Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00054

 

Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын

газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01453 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2105 дугаар магадлалтай,

Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй,

Э -д холбогдох,

882.960.418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Базарбаатар, М.Номинчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаяр, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус газрын даргын баталсан удирдамжийн дагуу Э -ийн Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг тус байгууллагын 2015, 2016 оны санхүүгийн тайлан, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан татварын тайлан, анхан шатны баримт, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын даргын тушаал, бусад холбогдох баримтад шалгалт хийсэн. Шалгалтаар Э  нь гадаад багш нарт олгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого болох 2015 онд 2.060.199.191 төгрөг, 2016 онд 2.451.512.444 төгрөг, нийт 4.511.711.635 төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй зөрчил илэрсэн тул улсын байцаагчийн акт тогтоосон. Хариуцагч төлбөрийг  төлөөгүй байх тул 882.960.418 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э  шүүхэд гаргасан тайлбартаа: “Улаанбаатарын Бритиш Дунд Сургууль” нь 2011 оноос боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Их Британийн Ерөнхий Боловсролын сургуулиудын стандартын шаардлагыг хангасан сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчин, сургуулийн орчин, сургалтын хэрэглэгдэхүүнийг бий болгосон үндэсний хөрөнгө оруулалттай дунд сургууль болсон юм. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын иргэн, тус үндэсний хөтөлбөрийг заах албан ёсны зөвшөөрөлтэй багш нарыг сонгон шалгаруулж ажиллуулдаг бөгөөд 1 -2 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байна. Эдгээр гадаад багш нар эх орондоо нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс гадна тус сургууль нь гадаад багш нарыг Английн олон улсын даатгалын компанийн эрүүл мэнд болон бусад эрсдэлийн даатгалд “Мандал Женерал Даатгал” ХХК-аар дамжуулан бүрэн даатгаж, жил бүр их хэмжээний төлбөр төлдөг болно. Ийнхүү 1-2 жилийн гэрээт багш нарын хувьд Монгол Улсын нийгмийн даатгалын сангаас ямарваа нэгэн хэлбэрээр тэтгэвэр, тэтгэмж авахгүй тул нийгмийн даатгалын шимтгэл давхар төлөх шаардлагагүй гэж гадны мэргэжилтнүүд үздэг юм. Дээрх асуудлыг хоёр орны засгийн газар хоорондын “Гадаад багш нарыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх тухай” харилцан ойлголцлын санамж бичиг зурснаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа тул БСШУСЯамны зүгээс тус саналыг Монгол Улсаас ИБУИНВУлсад суугаа Элчин Сайдын Яамаар дамжуулан боловсролын асуудлыг хариуцагч Их Британийн Олон улсын худалдааны хэлтэст уламжилсан байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл дээр дурдсан 882.960.418 төгрөгийн акт тогтоосон гээд байгаа нь манай байгууллагын санхүүг доголдолд оруулах, цаашлаад манай байгууллага оршихуй, эс оршихуй гэдэг асуудал яригдах том хэмжээний мөнгөн дүн гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01453 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар хариуцагч ”Э ” ХХК-иас нөхөн төлүүлэхээр ногдуулсан шимтгэл 588.640.279 төгрөг, алданги 147.160.069 төгрөг, нийт 735.800.348 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 147.160.069 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3.836.951 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2105 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.836.952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны 2105 тоот магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 18З/ШШ017/01453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэсэн байна. Бид энэхүү магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дөлгөөн нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргасан боловч шүүх нь уг хүсэлтийг хангалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрлэсэн. 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр буюу анхан шатны шүүх хуралдаан болох үе нь улс орны хэмжээнд Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц эд өрнөж байсан бөгөөд бидэнд хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч сонгуулийн шугамаар хөдөө орон нутаг руу явсан байсан. Бид анхан шатны шүүхэд энэ тухай хэлсэн боловч цаг хугацааны хувьд давчуу байснаас өмгөөлөгчийг томилолтоор явсан талаар нотлох баримтыг гаргаж өгч чадаагүй. Шүүх биднийг нотлох баримт гаргаж өгөх ч хугацаа олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь бидний хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Энэ талаар 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2105 тоот магадлалд энэ талаар огт дурдаагүй. Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын улсын ахлах байцаагч Д.Базарбаатар, улсын байцаагч М.Номннчнмэг нарын 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т заасны дагуу бидэнд мэдэгдэж, оролцоог хангалгүй захиргааны акт гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа “...тус актыг нягтлан бодогчид танилцуулсан” гэдэг. Монгол улсын Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно”, Э -н дүрмийн 8.1-т “Компаний гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байна” гэжээ. Эндээс үзвэл нягтлан бодогч нь Иргэний хууль болон тус компаний дүрэмд зааснаар компанийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд биш байна. Иймд бид дээрх актын тухай бидэнд мэдэгдээгүй, процессын алдаа гаргасан гэж үзэж байна. Манай компанид ажиллаж буй гадаад багш нар нь Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэд бөгөөд 1-2 жилийн гэрээгээр тус компанид ажилладаг. Ажилчин тус бүр даатгалд хамрагдсан тул аливаа эрсдэл гарахад нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах шаардлагагүй юм. Иймд эдгээр гадаадын иргэдээс нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг шаардах нь Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1-т заасантай зөрчилдөж байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2105 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар нь хариуцагч Э -д холбогдуулан 882.960.418 төгрөгийн нэхэмжлэл гаргахдаа төлөөгүй шимтгэл 588.640.279 төгрөг, алданги 294.320.139 төгрөг гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй, ...ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад сургуулийг шалгаагүй... нь өрсөлдөөнд нөлөөлсөн” гэсэн тайлбар гаргажээ.

Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын Хяналт шалгалт, үнэлгээний хэлтсийн хяналт, шалгалтын байцаагч нар нь тус газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр баталсан удирдамжийн дагуу Э -ийн  2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд  Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, 2017 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн 000000001 тоот актаар 588.640.279 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, 294.320.139 төгрөгийн алданги ногдуулжээ /хэргийн 4 дүгээр тал/.

Э  нь Улаанбаатарын Бритиш Дунд Сургуульд ажилласан гадаад багш нарт 2015 онд 2.060.199.191 төгрөгийн, 2016 онд 2.451.512.444 төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлс олгосон нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Гадаад багш нартай хөдөлмөрийн гэрээ байгуулснаа хариуцагч үгүйсгээгүй бөгөөд тэдгээрт олгосон дээрх цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах эсэх нь маргааны  зүйл болжээ.

Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 1/-т өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар заажээ.

Түүнчлэн мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.

Хэргийн 52 дугаар талд авагдсан Улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд Э  гадаад худалдаа, худалдааны зуучлал, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхээр үүсгэн байгуулагдсан  аж ахуйн нэгж бөгөөд  ажил олгогч байна. Тус компани нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гадаадын иргэнд олгосон цалингаас нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй нь хэргийн баримтаар тогтоогдсон, ажил олгогчийн хувьд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр байна. 

 Ажил олгогч, даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-ын шалгалтын акттай танилцах, шаардлагатай бол тайлбар хийх, нийгмийн даатгалын байгууллага, түүний ажилтны хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаархи гомдлоо эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтанд, улмаар тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гаргах эрхтэй талаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан бөгөөд хариуцагч энэхүү эрхээ хэрэгжүүлсэн нь тодорхой бус, энэ талаарх баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа хийсэн дүгнэлт Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-г зөрчөөгүй байна.

 Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Алтангадасын “...хэргийн материалтай танилцах” хүсэлтийг шүүх хангаж 2017 оны 6 дугаар сарын 8-ний өдрийн шүүх хуралдааныг мөн оны 6 дугаар сарын 20-ний өдөр хүртэл хойшлуулсан, тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул өмгөөлөгч оролцуулаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.     

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01453 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2105 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Х.Батжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Э  хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 3.836.952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ