Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2020/0733/З |
Дугаар | 221/МА2021/0292 |
Огноо | 2021-06-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2021/0292
Дорнод аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, цахимаар нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг дарга М.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Ц.Б, Б.У, М.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 141 дүгээр шийдвэртэй, Дорнод аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн сайдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 141 дүгээр шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, 4 дүгээр зүйлийн 4.1.28, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 59 дүгээр зүйлийн 59.3, Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус үндэслэн “Газрын тосны гэрээт 19, 21 дүгээр талбайгаас газрын тосны нөөц ашигласны төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгөөс 2015 оны 6.5 тэрбум, 2016 оны 6.5 тэрбум, 2017 оны 9.9 тэрбум, 2018 оны 10.0 тэрбум, 2019 оны 10.7 тэрбум төгрөгийг тухайн орон нутаг буюу Дорнод аймгийн Халх гол, Матад сумдад хуваарилахгүй байгаа Сангийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газрын тосны нөөц ашигласны төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгөөс нийт 42.9 тэрбум төгрөгийг тухайн орон нутгийн хөгжлийн санд хуваарилахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар тусгайлсан хууль буюу Газрын тосны тухай хуулийг Төсвийн тухай хуулиас өмнө хэрэглэхээр зохицуулсан. Гэтэл Сангийн сайд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаан бүхий харилцааг тусгайлан зохицуулсан хууль болох Газрын тосны тухай хуулийг барихгүй гэж тайлбарлаж байгаа нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан болохыг илтгэж байна. Сангийн яам газрын тосны нөөц ашигласны 70 хувийг улсын төсвийн орлого гэж авсан хэрнээ, үлдсэн 30 хувь буюу тухайн газрын тосны олборлолт явагдаж буй Матад, Халхгол сумын орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрөх орлогыг улсын төсвийн бүрдэл хэсэг болох хөгжлийн нэгдсэн санд улсын орлого болгож авч байгаа нь хуулийн хэрэгжилтийг хангахгүй байгаа хэлбэр бөгөөд өөрөөр хэлбэл газрын тосны нөөц ашигласны төлбөрийг 100 хувь улсын орлого болгон авч тухайн бүс нутагт хуваарилагдах ёстой мөнгөн хөрөнгийг зохих ёсоор хуваарилахгүй байна. Мөн Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.11 /газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 70 хувь/, Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 /нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ/ гэсэн хууль зүйн зохицуулалтыг Сангийн яам зөрчсөн байхад шүүх уг асуудалд дүгнэлт хийлгүйгээр Сангийн яам газрын тосны нөөц ашигласны төлбөрийг дахин хуваарилахгүй байгаа эс үйлдэхүй гаргаагүй байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Засгийн газрын 2018 оны 05 дугаар тогтоолоор баталсан “Газрын тосны нөөц ашигласны төлбөр болон газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журам”-д заасны дагуу газрын тосны олборлолт явагдаж буй тухайн орон нутагт буюу Дорнод аймгийн Халхгол, Матад сумдын 30 хувийг хуваарилахаар хуульчилсан байхад Монгол Улсын Сангийн сайд нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг биелүүлэхгүйгээр төсөв хуваарилах давуу байдлаа ашиглан Газрын тосны хуульд зааснаар газрын нөөц ашигласны төлбөрийн 30 хувьд хүрэхгүй мөнгөн хөрөнгийг хуваарилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй буюу хууль зөрчсөн үйлдэл бөгөөд Газрын тосны тухай хуульд заасны дагуу нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг бүхэлд нь тухайн орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн Сангийн сайдын эс үйлдэхүйг үндэслэлтэй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Улсын төсөв нь татварын болон татварын бус орлогоос бүрдэх бөгөөд татварын орлогод нь Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.11 дэх заалтад заасан газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 70 хувь нь улсын төсөв болох бөгөөд түүнээс бусад аймгуудад хуваарилахаар хуульчилсан. Үлдэгдэл 30 хувийг сөрөг нөлөөлөлд өртөж буй тухайн бүс нутаг, тухайн ард иргэдэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулахад зориулахаар Газрын тосны тухай хуульд заасан. Гэтэл Сангийн яам түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд газрын тосны нөөц ашигласны төлбөрөөс ...Увс аймагт 2020 онд 245.4, 2021 онд 362.0 төгрөг, Дорнод аймагт 2020 онд 230.3, 2021 онд 339.8 сая төгрөгийг тус тус хуваарилсан гэх бөгөөд энэ нь газрын тосны үйл ажиллагаа явуулж байгаа, олборлолтын улмаас сөрөг нөлөөлөлд өртөж буй тус бүс нутаг түүний иргэдийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хуулиар тогтоосон мөнгөн хөрөнгийг хуульд заасан хэмжээгээр олгохгүй байгаа хэлбэр юм. Дорнод аймгийн Халхгол, Матад сумын иргэд, малчдын амьдрах орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаагаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаа дугаар зүйлийн 2-т заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг шударга хүртэхэд чиглэсэн хууль зүйн суурь зохицуулалтыг зөрчих үндэслэлийг бий болгож байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг төсөв түүнтэй адилтгах орлогыг дахин хуваарилахдаа засаг захиргааны нэгж болох сумдад хуваарилах чиг үүрэг хүлээдэг гэсэн тайлбарыг огт гаргаагүй байхад анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтаас “тухайн” гэдэг үгийг хассан мэтээр шийдвэр гарган хариуцагчийн дээрх тайлбарыг үндэслэлтэй хэмээн дүгнэсэн нь тус хуулийн агуулга, үзэл санааг өөрчилж хариуцагч талд давуу байдал олгон хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 141 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Сангийн сайдад холбогдуулан “Газрын тосны гэрээт 19, 21 дүгээр талбайгаас газрын тосны нөөц ашигласны төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгөөс 2015 оны 6.5 тэрбум, 2016 оны 6.5 тэрбум, 2017 оны 9.9 тэрбум, 2018 оны 10.0 тэрбум, 2019 оны 10.7 тэрбум төгрөгийг тухайн орон нутаг буюу Дорнод аймгийн Халхгол, Матад сумдад хуваарилахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын тосны нөөц ашигласны төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгөөс 42.9 тэрбум төгрөгийг тухайн орон нутгийн хөгжлийн санд хуваарилахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.
Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”: 54.1.5 “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасныг зөрчжээ. Тодруулбал,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан бөгөөд зөвхөн хуулиар эрх олгогдсон захиргааны байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж ойлгоно.
Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.4-т “захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн” гэж зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг дарга нь нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн талаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлох ёстой.
Өөрөөр хэлбэл, хүн, хуулийн этгээдээс гаргах нэхэмжлэлийн зорилго нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх, хамгаалуулахад чиглэгдэх бол захиргааны байгууллагын хувьд хуулиар олгосон нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа зөрчлийг арилгуулах буюу объектив эрхийн хамгаалалтад чиглэгдсэн байна.
Гэтэл Дорнод аймгийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдсон харилцааг зохицуулдаг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29, 30 дугаар зүйлд заасан нийтийн эрх зүйн чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу, энэ тохиолдолд шүүхийн хяналт хэрэгжихгүй.
Мөн тухайн нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч, засаг төрийн төлөөлөгч нь Монгол Улсын төсвийн хуваарилалтай маргаж дээд шатны албан тушаалтанд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь төрийн албаны “захирах, захирагдах ёсыг баримтлах” зарчимтай нийцэхгүйн зэрэгцээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн удирдлагын хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Засгийн газар шийдвэрлэнэ” гэж заажээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Дорнод аймгийн Засаг даргын Сангийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа тул маргаан бүхий захиргааны үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлтэй холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН