Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0159

 

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0159

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Э м ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 8/3867 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, дүгнэлтийг хуульд нийцүүлэн гаргахыг даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э м ХХК болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Э м ХХК 2019 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын нутагт орших *** гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан. Өргөдлийг Говьсүмбэр аймгийн Засаг дарга хүлээн авч 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.4-т зааснаар ашигт малтмал газрын тосны газарт дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар Төрийн захиргааны байгууллага аймаг нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ гэж заасан.

Гэвч хариуцагч дээрх хугацааг хэтрүүлсэн төдийгүй өмнө нь 2018 онд хууль бусаар БУШН ХХК-д олгосон атлаа манай компанид олгохоос хууль бусаар татгалзаж шийдвэрлэлээ.

Өмнө хууль бусаар дээрх талбайд БУШН ХХК-д олгосон байсныг Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 0003 тоот шийдвэр гарсан.

Мөн Засаг дарга өргөдлийг шийдвэрлэхгүй байсан тул дахин Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 0022 тоот шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 596 тоот магадлал, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 73 тоот тогтоол хүчин төгөлдөр байгаа болно.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 8/3807 тоот дүгнэлт хууль бус болохыг тогтоож, дүгнэлтийг хуульд нийцүүлэн гаргахыг даалгуулах нэхэмжлэл гаргав. гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

... Говьсүмбэр аймгийн нутаг *** нэртэй 182,76 га талбайд анх БУШН ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасны дагуу анхан шатны зураг зүйн шүүлт хийж дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын XV-4******7 дугаартай тусгай зөвшөөрлийг БУШН ХХК-д олгожээ.

Гэтэл дээрх түгээмэл тархацтай ашиг малтмалын тусгай зөвшөөрлийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын А/26 дугаар захирамжаар хүчингүй болгожээ.

БУШН ХХК-ийн зүгээс дахин дээрх талбайд түгээмэл тархацтай ашиг малтмалын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 7/2974 дугаартай албан бичгээр Говьсүмбэр аймгийн Засаг даргад БУШН ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын XV-4******15 бүртгэлийн дугаартай *** нэртэй 182,76 га талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн албан бичиг хүргүүлсэн байна.

Гэтэл дээрх тусгай зөвшөөрлийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2020 оны А/75 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн нутаг Шивээговь сумын нутаг *** нэртэй 182,76 га талбайд Э м ХХК-иас түгээмэл тархацтай ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасны дагуу анхан шатны зураг зүйн шүүлт хийхэд дээрх талбай нь сонгон шалгаруулалтын талбайтай, эрдсийн хуримтлал бүхий талбайтай тус тус давхцалтай байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э м ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 8/3867 дугаар дүгнэлт хууль бус болохыг тогтоож, хуульд нийцүүлэн гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Э м ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад тус аймгийн Шивээ говь сумын нутагт орших *** гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамжаар Шивээговь сумын ***д 182.9 га талбайг хамарсан ХА-4******4 түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг БУШН ХХК-д 3 жилийн хугацаатай олгосон боловч Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 113/ШШ2019/0003 дугаар шийдвэрээр аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаартай БУШН ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн тус аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/264 тоот албан бичгээр БУШН ХХК-д олгосон ХV-4*****7 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 113/ШШ2019/0003 дугаар шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/126 дугаар захирамжийг хүчингүй болгосон тул талбайд дахин өргөдөл хүлээн авахад давхцалтай гарах тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайг чөлөөлж өгнө үү гэж Ашигт малтмалын газрын тосны газарт мэдэгджээ.

Ингээд Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/294 дүгээр албан бичгээр Э м ХХК-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмын дагуу өргөдлөө гаргах боломжтой талаар мэдэгдсэн байна.

Гэтэл дээрх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Э м ХХК-ийн гаргасан хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 8/3867 дугаар албан бичгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 8/3912 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан талбай нь литигийн эрдэсжилттэй талбайтай давхцалтай гэж тодруулан хариу хүргүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь, БУШН ХХК-иас 2018 оны 10 дугаар сар, 2019 оны 4 дүгээр сард БУШН ХХК-иас 2018 оны 10 дугаар сар, 2019 оны 4 дүгээр сард дээр дурдсан талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаар дүгнэлт гаргуулах хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 7/6685, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 7/2974 дүгээр албан бичгээр тус тус 2 удаа шийдвэрлэхдээ ...түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой. гэсэн дүгнэлтийг гаргаж байсан.

Мөн тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Үндэсний Геологийн албаны ашигт малтмалын сангийн баяжуулалт, боловсруулалт хариуцсан ажилтан А.Амаржаргал мэдүүлэгтээ ... Дээрх түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь МV-0****1 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дээд залгаа бөгөөд уг талбай дээр 2016 онд Эрдэс баялгын мэргэжлийн зөвлөлөөр нөөцийг хүлээн авсан, хувийн хөрөнгөөр хайгуулыг нь гүйцэтгэсэн Мөнхтийн цагаан ***ингийн литигийн ордны нөөцтэй бөгөөд Ашигт малтмалын нөөцийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. гэсэн бөгөөд Үндэсний геологийн албанаас ирүүлсэн зурагт хүсэлтэд дурдсан талбай нь Мөнхтийн цагаан ***ин гэх талбайтай дахцалгүй байна.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэн үзвэл, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь Э м ХХК-ийн хүсэлтээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар 10.1.3-т заасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж, Засаг даргад хүргүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ уг талбай нь литигийн ордны нөөцтэй ямар хэсгээрээ хэрхэн давхцаж байгааг тогтоогоогүй, мөн ижил нөхцөл байдлыг буюу нэг талбайд хүсэлт гаргасан БУШН ХХК, Э м ХХК-ийн хүсэлтийг 2 өөр байдлаар шийдвэрлэсэн нь тэгш байдлын зарчим болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа ... бодит нөхцөлд тохирсон... байх зарчимд нийцээгүй.

Иймээс хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь Э м ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын нутагт орших *** гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой эсэх талаар дүгнэлтийг дээр дурдсан нөхцөл байдалд нийцүүлэн дахин гаргах нь зүйтэй байна.

Түүнчлэн Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 113/ШШ2019/0022 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 596 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тогтоолоор ...Э м ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан тус аймгийн Шивээговь сумын нутагт орших *** гэх газарт 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, тус өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгаж... шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсныг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Э м ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 8/3867 дугаар албан бичгээр хүргүүлсэн дүгнэлт хууль бус болохыг тогтоож, Э м ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-4200027 бүртгэлийн дугаартай 187.25 га талбайд дүгнэлт гаргуулах хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал газрын тосны газарт даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э м ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 8/3867 дугаар албан бичгээр хүргүүлсэн дүгнэлт хууль бус болохыг тогтоож, Э м ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-4200027 бүртгэлийн дугаартай 187.25 га талбайд дүгнэлт гаргуулах хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал газрын тосны газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН