Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0293

 

 

“Э м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэйгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 159 дүгээр шийдвэртэй, “Э м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 159 дүгээр шийдвэрээр: “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 8/3867 дугаар албан бичгээр хүргүүлсэн дүгнэлт хууль бус болохыг тогтоож, “Э м” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-4200027 бүртгэлийн дугаартай 187.25 га талбайд дүгнэлт гаргуулах хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг Дөрвөлж нэртэй 187.25 га талбайд “Э м” ХХК-аас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасны дагуу анхан шатны зураг зүйн шүүлт хийхэд дээрх талбай нь сонгон шалгаруулалтын талбайтай, эрдсийн хуримтлал бүхий талбайтай тус тус давхцалтай байдаг. Энэ талаар анхан шатны шүүх хуралд Үндэсний геологийн албаны ашигт малтмалын сангийн баяжуулалт, боловсруулалт хариуцсан ажилтан А.Амаржаргал гэрчийн мэдүүлэгтээ тодорхой тайлбарлаж хэлсэн байдаг. Үүнийг анхан шатны шүүх тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  159 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

          Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/ доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ”:10.1.3 “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх” гэж зааснаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаарх дүгнэлтийг гаргаж, Засаг даргад хүргүүлэх чиг үүрэгтэй байхаар хуульчилжээ.

           Хариуцагч уг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаандаа баримтлах үндсэн зарчим болох тэгш байдлын зарчим, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг  зөрчиж нэг талбайд хоёр өөр дүгнэлтийг 7/6685, 7/2974, 8/3912 дугаар албан бичгээр гаргасан, тухайн дүгнэлтийг гаргахдаа литигийн эрдэсжилттэй талбайтай хэрхэн, ямар хэсгээр давхцаж байгааг тогтоогоогүй байх ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  

           Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Үндэсний геологийн албаны ашигт малтмалын сангийн баяжуулалт, боловсруулалт хариуцсан ажилтан А.Амаржаргал шүүх хуралдаанд “...тухайн талбай нь литигийн эрдэсжилттэй, эрдсийн хуримтлалтай давхцалтай, ...гурвалжин хоосон байгаа хэсэг нь давхцалгүй” гэж мэдүүлсэн, “Үндэсний геологийн албаны 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 6/84 дүгээр албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зурагт “Э м” ХХК-ийн өргөдөл гаргасан талбай нь “Мөнхтийн цагаан дөрвөлжин” гэх талбайтай давхцалгүй харагдаж байгаа зэргээс үзэхэд маргаан бүхий дүгнэлтийг үндэслэлтэй зөв гарсан гэж үзэх боломжгүй, дүгнэлтийг дахин гаргах нь зүйтэй” гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

          Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...анхан шатны зураг зүйн шүүлт хийхэд дээрх талбай нь сонгон шалгаруулалтын талбайтай, эрдсийн хуримтлал бүхий талбайтай тус тус давхцалтай байдаг, А.Амаржаргал гэрчийн мэдүүлэгтээ тодорхой тайлбарлаж хэлсэн ....үүнийг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 159 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                              О.НОМУУЛИН