.260.000 төгрөгийн утас өгсөн нь тодорхойгүй, гэрээн дээр нь хүмүүсийн гарын үсэг, нэг бүрийн үнэ байхгүй. Хэн хэдэн төгрөг ямар учраас төлөөд, 2.895.000 ямар учраас үлдсэн нь тодорхойгүй. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага 17-18 жил үйл ажиллагаа явуулахдаа нэг ч удаа хуурамч баримт гаргаж, иргэдийг хохироож байгаагүй.

Тухайн үед Сэлэнгийн долгио чуулгын даргаар н.Нина гэдэг хүн, орлогч н.Бүжиймаа гэдэг хүн байсан, тийм учраас тэдгээр хүмүүсээр гарын үсгийг зуруулсан. Батлан даалт дээр н.Бүжиймаа зурсан учир нь тухайн байгууллагад ажилладаг хүмүүсийн цалингаас суутгах эрхтэй хүн байсан юм.

Бид тоног төхөөрөмж, гар утсаа өгсөн болохоор л манай байгууллагын дансанд мөнгө орж ирсэн байх гэв.

Үндэслэх нь:

 Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио чуулга”-д холбогдуулан  худалдах худалдан авах гэрээний үүрэг  буюу гар утас, төхөөрөмжийн үнэ 2.902.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 Анхан шатны шүүх зохигчдын хооронд  зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 Хэргийн материалыг судлан үзвэл  хэрэгт зохигчдын хооронд 2012 оны 09 сарын 21-ний өдөр  Худалдах, худалдан авах гэрээ, Төлбөрийн батлан даалтын гэрээнүүд байгуулагдсан байна.

 Худалдах худалдан авах гэрээний худалдан авагчийг төлөөлөн Сэлэнгийн долгио чуулгын дарга Д.Нина  гарын үсэг зурсан бөгөөд тус гэрээгээр хэдэн төгрөгийн үнэ бүхий хичнээн гар утас, төхөөрөмж худалдан авахаар тохиролцсон болон төлбөрийг хэдийд, хэрхэн төлөх талаар тодорхой заагаагүй, гэрээнд худалдан авагчийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио чуулга” гэж тодорхойлсон боловч  бодит байдал дээр  тус байгууллагын нэр бүхий 16 ажилтан нэхэмжлэгчтэй гэрээ байгуулан гар утас, төхөөрөмж зэргийг  худалдан авч зохих төлбөр хийж байсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Харин хариуцагч Сэлэнгэ аймгийн Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио чуулга” нь ажилчдынхаа худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд  нөхөн хариуцлага хүлээхээр Батлан даалтын гэрээ байгуулсан гэж үзэхээр байх тул хариуцагч Сэлэнгийн долгио чуулгыг  худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлгүй байна.

 Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо хариуцагчийг үндсэн үүрэг гүйцэтгэгч  эсхүл  батлан даагч аль нь болохыг тодорхойлж чадаагүй бөгөөд хэрэгт авагдсан гэрээнүүдээс үзвэл хариуцагч нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр худалдах худалдан авах гэрээнд оролцоогүй, харин  өөрийн ажилчдынхаа гэрээгээр үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүсэх эрсдлийг хариуцахаар үүрэг хүлээж, батлан даалтын гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

 Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1., 460 дугаар 460.1., 460.2.-т зааснаар батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг, өөрөөр хэлбэл  хариуцагч байгууллагын 16 ажилтан  худалдах худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж  чадахгүй нь илт  тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг  батлан даагчаас шаардах эрх үүснэ.

 Гэтэл нэхэмжлэгч нь үндсэн үүрэг гүйцэтгэгч нарын үүргийг шууд батлан даагчаас гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй юм.

 Харин нэхэмжлэгч нь үндсэн үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан  нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсний дараа үүргээ биелүүлэхгүй болсон нь илт тодорхой болсноор  батлан даагчаас нөхөх хариуцлага хүлээлгэхээр  нэхэмжлэгчид шаардлага гаргах эрх үүсэх болохыг  тайлбарлах нь зүйтэй.

 Анхан шатны шүүх нь маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр  хэргийн үйл баримтад хамааралтай талаас нь үнэлээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн хариулцааг буруу тодорхойлж хэргийг хянан шийдвэрлэсэн  байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 482 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн  458 дугаар зүйлийн 458.1., 460 дугаар 460.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ны Сэлэнгэ аймгийн Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио чуулга”-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн  458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн  460.1.-т заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 12-ны өдрийн 482 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ны Сэлэнгэ аймгийн Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио чуулга”-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                     ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА

                                                                                    Г.ДАВААРЕНЧИН