Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 748

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Бод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                              

            прокурор Д.Уянга,

            шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Б.Зулбаяр,

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 504 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Бод холбогдох 201725011263 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Боржигон овгийн Ганболдын Г.Б, 1979 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 49-562з тоотод оршин суух албан ёсны хаягтай, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 2-34 тоотод оршин сууж байсан,

1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн,

1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон,

1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, 2001 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2007 оны 6 дугаар сарын 19-ний өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 10 жил 4 сарын хугацаагаар тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж, биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /регистрийн дугаар: ХМ79073012/;

 

Г.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3-4-101 тоот, Ж.Эийн гэрээс 39 инчийн “Тошиба” загварын ЛСД зурагт хулгайлж, 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Бын үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Бод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж,

Г.Быг бусдын орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Боос 420,000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Ээд олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Б.Зулбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Шүүх хэргийн талаар дүгнэлт хийхдээ эргэлзээтэй нотлох баримтад тулгуурлаж, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Үүнд: Хавтаст хэргийн 53-р талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр “Тошиба” загварын зурагт дээрээс бэхжүүлж авсан 3 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэх гарын мөрүүдтэй, хохирогч нарын болон сэжигтэн Г.Боос авсан гарын мөрүүд тохироогүй байдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад уг мөрүүд хэний гарын хурууны хээ болохыг шалгах ажиллагааг огт хийгээгүй.

Мөн хавтаст хэргийн 59 дүгээр хуудаст байх гутлын мөрний шинжилгээ нь сэжигтэний өмсөж явсан гутлын мөртэй зөвхөн ерөнхий шинж тэмдгээрээ адил байдаг боловч тусгай нарийвчилсан шинж тэмдгүүдийг тэр дундаа гутлын размерийг тодруулаагүй. Түүнчлэн уг мөрийг хулгай орсон айлын хашааны хаалганаас 3 метрийн зайтай газраас илрүүлсэн мөр байдгийг шүүхээс анхаарч үзээгүй.

Шүүхээс хэрэгт авагдсан харилцан зөрүүтэй нотлох баримтуудаас аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэл ойлгомжгүйгээс гадна өөр өөр нөхцөл байдлуудыг тодруулсан баримтуудыг хооронд нь харьцуулж, нэгийг нөгөөгөөр нь үгүйсгэснийг зөвшөөрөхгүй байна.

Үүнд, зурагт хэзээ эвдэрсэн эсэхийг тогтоогоогүй, хэзээ эвдэрсэн эсэх нь эргэлзээтэй. Хавтаст хэргийн 17 дугаар талд байгаа зурагтад үзлэг хийсэн тэмдэглэлээр няцаагдаж байна гэж үздэг. Энэ нь хэрэг болсноос хойш 7 хоногийн дараа тэмдэглэл үйлдэгдэж авагдсан. Өмгөөлөгчийн зүгээс юу гэж мэтгэлзсэн бэ гэхээр, хэрэв миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж тооцсон юм бол хохирлын хэмжээг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна гэсэн. Уг зурагтыг эвдэрсэн гэж үзээд байгаа бол засварын зардал гэж байх ёстой, засварын зардал хэрэгт авагдаагүй. Зурагтын өөрийнх нь үнэ болох 420,000 төгрөгөөр хохирлын хэмжээг тогтоосон. Мөн Г.Быг ажилдаа явсан үед миний явсан гутлын мөр дээрх мөр байж магадгүй гэсэн мэдүүлэг гэрч Адъяажавын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гэдэг. Гэтэл уг гутлын мөртэй гэрч Адъяажавын мэдүүлэг хамааралгүй  тул нотлох баримтаар тооцох ёсгүй гэж үзэж байна.

Иймд Г.Бод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Прокурор Д.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийг бүрэн нотлогдсон гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Яагаад гэхээр хэрэг хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон. Мөн гутлын мөрний ерөнхий шинжээр тогтоогдсон. Тухайн гутлын мөрний шинж нь хохирогчийн гэрийн гаднах үүднээс авагдсан гутлын мөр байсан. Гутлын ерөнхий шинжээр хэмжинэ үү гэхээс гутлын хэмжээ гарах боломжгүй. Яагаад гэхээр хаврын улирал учраас гутлын мөр бүрэн гараагүй. Зөвхөн гутлын урд талын хээ гарсан. Энэ шинжээрээ ялтны гутлын мөр шинжилгээгээр тохирсон гэж үзсэн. Нөгөө талаар орой үдшийн цагаар ялтныг ажилдаа явсан гэдэгт хэн ч итгэхгүй. Хэрэг шөнө 23 цагаас хойш 24 цагийн хооронд үйлдэгдсэн. Гэтэл ялтны гэр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байдаг. Хэрэг гарсан газар Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр байсан. Тухайн үед гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хохирогчийн гэрээс гараад хойш дэлгүүр явж байсан гэдэг. Шөнийн цагаар дэлгүүр явж байсан гэдэг нь эргэлзээтэй. Хохирогч, гэрч нар хэрэг болсон газар ялтныг олоод машиндаа суулгах үед зурагт нь машин зогссон газрын хажуухан талаас олдсон байдаг. Энэ байдлаас үзэхэд ялтны үйлдсэн гэмт хэрэг бүрэн нотлогдон, тогтоогдсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Г.Бод холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр, хэргийн бусад оролцогчид гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд дараах байдал тогтоогдов.

 

Г.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3-4-101 тоот, Ж.Эийн гэрээс 39 инчийн “Тошиба” загварын ЛСД зурагтыг хулгайлж, 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Хохирогч Ж.Эийн: “... 01 цагийн орчим эхнэрийг тосохоор “Цагаан шөнө” баар луу явсан. 30 гаруй минутын дараа эхнэрийн найзыг Хужирбуланд байдаг гэрт нь хүргэж өгөөд гэртээ ирсэн. Гэрийнхээ хажууханд явж байтал машины гэрэлд улаан цамцтай залуу нэг юм барьчихсан алхаж яваа харагдсан. Бид гэртээ ортол зурагт байхгүй байсан. Тэгэхээр нь түрүүний улаан цамцтай хүн авсан байж магадгүй гэж бодоод араас нь шууд гараад гудамжаар дээшээ өгсөхөд харагдаагүй. Тэр хавиар хайгаад олдохгүй болохоор нь цагдаад өөрийн 86094751 гэсэн дугаараас дуудлага өгчихөөд буцаад гэртээ ирсэн. Цагдаа нар удах байх гэхээр нь дахиж гараад өмнө нь явсан замаараа явж байтал улаан цамцтай залуу машины гэрэлд харагдсан. Түүн дээр очоод машиндаа суулгаад “та хаашаа явж байгаа юм бэ, манай гэрт хулгай орсон, цагдаа дуудсан байгаа, цагдаа ирэхээр учраа ол” гэсэн. Тэгсэн чинь улаан цамцтай залуу “юу яриад байгаа юм, би архинд явж байна” гэсэн. Би цагдаа руу явъя гээд машинаа хөдөлгөөд бүтэн эргүүлсэн чинь хажуу талын хашаанд зурагтыг маань түшүүлээд тавьчихсан байсан... Зурагтаа шалгаж үзэхэд дэлгэц дээр нь цагаан зураас гарчихсан, дүрс нь гарахгүй, дуу нь яваад байна гэсэн...” /хх-21-23/,

-Гэрч С.Мөнхцэцэгийн: “... би өчигдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ажлынхаа хүмүүстэй бааранд суугаад, шөнө 01 цагийн орчим тарсан. Нөхрийгөө машинтай ирээд авчих гэж хэлсэн. Баарнаас Чогсомийг Хужирбулан руу хүргэж өгөөд гэртээ харьсан. Нөхөр бид хоёр гэрийнхээ гудамжаар дээшээ өгсөж явтал улаан цамцтай хүн юм барьчихсан цаашаа алхаж явсан. Бид гэртээ ортол том өрөөнд байдаг зурагт байхгүй байсан. Тэгэхээр нь улаан цамцтай залууг авсан юм байна гээд шууд гараад дээшээ тэр залуугийн явж байсан газраар явсан. Ойр орчимд хайгаад явж байтал нөгөө улаан цамцтай залуутай таараад хажууд нь очиж зогсоод “ахаа суучих юм асууя” гээд машиндаа суулгаад “та хаашаа явж байгаа юм, гэрээсээ зурагтаа алдчихлаа, ойр хавьд хүмүүс явсан уу” гэсэн чинь “үгүй, би архинд явж байна, манай эхнэр хүүхэд хүлээж байгаа, ах дүү нар гэрт архи ууж байгаа, би архи авахаар явж байна” гэсэн. Тэгэхээр нь “дэлгүүрт чинь хүргээд өгье” гээд машинаа эргүүлэхээр хөдөлтөл хажууд зурагт хашаа налуулаад тавьчихсан байсан. Ингээд зурагтаа гэртээ оруулаад асааж үзэхэд дэлгэц дээр нь хөндлөн цагаан зураас гарчихсан, дүрс гарахгүй, дуу нь явж байсан...” /хх-26-27/,

- Гэрч Н.Батчулууны: “... гэртээ унтаж байхад манай арын гудамжны Ж.Э гэх залуу утсаар яриад гараад ир гээд байсан. Гараад очсон чинь хашааныхаа гадаа машиндаа нэг хүн суулгачихсан зогсч байсан. Юу болсныг асуухад “манай гэрт хулгай ороод зурагт аваад явчихсан, энэ ах хүүг бариад авчихлаа” гээд улаан цамцтай залууг хэлсэн. Эхнэр нь зурагтаа асааж үзэхээр гэртээ ороод гарч ирэхдээ зурагт ажиллахгүй, дэлгэц нь хагарсан байна гэж хэлсэн ...” /хх-29/ гэсэн мэдүүлгүүд,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-6/,

- Г.Бын өмсөж явсан гутлыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, тогтоол, гэрэл зураг /хх-12-13, 15/,

- Хар өнгийн 39 инчийн “Тошиба” загварийн ЛСД зурагтын үнэлгээ /хх-25/,

- Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь Эхийн 3-4-101 тоотод хашааны гаднах хаалганаас ертөнцийн зүгээр зүүн тийш 3 метр зайдах газарт гарсан гутлын мөрийг Г.Бын өмсөж явсан гутлын мөртэй харьцуулсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №9-д харуулсан гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын зүүн өмсгөлийн улны хээтэй хээний ерөнхий шинж тэмдгээрээ ижил байна” гэсэн шинжээчийн №2410 дугаартай дүгнэлт /хх-59, 60-61/,

- Г.Бын сэжигтэн, яллагдагчаар татагдахдаа өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Анхан шатны шүүх, Г.Быг “бусдын орон байранд нэвтэрч хугайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн бол шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёроос найман жил хорих ял шийтгэхээр заасан нь оногдуулах ялыг өмнөх хуулиас хүндрүүлсэн зохицуулалт байх тул Г.Бын үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчимд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болжээ.

 

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан байх ба шүүхээс бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй байна.

 

Гэмт хэрэг гарсан тухайн цаг үед Г.Б нь архи авахаар дэлгүүр хайж явсан гэдэг боловч энэ нь гэрч Ю.Адъяажавын “... Г.Б найзтайгаа уулзана гээд шөнө 00 цаг болж байхад гараад явсан... гэрээс гарахдаа надаас мөнгө аваагүй, биед нь мөнгө байгаагүй, цэнхэр хамбан материалтай бэлтгэлийн өмдтэй, улаан өнгийн юүдэнтэй цамцтай, цэнхэр өнгийн пүүзтэй гарсан” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж, харин тэрээр дээрх хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Э, гэрч С.Мөнхцэцэг нарын “харих замд урдаа юм барьсан улаан цамцтай хүнтэй таарсан”, “тухайн хүнтэй уулзахад хажууд нь хулгайд алдагдсан зурагтыг хашаа түшүүлээд тавьсныг олж авсан” талаарх мэдүүлгүүд, гэмт хэрэг үйлдэгдсэн хашааны хаалга орчмоос бэхжүүлсэн гутлын мөр нь Г.Бын өмсөж явсан гутлын мөртэй ижил болохыг тогтоосон шинжээчийн №2410 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан “... Г.Бод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 504 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

М.ПҮРЭВСҮРЭН