Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1453

 

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/01453

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж,тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, өөрийн байранд байрлах Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уулдүүргийн 4 дүгээр хороо, Яармагт өөрийн байранд байрлах, “Экоскүүл гарден” ХХК-нд холбогдох

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 882 960 418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Базарбаатар, М.Номинчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дөлгөөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Болорсүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр баталсан удирдамжийн дагуу Хяналт шалгалт, үнэлгээний хэлтсийн хяналт шалгалтын байцаагч, Нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч Д.Базарбаатар, Нийгмийн даатгалын улсын байцаагч М.Номинчимэг нар “Экоскүүл гарден” ХХК-ний Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг тус байгууллагын 2015, 2016 оны санхүүгийн тайлан, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан татварын тайлан, анхан шатны баримт, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын даргын тушаал, бусад холбогдох баримтанд шалгалт хийлээ. Шалгалтаар “Экоскүүл гарден” ХХК нь гадаад багш нарт  олгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого болох 2015 онд 2 060 199 191,33 төгрөг, 2016 онд 2 451 512 444,00 төгрөг, нийт 4 511 711 635,33 төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй зөрчил  илэрсэн.

 

 

Энэ нь Монгол улсын нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 17.1.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн учраас нийт 882 960 418.00 төгрөгийн улсын байцаагчийн акт тогтоосон. Уг төлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 16-ны дотор Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Улаанбаатар хотын банкин дахь 2603002465 тоот дансанд төвлөрүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосон боловч өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Монгол улсын засгийн газрын 2014 оны 354 тоот “Дүрэм, журам батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 3 дахь хэсгийн 3.3.1-ийг үндэслэн 882 960 418.00 төгрөгийн улсын байцаагчийн актын төлбөрт нэхэмжпэл гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Базарбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн удирдамжийн дагуу “Экоскүүл гарден” ХХК-ийн санхүүгийн баримтад нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг шалгахад тухайн аж ахуй нэгж байгууллага нь гадаад багш нарын цалингаас нийгмийн даатгалын шимтгэл суутгаагүй гэсэн зөрчил илэрсэн. Энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын иргэн нийгмийн даатгалд заавал даатгуулна гэсэн заалтыг зөрчсөн байна. 2015, 2016 оны хугацаанд ажиллаж байсан гадаад ажилчдын нэрсийг жагсаалтаар үйлдүүлэн “Экоскүүл гарден” ХХК-ийн захирал, нягтлан бодогч хоёроор гарын үсэг зуруулан, санхүүгийн тамгаар баталгаажуулан авсан байгаа. Гадаад ажилчидтай холбоотой цалин хөлсөнд ногдох шимтгэл болон түүнд ногдох алданги нийлээд 882 960 418 төгрөгний акт гарсан байгаа юм. Энэхүү актыг танилцуулах гээд тухайн байгууллага дээр очсон боловч захирал нь байгаагүй, нягтлан бодогчид нь танилцуулаад, үлдээгээд явсан. Үүнээс хойш актыг үндэслэлгүй, зөвшөөрөхгүй гэж ямар нэгэн байдлаар гомдол, хүсэлт гаргаагүй тул акт хүчин төгөлдөр болсон. Тиймээс харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм гэв.

 

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дөлгөөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай байгууллагаас Нийслэлийн нийгмийн даатгалын газарт гаргаж байсан хүсэлтийг дэмжиж байгаа. Үүнд: “Улаанбаатарын Бритиш Дунд Сургууль” нь 2011 оноос боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Их Британийн Ерөнхий Боловсролын сургуулиудын стандартын шаардлагыг хангасан сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчин, сургуулийн орчин, сургалтын хэрэглэгдэхүүнийг бий болгосон үндэсний хөрөнгө оруулалттай дунд сургууль болсон юм. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсын ирээдүйн эзэд хүүхэд багачуудад боловсрол олгох үйлсэд гар бие оролцож ирлээ. “Улаанбаатарын Бритиш Дунд Сургууль”-д одоогоор 350-аад хүүхэд, багачууд суралцаж байгаа бөгөөд жилд дунджаар 25-30 гадаад багш, 50 гаруй Монгол багш, санхүү болон үйлчилгээний 30 гаран ажилтан ажилчид нийт 100 гаран ажиллагсадтайгаар ажиллаж үйл ажиллагаагаа явуулж байна. Их Британийн үндэсний сургалтын хөтөлбөрт заагдсаны дагуу гадаад багш нараа сонгохдоо Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын иргэн, тус үндэсний хөтөлбөрийг заах албан ёсны зөвшөөрөлтэй багш нарыг сонгон шалгаруулж ажиллуулдаг бөгөөд 1 -2 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байна. Эдгээр гадаад багш нар эх орондоо нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс гадна тус сургууль нь гадаад багш нарыг Английн олон улсын даатгалын компанийн эрүүл мэнд болон бусад эрсдлийн даатгалд “Мандал Женерал Даатгал” ХХК-аар дамжуулан бүрэн даатгаж, жил бүр их хэмжээний төлбөр төлдөг болно. Ийнхүү 1-2 жилийн гэрээт багш нарын хувьд Монгол Улсын нийгмийн даатгалын сангаас ямарваа нэгэн хэлбэрээр тэтгэвэр, тэтгэмж авахгүй тул нийгмийн даатгалын шимтгэл давхар төлөх шаардлагагүй гэж гадны мэргэжилтнүүд үздэг юм. Учир нь олон улсын жишигт тухайн улсад ажиллаж, амьдарч байх хугацаандаа нийгмийн даатгал төлөгч буцаж эх орон руугаа явахдаа нийгмийн даатгалд төлсөн мөнгөө өөрийн нэрийн дансад шилжүүлэн авах процесс явагддаг атал Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс-Монгол улсын хооронд нийгмийн даатгалын талаар хийгдсэн гэрээ, хэлцэл, хууль тогтоомж байхгүй байгаа тул эдгээр гаднын мэргэжилтнүүд давхар нийгмийн даатгал төлөхийг эрс эсэргүүцэж байгаа билээ. Харамсалтай нь Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 001 тоот актаар манай “Улаанбаатарын Бритиш Дунд Сургууль”-д 883 сая орчим төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, алданги ногдуулсан тул дээрх үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан үзэж салбарын яамны зүгээс бидний ажилд туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүсч байгааг хүлээн авна уу.

Гадаадын чадварлаг багш нарыг урьж авчрахад агаарын бохирдол, эрс тэс уур амьсгал, орчин нөхцөл, дэд бүтцийн хөгжил, эдийн засгийн уналт зэргээс хамааран Монгол улсад ирэх гадны багш нарын хувьд маш хүндрэлтэй байдгийг харгалзан үзэж олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн бидний ажлыг дэмжин хамтран ажиллахыг хүсье.

Дээрх асуудлыг хоёр орны засгийн газар хоорондын “Гадаад багш нарыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх тухай” харилцан ойлголцлын санамж бичиг зурсанаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа тул БСИГУСЯамны зүгээс тус саналыг Монгол Улсаас ИБУИНВУлсад суугаа Элчин Сайдын Яамаар дамжуулан боловсролын асуудлыг хариуцагч Их Британийн Олон улсын худалдааны хэлтэст уламжилсан байгаа билээ.

Монгол улс болон Их Британий засгийн газар хоорондын эрхзүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ хэлэлцээрийн шатанд явагдаж байгаа бөгөөд байгуулагдах нь цаг хугацааны асуудал болоод байна. Уг гэрээ байгуулагдвал гадаад багш нарын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээрээ Их Британий нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах нөхцөл бүрэлдэх юм. Ингэснээр төр нийгмийн даатгалын шимтгэл хурааж буйн, бид нийгмийн даатгал төлж буйн гол зорилго биелэх билээ. Иймд дээрх нөхцлүүдийг харгалзан үзэж нийгмийн даатгалын улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан.

Мөн Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын байцаагч нарын тавьсан акттай манай захирал танилцаж, хүлээн зөвшөөрөөгүй. Нягтлан бодогчид танилцуулсан боловч нягтлан бодогчид танилцуулаад үлдээгээд явсан гэдэг нь захиралд танилцуулсан гэж үзэхгүй. Олон улсын сургуулиудаас зөвхөн “Экоскүүл гарден” сургуульд шалгалт орж, акт гаргаж байгаа нь өрсөлдөөнд нөлөөлж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл дээр дурдсан 882 960 418 төгрөгийн акт тогтоосон гээд байгаа, энэ бол их мөнгө. Том хэмжээний мөнгөн дүн байгаа юм. Энэ мөнгөн дүн нь манай байгууллагын санхүүг доголдолд оруулах, цаашлаад манай байгууллага оршихуй, эс оршихуй гэдэг асуудал яригдах том хэмжээний мөнгөн дүн байгаа учир бид энэ акттай холбоотой хүсэлт гаргасан байгаа гэв.


 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар нь хариуцагч “Экоскүүл гарден” ХХК-нд холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 882 960 418 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Экоскүүл гарден” ХХК-нд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжилтийг шалгахад гадаад багш нарт олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болох 2015 онд 2 060 199 191 төгрөг, 2016 онд 2 451 512 444 төгрөг, нийт 4 511 711 635 төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй зөрчилд акт тогтоож, уг зөрчлийг арилгуулахаар мэдэгдсэн боловч төлөөгүй тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.4-д “тогтоосон хугацаанд төлөгдөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах”-аар зааснаар төлөгдөөгүй шимтгэл, алданги 882 960 418 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүрэгтэй гэж зааснаар хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөвөөр нь тодорхойлж, тогтоосон хугацаанд нь төлөх үүрэгтэй.

           

Нэхэмжлэгч Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар нь хариуцагч “Экоскүүл гарден” ХХК-ийн Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг тус байгууллагын 2015, 2016 оны санхүүгийн тайлан, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, анхан шатны баримт, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын даргын тушаал бусад холбогдох баримтад үндэслэн шалгалт хийж, тус сургуулийн гадаад багш нарт олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болох 2015 онд 2 060 199 1937 төгрөг, 2016 онд 2 451 512 444 төгрөг, нийт 4 511 711 635 төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй зөрчил илэрсэн тул 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн №0001 тоот “Шимтгэл нөхөн төлүүлэх, алданги ногдуулах тухай” улсын байцаагчийн акт тогтоосон болох нь Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн акт, хяналт шалгалт хийсэн шалгалтын №0001 тоот танилцуулга, “Экоскүүл гарден” ХХК-ийн цалин хөлсний тайлан, 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Шалгах ажлын удирдамжаар тус тус нотлогдож байна. /хэргийн 4-11, 62-67-р хуудас/

Нэхэмжлэгч нь 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн №0001 тоот “Шимтгэл нөхөн төлүүлэх, алданги ногдуулах тухай” улсын байцаагчийн актаар хариуцагчид нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй 4 511 711 635,33 төгрөгийг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 588 640 279 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, 294 320 139 төгрөгийн алданги ногдуулж, нийт нөхөн ногдуулсан шимтгэл, алданги бүгд 882 960 418 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ. /хэргийн 4-11-р хуудас/

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нөхөн шимтгэл, алданги ногдуулсан 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн №0001 тоот “Шимтгэл нөхөн төлүүлэх, алданги ногдуулах тухай” актыг хариуцагчид танилцуулаагүй, уг акт нь үндэслэлгүй, бусад адил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг газруудыг шалгаагүй байж манайхыг шалгасан нь өрсөлдөөнд нөлөөлсөн гэж маргасан.  

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн” нийгмийн даатгалд албан журмаар даатгуулна гэж зааснаар хариуцагч “Экоскүүл гарден” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ажил олгогч нь шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж зааснаар хариуцагч нь гадаад багш нарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод хуулийн дагуу шимтгэлийг ногдуулаагүй тул акт тогтоосон гэж тайлбарласан.

Хариуцагч нь улсын байцаагчийн актыг зөвшөөрөхгүй, орлогоо нуусан, санаатайгаар бууруулсан үйлдэл хийгээгүй, гарын үсэг зураагүй, захиралд танилцуулаагүй, актыг хүчингүй болгуулах талаар гомдлоо гаргасан гэж мэтгэлцсэн боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан “ниймийн даатгалын байгууллага /байцаагч/-ийн шалгалтын акттай танилцах, шаардлагатай бол тайлбар хийх” эрхээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа актыг нягтлан бодогчид танилцуулсан талаар маргаагүй тул мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасан “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх” үүрэгтэй болно.

Мөн хариуцагч актанд гомдол гаргасан гэж тайлбарлаж 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №82 тоот Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга Б.Болорсүхэд гаргасан хүсэлтийг шүүхэд нотлох баримтаар ирүүлж, манай байгууллагыг ямар үндэслэлээр шалгасан нь ойлгомжгүй, өрсөлдөөнд нөлөөлнө, бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулах үйлдэл хийж байна гэсэн боловч  Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан нийгмийн даатгалын байгууллага, түүний ажилтны хууль бус ажиллагаа болон актын талаархи гомдлоо эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтанд улмаар тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга Б.Болорсүхэд гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг шийдвэрийг болон актыг зөвшөөрөхгүй байгаа талаараа гомдол гаргаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 55-56-р хуудас/

Иймд хариуцагч улсын байцаагчийн актад гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, уг акт нь хүчин төгөлдөр байх тул 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн №0001 тоот “Шимтгэл нөхөн төлүүлэх, алданги ногдуулах тухай” улсын байцаагчийн актаар ногдуулсан 588 640 279 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлөх нь зүйтэй байна гэж үзэв.

Харин улсын байцаагчийн актаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар 294 320 139 төгрөгийн алданги ногдуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.7-д заасан  “байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын байр, ажиллагчдын тоог цалингийн сан, төлсөн шимтгэлийн тооцоотой тулган шалгах”, 26.2.8-д “ажиллагчдын тоог дарагдуулсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгож байсан болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс өр үүсгэсэн, ажиллагчдын төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь оруулаагүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх”, 26.2.9-д “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн байгууллага аж ахуйн нэгж, албан тушаалтны үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх” эрхээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчид ногдуулсан алдангийг 50 хувиар хасч гаргуулахаар шийдвэрлэв. /294 320 139 төгрөг:2=147 160 069 төгрөг/

Иймд хариуцагч “Экоскүүл гарден” ХХК-иас нөхөн төлүүлэхээр ногдуулсан шимтгэл 588 640 279 төгрөг, алданги 147 160 069 төгрөг, нийт 735 800 348 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 147 160 069 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                          ТОГТООХ нь:

 

             1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар хариуцагч ”Экоскүүл гарден” ХХК-иас нөхөн төлүүлэхээр ногдуулсан шимтгэл 588 640 279 төгрөг, алданги 147 160 069 төгрөг, нийт 735 800 348 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 147 160 069 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3 836 951 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Д.ХУЛАН