Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 975

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Соён овогт Ц ын А 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “…Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/84 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч Ц.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.А , түүний өмгөөлөгч Ш.А  нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Миний бие Ц.А нь улсад 32 жил, түүнээс төрийн албанд 29 жил, Сүхбаатар дүүргийн 17 жил ажилласан. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/84 дугаар тушаалаар намайг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээс хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. 

Төрийн албан хаагчтай холбоотой шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 25 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 24, 27, 29 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчснийг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасны дагуу хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэлгүй Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/84 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Ц.А тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Энхболдын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Батлагдсан бүтэц орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” дугаар Б/84 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг, төрийн албан хаагчтай холбоотой шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 25 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 24, 27, 29 дугаар зүйлийг тус тус зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэл гаргаж байсан.

Харин нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд тушаал гаргахдаа дор дурдсан байдлаар хууль тогтоомж зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна.

Нэг. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагааг хийгээгүй

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д тус тус зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоод, тогтоохтой холбоотой нотлох баримт цуглуулах, үнэлэх үүрэгтэй байж. Мөн тус хуулийн 27.2-д зааснаар эрх ашиг нь хөндөгдөж буй Ц.А ад сонсгох ажиллагаа явуулах ёстой байсан ба хуулийн 27.4.3-д зааснаар биечлэн уулзаж түүнд хэрхэн эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа талаар мэдэгдэх ёстой байжээ. Гэтэл бодит байдал дээр Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч түүнд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, дээрх хуулийн заалтуудыг хэрэглээгүй, улмаар Ц.А ыг тус хуульд заасан захиргааны шийдвэр гаргахтай холбоотойгоор тайлбар, санал гаргах боломжийг огт олгоогүй болно. Улмаар Ц.А ыг ажлаас чөлөөлсөн тушаалтай холбоотойгоор тус хуулийн 29.1-д заасан захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас үйлдэж хадгалаагүй болно.

Хоёр. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлын тухайд

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг заасан ба нэгдүгээрт: тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, хоёрдугаарт: төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, гуравдугаарт: өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн тохиолдлыг хуульчлан өгчээ. Иргэн Ц.Аптансувдын хувьд дээрх дурдсан тохиолдлуудаас аль ч хэсэг нь бүрдээгүй байсан ба өөрөө ч хүсэлт гаргаж байгаагүй.

Нөгөөтэйгүүр хэрэв үнэхээр бүтэц орон тоо өөрчлөгдөж түүнийг чөлөөлөх болсон бол Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “.... зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажпын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан.

Бодит байдал дээр хариуцагчийн тайлбарлаж буй шиг хөрөнгө оруулалтын ажил зогссон, эсхүл 302.649,5 мянган төгрөг болон буурсан зүйл байхгүй бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 02 тоот тогтоолоор дүүргийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын зардалд 4 тэрбум 72 сая 962.6 мянган төгрөгийг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг 896 сая 504.8 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн баталжээ. Үүгээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо өөрчлөгдсөн ч түүний ажил үүрэг хэвээр хадгалагдан үлдэж, хийгдэх ажил нь тодорхой байгааг илтгэж байна.

Монгол улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-д “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гээд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчмуудтай. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуулиудыг тус тус зөрчиж дугаар Б/84 тоот тушаал гаргасан нь хууль бус болжээ.

Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар уг Б/84 тоот тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаал болох Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу олгож, холбогдох шимтгэлүүдийг төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус даалгаж өгнө үү” гэв. 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяа нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаар байгууллагын бүтэц орон тоог баталсан. Тус тушаалаар Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс 7 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй баталсан боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сард зохион байгуулсан байгуулагын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөт шалгалтаар Б/249 дүгээр тушаал орон тоо нэмсэн байна. Засгийн газрын хэмнэлтийн горимд шилжих 2016 оны 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжийг биелүүлээгүй гэж дүгнэж Ажлын хэсэг зөвлөмжийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/418 дугаар албан бичгээр ирүүлсэн.

Зөвлөмжийн хүрээнд ажил үүргийн хуваарь давхардсан, илүү орон тоог бууруулж батлахаар дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А/106 дугаар захирамжийг үндэслэн хариуцагч Б/84 дүгээр тушаалаар бүтэц орон тоог баталж Санхүү, төрийн сангийн хэлтэст Хөрөнгө оруулалтын мэргэжилтний орон хасагдсан.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тус захиргааньг актыг илт хууль бусад тооцуулах шаардлага гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд ямар тохиолдолд илт хууль бус акт /утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй/ болохыг хуульчилсан.

Гэтэл Б/84 дүгээр тушаал нь дээр дурдсан 7 нөхцөлийн алийг зөрчсөн талаарх үндэслэлээ заагаагүй байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлт, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгээсээ татгалзсаныг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.А нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/84 дүгээр тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаал болох Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу олгож, холбогдох шимтгэлүүдийг төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх хуралдааны явцад “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “..Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.3-д “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана” гэж заасны дагуу нэхэмжлэлийн “...ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд: 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Энхболдын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/84 дугаар тушаалаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дүгээр зүйлийн 33.4, 33.5, Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай 8 дугаар тогтоолын 5 дахь хэсэг, 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Төрийн захиргааны болон Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоох” тухай 354 дүгээр тогтоолын 1, 7 дугаар хавсралт, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” А/832 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Засаг даргын Тамгын газрын орон тоог шинэчлэн батлах тухай” А/106 дугаар захирамжийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.А ыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэний үүрэгт ажлаас 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ. 

Нэхэмжлэгчээс “...маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 25 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 24, 27, 29-т заасныг баримтлаагүй, хуулийг буруу хэрэглэсэн, хариуцагчаас маргаан бүхий тушаалаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалтын мэргэжилтний орон хасагдсан” гэж тайлбарлан маргаж байна. 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/85 дугаар тушаалаар  Ц.А ыг Засаг даргын Тамгын газрын шинэчлэн батлагдсан бүтэц, орон тооны өөрчлөлтөөр Санхүү, төрийн сангийн хэлтсийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан гэх шалтгаанаар албан тушаалаас чөлөөлж, албан тушаалын 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1,200,278 төгрөгийн нэг удаагийн тэтгэлэгийг олгож, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ц.А ын ажлыг хүлээлцүүлэн акт үйлдсэн байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж, мөн зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” 23 дугаар зүйлийн 23.5-т “...Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/401 дүгээр захирамжаар  Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн баталж, уг батлагдсан орон тооны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249  дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар Засаг даргын Тамгын газрын даргын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ц.А ыг хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, 2 дугаар хавсралтаар тус хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний ажилд томилжээ.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03/418 дугаар албан бичгээр “...Нийслэлийн засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжид нийцүүлэн бүтцээ батлах, орон тоо хэтрүүлсэн зөрчлийг арилга” гэх зөвлөмжийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байх бөгөөд зөвлөмжийн хүрээнд дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А/106 дугаар захирамжийг үндэслэн 2017 оны Б/84 дүгээр тушаалаар Тамгын газрын ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилсон байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалаар Тамгын газрын нийт ажилтнуудыг шинэ бүтэцтэй холбогдуулан чөлөөлөх үед Санхүү төрийн сангийн хэлтэс нь хэлтсийн дарга-1, мэргэжилтэн-10, ажилтан-2 гэсэн орон тоотойгоор ажиллаж байсан шинэ бүтцээр хэлтсийн дарга-1, мэргэжилтэн-8, ажилтан-3 байхаар орон тоог баталж, томилсон байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүргийг орлого хариуцсан, мэргэжилтэн болон төсвийн мэргэжилтний албан тушаалын чиг үүрэгтэй нэгтгэсэн байх бөгөөд энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж томилох чиг үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй байна. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн албан тушаалын чиг үүргийг бусад мэргэжилтнүүдэд хуваарилсаныг “орон тоо нь хасагдсан” гэж буруу тайлбарлаж, улмаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг шууд ажлаас чөлөөлсөн нь хууль бус, энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах ёстой байжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “...Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан бөгөөд хууль бус захиргааны актыг хүчингүй болгох талаар мөн хуулийн 48 дугаар зүйлд заажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өрийн Б/84 дүгээр тушаалын нэхэмжлэгч Ц.А ад холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.А нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу “...ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу олгож, холбогдох шимтгэлүүдийг төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлын энэхүү хэсгийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын нэхэмжлэгч Ц.А ад холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                               Ц.ОДМАА