Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 482

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлтэй.

Хариуцагч: “Сэлэнгийн долгио чуулга”-д холбогдох

“2,902,000 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адъяа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

            Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн Ардын дуу бүжгийн Сэлэнгийн долгио чуулга нь 2012 оны 09 сарын 21-ний өдөр манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч “Худалдах худалдан авах” болон “Төлбөрийн батлан даалтын” гэрээ байгуулан нийт 16 ажилтан албан хаагч хамруулан 9,260,000 төгрөгний үнэ бүхий гар утас, төхөөрөмж зээлээр авч төлбөрийг 5-12 сард хуваан төлөхөөр тохирсон.

            Сэлэнгийн долгио чуулга нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн гэрээний төлбөрийн үлдэгдэл 2,895,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Сэлэнгийн долгио чуулгад төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан боловч аудитаас баримтын шалгалт орсон баримт шүүж тооцоо нийлж төлбөрөө эцэслээд үлдэгдэл байвал төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл тооцоо нийлээгүй, төлөөгүй байна.

Иймд Сэлэнгийн долгио чуулгаас гэрээний төлбөрийн үлдэгдэл 2,895,000 төгрөг, нотариатын зардал 7,000 төгрөг нийт 2,902,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэх.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг Орхон 6 дугаар хэсэг 11-18 тоотод оршин суух хаягтай, эмэгтэй, 34 настай, ам бүл-2, охины хамт, “Скайтел” ХХК-ний Сэлэнгэ салбарын захирал ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Дашнямын Адъяа /РД: МА82061301/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “Скайтел” ХХК нь 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгатай худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн батлан даалтын гэрээ тус тус байгуулсан. Сэлэнгийн долгио чуулга нь уг гэрээнд 14 ажилтан албан хаагч хамруулж 9.260.000 төгрөгний гар утас төхөөрөмж авч төлбөрийг 5-12 сарын хугацаанд хуваан төлөхөөр тохирсон бөгөөд төлбөрийг ажилтнуудынхаа цалингаас суутган шилжүүлэх, уг төлбөрийг төлөгдөхгүй нөхцөл байдал байдал үүссэн тохиолдолд төлбөрийг батлан даахаар тохиролцож гар утас төхөөрөмж авсан. Сэлэнгийн долгио чуулга нь худалдан авсан гар утас төхөөрөмжийнхөө төлбөрийг 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 4.525.000 төгрөгийг төлсөн байдаг бөгөөд 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс хойш төлбөр тасалдал үүссэн учир 2014 оны 05 дугаар сард компаний зүгээс Сэлэнгэ аймагт томилолтоор ажилласан нягтлан бодогч Сэлэнгийн долгио чуулгатай баримтаар тооцоо нийлэхээр очиход нягтлан бодогч Бүжиймаа байсан бөгөөд манайд аудитын шалгалт орсон байгаа бүх баримтыг аваад явсан 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэхэд материалаа буцаагаад авна тэр үед танай салбарын захиралтай тооцоо нийлье, төлбөрийн үлдэгдэл байгааг мэдэж байгаа төлбөрөө бол төлнөө гэсэн хариу өгсөн. Энэ уулзалтаас хойш буюу 2014 оны 06 дугаар сард манай дансанд 5 удаагийн шилжүүлгээр 1.840.000 төгрөг орж ирсэн бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш ямар нэг төлөлт хийгдээгүй тул манай зүгээс шүүхэд хандан төлөгдөөгүй байгаа 2895 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл дээр нотариатын зардал 7 000 төгрөг нийт 2902 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тооцоо нийлэн гэсээр байгаад хугацаа алдсан тал тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтэй байгаа мөн хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэх.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ... Тус шүүхэд гаргасан “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлтэй хэргийн хариу тайлбарыг дараах байдлаар хүргүүлж байна. Манай байгууллага “Скайтел” ХХК-тай 2012 оны 09-р сарын 21-ний өдөр ажилчиддаа гар утас худалдах, худалдан авах гэрээг хийсэн болно. Гэрээний дагуу тус компанид 6,358,000 төгрөг шилжүүлж байсан. Нэхэмжлэлд дурьдсан төлбөрийн үлдэгдэл 2,902,000 төгрөгийг манай байгуулага төлөх боломжгүй.

Учир нь; манай байгууллагад ажиллаж байсан 8 хүн ажлаас чөлөөлөгдсөн учир төлөх боломжгүй, мөн дээрх 8 хүн цаашид хувиараа төлсөн эсэх нь нэхэмжлэлд тодорхойгүй байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд яг хэдэн хүний хэдэн гар утасны үлдэгдэл төлбөр нэхэмжилж байгаа нь бичигдээгүй, анхнаасаа байгуулсан гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй, тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Төлбөр төлсөн нотлох баримтуудыг гаргаж өгнө гэх.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК- нь хариуцагч Сэлэнгийн долгио чуулгатай 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр тус чуулга нь Скайтелийн гар утсыг /Smart tab. Skynet. Alcatel 990c/ 16 ажилтандаа авч өгсөн ба хавсралтанд заасан үнэ, нэр төрлийн нийт 9,260,000 төгрөгний үнэ бүхий дээрх төрлийн гар утсыг 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 5-12 сарын хугацаатай буюу тодорхой хугацааны дотор бүрэн буюу хэсэгчлэн төлөх нөхцөлтөйгөөр тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн батлан даалтын гэрээ, түүний хавсралт /хавтаст хэргийн 5-9 тал/ зэрэг баримтаар нотлогдож байхаас гадна хэргийн 10-р талд авагдсан нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан ... харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэсэн баримтаас үзэхэд хариуцагч Сэлэнгийн долгио чуулга нь дээрх нийт 9,260,000 төгрөгийн төлбөрөөс 2012 оны 11 сараас 2014 оны 03 дугаар сарын 21-ийг хүртэлхи хугацаанд нийт 6,365,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 2,895,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь нотлогдож байна. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа / хэргийн 23 дахь тал/ ... 2,902,000 төгрөгийг төлөх боломжгүй ... 8 хүн ажлаас чөлөөлөгдсөн, ... гэрээ шаардлага хангаагүй тул төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч түүний энэхүү татгалзал нь төлбөрийг төлөхгүй байх буюу төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл, нотолгоо биш байхаас гадна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй буюу төлөхгүй талаар баримтаар нотолж, няцааж чадаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй байна гэж үзэв.

Хууль зүйн үүднээс дүгнэхэд: талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан ... эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-т заасан гэрээнд тавигдах хэлбэр, шаардлагыг зөрчөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар ... худалдагч нь худалдан авагчаас учирсан хохирол, зардлаа шаардах эрхтэй ба худалдан авагч буюу үүрэг гүйцэтгэгч Сэлэнгийн долгио чуулга нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар ... гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул мөн хуулийн 222.7-д зааснаар ...үүрэг гүйцэтгүүлэгч нь учирсан хохирлоо үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй байна.

Мөн талууд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар ... гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх дээр маргаж байгаа боловч мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлцэх хугацаа /3 жил/ өнгөрөөгүй гэж үзнэ.

Учир нь; шүүхэд зохигчийн гаргасан тайлбар, хүсэлт болон хэргийн 10-р талд авагдсан дэлгэрэнгүй гүйлгээний хуулга зэргээс үзхэд 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ байгуулагдснаас хойш 2014 оны 03 дугаар сарын 21-нд буюу хамгийн сүүлд төлбөр төлсөн баримт, нэхэмжлэгч нь 2016 оны 6 сарын 03-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан зэргээс үзэхэд мөн хуулийн 75 дугаар зүлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааны / 3 жил / дотор нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргасан гэж үзнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн долгио чуулгаас төлбөрийн үлдэгдэл 2,895,000 төгрөг, нотариатын зардал 7,000 төгрөг, нийт 2,902,000 төгрөгийг гаргуулж “Скайтел” ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 61,382 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 61,382 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.ЭНХТАЙВАН