Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1965 оны 09 сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 52 настай, дээд боловсролтой, фицикийн багш мэргэжилтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сум 7 дугаар баг Нарлагийн 42-1 тоотод оршин суух Гөрөөчин овогт Гомбожавын Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Засаг даргад холбогдох Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 21-ний өдрийн Б/54 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 23-нд хүлээн авч, 2016 оны 11  сарын 30-нд 139/2016/00378/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1981 оны 08 сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн ажилтай Боржигон овогт Төмөрчөдөрийн Уранбайгаль,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч  Дашзэвэгийн Долгорсүрэн /Өмгөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1062/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч:  Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Жаалай овогт Сумьяагийн Төмөрбаатар /Өмгөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0582/ гэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа, нэхэмжлэгч Г.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уранбайгаль, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би  боловсролын байгууллагад 29 жил ажилласан. Эрдмийн далай сургуульд тасралтгүй ажиллаж байгаад 2014 оны 7 сарын 7-ны өдөр Говийн ирээдүй сургуулийн захирал болсон. Намайг ажилд ороход тухайн сургууль дээр зөрчлүүд их байсан. Би улсын тэргүүний сургуульд 20 гаруй жил ажилласан, сургуулиа тийм байлгахыг хүссэн, ажлын шаардлага тавьсан учраас зөрчил үүссэн. Ажлын байран дээр согтуу байх, ажил хийдүүлэх, ур чадвараа дээшлүүлэхгүй байх, хүүхэд хохироох, хүүхдэд гар хүрэх зэрэг зохисгүй байдал гарч байсан учраас ажлыг нь дээшлүүлэх гээд багш нараас шалгалт авсан. Шалгалтын дүн муу гарснаас үүдсэн зөрчилдөөн байсан. Үүний улмаас аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар орж энэ бол захирлыг чөлөөлөх хэмжээний гомдол биш байна гэж үзээд, тэмдэглэлээр зөвлөмж өгч намайг цаашид ажиллахыг зөвшөөрсөн. Ингээд ажиллаж байхдаа сургуулийнхаа ойг хийсэн. Ойд хандив сайн цуглаагүй, Улсын их хурлын гишүүн Наранхүү 30 гаруй сая төгрөг өгнө гэж амалсан байсан учраас хамтын сангаас 6.5 сая төгрөгийг хариуцдаг хүмүүстэй нь ярилцаад, гэрээ хийгээд зээлж  авсан. Ой хийж байгаа сургууль нэг багшаас 80000-100000 төгрөг, ажилчдаас 30000-50000 төгрөг цуглуулж хийдэг. Би ажилтнуудаас мөнгө бага авахыг зорьсон. Ахмад төгсөгчид, ахмад багш нарт ой хийх хэрэгцээ шаардлага байсан учраас би ой тэмдэглэх арга хэмжээг зоригтой зохион байгуулсан. Эдийн засгийн хувьд бэрхшээлтэй асуудал нилээд гарсан ч хамтын сангийн 6 хүнтэй ярьж байгаад гэрээ хийгээд мөнгө авсан. Хандив ороод ирэхээр өгнө гэж 1 сарын хугацаатай авсан. Ой дуусаад хандив ирээгүй учраас энэ мөнгийг яаж төлөх талаар зөвлөлдөж байсан. Багш нар ойдоо 20 000 төгрөг л хандивласан. Багш нар “бид ойдоо 20000 төгрөг л хандивласан учраас энэ 6500000 төгрөгийг тэр чигээр нь ойдоо хандивласан болгоё” гэсэн яриа хийж байхад Аймгийн засаг даргад ийм гомдол очсон байдаг. Энэ мөнгийг зарцуулсан талаарх баримтуудаа би хэрэгт өгсөн байгаа нь сая хариуцагч тал өгсөн баримттай тулах байх. 2016 оны 10 сарын 21-ний өдрийн Б/54 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхөөсөө өмнө сонсгох ажиллагаа гээд саналаа ирүүлэх тухай албан тоот өгсөн. Би заасан хугацаанд нь хариу тайлбараа өгсөн. Дараа нь би ажлаа хүлээлгэж өгсөн. Захирамж дээр заасан зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Засаг даргын захирамжинд “удаа дараа үүрэг даалгавар биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилга бат зөрчсөн, захиргаанаас өгсөн үүргийг 2-с доошгүй удаа биелүүлээгүй, хамт олны дунд үлгэргүй  байдал гаргаж, бусадтай зүй бус харилцсан, байгууллагын нэр хүндийг гутаасан” гэж дурдсан байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Намайг буруугүй байхад буруутгаж ажлаас чөлөөлсөн тул Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. 2016 оны 10 сарын 21-нд би ажлаас чөлөөлөгдөөд өөр ажил өгнө гэсэн болохоор нь би 29 хоног хүлээсэн. Ажил өгвөл гомдол гаргахгүй байх бодолтой байсан. 29 дэх хоног дээрээ Засаг даргатай уулзахад Боловсрол соёлын газрын хяналт үнэлгээ шинжилгээний мэргэжилтэн гэсэн ажил өгөхөөр нь баярлалаа гэж хэлээд гарсан. Маргааш нь очиход тэр ажлыг өөр хүнд өгсөн байсан. Тийм учраас би гомдол гаргасан. Намайг Боловсрол соёлын газарт соёл урлаг хариуцсан мэргэжилтэн гэдэг ажилд авсан ч сонгон шалгаруулалт зарлах болсон гээд ажлаас чөлөөлсөн. Энэ хугацааны цалингаа хасаж тооцсон. Нэхэмжлэлээ дэмжиж байна. Би ажиллах хугацаандаа хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн. Бусдыг доромжилж, ёс зүйгүй байдал гаргаж, бусдыг хохироосон зүйл надад байхгүй. Ёс зүйгүй байдал гаргасан, байгууллагын нэр хүндийг гутаасан зэргийг хариуцагч тал батлах байх гэж бодож байна. Ямар хүнийг гомдоогоод, байгууллагын нэр хүндийг яаж гутаагаад, ямар хохирол үүссэн болохыг нотлох байх. Би сургуулийнхаа ажлыг ахиулах зорилготой байсан. Ажил нь ахисан, намайг ажиллаж байхад олимпиадад амжилттай оролцож байсан. Намайг сайн ажилласан гэж сумын Засаг даргын захирамж, Боловсрол соёлын газрын дарга шийдвэр гаргаж 4-5 удаа ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн нэмэгдэл авсан. Аймгийн мэргэжлийн олимпиадад манай сургуульд 2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр байранд орж байсан гэв. 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Мягмарсүрэн нь Говийн ирээдүй цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байхдаа ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, хамт олны дунд ёс суртахуун, үлгэргүй байдал гаргаж, хамт олон, багш албан хаагч нартай зүй бусаар харилцаж байсан нь хамт олны саналаар нотлогдохын зэрэгцээ байгууллагын хамтын сангийн хөрөнгөтэй холбоотой асуудал үүсгэж ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан тул хөдөлмөрийн гэрээний 3.2.2, 3.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Г.Мягмарсүрэнгийн байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.2-т хамт олны санал гомдол 2-оос дээш удаа удирдах дээд байгууллагад ирсэн бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан байдаг. Говийн ирээдүй цогцолбор сургуулийн захирал Г.Мягмарсүрэнгийн ёс суртахуун, үйл ажиллагааны зөрчил, дутагдалтай холбоотой хамт олны гомдол мэдээлэл 2015.03.23-нд аймгийн Боловсрол, Соёлын газар, аймгийн Засаг дарга, салбар /Боловсрол, Соёл Шинжлэх ухааны сайд/-ын сайдад тус тус ирүүлсэн уг гомдол мэдээлэл дурьдсан асуудлуудыг шалгах талаар аймгийн Засаг дарга үүрэг чиглэл өгч дотоодын болон мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалт хийгдэж тодорхой зөрчил, дутагдал байгаа талаар Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2015.04.20-ны өдрийн 13-09-021/45 дугаар дүгнэлт, Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2015.04.02-ны өдрийн 13-06-011/19 дугаар зөвлөмж, аймгийн Засаг даргын 2015.04.10-ны өдрийн А/129 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн 2015.05.07-ны өдрийн 105 тоот дүгнэлт тус тус гарсан. 2016-2017 оны хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн 2016 оны 9 дүгээр сараас хойш Говийн ирээдүй цогцолбор сургуулийн багш ажилчид, нягтлан бодогч, нярав гэхчилэн тухайн байгууллагын хамт олноос сургуулийн захирал Г.Мягмарсүрэн нь ёс суртахуун, зан харьцааны доголдол гарган хамт олныг хагалган бутаргаж, зүй бус дарамт, шахалтаар айлган сүрдүүлдэг, байгууллагын хамтын сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан талаарх 5 удаагийн гомдол, мэдээллийг ирүүлээд байгаа нь хөдөлмөрийн гэрээний 3.2.2-т заасан ноцтой зөрчил гаргасан, гэрээний 3.2.3-т заасан хамт олны дунд үлгэргүй байдал гаргаж тэдэнтэй зүй бус харьцсан, энэ нь хамт олны олонхийн саналаар нотлогдсон төдийгүй, өмнөх алдаа, дутагдлаа засах талаар тодорхой ажил хэрэгжүүлээгүй нь захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэсэн заалтуудыг зөрчсөн, байгууллагын хамтын сангийн хөрөнгөөс 6500000 төгрөгийг зүй бусаар зарцуулж санхүүгийн ноцтой зөрчил гарган асуудал үүсгэж хамт олон, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргаад байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-ыг тус тус зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уранбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг ажлаа муу хийдэг гэж яриагүй, ажилдаа сайн л байх. Энэ хүний ёс зүйтэй холбоотой өргөдөл сургуулийн хамт олноос нь 2015, 2016 онд аймгийн Засаг даргад ирсэн. Мөн тус сургуулийн хамт олон нь Боловсролын яамны сайдад “Г.Мягмарсүрэн нь ёс зүйтэй ажиллахгүй байна, биднийг дарамталж байна, байнгын ажлын байран дээр хугацаатай гэрээ байгуулахаар дарамталж байна” гэсэн  утгатай өргөдөл өгсөн байдаг. Ийм учраас хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслээд нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Ноцтой зөрчил гэж юуг хэлэх талаар хөдөлмөрийн гэрээнд нь тусгасан  байгаа.  Хамт олны зүгээс хоёроос дээш удаа өргөдөл гомдол ирсэн нь ноцтой зөрчилд оруулахаар заасан. Энэ хүн өөрөө тэр хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан.  Нэхэмжлэгч удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, биелүүлсэн тохиолдолд хариугаа ирүүлдэггүй. Ийм учраас үүрэг даалгавар биелүүлээгүй байна гэж үзэж хуулийн заалтыг үндэслэн  ажлаас чөлөөлсөн. Тус сургуулийн хамт олны зүгээс хоёроос ч олон удаа бичиг ирсэн байгаа. Хамт олонтойгоо зүй бус харьцдаг талаар хамт олон нь өргөх бичигтээ бичсэн байгаа. Энэ бол тус сургуулийн захирал нь байгууллагынхаа нэр хүндийг гутааж байгаа үйлдэл. Засаг даргын шийдвэр ийм үндэслэлээр гарсан байгаа. Санхүүгийн зөрчил гаргасан нь ноцтой зөрчилд орно гэж хөдөлмөрийн гэрээнд нь заасан байгаа. Хамтын сангийн хөрөнгийг захиран зарцуулах тусгай журамтай. Гэтэл нэхэмжлэгч хамт олонтойгоо хэлэлцэхгүйгээр  сангийн мөнгийг барьж байгаа хүнтэй нь тохироод хамтын сангийн журам зөрчөөд зарцуулсныг нь тус сургуулийн багш ажилтнууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн хүсэлт гаргасан. Хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан, хөдөлмөрийн хууль зөрчсөн нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд миний бие нэхэмжлэгчийн хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцож байна. Хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан баримт зэрэгт үндэслээд дүгнэлт гаргаж байна. Г.Мягмарсүрэнг ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 10 сарын 21-ний өдрийн Б/54 дугаартай засаг даргын захирамж гарсан. Нэхэмжлэгч нь “намайг хууль зүйн үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн, миний нэр төрд халдсан захирамж гаргасан” гэж үзэж байгаа. Өмгөөлөгчийн хувьд үндэслэлгүйгээр, баримтаар тогтоогдоогүй зүйлийг иш татаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байна гэж үзэж байна. Хамтын сан гэдэг бол тухайн сургуулийн нийт албан хаагчид дундаасаа, цалингаасаа хөрөнгө босгоод түүнийгээ зарцуулдэг хөрөнгө байгаа. Түүнээс энэ бол төсвийн мөнгө биш. Хамтын сангийн журман дээрээ онцгой үед ашиглаж болох талаар тусгасан байдаг. Нэхэмжлэгч буцааж төлөхгүй гээгүй, хандив ороод ирэхээр эргээд төлөх гэж авсан. Тэр мөнгийг сургуулийнхаа түүхт 50 жилийн ойд ашигласан. Хамтын сангийн хөрөнгөнөөс авахдаа мөнгийг барьж байсан багш нартай зөвшилцсөн байгаа. Энэ асуудлаар өргөдөл хүсэлт гаргасан байсан. Гэхдээ үүнийг сургуулийн албан хаагчид дундаа шийднэ гэж ярилцаад, албан хаагчид нь гарын үсэг зурсан баримтаа засаг даргад хүргүүлсэн боловч нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн байна. Хамт олон гэж бичсэн боловч хэн яаж ямар аргаар гарын үсэг зуруулсан нь тодорхой биш баримт хэрэгт олноороо байдаг. Эдгээр баримтууд нотлох баримтын шаардлага хангах эсэх нь эргэлзээтэй. Мөн энэ асуудлын талаар Отгонсүх, Эрхэмбаяр нар хууль сануулсан гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Ийм байхад нэхэмжлэгчийг санхүүгийн зөрчил гаргасан гэж захирамжиндаа дурдсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан албан тушаалтан бол мөнгө, эд хөрөнгө хариуцсан албан тушаалтан байна. Нэхэмжлэгч зөрчил гаргаж, тэр нь нотлох баримтаар тогтоогдсон зүйл алга. Хариуцагч тал мэргэжлийн хяналтын газрын зөвлөмж, Боловсрол соёлын газраас ирүүлсэн баримт байгаа мэтээр тайлбарлаж байгаа ч тэдгээр байгууллага нь өөрсдөө “Г.Мягмарсүрэн зөрчил гаргасан эсэх талаар бид тогтоох ёстой байгууллага биш” гэсэн агуулгыг дүгнэлтэндээ бичсэн байна. Ийм учраас нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөн  нь хууль зүйн үндэсгүй байна. Нэхэмжлэгчийн ёс зүйгүй байсныг тус сургуулийн ажилтнуудаас ирсэн өргөдөл нотлож байна гэж хариуцагч тал хэлж байна. Гэтэл тэр өргөх бичиг нь хэн бичсэн, хэдэн хүн бичсэн нь мэдэгдэхгүй байна. Үнэн худал нь мэдэгдэхгүй баримтанд үндэслэж тайлбарлаж байгаа учраас хариуцагч талын тайлбар хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд 2016 оны 10 сарын 21-нд гаргасан Б/54 дугаартай захирамж нь хууль ёсны гэж үзэж тайлбараа гаргана. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг үндэслээд ажлаас чөлөөлсөн. Мөн хөдөлмөрийн гэрээний 3.2.2, 3.2.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн. Нэхэмжлэгч ажил хийж байхдаа тус сургуулийн хамтын сангийн хөрөнгөнөөс 6.5 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж ноцтой зөрчил гаргасан байна. Хамтын сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй хүн нь захирал биш. Тэр мөнгө нь зөвхөн тухайн сургуулийн албан хаагч нарт тэмдэглэлт үйл явдал, уй гашуу тохиолдох үед нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд зарцуулдаг мөнгө. Гэтэл тийм мөнгийг нэхэмжлэгч тансаг хэрэглээнд зарцуулж сургуулийн ой тэмдэглэх нэрийлээд хэдэн тонн айраг бод бог малын мах авсан байна. Ажилтнуудын төлөөлөл гээд Ариунаа, Чимгээ гэдэг хоёр хүнээс асуусан гэж тайлбарлаж байгаа ч нөгөө хүмүүс нь аймгийн Засаг даргад хандаж биднийг өрөөндөө дуудаж сүрдүүлээд дарамтлаад мөнгө авсан. Одоо албан хаагчид мөнгөө нэхэж байна” гэсэн өргөдөл гаргасан байдаг. Онцгой үед хэрэглэж болно гэсэн заалт дээрх журамд байгаа гэж тайлбарлаж байна. Гэтэл тэр онцгой үед чинь хамт олны шийдвэрээр  хэрэглэнэ гэсэн үг байгаа.  Тэр хоёр хүн хамт олон уу, өрөөндөө дуудаж гарын үсэг зуруулах нь хамт олны шийдвэр үү. Ийм учраас дээрх мөнгийг зарцуулсан нь хамт олны шийдвэр гэж үзэхгүй. Нэхэмжлэгч 2014 оны 7 сарын 7-с ажилд томилогдсон цагаас нь эхлээд удаа дараа энэ хүний талаар янз бүрийн өргөдөл ирдэг болсон. Энэ хүнтэй хамт зөвлөлийн хурлаар орсон хүмүүс нь “Г.Мягмарсүрэнгээс болж өөрсдөө ажлаасаа халагдах дөхлөө, орлогч алах шахлаа, сүртэй арга хэмжээ авах байх гэсэн чинь тэмдэглэлээр арга хэмжээ аваад дууслаа” гэж ярьсан байдаг. Энэ хүний талаар хамт ажиллаж байсан хүмүүс нь Боловсролын сайдад өргөдөл гаргасан боловч хариу өгөөгүй байдаг. Аймгийн засаг даргын зөвлөл 2016 онд хуралдаад төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга нь наад асуудлаа зохицуулаарай, эргэж хариу өгөөрэй гээд шагнаж байгаа мэт хариулт өгсөн байдаг. Энэ хүнд мэргэжлийн хяналтын газар зөвлөмж хүргүүлсэн ч хүлээж аваагүй, хариу өгөөгүй, Боловсрол соёлын газар мэдэгдэл хүргүүлсэн ч хариу өгөхгүй үл тоосон байдаг. Энэ байдал нь төрийн байгууллагыг үл хүндэтгэж ёс зүйгүй байгаагийн хэлбэр. Энэ хүнтэй хамт олон нь хамтарч ажиллахыг хүсэхгүй байна гэдгээ илэрхийлж 2016 оны 9 сарын 24-ний өдөр өргөх бичиг барихад нь орлогч хүлээж аваад “уг нь ажил нь гайгүй юм байна, судлая” гээд байж байхад нь дахиад 29-нд нь өргөдөл ирсэн байдаг. Ингээд засаг дарга арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон байдаг. Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлтэй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал оруулж байна гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Мягмарсүрэн нь хариуцагч Дундговь аймгийн засаг даргад холбогдуулан Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 21-ний өдрийн Б/54 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд дэмжсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Хариуцагч буюу ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 /ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан/, 40.1.5 /мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон/ дахь заалтыг үндэслэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил тус бүр нь тогтоогдсон байхыг шаарддаг. Нэхэмжлэгч 2 ба түүнээс дээш удаа сахилгын зөрчил гаргаж, тухайн зөрчил  нь тогтоогдсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.  Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийн ажлын үр дүнгийн үзүүлэлтийн талаах маргадаггүй боловч ёс зүйн хувьд тухайн ажил албан тушаалыг эрхлэх боломжгүй гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч ёс зүй зөрчсөн чухам ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг тушаалд тодорхой заагаагүйн дээр талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ямар үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчилд тооцох талаар тодорхой тусгаагүй тул шүүх нэхэмжлэгчийг ямар  ёс зүйн зөрчил гаргасны улмаас ажлаас чөлөөлсөн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй юм. Мөн зүйлд заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон байхыг хуульд заасан байх тул нэхэмжлэгч ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулаагүй мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг ёс зүйгүй ажиллаж байгаа талаар хамт олноос нь 2 ба түүнээс дээш удаа өргөх бичиг ирж байгаа нь байгууллагын нэр хүндийг гутааж байгаа явдал гэж тайлбарладаг ба энэ нь байгууллагын  эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан үндэслэл нь ....... ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байх бөгөөд мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан болон эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтын бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан байхыг ойлгохоор хуульд тусгагдсан байна. Нэхэмжлэгчийн хууль бусаар зарцуулсан гэх 6500000  /зургаан сая таван зуун мянга/ төгрөг нь ажил олгогчийн буюу байгууллагын өмч хөрөнгө биш харин багш, ажилтан бүр сарын цалингаасаа 10000 төгрөгийг тогтмол хураалгасны үндсэн дээр бий болсон хамт олны дундын мөнгөн хуримтлал болох нь хэргийн 91-р хуудсанд авагдсан Сургуулийн хамтын сангийн журам, зохигчийн тайлбараар нотлогдож байна. Тухайн сангийн хөрөнгийг нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхгүй мөн тус сангийн мөнгөний захиран зарцуулах эрх нэхэмжлэгчид олгогдоогүй харин нэхэмжлэгч эрх бүхий этгээдүүдээс зээлж авч сургуулийн ойн арга хэмжээнд зориулалт бусаар зарцуулсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр хариуцлага хүлээх субьект биш гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нөхцөл байдал хөдөлмөрийн хуулийн шаардлагатай нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.Мягмарсүрэн ажилгүй байсан хугацааны олговор шаардсан бөгөөд харин олговрын хэмжээний талаар нэхэмжлэлд тусгаагүй нь нэхэмжлэлийн уг шаардлагыг шийдвэрлэхэд саад учруулахгүй болно. Нэхэмжлэгч олговор гаргуулах хугацааг 2016 оны 10 сарын 21-нээс 2016 оны 11 сарын 28-ны өдрийг хүртэл, 2017 оны 1 сарын 2-ны өдрөөс 2017 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны олговрыг гаргуулна гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх ба тус хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг үндэслэн  нэхэмжлэгч буюу ажилтны хөдөлмөрийн үйл ажиллагааны үндсэн баримт бичиг болох №69977 улсын дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтэр дэх хөдөлмөрийн хөлсний бичилтийг харьцуулан ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг НХХ-ийн сайдын 2005.05.05-ны өдрийн 555 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцов.

 

Нэхэмжлэгчийн 8, 9, 10 сарын дундаж цалингаас 1 өдрийн цалингийн хэмжээг гаргасан ба нэг өдрийн цалин 49348 /3257002:66/ төгрөг болж байна. Мөн 2016 оны 10 сарын 21-нээс 2016 оны 11 сарын 28-ны өдрийг хүртэл, 2017 оны 1 сарын 2-ноос 2017 оны 6 сарын 20-ний өдрийг хүртэл ажлын өдрийн тоог  гаргахад 144 ажлын өдөр болж байгаа ба 144 ажлын өдрийн цалин 7106112 /144*49348/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ....................ажилтанд эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэсэн байдаг тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж бичилт хийх нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг юм. 

 

Уг нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж байгаатай холбогдуулан хариуцагчаас цалин  7106112 төгрөгийн шаардлагад 128647 төгрөг,  ажилд нь эгүүлэн тогтоосон нэхэмжлэлийн шаардлагад 70200 төгрөг нийт 198847 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Мягмарсүрэнг Говийн ирээдүй цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 7106112 /долоон сая нэг зуун зургаан мянга нэг зуун арван хоёр/ төгрөгийг Дундговь аймгийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгч Г.Мягмарсүрэнд олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мягмарсүрэнгийн ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг Дундговь аймгийн Засаг даргад даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дундговь аймгийн Засаг даргаас 198847 /нэг зуун ерэн найман мянга найман зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ХИШИГДЭЛГЭР