Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Э

Улсын яллагч Б.Д       

Хохирогч Б.Г

Хохирогчийн өмгөөлөгч Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д

Мэргэжилтэн Б.Ш

Гэрч Э.У, М.Э      

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Б.Б-д холбогдох эрүүгийн ...  тоот хэргийг 2019 оны 11 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ө аймгийн А суманд төрсөн, ... настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Б.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 сарын 24-ний өдрөөс 12 сарын 25-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Норжай” караокений гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хамт явсан Б.Г-тай маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 сарын 24-ний өдрийн 20 цагийн орчим гэртээ зурагт үзээд сууж байтал Замын-Үүд сумын Халиун кабелийн телевизээр “машин худалдаж авна” гэсэн зар явсан, тэгээд зарын дагуу хүнтэй нь утсаар холбогдоход “машиныг чинь одоо үзье” гэж хэлсэн. Тухайн үед миний зарах гэж байсан машин гэр байранд байсан болохоор машинаа үзүүлэх гээд гэрээс гартал гэрийн гадаа найз З, төрсөн дүү жижиг З машин дотор хоёулаа сууж байсан. Тэгээд З-с ямар ажилтай хаашаа явж байгаа талаар асуухад “найз нь нэг ахыг гэрээс нь аваад каргон дээр хүргэж өгөөд, дараа нь машиныг каргоноос аваад гэрт нь хүргэж өгөх ажилтай явж байна” гэсэн. Ингээд би давхар машинаа хүнд үзүүлчихье гэж бодоод машинд нь суутал дүү нь ажилтай гээд Г-н гэрийн гадаа бид хоёрыг буулгасан. З, Г-тай утсаар яриад “машинаараа хамт яваад хүн хүргээд өгчих” гэж хэлээд гэрээс нь дуудсан ба яг тэр үед нөгөө хүргүүлэх гэж байсан ах эсрэг талын байрнаас хамт гарч ирээд бид 4, Г-н гэрийн гаднаас түүний Кровн маркийн автомашинтай эмнэлгийн хажуу талын карго орсон. Нөгөө ах /нэрийг нь мэдэхгүй/ карго дээр очингуутаа “миний машин арай дүүрээгүй байна, та хэд хүлээж байх уу” гэхээр нь хүлээх зуураа би гэгээн хотхоны доод талын дэлгүүрээс 0,75 литрийн соёрхол архи аваад З-тай удаан уулзалдаагүй найзууд ингээд таарлаа гэж хэлээд хоорондоо юм ярингаа архиа машин дотроо хувааж уусан. Тухайн үед Г машин жолоодож байсан учраас архинаас огт амсаагүй бөгөөд каргоны гадаа ойролцоогоор 1 цаг орчим машин дотроо суусан, удалгүй нөгөө ах каргоны машинаа хойд талын гэр байранд үлдээнэ гэхээр нь хамт яваад машиныг нь айлын хашаанд оруулж тавьсан. Ингээд бид хэд буцахдаа хилийн гудамжнаас нэг шил 0,75 литрийн соёрхол архи нэмж аваад Г-н гэрийн гадаа авсан архиа З бид хоёр хувааж уугаад нөгөө ах архинаас 1, 2 татаад гэртээ орсон. Үүний дараа бид 3 хоорондоо ярилцаж байгаад Норжай дэлгүүрийн дээд талын караокед ороод нэг цаг суусан ба дотроос нэг шил 0,75 литрийн соёрхол архи захиалж аваад Г бид хоёр хувааж уусан, тухайн үед З унтлаа гэж хэлээд архинаас 1-2 удаа татаад унтсан. Энэ хооронд Г бид хоёр дуулаад сууж байсан бөгөөд цаашаа юу болсныг сайн санахгүй байна, нэг мэдсэн Г хувцасгүй дээгүүрээ нүцгэн Норжай караокений гадаа доошоо харсан байдалтай хэвтэж байсан, дараа нь Г бид хоёр эмнэлэг дээр ирчихсэн би нүдээ эмчид үзүүлээд, Г орон дээр хэвтэж байсныг санаж байна аа. ...Хэсгийн байцаагч д/ч Г.У-тай хамт анх уг бичлэгийг үзээд би байна гэсэн нь үнэн, харин өнөөдөр бичлэгээ давтаж үзэхэд биеийн хөдөлгөөн, өмссөн хувцас, биеийн хөгжил зэргээрээ надтай адилгүй хүн байна. ...Хүн харахад гайгүй юм шиг байсан байх. Бичлэг үзээд би байна гэж хэлсэн нь үнэн, тухайн үед бичлэгийг үзэх үед миний нэг нүд тагларсан байсан. Би өөрийгөө буруу таньсан байсан. Сүүлд бичлэгийг үзэхэд надаас туранхай намхан байж магадгүй, бөгсөө дарсан кантгүй урт саарал куртик шиг зүйл өмссөн залуу байсан. Анх би бичлэгийг үзээд би байна гэж хэлсэн тэгээд л намайг гэж Г хэлсэн. Хэрэг болсны маргааш нь ямар хүмүүстэй мууталцснаа мэдэхгүй байна гэж З надад хэлж байсан.” гэжээ. /1хх-ийн 83-84, 86/

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 12 сарын 24-ний орой хүнд машинаа үзүүлэх гээд гэрээс гарсан. Тэгээд З-тай таараад, З Г-нд очье гээд тэдний гадаа очсон. Г гарч ирээд бид машинтай нь явсан. Машин дотор З бид 2 архи уусан. Тэгээд Норжой караокед орсон. Тэнд архи уусан. Хэрэг болсны маргааш  З манай гэрт ирсэн. Тэр үед миий нэг нүд хавдсан байсан. З-г хаанаас ирэв гэтэл Г-с гэж хэлсэн. Би З-с бид хоёрыг хэн зодсон бэ гэтэл мэдэхгүй, Г мөн мэдэхгүй гэж хэлсэн гэж хэлсэн гэв.

Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б, З хоёр тоглоом шоглоомоор миний янзыг үзээд дүүгийн бяр чадлыг харъя гээд байхаар нь Б-с 50,000 төгрөг зээлээд, өөрийн байсан 10,000 төгрөгөө нэмээд Норжай караокед орсон. Тухайн үед караокений өрөөнүүд бүгд захиалгатай гээд байхаар нь зөөгчөөс захиалга өгсөн хүний утсыг аваад ярьтал утас холбогдохгүй байхаар нь 15,000 төгрөгийн өрөөг нэг цагаар аваад дотроос 1 шил 0,75 литрийн Соёрхол, З лааз ундаа авсан. Караокед ороод архиа тэнцүү хувааж уусан бөгөөд З дуулахгүй чимээгүй суугаад байхаар нь би “за чи хөгшөөн жоохон унтчих” гэж хэлээд өмсөж байсан куртикээ эвхээд толгойн доогуур нь оруулаад хэвтүүлсэн. Ингээд үлдсэн тал шил архийг Б-тэй хувааж уунгаа дуу дуулаад суусан. Тэгээд нэг мэдсэн “Норжай караоке"-ний гадаа гарчихсан Б-тэй юунаас ч болсон юм мэдэхгүй хоорондоо маргалдаад Б миний нүүр рүү гараараа цохитол арагшаагаа замын бордюр дээр толгойгоороо савж унаад ухаан алдах шиг болсон. Үүнээс хойш юу болсон талаар санахгүй байж байгаад маргааш орой нь гэртээ хамаг бие, толгой өвдөөд сэрсэн. ...Эмчилгээний зардалд нийт өнөөдрийн байдлаар 3 сая гаруй төгрөг зарцуулсан. Үүнийг баримтаар мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгнө. Би өмнө нь тархи толгойндоо ямар нэг гэмтэл авч байгаагүй бөгөөд эрүүл саруул байсан. Миний санаж байгаагаар тухайн өдөр Б, З нараас өөр хүнтэй Норжай караокед ороогүй ба Б-тэй маргалдаад намайг цохьсны улмаас миний биед хүнд гэмтэл учирсан болов уу гэж бодож байна. Мөн тухайн үед намайг хэнтэй ч муудалцаагүй болохыг З-с сонссон. Б-н биед учирсан хөнгөн гэмтлийг хэн учруулсныг хэлж мэдэхгүй байна. Тухайн өдөр Б нь анх уулзахдаа сэтгэл санаа нь нэг л тогтворгүй байгаа байдал ажиглагдсан бөгөөд байнга утас нь дуугараад, тамхи учиргүй их татаад байсан, миний бодлоор хэн нэгэн хүнтэй таарамжгүй харьцаа үүсээд өөрөө түрүүлж архи аваад З бид хоёртой хувааж уусан юм болов уу гэж бодож байна. ... Тэр үед Б ганцаараа уугаад байхаар нь яаж ганцааранг нь уулгах вэ гээд хань болсон юм. Б ахтай дотор муудалцсанаа санаж байна. Яагаад муудалцсан бэ гэхээр баяжихаараа хүн тоодоггүй байж одоо яагаад гэнэт тоох болов энэ тэр гэж Б ахтай муудалцаж байсан. Өөр ямар нэгэн олон хүмүүстэй муудалцаагүй, Б ахтай муудалцсанаа санаж байна. Б намайг цохьсон би сайн санаж байгаа.  Намайг эмнэлгээс гарч ирэхэд мөрдөн байцаагч Х банкны камераар дахин харьцуулсан бичлэг хийхэд бид хоёрыг мөрдөн байцаагч М зодоон болсон хувцастайгаа ирээрэй гэж хэлсэн юм. Тэгээд Б ах зодоон болоход өмссөн хувцасаа өмсөж ирээгүй байна гэж мөрдөн байцаагчид би хэлэхэд мөрдөн байцаагч Б ахаас чамд өөр цамц байдаг уу? гэхэд байхгүй гэж хэлсэн. Мөрдөн байцаагч бид хоёрыг тухайн үед өмсөж явсан хувцастайгаа ирээрэй гэж хэлэхэд өөр хувцастай ирсэн. Караокед муудалцсанаа санаж байна. Гарч ирээд зодолдсоноо санаж байна. ... Бичлэг яриад байх юм. Намайг Б цохьсон би энийг сайн санаж байгаа. Би цохьсон хүнээ санаад хэлээд байна шүү дээ. 3 сая гаран төгрөгний хохирол гарсан, байнга эм уудаг. Энэ хүнд цохиулж гэмтсэнээс хойш урагшаа явахаа больсон. Бие маань дийлэхгүй байгаа. 1 сая төгрөг өгсөн. 2,500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /1хх-ийн 21-24/

Хохирогч Б.Г шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 12 сарын 24-ний орой З 6-7 цагийн үед над руу залгаад гараад ир гэж хэлсэн. Би түүнийг гэрт ороод ир гэтэл хүнтэй явж байна гэхээр нь би гараад очсон. Тэгээд өөрийн машиныг асаагаад З, Б бас нэг ахын хамт карго орсон. Тэнд хүнтэй уулзчихаад Б Гэгээн хотхоны дэлгүүр орж архи авсан. Тэгээд тэр архийг нь би аяглаж өгсөн. Тэр үед би машин барьж байсан учир архи уугаагүй. Хамт явсан ахыг хүргэж өгчихөөд З, Б бид 3 үлдсэн. Тэр 2 намайг шордоод байсан. Тэгээд Б ахаас 50,000 төгрөг зээлээд өөрт байсан 10,000 төгрөгийг нэмээд Норжой караоке орсон. Тэнд бас архи, ус, ундаа авсан. Караокед ороод би уусан. З муудаад байхаар нь унт гээд өөрийн куртка, цамцаа дэрлүүлж хэвтүүлсэн. Б бид 2 үлдсэн архиа уугаад сууж байгаад муудсан. Караокенаас гараад Б намайг цохисон. Камерийн бичлэгт байгаа цагаан цамцтай хүн Б мөн. Би түүнд цохиулаад унаж хүнд гэмтэл тархиндаа авсан. Одоо 80 хувийн группт орсон. Би хэнд цохиулсанаа сайн мэдэж байна. Хагалгаанд орсон. Дахин орох шаардлагатай гэсэн. Б надад хохиролд 1 сая төгрөг өгсөн. Өөр мөнгө төгрөг өгөөгүй. Миний дансанд байсан 5 сая төгрөг бүгд эмчилгээний зардалд гарсан. Гэхдээ нотлох баримтаа бүрдүүлж чадаагүй учир бүрдүүлсэн 3 сая төгрөгөөс өгсөн мөнгийг нь хасаад үлдсэн мөнгийг нэхэмжилж байна. Б бүтэн 3 жил нэг цамцны кант ярьж явлаа. Эхлээд өөрийгөө камер дээрээс хараад таньсан байдаг. Сүүлд л би биш, канттай цамц биш гэх зэргээр өнөөдрийг хүрлээ. Хохирол, төлбөрөө аваад би эмчилгээгээ хийлгэмээр байна. Б намайг нүүр лүү цохисон гэв.        

Гэрч Г.Б шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 12 сарын 24-ний өдрийн 22 цагийн үед Г гэгч залуу эхлээд манай караокед орж ирснээ “хоёр ахыгаа дуулуулах гэсэн юм, өрөө байна уу” гэхээр нь “15,000 төгрөгийн өрөө дууссан, 25,000 төгрөгийн өрөө байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй гаднаас том биетэй хоёр ахын хамт орж ирээд 3 номерын өрөө рүү орсон, тухайн үед тэдгээр залуучууд караокед 1 цагийн мөнгөөр 2 цаг гаран суусан бөгөөд 0,5, 0,75 литрийн хоёр шил соёрхол авч уусан. Хоёр цагийн хугацаанд би өрөө рүү нь 3-4 удаа орсон бөгөөд нэг ах нь унтчихсан нөгөө хоёр нь хоорондоо юм яриад архи уугаад, дуу нь чангараад байсан. Тэгэхээр нь дахиж архи өгөхгүй гэж шийдээд цаг чинь дууссан одоо гараарай гэж хэлэхэд Г “дахиад мөнгийг нь өгчихье, нэмж архи авъя, цагаа хийчих” гээд байхаар нь үгүй гэж хэлээд гарсан. Үүний дараа Г нөгөө ахтай маргалдаад “чи намайг Замын-Үүдэд мэдэх үү, би Замын-Үүдийн Г байна” гэх мэт зүйл яриад байхаар нь би унтаж байсан ахыг сэрээгээд “одоо та нар болсон, цаг чинь дууссан гарцгаа” гэж хэлээд гарсан. Тэгээд удалгүй 3 номерын өрөөнд түс тас хийх чимээ гарахаар нь яваад ортол Г ширээн дээр гарчихсан ширээн дээр байсан архиний шил болон стакануудыг өшиглөөд “чи намайг мэдэх үү” гээд хашгираад байхаар нь нөгөө хоёр ахыг түрүүлж гаргасан, тэгсэн Г өрөөнөөс гарахгүй намайг тэвэрч уйлснаа “миний дүү намайг ойлгоорой” гэсэн утгатай зүйл яриад байхаар нь “за, за та одоо ингээд гараарай” гэж хэлээд өрөөнөөс гарсан. Ингээд намайг хүлээн авах ширээний ар талд сууж байхад Г өрөөнөөс гарч ирэнгүүтээ миний сууж байсан сандалны араар орж суугаад “би гарахгүй ээ, гарвал хүнд зодуулах гээд байна” гэхээр нь “та энд ингээд суугаад байж болохгүй ээ” гэж хэлтэл удалгүй өөрөө гарсан. Г-г гарснаас хойш цагийн дараа байхаа сайн санахгүй байна, олон нийтийн цагдаа нар орж ирээд “танай караокений гадаа зодоон болсон байна, танайхаар үйлчлүүлсэн хүмүүс юм уу, ямар учиртай юм вэ” гэхээр нь гараад хартал Г дээгүүрээ нүцгэн газар ухаангүй байдалтай хэвтэж байсан ба хажуу талд нь караокед түүнтэй маргалдаад байсан ах гадуур хувцасгүй зогсож байсан. Тухайн үед хамт явж байсан нөгөө ах хажууд нь харагдаагүй бөгөөд Г-н эхнэр бололтой нэг эгч, цагдаагийн хамт караокед орж ирээд “аль өрөөнд орсон юм, ямар хүмүүстэй орж ирсэн” юм гэхээр нь “хоёр ахтай 3 номерын өрөөнд орсон юм” гэж хэлтэл өрөө рүү нь ороод Г-н нурууны бүс, ноосон цамц хоёрыг аваад гарсан, өрөөнд өөр юм үлдээгүй, тэгээд камерын бичлэгийг үзэх гэсэн боловч ажиллахгүй байсан. Г-г караокеноос гарахаас өмнө 1 стакан хагалсан байсныг мэдээд нөгөө хоёроос нь гарч стаканы мөнгийг төлүүлэхэд хоёулаа эрүүл ухаантай юм яриад зогсож байсан. ...Тухайн үед манай караокед байсан хүмүүс бүгд өөрсдийн өрөөндөө байсан... Тэр гурван залуугийн үйлчлүүлж байсан өрөөнд өөр хүн ороогүй, караокений өрөөн дотор тэр гурван залуу бусадтай хэрэлдэж, маргалдаж зодолдоогүй... Олон жил болсон болохоор одоо би сайн санахгүй байна. Караоке дотор ямар нэгэн маргаан болон зодоон болоогүй. Би өрөө цэвэрлэх гээд ороход стакан хагалчихсан байхаар нь мөнгийг нь авах гээд хойноос нь гарахад шатан дээр шүүгдэгч, нөгөө нэг ах одоо энд байхгүй байна. Тэгээд би Ж гэж харсан гэтэл нөгөө ах нь байсан юм билээ. Тэр гурав юм яриад ах зүгээр үү гэх мэт юм яриад зогсож байсан. Гурвуулаа гадуур хувцастайгаа гарсан, хохирогч цамцаа үлдээсэн байсан эхнэр нь орж ирж авсан...” гэжээ. /1хх-ийн 33-34, 2хх-ийн 105/

Гэрч Э.Г шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би цагдаагийн хэлстийн хэв журмын оройн эргүүлийн үүргийг олон нийтийн цагдаагийн ажилтан Ө-н хамт гүйцэтгэсэн бөгөөд шөнийн 00 цаг өнгөрч байхад Норжай караокений гадаа хүн зодуулчихсан байна гэх дуудлагын жижүүрийн албанаас хүлээн авсан. Ингээд дээрх дуудлагын дагуу Ө-н хамт 4-5 минутын дараа Норжай караокений гадаа явганаар очиход караокений үүдний хэсэгт үл таних 30-35 насны орчим 3 залуу байсан ба нэг залуу нь цээж нь нүцгэн, гадуур өмссөн хувцас нь газраар тарчихсан, газар хэвтэж байсан ба нөгөө 2 залуугийн нэгнийхэн нь зүүн талын нүдний хөмсөг нь хавдаад цус хурчихсан байсан. Тэгээд юу болсон талаар тодруулж асуухад зодолдсон, зодуулсан шинжгүй нэг залуугийн яриагаар “намайг караокеноос гарч ирэхэд манай хоёр найз өөр хүмүүст зодуулчихсан юм шиг байна, тэдгээр залуучуудыг би хараагүй, танихгүй гэж хэлснээс өөр зүйл яриагүй. Ингээд газар хэвтэж байсан залуу дээр очоод биеийн байдлыг нь үзэхэд бага зэргийн ухаантай, биеэ авч явах чадваргүй, нилээн даарсан байдалтай, бие рүү нь хүн өшиглөсөн юм шиг гутлын мөр байсан ба хамт явж байсан найзаас нь түүний гэр бүлийн хүнийг утасны дугаарыг нь аваад “Норжай караокений гадаа хүрээд ирэх үү, танай нөхөр хүнд зодуулчихсан байна” гэж хэлсэн, мөн эмнэлгийн тусламж давхар дуудсан. Удалгүй зодуулсан залуугийн эхнэр ирээд тэр хэд бүгдээрээ эмнэлэг рүү явсан, тухайн үед караоке руу ороод ресепшин эмэгтэйгээс болсон хэргийн талаар мэдэх эсэхийг лавлаж асуухад “энэ гурван залуу манай караокед 2 цаг суугаад, ар араасаа гарсан, эхлээд том биетэй хоёр нь гараад, дараа нь жижиг биетэй зодуулсан гээд байгаа залуу гарсан, караоке дотор байхдаа ямар нэг хүнтэй муудалцсан зүйл болоогүй” гэж хэлсэн. ...Тэгээд яг ямар хүмүүст яаж зодуулсан талаар лавлаж асуухад “бид гурвыг караокеноос гарч ирэхэд танихгүй хүмүүс өөдөөс гарч ирээд маргалдаад зодсон” гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй ээ. ...Хоёулаа хар бараан өнгийн цулгүй нэхий куртиктэй байсан ба нүд нь дов болтлоо хавдсан залуу нэхийн дотроо цайвар өнгийн ноосон цамцтай байсан. Яагаад би үүнийг санаж байна гэхээр нөгөө газар хэвтэж байсан залууг өөрийнхөө нэхийг тайлаад нөмөрүүлж байсан юм аа. ...Нүд нь хавдсан залуу газар хэвтэж байсан зодуулдаг залуугийн хамт тамхи татах гээд караокеноос гарахад үүдний шатан дээр үл таних хүмүүстэй таараад зодолдсон гэсэн ба зодсон, зодуулсан хүмүүсээ одоо танихгүй, зүс царайг нь мэдэхгүй гэж хэлсэн. ...Би бичлэгээс харахад хувцасаа тайлсан дотуураа цагаан өнгийн хувцастай газар унаад боссон хүнийг тухайн үед намайг дуудлагаар очих үед ухаангүй цээж нүцгэн газар хэвтэж байсан хохирогчийг гэж өмссөн хувцсаар нь таниж байна. Харин хохирогч гэх хүнийг цохиод байгаа саарал өнгийн хувцастай хүн нь дуудлагаар очих үед хохирогчийн хажууд зогсож байсан зүүн билүү баруун талын хөмсөгний дээд талд цохиулсан бололтой хавдсан байсан залууг байж магадгүй гэж бодож байна. Тэгэхдээ бичлэгээс хараад шууд танихад хүндрэлтэй байна. Учир нь энэ бичлэгээс сайн харагдахгүй байна. Миний бодлоор хоорондоо муудалцаад зодолдсон юм болов уу гэж бодсон. Бид нарыг цагдаагийн хэлтсээс гараад Норжай караоке руу алхаад очтол замд нэг ч хүн тааралдаагүй бөгөөд зодуулаагүй залуугийн яриагаар бид нарыг зодсон хүмүүс та нартай зөрөөгүй юу, та нарын замаар дөнгөж сая явлаа гэж байсан. ...Хөмсөгний дээд талдаа хавдсан байсан гэх залуу гадуураа бараан өнгийн хагас урт хувцастай байсан. Би газар ухаангүй хэвтэж байгаа хүнийг даарчихлаа шүү дээ гэж хэлэхэд тэр залуу гадуур хувцасаа тайлж нөмрүүлсэн гадуур хувцасныхаа дотор талд саарал өнгийн богино цамцтай байсан” гэжээ. /1хх-ийн 40-41, 2хх-ийн 102/

Гэрч Э.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Нэг мэдсэн Норжай караокед бид гурав орчихсон дуулаад сууж байсан бөгөөд миний хувьд архи ууснаасаа болоод ядраад унтчихсан байсан. Тэгээд нэг сэрээд гадаа гартал эргэн тойронд хэн ч байхгүй, “Норжай караоке”-ний үүдэнд Г дээгүүрээ нүцгэн ухаангүй байдалтай газар хэвтэж байсан ба Б хажууд нь куртикээр нь нөмөргөөд сууж байсан. Тухайн үед Б “Г үхчихлээ ш дээ” гэж надад хэлсэн бөгөөд тун удалгүй олон нийтийн цагдаа нар дуудлагаар ирсэн бололтой юу болсон талаар асуугаад Г-н эхнэрт энэ талаар утсаар мэдэгдсэн. Үүнээс хойш 4 хоногийн дараа Б-тэй утсаар ярихад “би Х банкны гадна талын камерыг цагдаагийн хамт шүүлгэж үзэхэд Норжай караокений үүдэнд Г-г би цохиж унагааж байгаа юм уу, түлхэж унагааж байгаа юм уу, ямар ч гэсэн газар унагааж буй бичлэг байна” гэж хэлсэн. Г-н гэрийн гаднаас хөдөлснөө санаж байна, тэрнээс хойш караокед яаж очоод хэдэн цаг суугаад ямар архи уусан талаар мэдэхгүй байна, караокеноос гарахад Г, Б хоёр бусдад зодуулсан байдалтай гадаа сууж байсан, үүнээс хойш Г-н эхнэрийг дуудаад эмнэлэгт очиж үзүүлээд Г-г гэрт нь хүргэж өгсөн. Б өөрийн ухаантай болсон зүйлийг ойлгох чадвартай байсан. Надад үзүүлсэн бичлэгт Б нь Г-г 2 удаа цохиод газар унагааж буй үйл явдал гарч байна. Тухайн үед би бас Г-г газар унахаар нь босгоод араас нь явсан байна. ...Архи уугаад сууж байхад Г, Б хоёрын хэн нэгнийхэн бие хаа зөв зүгээр байсан бөгөөд намайг тасраад босох хооронд Б-н зүүн талын шанаа хэсэг нь халцраад хавдчихсан, Г-н уруулнаас цус гарч ухаангүй байдалтай хэвтэж байсан...” гэжээ. /1хх-ийн 38-39 /

Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б-д бичлэгийг үзүүлээд бичлэг дээр гарч байгаа хүмүүсийн талаар асуухад “Г-г цохисон хүн нь би байна, караокеноос гарч ирэхэд нилээн согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна, ямар ч гэсэн хоорондоо нэг маргалдаж байсан” гэж хэлснээс өөр зүйл яриагүй ээ. Мөн бичлэг дээр байгаа хүнийг чи мөн байна ш дээ гэж хэлэхэд “харин тийм байна, би нилээн согтуу байсан, юм санахгүй байна” гээд хэлсэн үгээ давтаад байсан. Мөн дээрхи камерын бичлэгийг Б-д зүүлэхэд өөрийгөө таньсан учир Г, Б хоёр хоорондоо маргалдаад зодолдсон юм болох нь тогтоогдсон...” гэжээ. /1хх-ийн 42/

Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хагалгааны дараа ухаан ороод болсон зүйлийн талаар тухайн караокений зөөгч хүүхэн сайн мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгээд караокед ороод эхлээд өрөө байхгүй бүх өрөөнүүд захиалгатай байгаа, зөөгч охин Г-н утсаар өрөө захиалсан хүмүүс рүү залгаж яриад орохгүй бол өөр хүмүүс орлоо шүү гэж ярьсан гэсэн. Тэгээд нөгөө хүмүүс нь орохгүй гээд тэд нар орсон юм шиг байна лээ. Караокед ороод Б, З хоёр согтоод чанга чанга яриад байхаар нь З-д куртикаа дэрлүүлээд жаахан унт гээд унтуулсан гэсэн. Б-с 50,000 төгрөг аваад тэр хоёрт ундаа, ус авч өгсөн гэсэн. Өөрөө шинэ жилд орно гээд дуу бэлдэхээр ямар дуу дуулвал зүгээр вэ гээд дууны номыг хараад сууж байсан гэсэн. Тэгээд тэрнээс хойш юмаа сайн санахгүй байна гэсэн. ...Намайг хэн зодсон талаар юм хэлээгүй, Б ах намайг зодмооргүй юм, яагаад ийм юм болов гэж байсан. ...З надад хэлэхдээ “намайг караокеноос гарч ирэхэд баахан хүүхнүүд дагуулсан нэхий өмссөн хоёр залууг хүүхнүүд нь боль” гээд цааш нь аваад явж байсан гэж хэлсэн. ...Эмнэлэг дээр байхад Б ахын зүүн талын дух нь хавдаж, шанаа нь халцарчихсан байдалтай Г-д нилээн санаа зовсон шинжтэй “юу болсноо мэдэхгүй байна” гэж хэлээд сууж байсан ба Г-н хөлд сөгдөж суучихаад нэг юм яриад байсан. Тухайн үед юу яриад байгааг нь огт ойшоож сонсоогүй бөгөөд хамаг анхаарал Г-д төвлөрчихсөн байсан. ...Тэгээд Г-г өөр өрөө рүү оруулаад хэвтүүлсний дараа Б ах байс хийгээд өрөөнд орж ирээд “Г зүгээр үү” гээд санаа зовоод байсан. Тухайн үед би энэ хүн яагаад ингэтлээ санаа зовоод байгаа юм бол доо гээд бодож байсан. Хагалгаанд орсныхоо дараа Б ахад караокений гадаа цохиулсан гэж байснаас өөр зүйл хэлээгүй. Х банкны гадна камерыг шүүж үзэхэд Г, Б ахтай муудалцаад Б ах Г-г цохиод унагааж байгаа дүрс бичлэг байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 44- 46/

Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Сахиур хийж байхдаа Г-г ухаан орохоор нь өөрөөс нь юу болсон талаар асуухад “Б ах намайг цохисон” гэж хэлснээс өөр зүйлийн талаар яриагүй. Хүүхэд хагалгаанаас гарсны дараа Б надтай утсаар яриад камер шүүгээд би цохисон байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 47-48/

Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр байгууллагуудын шинэ жил гээд эмнэлгийн үйл ажиллагаа нилээн ачаалалтай, согтуу хүмүүс ихээр ирж эмнэлгийн анхны тусламж авч байсан ба шөнийн 01 цагийн үед дээрхи хоёр иргэн нь гэр бүлийн хүмүүсийн хамт орж ирсэн. Тэгээд эхнээс нь Б.Г-н нүүрнээс гарсан хатсан цусыг усаар угааж цэвэрлээд хүлээн авахын орон дээр хэвтүүлсэн бөгөөд өөрийн ухаангүй болтлоо архи ууж согтсон, ил харагдах гэмтэл шархгүй, уруулаа хүнд цохиулсан бололтой дотор тал нь янзарсан шархтай байсан. Үзлэг хийх явцад Б.Г нь агсан согтуу тавьж байсан ба хамт явж байсан гэх 2 залуу нь нэг нэгээрээ эмнэлгийн өрөө рүү дураараа орж гараад байхаар нь арын өрөө рүү оруулж суулгасан. Ингээд Б.Г биеийн байдлыг харгалзан үзээд хамт явж байсан гэх Б-н биед үзлэг хийхэд архи уусан, зүүн талын хөмсөгний дээд хэсэгт цус хурж, хавдсан байдалтай байсан. ...Б.Г-н хувьд өөрийн ухаангүй, орчиндоо харьцах чадваргүй, согтолт ихтэй, хүнтэй зүгээр юм ярих чадваргүй, агсараад байсан ба Б.Б-н хувьд сувилагчийн өрөөнд юм хэлэлгүй дуугүй суугаад байсан. ...Б.Г нь дээгүүрээ нүцгэн, доогуур жинсэн өмд бор гуталтай. Б.Б нь ханцуй нь дээрээ хар өнгийн тууш судалтай, саарал өнгийн Adidas брендийн бэлтгэлийн цамцтай, бараан өнгийн жинсэн өмдтэй байсан. Учир нь би тухайн өдөр их ачаалалтай ажиллаж байсан болохоор байгаа байдлыг харуулах гэж буюу эмнэлгийн үйл ажиллагааг харуулах зорилгоор гар утасныхаа камераар бичлэг хийсэн...” гэжээ. /1хх-ийн 118-119/  

Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагаад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр би МАН-ын шинэ жилийн баярын үйл ажиллагаанд оролцоод орой 23 цагийн үед тарсан, ингээд гэртээ харих гээд явж байтал замд буюу Норжай кароакений гадаа Б ах, Г-н хамт нилээн согтсон байдалтай хоорондоо юм яриад зогсож байсан. Тэгээд би Б ахыг “та нилээн согтсон байна, дүү нь гэрт чинь хүргээд өгөх үү” гээд асуусан чинь Г хажуунаас орж ирээд “би найзыгаа мэдэж байна, чи хэн юм” гэхээр нь “би таньдаг дүү нь байгаа юм аа” гэж хэлээд явах шинжгүй байхаар нь гэртээ орж амарсан. ...Ил харагдах гэмтэл шархгүй хоёуланхнаа зогсож байсан бөгөөд өөрсдийн ухаангүй болтлоо согтсон, хэнтэй юу ярьж байгаагаа мэдэхгүй шахуу байсан. ...Норжай караокений гадаа шатан дээр өөртэйгээ адилхан биеэрхүү залуутай зогсож байсан. Тухайн үед байцаагч нь Б, Г гэж хоёр хүн хоорондоо муудалцсан байна гэхээр нь би тухайн үед Б ахтай цуг зогсож байсан залууг Г гэдэг юм байна гэж ойлгоод мэдүүлэг өгсөн. Хохирогч байгаагүй өөр залуу Б ахтай адилхан биетэй залуу байсан. Хоёулаа нэхий дээлтэй байсан. Б ах өвдгөөр татсан юм уу тиймэрхүү урт нэхий дээлтэй байсан. ...Манай ах бид хоёрыг хүмүүс андуураад байдаг юм. Манай ахыг Ж гэдэг нэр нь Э юм...” гэжээ. /1хх-ийн 120/

Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явуад өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 12 сарын 24-ний орой 22 цагийн үед би ажлаасаа буугаад гэр цоожтой байхаар нь дүү У-н гэрт очоод түлхүүрээ хүлээгээд байж байтал шөнө нь 01 цагийн үед л байх намайг хамт Г руу явчихаад ирье, хүнд зодуулчихсан байна гэж сая утсаар хүн хэллээ гээд намайг дагуулаад явсан. У бид хоёр Норжай караокены гадаа очтол Г газар цементэн дээр хэвтчихсэн ухаангүй байдалтай байсан. Цээжин дээгүүр нь куртка шиг зүйлээр хучсан байсан. Толгойных нь хажууд Б сөхрөөд суучихсан байхаар нь би юу болсон юм бэ, яасан бэ гэж асуусан. Б манай найз үхчихлээ ш дээ, би найзыгаа алчихлаа ш дээ гээд харамссан байдалтай хоолой нь зангираад Г руу хараад хэлсэн. Тэгэхээр нь би Б л Г-г алчихаж гэж бодсон. Угаасаа Г-г тэр үед би үхчисэн байна л гэж ойлгосон. Ингэж бодоход Б-н хэлсэн үг бас нөлөөлсөн. У тэр үеэр караоке руу орж гараад сандараад учираа олохгүй гүйгээд байсан. Б 2 гараа салтаандаа хийчихсэн би найзыгаа алчихлаа ш дээ гэж хэлж байсныг би сайн сонссон. Тэр үед Г, Б хоёрын хажууд би л байсан болохоор тэгж хэлснийг өөр хүн сонсоогүй байх. Б 1 л удаа тэгж хэлээд уйлж байгаа юм шиг мэгшиж байсан. Б эмнэлэг дээр ирэн иртэл Г-н хажууд нүд салгахгүй суусан. Эмнэлэг дээр очоод Б яагаад байгаа нь мэдэгдэхгүй гадаа чанга чанга орилоод байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшээд биеэ барьж чадахгүй орилоод байна даа л гэж бодсон гэжээ. /4-р хх-ийн 105-106/     

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: 1.Б.Г-н биед гавал тархины битүү гэмтэл, гавал ясны хугарал, тархины баруун тал бөмбөрцөгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтэл тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /1хх-ийн 53/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: 1.Б.Б-н биед зүүн хацарт шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний сүүл хэсэгт зулгаралт, цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Учирсан гэмтлүүд нь зүүн хацрын шарх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэг, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний сүүл хэсэгт зулгаралт, цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл нь нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /1хх-ийн 71/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 7/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 87/

Иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 88/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн 89/

2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Замын-Үүд сум дахь цагдаагийн хэлтсийн хоногийн нөхцөл байдлын мэдээ /хх-ийн 98-101/

Гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 121-123/

Туршилт хийсэн тухай тэмдэглэл /2хх-ийн 123-124/

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаах саналыг шүүхэд гаргасан. Камерын бичлэгт бичэгдсэн гэрч нарыг олж тогтоох, хэргийн газрын үзлэгийг хийх шаардлагатай гэж мэтгэлзсэн.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох шүүх хуралдаанаар судлагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-н үйлдэл нотлогдсон гэж үзсэн. Хохирогч Б.Г-н шүүх хуралдаан дээр өгсөн “Би хэнд зодуулсанаа мэдэж байгаа. Б намайг цохисон, цохиулсанаас болж унаж толгойндоо хүнд гэмтэл авсан. Гомдолтой байна” гэх мэдүүлэг, гэрч Э.У-н шүүх хуралдаан дээр өгсөн “эмнэлэг дээр очиход Б санаа зовсон байдалтай Г-н хавиар эргэлдээд байсан. Бид нарыг Сайншанд явсаны дараа над руу болон хадам ээж рүү утсаар яриад Г-н биеийг асуугаад, нэг байраа зараад эмчилгээний зардал өгнө гэж байсан. Эмчилгээний зардалд 1 сая төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг, гэрч М.Э-н шүүх хуралдаан дээр өгсөн “У-н хамт очиход Г газар ухаангүй хэвтэж байсан. Дэргэд нь Б сөхрөөд суучихсан байсан. У караоке руу орсон хойгуур гадаа бид 3 үлдсэн. Б “би найзыгаа алчихлаа ш дээ, үхчихлээ ш дээ” гээд уйлаад байсан. Б-н нэг нүд нь хавдсан аймар болсон байсан. Г-г үхчихлээ гээд байхаар нь би энэ хоёрыг зодолдсон юм болов уу л гэж бодож байсан. Тэгээд Замын-Үүдийн эмнэлэг дээр ирсэн хойноо Б хана цохиод орилоод байсан” гэх мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Э.З /1-р хх-ийн 38-39/, гэрч Г.У /1хх-ийн 42/, гэрч Г.Т /1-р хх-ийн 47-48/, гэрч Т.М /1-р хх-ийн 120/, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 53/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 7/, CD бичлэг зэрэг бичгийн нотлох бармтуудаар шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Норжай” караокений гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хамт явсан Б.Г-тай маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаасны улмаас эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, гавал ясны хугарал, тархины баруун тал бөмбөрцөгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Шүүгдэгч, хохирогч нарыг байлцуулан туршилт хийсэн боловч чанарын хувьд сайжруулсан камераар бичлэг хийсэн учир дүрсний хувьд тодорч тухайн хэрэг гарах үеийн бичлэгтэй жиших боломжгүй байлаа. Өөрөөр хэлбэл тухайн үеийн нөхцөл байдлыг харьцуулах үүднээс хэрэг болсон үеийн камераар туршалтын бичлэгийг хийсэн бол илүү оновчтой байх байсан. Иймд 2016 оны 12 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө бичигдсэн камерын бичлэгийг туршалтын журамаар хийгдсэн бичлэгтэй харьцуулалт хийж үнэлэлт дүгнэлт гаргах боломжгүй тул туршалтын бичлэгийг нотлох баримтын хүрээнд үнэлээгүй болно.    

Шүүгдэгч Б.Б нь болсон хэргийн талаар санахгүй байна гэх боловч камерын бичлэгт цайвар өнгийн цамцтай, хар өмд, гуталтай хүн хохирогчийг цохиж зодож байгаа үйл баримт бичигдсэн байна. Хэрэг гардаг өдөр хохирогч Б.Г болон шүүгдэгч Б.Б нар нь цайвар өнгийн цамц, фудболкатай байсан, шүүгдэгч анх бичлэгийг үзээд өөрийгөө таньсан, хохирогч өөрийг нь цохисон хүнийг Б.Б гэж шууд заадаг зэрэг нөхцөл байдлаас шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдаж байна. Б.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой” байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-н үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн боловч оногдуулж болох эрүүгийн хариуцлагчийн хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн ял нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.Г нь нийт 3,000,000 төгрөгийн хохиролын баримт хэрэгт авагдсан гэх боловч хавтаст хэрэгт нийт 2,960,642 төгрөгийн баримт авагдсан байна. Үүнээс Т, Б нарын төмөр замаар зорчсон эрхийн тасалбар /1-р хх-ийн 149-150, 232-233/-ын үнэ 106,550 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулах шууд хохирол гэж шүүх үзсэнгүй. Учир нь эдгээр баримтууд нь 2017 оны 1 сарын 22, 4 сарын 2, 13, 6 сарын 1, 22-ны өдрүүдийн баримт байх бөгөөд ямар зорилгоор Улаанбаатараас-Замын-Үүд, Замын-Үүдээс-Улаанбаатар явсан нь тодорхойгүй байна. Түүнчлэн 39,358 төгрөгний баримт хэрэгт байхгүй байна. Иймд хохирогч Б.Г-н нэхэмжилсэн 3,000,000 төгрөгөөс шүүгдэгч Б.Б-н төлсөн 1,000,000 төгрөг, вагоны зардал 106,550 төгрөг, баримтгүй 39,358 төгрөгийг хасч тооцон нийт 1,854,092 төгрөгийн хохиролыг хохирогчод олгох нь зүйтэй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 12,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн. Гэм буруугийн шүүх хуралдааны дараа шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Г-д 1,900,000 төгрөгний, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 12,000 төгрөгийг мэргэжилтэн Б.Ш-д тус тус төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогч Б.Г нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно. 

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан, түүнчлэн шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын эмчилгээний зардлыг төлсөн зэрэг байдлыг харгалзан үзсэн болно. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй тул торгуулын ял оногдуулав. Шүүгдэгчийн өрхийн орлого, хувийн байдалыг харгалзан оногдуулсан торгуулын ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 8 ширхэг СД дүрс бичлэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогч хэргийн хамт хадгалахаар тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Б.Б-г 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 ширхэг бичлэгтэй СД-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтаст хэрэгт хадгалсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Э.Б