Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 747

 

 

 

 

 

 

 

 

 

 

             Э.Т, Ц.Т, Э.Ө,

             Ш.А нарт холбогдох эрүүгийн

            хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                             

            прокурор Э.Бадрал,

            шүүгдэгч Ц.Т,

            шүүгдэгч Э.Т, Ц.Т нарын өмгөөлөгч М.Алтанцэцэг,

            шүүгдэгч Э.Өын өмгөөлөгч Б.Болортуяа,

            шүүгдэгч Ш.Агийн өмгөөлөгч Ц.Пүрэвдорж,

            хохирогч “Эссайн” ХХК-ийн өмгөөлөгч К.Бауиржан,

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ш.Хосбаярын бичсэн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Э.Т, Ц.Т, Э.Ө, Ш.А нарт холбогдох 2014250002241 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

1. Боржигон овгийн Эрдэнэчимэгийн Э.Т, Төв аймгийн Батсүмбэр суманд 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Баянгол гэх газарт оршин суух албан ёсны хаягтай, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 2-13 тоотод оршин сууж байсан,

2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сар хорих ял шийтгүүлж, 2002 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /регистрийн дугаар: НБ85112611/;

 

2. Боржигон овгийн Цолмонбаатарын Ц.Т, Дархан уул аймгийн Шарын гол суманд 1986 оны 3 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, уул уурхайн нэвтрэгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1; Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 19-12 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ТЯ86030912/;

 

3. Боржгон овгийн Шоовдорын Ш.А, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1988 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 29 настай, бага боловсролтой, барилгын засал, чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хорооллын Гахайн заводын байрны 3 тоотод оршин суух хаягтай,

2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ял шийтгүүлсэн, /регистрийн дугаар: НФ88082732/;

 

4. Боржигон овгийн Энхбатын Э.Ө, Архангай аймгийн Батцэнгэл суманд 1996 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; ах, эгч нарын хамт амьдардаг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан даваагийн 38-28 тоотод оршин суух албан ёсны хаягтай, хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1-42 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: АА96061235/;

 

Э.Т, Ц.Т, Ш.А нар нь Х.Утай бүлэглэн 2014 оны 4 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Урт цагааны хойд талд байрлах “S Sign” ХХК-ийн “S mens collection shop” дэлгүүрийн агуулахын цоожийг эвдлэн орж, emillo, botta, renzo, morandi, bocci зэрэг брэндийн 81 ширхэг эрэгтэй костьюм хулгайлан, 38,182,900 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Э.Т, Э.Ө нар бүлэглэн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 16-наас 17-ны шилжих шөнө, 10-73 УНӨ улсын дугаартай “Хьюндай Соната-6” загварын тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Б.А эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, араас нь боож ухаан алдуулан гарт нь байсан монетон бөгж, “I phone-5” загварын гар утсыг нь дээрэмдэн авч, 510,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Э.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Ц.Т, Ш.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар, Э.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Тт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Прокуророос Э.Т, Ц.Т, Ш.А нарт сонсгосон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, Э.Өад сонсгосон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчилж,

Э.Т, Ц.Т, Ш.А нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг агуулахад нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, шүүгдэгч Э.Өыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Э.Тийг 3 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ц.Тыг 1 жил 2 сарын хугацаагаар, Ш.Аг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Өыг 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Т, Ц.Т, Ш.А, Э.Ө нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Э.Тийн цагдан хоригдсон 804 хоног, Ц.Тын цагдан хоригдсон 425 хоног, Ш.Агийн цагдан хоригдсон 156 хоног, шүүгдэгч Э.Өын цагдан хоригдсон 229 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож,

Ц.Тын цагдан хоригдсон 425 хоногийг түүнд оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялд оруулан тооцож, түүнийг энэ ялаа эдэлж дууссанд тооцож,

Э.Ө нь бусдад төлөх төлбөргүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.Т, Ц.Т, Ш.А нараас тус бүр 9,545,725 гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Долгорсүрэнд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4
дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ROSIVGA гэсэн
бичигтэй хар тасарсан оосортой, эвдэрсэн цагийг тогтоол хүчин төгөлдөр болмогц
устгаж хэрэгт эд битүүмжлэгдэн ирсэн 10-73 УНӨ улсын дугаартай, Соната 6
загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг
хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Хосбаяр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “... 1. Мөрдөн байцаалтад Э.Т, Э.Ө нар нь өөрсдийн өгсөн мэдүүлэгтээ үйлдэл оролцооны талаар тодорхой мэдүүлдэг бөгөөд Э.Ө нь уг гэмт хэрэгт гүйцэтгэгчээр буюу хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолсон, Э.Т нь зааж зөвлөх, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг зарж борлуулсан буюу уг гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцох хэлбэрээр уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн.

Хохирогч Б.А “Хайлааст явдаг шар өнгийн таксинд суусан юм. Тэгээд тэр машинд намайг суусны дараа миний араас нэг залуу хамт суугаад бид хоёр хамт Хайлаастын эцэст ирж буусан. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй болохоор жолоочид нь “мөнгөө очиж байгаад өгье” гэхэд жолооч нь уурлаад буу гэсэн юм. Тэр үед миний хажууд сууж байсан залуу миний өмнөөс миний мөнгийг төлсөн. Тэгээд тэр залуу бид хоёр Хайлаастын хуучин эцэст буугаад хойшоо шинэ эцэс рүү алхаад явж байгаад хар зам дуусаад гудамж руу орох үед, надтай хамт явж байсан залуу намайг араас боож унагаагаад миний гарт зүүсэн байсан монетон бөгж, “I phone-5” загварын гар утсыг дээрэмдэж аваад явсан байсан.”, гэрч М.Гантөмөрийн “эрэгтэй хүний монетон бөгж барьцаанд тавьсан юм. Би сарын хугацаатай 150,000 төгрөгөөр бодож тухайн бөгжийг нь авсан... Тухайн үед М.Халиунаа гэгч охин өөрийнхөө бичиг баримттай байсан юм. Манай ломбард бичиг баримтгүй болон насанд хүрээгүй хүнээс эд зүйл авдаггүй”, гэрч М.Халиуны “Э.Т, Э.Ө гэх хүмүүсийг танина. Э.Т нь миний найз залуу, Э.Өыг бол саяхнаас буюу cap хүрэхгүй хугацааны өмнө танилцсан. Э.Ө нь Төмөрөөтэй цуг ирээд нийлээд яваад байсан. Тэгээд би асуухаар таньдаг дүү байгаа юм гээд танилцуулсан... Би тэр өдөр гэртээ байсан. Тэр өдөр Э.Ттэй би уулзаагүй. Би 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр юм уу, 18-ны өдрийн аль нэгэнд намайг гэртээ байж байхад 10-73 УНӨ улсын дугаартай, Сонота-6 загварын тээврийн хэрэгсэлтэй ирээд хүүхэд харах хүн байхгүй, чи очоод хараад өгөөч гээд би цуг 1 дүгээр хороололд байдаг 34 дүгээр байр руу явж байгаад замдаа баруун гарынхаа ядам хуруундаа зүүсэн байсан монетон бөгжийг харуулаад энэ бөгжийг ломбарданд тавъя, надад бичиг баримт байхгүй, чи тавьчих гээд хорооллын “Өргөө кино” театрын ар талын хажуудаа дэлгүүртэй, нэрийг нь мэдэхгүй ломбарданд би бичиг баримтаараа Төмөрөөгийн зүүж байсан бөгжийг 150,000 төгрөгөөр тавиад мөнгийг нь Төмөрөө авсан... Надад хаанаас яаж олсон талаар хэлээгүй. Би урд өмнө Төмөрөөд тийм бөгж байхыг хараагүй. Ломбардад тавьдаг өдөр анх харсан. Төмөрөөгийн таньдаг ахынх нь машин гэж байсан. Төмөрөө унаад 10 гаруй хоног болж байгаа” гэх мэдүүлэг болон гэрч С.Тэрбиш, Б.Отгонбаатар нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон.

2002 оны Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэгт хамтран оролцогчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага, төрөл, хэмжээг сонгон хэрэглэхдээ... харгалзан энэ хуулийн 35 дугаар зүйлийн зохих зүйл, хэсгийг журамлан тогтооно” гэж заасан бөгөөд тэдэнд 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн гуравдугаар бүлэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг сонгон, мөн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах боломжтой гэж үзэж байна.

2. Шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ц.Тыг 1 жил 2 сар, Ш.Аг 1 жил хорих ялаар шийтгэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёроос найман жилийн хугацаагаар хорих ялтай бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хуульд зааснаас хөнгөн ял оногдуулахаар зохицуулжээ. Харин шүүгдэгч нарын хувьд төлөх хохирлын дүнд маргаангүй, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь дээрх нөхцөл байдалд хамаарахгүй байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

            Шүүгдэгч Ц.Т: “тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй.” гэв.  

 

            Шүүгдэгч Э.Т, Ц.Т нарын өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Тийн үйлдэл холбогдлын талаар улсын яллагчийн эсэргүүцэлд, бүлэглэн үйлдсэн, зааж зөвлөх, машин техникээр хангах зэргээр хамтран оролцсон болох нь нотлогдсон байхад хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн байх боловч эсэргүүцлээр ямар санал гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Нотлох баримтыг дурьдсан хэрнээ зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь буруу гэсэн нэг санааг илэрхийлсэн. Хэдийгээр эсэргүүцэл ийм байсан хэдий ч тайлбар хэлэхийг хүсч байна. Шүүх хэргийг бүх талаас нь, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүхэлд нь судлаад Э.Т нь дээрмийн гэмт хэрэгт холбогдолгүй, бүлэглэн оролцсон байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Энэ нь үндэслэлтэй. Яагаад гэхээр прокурорын эсэргүүцэлд дурьдаад байгаа нотлох баримтуудаар бүлэглэсэн болох нь тогтоогдоод байна гэсэн нь зөвхөн тэд нарын хоорондын харилцаа хамаарал, танилын холбоо, уулзаж байсан үйл явдлыг нотлохоос биш хохирогч Б.А дээр очиж дээрмийн гэмт хэрэг үйлдэх тухайн цаг үеийн үйлдлийг нотолсон баримт биш юм. Тэгэхээр хохирогч хэлэхдээ намайг нэг хүн дээрэмдсэн гэж хэлдэг. Тэр хүн нь Э.Ө. Шүүх хуралдаанд Э.Ө мэдүүлэхдээ “өмнө нь өгч байсан мэдүүлэг минийх биш байсан. Яг одоо гэм буруугаа хүлээж, уг хэргийг үйлдэхдээ ганцаараа байсан” гэж мэдүүлдэг. Цаг хугацааны хувьд хэрэг үйлдэгдэх үед хамт байгаагүй. Эдгээр баримтуудыг дүгнээд үзэх юм бол гэм буруугийн болон сэдэлтийн хувьд хамтарсан гэх байдал нотлох баримтаар тогтоогдоогүй байхад таамагласан шинжтэйгээр бүлэглэсэн гэдэг байдлаар нотлогдож байна гэж аль нотлох баримтыг зааж нэрлээд байгаа нь ойлгомжгүй эсэргүүцэл бичигдсэн. Үүнийг шүүх дүгнэхдээ үндэслэл бүхий дүгнэсэн гэж үзэж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хулгайн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Ц.Т, Э.Т нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг. Учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Шүүх тухайн үед шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэхдээ нилээд олон талаас нь ярилцаж, чамд хохирол төлөх боломж байна уу гэхэд, “би барилгын ажил хийж, ар гэрийн хүмүүс уурхайд ажилладаг, надад ажил хийгээд хохирол төлөх боломжтой” гэсэн. 425 хоног хоригдсон учраас мөрдөн байцаалтын шатанд хоригдох, хорих ангид ял эдлэх хоёрын ялгамжтай байдлыг харгалзан доогуур ял оногдуулах саналыг хэлж байсан. Эдгээр байдлуудыг дүгнэн үзэж, гэм буруугийн байдал, учруулсан хохирол, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцооны талаар ялгамжтайгаар хэрэглэсэн байх гэж бодож байна. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэхдээ хохирлыг нөхөн төлсөн гэх шаардлага байгаа учраас хэргийг хөнгөрүүлж шийдвэрсэн гээд прокурорын эсэргүүцэл нэг талаасаа үндэслэлтэй мэт харагдах боловч нөгөө талаар шүүх уг заалтыг хэрэглэхдээ дээрх 2 заалтууд нь хохирол төлөөгүй, төлөхөө илэрхийлсэн, мөн хохирогчтой эвлэрсэн бол ялаас чөлөөлнө, ял шийтгэлээс хөнгөрүүлнэ гэсэн заалтыг хэрэглээд 3 дахь хэсэгт зөвхөн хохирол төлсөн бол хэрэглэнэ гэсэн нь тэгш эрхийн байдлыг зөрчсөн, хууль хэрэглээний болон агуулгын хувьд нийцэхгүй гэдгийг шүүх дүгнэн үзсэн байх. Шүүх үүнийг харилцан адилгүй хэрэглэж байсан үе байсан. Үүнийг хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй гэхээс илүү бүх бодит байдлыг дүгнэж үзээд ял шийтгэлийн бодлогыг хэрэглэсэн гэж үзэж байна. Ийм учраас тухайн үед шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үздэг. Хууль хэрэглээний хувьд одоогийн нөхцөл байдалд үг, үсэг хэрэглээний талаас үзэх юм бол төлөөгүй байхад төлсөн мэтээр ялыг бууруулж хэрэглэлээ гэдэг. Хэдэн жилийн хугацаагаар хорих ял оногдуулах байсныг хэдэн жилээр бууруулсан нь ойлгомжгүй байгаа. Шүүх Э.Тт 3 жилийн хугацаагаар хорих, Ц.Тт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь 2 жилээс доош татаж өгсөн гэж Э.Тийн хувьд үзэх боломжгүй байгаа. Харин Ц.Тт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах байснаас доош татаж оногдуулсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхэд хэргийг буцаахгүйгээр хуульд нийцүүлэн зөвтгөж, ялын доод хэмжээг оногдуулахаар магадлалд зааж, өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдана. 2013 оны үйлдэл учраас шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлд хулгайлах гэмт хэргийг заасан учраас уг хуулийг буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялаас 2 жил хасагдах хууль хэрэгжиж байгаа учраас шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлд зааснаар Өршөөлийн хуулийг буцаан хэрэглэж болно гэсэн заалтыг шүүгдэгчид ашигтайгаар хэрэглэж өгнө үү гэсэн санал гаргаж байсан. Энэ саналаа мөн давж заалдах шатны шүүхэд, хэрэв 2 жилээс доош хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэж өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй гэж үзэх юм бол Өршөөл үзүүлэх хуулийг мөн хэрэглэж болохыг анхаарч шийдврлэж өгнө үү. Хэрэв ингэж үзэх юм бол оногдох ялаас нь 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасч тооцоод, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломж харагдаж байна. Оногдуулсан ялыг биечлэн эдэлсэн хоног нь 1 жил гаруй өнгөрсөн.” гэв.

 

            Шүүгдэгч Э.Өын өмгөөлөгч Б.Болортуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэлтэй танилцсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгчийн цагдан хоригдсон “229 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэсэн дүгнэлт гарсан байсан. Гэтэл миний үйлчлүүлэгч 233 хоног цагдан хоригдсон байсан. Энд алдаа гарсан. Э.Өын хувьд оногдуулсан ял шийтгэл тохирсон, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

            Шүүгдэгч Ш.Агийн өмгөөлөгч Ц.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ш.Ад оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

            Хохирогч “Эссайн” ХХК-ийн өмгөөлөгч К.Бауиржан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл шүүх хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж, хэтэрхий бага ял оногдуулсан гэж үзэж байна. Мөн учирсан хохирлыг тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд манай талаас оролцоогүй. Учир нь хуралдааны товыг мэдэгдээгүй. Мөрдөн байцаалтын шатанд оролцсон. Энэ хэргийн оролцогч болох Х.У мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гээд түдгэлзүүлсэн байсан. Түүнээс хойш ямар ажиллагаа хийгдсэн эсэх талаар мэдээлэлгүй байсаар байгаад анхан шатны шүүхээс хэрэг шийдвэрлэгдсэн гэдгийг давж заалдах шатны шүүхээс мэдлээ. Давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдсэн учраас шүүх хуралдаанд оролцож байна. Ийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор Ш.Хосбаярын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Э.Т, Ц.Т, Э.Ө, Ш.А нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд улсын яллагчийн эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, хэргийн бусад оролцогчид гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд дараах байдал тогтоогдов.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

1. Шүүх “Э.Тийг Э.Өын үйлдсэн дээрэмдэх гэмт хэрэгт хамтран оролцоогүй” гэж үзэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүнийг дээрэмдэх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэсэн улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолдоо заагаагүй, Э.Тийн оролцооны талаар мэдүүлсэн яллагдагч Э.Өын “... Э.Т ахын хамт 10-73 УНӨ улсын дугаартай Соната-6 автомашинтай явж байхад Ачлал их дэлгүүрийн хажууханд нэг согтуу хүн шат түшээд зогсч байгаад газар унасан. Э.Т ах “наад хүн чинь согтуу юм биш үү, очоод үзээд ир” гэж хэлсэн. Би бууж очоод “ахаа босоорой” гэхэд “аан за за” гээд босоод гандан тал руу явсан... өмнө нь унаад боссон ах Москва рестраны урд сандал дээр гар утсаа оролдоод сууж байсан. Зүүн гарын ядам хуруунд монетон хуримын бөгж, гарт нь I phone-5 гар утас байгаа нь надад харагдсан. Автомашины зогсоол дээр зогсч байсан Э.Т ахад “нөгөө залуу согтуу байна, гарт нь монетон бөгж, гар утас байна, яах уу” гэхэд “чи өөрөө мэд” гэсэн. Би “тэгвэл би энэ залуугийн араас дагалаа, тэгээд тань руу ярья” гэж хэлээд нөгөө залуугийн араас дагасан... Машинд суусны дараа Э.Т ах руу ярьж “би Хайлаастын эцэс рүү явж байна, та ирж аваарай” гэж хэлсэн... гар утас болон бөгжийг нь аваад замаар гүйсэн. Э.Т ах ирж авсан. Дээрэм хийх санааг Э.Т ах гаргасан юм. “Шат түшээд зогсож байгаа залуу согтуу байвал эд зүйлийг нь аваад ир” гэсэн. Гар утас, бөгжийг Э.Т ахад өгсөн...” /6-р хх 25/, “... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө сэжигтний мэдүүлэгт бүгдийг нь үнэн зөвөөр ярьсан...” /6-р хх 28/,  яллагдагч Э.Тийн “... Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна... Э.Ө “надад нөгөө залуугийн гарт нь монетон бөгж байна” гэсэн. Бид хоёр хоорондоо ярилцаад дээрэмдэхээр болсон юм...” /6-р хх 50/ гэсэн мэдүүлгүүд болон гэрч М.Гантөмөр, М.Халиун, С.Тэрбиш, Б.Отгонбаатар нарын мэдүүлгүүдийг шүүх хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхой бус байна.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хохирлоо нөхөн төлсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэхээр тодорхой заасан байхад анхан шатны шүүх хохирол төлөөгүй Ц.Т, Ш.А нарт энэ заалтыг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Мөн хулгайлах гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаанд үйлдэгдсэн байхад энэ хуулийг хэрэглэх эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. 

 

3. Шийтгэх тогтоолоос үзэхэд Э.Т, Ц.Т, Э.Ө, Ш.А нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлээ заагаагүй, түүнчлэн шүүгдэгч нарт хорих ялыг сонгон хэрэглэхдээ ямар хэмжээтэй оногдуулах үндэслэлээ тодорхой дүгнээгүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтуудад заасан шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг зөрчсөн.

 

4. Яллах дүгнэлтэд “... Э.Т, Ц.Т, Ш.А нар нь S Sign компаний S mens collection shop дэлгүүрийн барааны агуулахаас emillo, botta, renzo, morandi, bocci зэрэг брэндийн 81 ширхэг эрэгтэй хослол хулгайлж, 38,182,900 төгрөгийн хохирол учруулсан...” гэх боловч хэргийн материалаас үзэхэд хохирлын хэмжээг тогтоосон нотлох баримтууд харилцан зөрүүтэй. Тухайлбал: Хохирогч “S Sign” ХХК-ийн төлөөлөгч нийт 111 ширхэг эрэгтэй хослол хулгайд алдагдсан гэж тогтвортой мэдүүлж, 60,890,000 төгрөгөөр үнэлсэн /1-р хх 49/ ба эд зүйлийн үнэлгээгээр 111 ширхэг хослолыг 38,532,000 төгрөгөөр үнэлжээ. /1-р хх 44/. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 037 тоот дүгнэлтээр бараа, материалын тайлан, борлуулалтын тайлан, үйл ажиллагаатай холбоотой бусад санхүүгийн баримтгүй учраас хулгайд алагдсан гэх Emillo, Botta,  Renzo, Morandi, Bocci брэндийн хослолуудын тоо, ширхэгийг санхүүгийн баримтаар тогтоох боломжгүй гэсэн /4-р хх 201/ бол “Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хулгайлагдсан гэх хослол, дан хүрэм нэг бүрийн үнэлгээг гаргасан /5-р хх 15/ байна. Эдгээрээс үзэхэд прокурорын яллах дүгнэлтэд “... 81 ширхэг эрэгтэй хослолыг хулгайлан 38,182,900 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан...” гэж үзсэн нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй байхад шүүх хохирлын хэмжээний талаар хийх дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох байдлыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг ноцтой зөрчжээ.

 

5. Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлснээс хойшхи баримтуудыг нягталж үзэхэд анхан шатны шүүх шүүх, хуралдааны товыг хохирогчийн төлөөлөгчид мэдэгдээгүй, шүүхийн шийдвэрийг гардуулаагүй зэргээр хохирогчийн шүүх хуралдаанд оролцож, өөрийн байр сууриа илэрхийлэн талуудтай мэтгэлцэх, хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, шүүхийн шийдвэрийн хувийг гардан авах, түүнд гомдол гаргах хуулиар олгогдсон эрхийг нь хасч, хязгаарласан зөрчил гаргасан байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Т, Ц.Т, Э.Ө, Ш.А нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Т, Ц.Т, Э.Ө, Ш.А нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Э.Т, Э.Ө, Ш.А нарт урьд авсан цагдан хорих, Ц.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

М.ПҮРЭВСҮРЭН