Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/00078

 

 Г.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2017/00211 дүгээр шийдвэр,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 218/МА2017/00016 дугаар магадлалтай,

Г.М-ийн нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Засаг даргад холбогдох,

2016 оны Б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгож, сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уранбайгалийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Г.М , Д.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Г.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Аймгийн Засаг даргын захирамжаар Дундговь аймгийн “Говийн Ирээдүй” цогцолбор сургуулийн захирлаар томилогдсон. 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ Б/54 тоот захирамж гарган ажлаас чөлөөлсөн. Дээрх захирамжид дурдаж ажлаас чөлөөлөх үндэслэл гэж үзсэн хамтын сангийн 6.500.000 төгрөгийг хамт олны зөвшөөрлөөр тус сургуулийн “Эрдмийн өргөө”-ний 50 жилийн ойн арга хэмжээнд зарцуулж, зарцуулалтыг эрх бүхий байгууллагаар шалгуулсан бөгөөд энэ асуудлыг хамт олны 70-аад хувь нь хамтын сангийн гишүүдийнхээ хүрээнд шийдвэрлэх хүсэлт гаргаж гарын үсгээ зурцгаасан байна. Хамт олны санал гомдол 2-оос дээш удаа удирдах дээд байгууллагад ирсэн гэсэн нь эхний гомдол мэргэжлийн байгууллагуудаар шалгагдаад 2015 оны 06 дугаар сард Аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж "...Үндэслэлгүй гомдол гаргасан учраас арга хэмжээ авах шаардлагагүй” гэсэн дүгнэлт гарсан. Сумын засаг даргын зөвлөлд хагас жил тутамд хийсэн ажлынхаа тайланг танилцуулж засаг даргатай байгуулсан үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг дүгнүүлэн ур чадварын нэмэгдэл, улирал тутам аймгийн БСГ, Сайнцагаан сумын засаг даргын хамтарсан үнэлгээгээр тогтмол 80-90 хувиас дээш үнэлэгдэж үр дүнгийн урамшуулал авч байсан нь сумын засаг даргын удаа дараагийн захирамжуудаас харагдаж байгаа. Хамт олны дунд үлгэргүй байдал гаргасан болон тэдэнтэй зүй бус харилцсан, байгууллагын нэр хүндийг гутаасан тохиолдол байхгүй, удирдах ажилтны ёс зүй, үүрэг даалгавар өгөх хэм хэмжээг чанд сахиж ажиллаж байсан бөгөөд удирдах дээд болон хууль хяналтын байгууллагаас арга хэмжээ авч хөдөлмөрийн сахилга ноцтой зөрчсөнийг тогтоосон баримт нотолгоогүй учраас ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Иймд Дундговь аймгийн засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/54 тоот захирамжийг хүчингүй болгож, тус сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Г.М  нь Говийн ирээдүй цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байхдаа ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, хамт олны дунд ёс суртахуун, үлгэргүй байдал гаргаж, хамт олон, багш албан хаагч нартай зүй бусаар харилцаж байсан нь хамт олны саналаар нотлогдохын зэрэгцээ байгууллагын хамтын сангийн хөрөнгөтэй холбоотой асуудал үүсгэж ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан тул хөдөлмөрийн гэрээний 3.2.2, 3.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Говийн ирээдүй цогцолбор сургуулийн захирал Г.М-ийн ёс суртахуун, үйл ажиллагааны зөрчил, дутагдалтай холбоотой хамт олны гомдол мэдээлэл 2015.03.23-нд аймгийн Боловсрол, Соёлын газар, аймгийн Засаг дарга, салбар Боловсрол, Соёл Шинжлэх ухааны сайдад тус тус ирүүлсэн уг гомдол мэдээлэл дурдсан асуудлуудыг шалгах талаар аймгийн Засаг дарга үүрэг чиглэл өгч дотоодын болон мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалт хийгдэж тодорхой зөрчил, дутагдал байгаа талаар Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2015.04.20-ны өдрийн 13-09-021/45 дугаар дүгнэлт, Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2015.04.02-ны өдрийн 13-06-011/19 дугаар зөвлөмж, аймгийн Засаг даргын 2015.04.10-ны өдрийн А/129 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн 2015.05.07-ны өдрийн 105 тоот дүгнэлт тус тус гарсан. Мөн байгууллагын хамтын сангийн хөрөнгөөс 6.500.000 төгрөгийг зүй бусаар зарцуулж санхүүгийн ноцтой зөрчил гарган асуудал үүсгэж хамт олон, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргаад байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-ыг тус тус зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм гэжээ.

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2017/00211 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Г.М г Говийн ирээдүй цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 7.106.112 /долоон сая нэг зуун зургаан мянга нэг зуун арван хоёр/төгрөгийг Дундговь аймгийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгч Г.М д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М-ийн ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг Дундговь аймгийн Засаг даргад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дундговь аймгийн Засаг даргаас 198.847 /нэг зуун ерэн найман мянга найман зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 218/МА2017/00016 дугаар магадлалаар: Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2017/00211 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уранбайгаль хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн 2017.06.20-ны өдрийн 139/ШШ2017/00211 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны Шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 218/МА2017/00016 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна.

Анхан шатны Шүүх зарим үндэслэлийг буруу дүгнэж шийдвэрлэснийг давж заалдах шатны Шүүх хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. Үүнд: Г.М тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.2-т хамт олны санал гомдол 2-оос дээш удаа удирдах дээд байгууллагад ирсэн бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан байдаг. Гэтэл Г.М  нь хамт олны дунд ёс суртахуунгүй, үлгэргүй байдал гаргаж, багш албан хаагч нартай зүй бусаар харилцдаг, харилцааны дутагдалтай холбоотой гомдол мэдээлэл байгууллагын хамт олны зүгээс 2015 оноос эхлэн Боловсрол, соёл, урлагийн газар, аймгийн Засаг дарга, салбарын сайдад тус тус удаа дараа буюу 5 удаагийн гомдол ирсэн байхад үүнийг авч үзээгүй. Хөдөлмөрийн гэрээнд гэрээний дагуу үүргээ биелүүлэх, гэрээнд тусгасан заалтуудаа хэрэгжүүлж ажиллах, ноцтой зөрчилд юуг тооцох, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авах зэргийг дурдсан байдаг. Нэхэмжлэгч нь энэ хөдөлмөрийн гэрээгээ хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байдаг. Тухайн байгууллагын хамт олноос ёс зүйтэй холбоотой удаа дараагийн гомдол мэдээлэл ирсний дагуу аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр ажлын хэсэг байгуулан хяналт, шалгалт хийсэн. Ажлын хэсгийн хяналт шалгалтаар ёс зүйн дутагдалтай ажилласан байсан гэдгийг тогтоож, нэхэмжлэгч Г.М г ажлын арга барил, ёс зүйн хувьд анхаарч, хамт олныг нэгтгэх үүрэг чиглэл өгч, хөдөлмөрийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах талаарх үүргийг удирдлагын зүгээс өгч байсан ба өмнөх алдаа дутагдлаа засах талаар тодорхой ажил хэрэгжүүлээгүй, захиргааны зүгээс өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ёс зүйгүй ажилласан талаарх байдлыг ажлын хэсгийн дүгнэлт, мэргэжлийн улсын байцаагчийн дүгнэлт, зөвлөмжөөс тодорхой харагдаж байхад үүнийг авч үзээгүй. Энэ алдаа дутагдал нь хөдөлмөрийн гэрээний 3.2.3 дахь заалтыг зөрчсөн байдаг. Нэхэмжлэгч Г.М  нь байгууллагын хамтын сангийн хөрөнгийг хамт олонтойгоо хэлэлцэхгүйгээр сангийн мөнгийг барьж байгаа хүнтэй нь тохироод хамтын сангийн журам зөрчин зориулалт бусаар дур мэдэн зарцуулсныг санхүүгийн ноцтой зөрчилд тооцож үзээгүй, Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг ажил олгогч буруу хэрэглэсэн гэж үзсэн зэрэг нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болоод байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.20-ны өдрийн 139/ШШ2017/00211 дүгээр шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.13-ны өдрийн 218/МА2017/00016 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Г.М  нь  ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах  нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Дундговь аймгийн Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б/54 дүгээр захирамж гаргаж, Г.М г Сайнцагаан сумын Говийн ирээдүй цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5. дах заалтыг баримталж, “...хамтын сангийн хөрөнгөөс 6.500.000 төгрөгийг авч зориулалтын бусаар зарцуулсан, хамт олны  санал гомдол 2-с дээш удаа удирдах байгууллагад ирсэн, захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг 2-с доошгүй удаа биелүүлээгүй, хамт олны дунд үлгэргүй байдал гаргаж, тэдэнтэй зүй бусаар харьцсан, байгууллагын нэр хүндийг гутаасан зэрэг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэл дурджээ /хэргийн 3 дугаар тал/.

Ажил олгогч нь  хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй боловч ажилтны гаргасан  зөрчил баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.             

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1., 131.2.-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй бөгөөд  сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан.

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ тухайгаа шийдвэр, магадлалд тодорхой тусган  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2017/00211 дүгээр шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 218/МА2017/00016 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уранбайгалийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ