Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 628

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Г-ын М, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ийн С нарт холбогдох эрүүгийн 19100 0908 0593 дугаартай хэргийг 2019 оны 9 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч П.Энхболд, хохирогч Д.А, хохирогчийн өмгөөлөгч Н.Баярсайхан, шүүгдэгч Г.М, Э.С, тэдгээрийн өмгөөлөгч Г.Тамир, гэрч З.А, Б.У, Ц.Э нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн эргүүлийн офицер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Г-ын М /РД: /,

 

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн эргүүлийн цагдаа, жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э-ийн С /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

1. Шүүгдэгч Г.М нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицероор “Арцат 111” чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Д.Халиунаас ирүүлсэн “Согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “LS плаза” төвд очиж, улмаар тус төвийн 1 дүгээр давхарт иргэн Д.Аыг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлсэнгүй гэх шалтгаанаар албаны хэрэгцээнд ашиглаж байсан “YJ12-1” загварын галт зэвсэгтэй төсөөтэй хийгдсэн тусгай хэрэгслээр түүний зүүн хөлний гуян тус газар нь буудаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2. Шүүгдэгч Э.С нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолоочоор “Арцат 111” чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Д.Халиунаагаас ирүүлсэн “Согтуу хүн агсан тавиад байна” гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “LS плаза” төвд очиж, улмаар тус төвийн 1 дүгээр давхарт иргэн Д.Аыг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлсэнгүй гэх шалтгаанаар зүүн нүдэн тус газарт нэг удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Э.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дэслэгч Г.Мтай хамт Арцат-111-т үүрэг гүйцэтгэж байсан. Бид хоёр “Жапан таун”-аас дуудлагын дагуу зөрчил гаргагч нарыг аваад гараад явж байхад Хан-Уул дүүргийн Арцат 10-аас “согтуу хүмүүс агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу бид хоёр хэргийн газарт очсон. Тухайн өдөр бид хоёр дахин 2 дуудлага хүлээн авсан байсан тул хурдан ажиллахаас өөр аргагүй байсан бөгөөд биедээ байсан 2 гавыг өмнөх дуудлагын газар ашигласан байсан.

Гэтэл дуудлага өгсөн газар хохирогч Д.А нь 3 найзын хамт архи ууж байсан. Бид хоёр тэдгээр хүмүүст “цагдаагийн хэлтэс рүү явах” шаардлага тавихад хохирогч Д.А, хамт байсан С.Болд нар нь бидний шаардлагыг эсэргүүцсэн. Харин бусад хүмүүс нь эсэргүүцээгүй, шаардлагын дагуу машинд суусан.

Тухайн үед бид хоёр байсан бүх гавнуудаа өмнөх дуудлагын газарт хэрэглэсэн байсан тул хохирогчтой гараараа ноцолдож, улмаар тусгай хэрэгсэл хэрэглэхээс өөр аргагүй болсон. Бид 20 минутын турш ноцолдсон. Би хохирогчид шаардлагыг 2-оос 3 удаа тавьж байсан. Хохирогч болон түүний найз нар биеэр том ноцолдоход хэцүү байсан тул бид хохирогчийг айлгах зорилгоор тусгай хэрэгслийг гаргаж ирсэн.

Тэгэхэд хохирогч Д.А нь бид хоёрт хандаж “чаддаг юм бол бууд” гэж хэлээд тусгай хэрэгслийн хошуу руу дайрахад Г.М тусгай хэрэгслийг алдаж, буун дуу гарсан. Дараа нь Д.А бууг авсны дараа би түүнээс бууг нь салгах зорилгоор араас нь боосон. Гэтэл хохирогч намайг зөрүүлж боож ухаан алдуулахаас өмнө Г.М ирж тусалсан. Би тухайн үед тусгай хэрэгслийн бууг хэн авч явсныг анзаараагүй.

Энэ болсон асуудлын дараа Г.М бид хоёрт сахилгын арга хэмжээ авсан. Хохирогч Д.А нь “ажлын газар архидан согтуурсан зөрчил гаргасан учир цагдаагийн байгууллага руу авч явна” гэж хэлсэн. Би эхэлж хохирогчийг “оффисоос гараад явна уу” гэсэн боловч миний шаардлагыг биелүүлээгүй.  

Намайг цагаан цамцтай, цэнхэр малгайтай том биетэй хүн боосон. Би хохирогчийг баруун хөлөөрөө нүд рүү нь өшиглөж гэмтэл учруулсан нь үнэн, гэхдээ би санаатайгаар гэмт хэрэг үйлдээгүй. Намайг дуудлагаар очиход хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл байгаагүй. Г.М хохирогчид хандаж “гараа ардаа ав”, 3 удаа “буудлаа шүү” гэсэн шаардлага тавьсан.” гэсэн мэдүүлэг, 

 

2. Шүүгдэгч Г.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Э.Сгийн өгсөн мэдүүлэг үнэн зөв байна. Бид нар галт зэвсгийг гарцаагүй үед хохирогчид сануулж байгаад хэрэглэх ёстой. Тухайн үед хохирогч, түүний найзууд нь бидний тавьсан шаардлагыг эсэргүүцсэн. Биднээс биеийн хүчээр илт давуу, тэнцвэргүй байсан тул би тусгай хэрэгслийн бууг гаргаж, хохирогчийг айлгахыг зорисон. Гэтэл хохирогчийн найз гэх Төмөрбаатар намайг хажуу талаас түлхсэн тул би гар алдаж тусгай хэрэгслийн бууны гох дээр дарсан. Харин би санаатай буудаж хохирогчид гэмтэл учруулахыг хүсээгүй. Би хууль ёсны дагуу тусгай хэрэгслийн галт зэвсэг хэрэглэсэн.

Би “буудлаа шүү” гэж хэлээгүй, харин “доошоо суу, цагдаагийн алба хаагчаас зайгаа барь”, “архидан согтуурсан хүмүүсийг цагдаагийн байгууллага руу авч явна” гэж хэлж байсан. Бид тухайн өдөр ачаалалтай ажиллаж байсан учир хохирогчид шаардлага биелүүлэх бага хэмжээний хугацааг олгосон.

Би YJ-12-1 загварын амьсгал боогдуулагч хуванцар сумтай, тусгай хэрэгслийн буу хэрэглэсэн. Уг бууг зайлшгүй шаардлагатай буюу цагдаагийн байгууллагын ажилтны тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй бол хэрэглэж болно. Хохирогч Д.А нь ажлын газар архидан согтуурсан, цагдаагийн алба хаагчийн биед халдсан зөрчил гаргасан. Би байр руу буу авч орохоос өмнө нэмэлт хүч дуудсан боловч Д.А, н.Төмөрбаатар нар нь олон давхар лифтээр зугтаах гэж байсан тул буу гаргаж ирэхээс өөр арга байгаагүй. Миний буунд түгжээ байсан, харин хохирогч над руу ойртож миний бууг булаах гэж байсан тул би бууны түгжээг тайлсан юм. Н.Төмөрбаатар гэдэг хүн миний гарыг цохиход би бууны гохыг дарсан.

Э.С бид хоёр хохирогч Д.Аод эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг өгсөн. Цагдаагийн байгууллагын алба хаагч нь биеэ авч явж чадахгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй хүнийг эрүүлжүүлэх рүү авч явдаг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийг зөрчил гаргаагүй гэж мэдүүлсэн гэрч нар өөрсдөө согтуу байсан. Харин дуудлага өгсөн хүн буун дуу гарсны дараа оффист орж ирсэн. Би буу хэрэглэхгүйгээр биеийн хүчээр асуудлыг шийдэх боломжгүй байсан.

Тусгай хэрэгслийн буу нь галт зэвсгийн төрөлд хамаарахгүй. Э.С бид хоёр хохирогчид 30 минутын турш шаардлага тавьсан боловч шаардлага биелүүлэлгүй, эсэргүүцсэн учир би нэмэлт хүч дуудсан. Бид хоёр нийт 3-4 удаа нэмэлт хүч дуудсан. Миний албаны хувцас болох ноосон цамц сунаж, урагдсан байсан.” гэсэн мэдүүлэг, 

 

3. Хохирогч Д.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Гэмт хэрэг болсон өдөр би Болд, Дэжид, Ишдорж, Төмөрбаатар нартай хамт 2 шил архийг ажил гүйцэтгэж байсан газар уусан. Харин Ишдорж тухайн өдөр архи уугаагүй. Учир нь Ишдорж “машин барина” гэж хэлж байсан. Бид хоёр шил архиа ууж дууссаны дараа оффисоос гарах гэж байхад цагдаа нар орж ирээд “хэлтэс рүү авч явна” гэсэн шаардлага тавьсан.

Тэгээд бид доошоо бууж, цагдаагийн хэлтэс рүү явах гэж байхад цагдаа нар миний гарыг өчиж, намайг өвдөглөж байхад цаад талд нь Болд Сг боож байсан. Тухайн үед би “ажлын хувцасаа солиод өмсчихье” гэхэд хувцас сольж өмсөх завдал өгөлгүй, шаардлага биелүүл гээд гарнаас өчиж, өвдөглөж эхэлсэн. Харин шүүгдэгч М “буу авчирна” гэж хэлээд гарч явсан. Орж ирэх үед нь С намайг араас боогоод М намайг буудсан. Би “төмсөг рүүгээ буудуулчихлаа” гэж хэлсэн.

Гэтэл буудуулсны дараа С намайг өшиглөсөн. Би ухаан алдаад хэвтэж байхад нэмэлт цагдаа нар ирээд, намайг бороохойгоор цохисон. Дараа нь намайг эрүүлжүүлэхэд  хүргэж өгөхөд эрүүлжүүлэхийн цагдаа нар “ямар шалтгааны улмаас доголж явж байгаа” талаар асуухаар нь би “танай цагдаа нар намайг буудсан” гэсэн.

Тэгээд эрүүлжүүлэхийн цагдаа нар намайг шалгаад эмнэлэгт хүргэж өгсөн. Би мэс засалд орж биеэ эмчлүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай хэрэгслийн буун дээр шалгалт хийхэд бууны сум хуванцар сум биш, өөр зориулалттай үрлэн сум байсан нь тогтоогдсон. Намайг эмнэлэгт хэвтэж байхад цагдаа нар ирж хэвлэл мэдээлэлд мэдэгдэхгүй байхыг гуйж байсан. Би эхэлж эсэргүүцэл үзүүлээгүй, харин шүүгдэгч нар намайг боож, өчиж, өвдөглөж эхэлсэн.

Би ямар нэгэн зөрчил гаргаагүй, гэхдээ би ажлын газарт архи ууж болохгүйг мэднэ. Том биетэй цагаан цамцтай залуу гэж Болдыг хэлээд байгаа. Болд Сг боосон зүйл болоогүй. М “буудлаа шүү” гэж хэлж байсан ба тухайн үед Ишдорж, Болд бид 3 байсан. Би бууг булааж аваагүй, харин бууны хошуу нь миний цээжин дээр унасан.

Намайг буудсаны дараа С намайг өшиглөсөн. Миний гуянаас цус гарсан байсан, гэхдээ хувцасан дээр ил харагдах цус байгаагүй. Намайг буудуулсны дараа нэмэлт хүч 20-30 минутын дараа ирсэн. Шүүгдэгч нар нь өөрийн цол, албан тушаалаа танилцуулаагүй, мөн ёс бус үг хэллэг хэрэглэж байсан. Би шүүгдэгч нараас цаашид шаардлагатай нүдний эмчилгээний зардалд 3.500.000 төгрөг, ор хоногийн 250.000 төгрөг, хамарны хагалгаанд 1.850.000 төгрөг, ор хоногийн 150.000 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 3.500.000 төгрөг нэхэмжилнэ. Шүүх хуралдаан болохоос өмнө гаргасан баримтаар 3.400.000 төгрөгийг нэмээд нийт 12.650.000 төгрөг нэхэмжилнэ, эмчилгээний гарсан зардалтай холбоотой баримтуудаа хэрэгт бүрдүүлж өгсөн байгаа.” гэсэн мэдүүлэг,

 

4. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч З.Аийн өгсөн:

“...Би дуудлагаар хэргийн газарт очиход дэд ахлагч Э.С нь хохирогчийн найз нартай зууралдаж, ноцолдож байсан. Хохирогч Д.А нь баруун хаалганы үүдэнд Г.Мтай ноцолдож байсан. Би хэн нь хэнийг буудсан талаар мэдээгүй, асуугаагүй, дуун чимээ сонсоогүй. Би энэ талаар асуух нөхцөл байдал бүрдээгүй, хохирогчийг буудуулсан талаар мэдээгүй байсан.

Халиунаа гэдэг хүн манай ажил дээр ирээд “согтуу хүмүүс захирлыг зодох гэж байсан” гэсэн дуудлага өгсөн. Уг дуудлагын дагуу хэргийн газарт 5-7 минутын дараа очсон. Цагдаагийн алба хаагч хүний зузаан гуя хэсэгт нь бороохой ашиглаж болдог. Би хохирогчийг өвдөглөсөн, машинд оруулахдаа би түүнийг сугадах гэсэн боловч дийлээгүй.

Намайг очиход хохирогч нь өөрийгөө удирдах чадваргүй, ёс бус үг хэллэг хэрэглэж, цагдаагийн байгууллагын ажилтны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж байсан.” гэсэн мэдүүлэг,

 

5. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Эы өгсөн:

“...2019 оны 4 сарын 03-ны өдөр оффист надад ажлын газарт хүмүүс агсам тавиад байна гэж хэлсэн ба 13 цаг 00 минутын үед цагдаа нар дуудлагын дагуу ирсэн. Цагдаа нар ирээд зарим хүмүүсийг аваад гарсан. Тухайн өдөр цагдаа нар “бүх хүмүүсийг өрөөнөөс гар, доошоо буу” гэж шаардлага тавьсан. Харин хохирогч” хувцсаа өмсөнө” гээд маргаад байсан.

Цагдаа нар оффист чулуу хавтан хийж байсан гэрээт ажилтнуудтай маргаан хийсэн. Миний хувьд би 1 давхарын шилэн хаалгыг хагалчих вий гэх үүднээс хамгаалаад зогсож байсан. Тухайн үед хохирогч Ариунболд ба түүний найз нарыг цагдаа нар авч гарах гээд дийлэхгүй байхаар нь М гараад 80 орчим см урттай буу авч ирсэн. Дараа нь буу унахаар нь би тэр бууг авч нууж холдуулсан.

Хохирогч нь бууг цагдаагийн алба хаагчаас булаах гэж байгаад буудсаны дараа хохирогч бууг булааж авсан. Уг маргаан 20-30 минут үргэлжилсэн.” гэсэн мэдүүлэг,

 

6. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Уын өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ахлагч надад “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо дээр нэмэлт хүчээр оч” гэж тушаасны дагуу хэргийн газарт ойролцоогоор 7-8 минутын дотор очсон. Намайг очиход бүгд ноцолдсон байдалтай байсан ба хохирогчийн ам, хамарнаас цус гарсан байсан. Мөн “намайг буудчихлаа” гээд З.Аийн өмдөнд нусаа арчиж байсан. Шүүгдэгч нар тэднийг дийлэхээргүй байсан юм.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 0908 0593 дугаартай хэргээс:

 

1. ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас баримт /хэргийн 1-р хавтас 02х/,

 

2. Хэрэг болсон гэх Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “LS plaza” төвийн 1-р давхарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 03-07х/,

 

3. Арцат-111 дуудлагын дагуу очсон гэх цагдаагийн албаны 66-31 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, уг үзлэгээр Police YJ12-1 хар өнгийн урт бууг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 08-11х/,

 

4. Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 12-14х, 15-17х, 23х/,

 

5. Хохирогч Д.Аын хэрэг гарах үед өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 18-20х/,

 

6. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 21-23/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Аын хохирогчоор өгсөн:

“...Би Болд, Төмөрбаатар, Ишдорж нарын хамт нэг бригад болоол 2019 оны 04 сарын 03-ны өдөр Оргил рашаан сувиллын чанх хойд талд байрлах LS тауэрт текний чулуу өнгөлгөөний ажил хийж байсан. Үдээс хойш 15-16 цагийн үед байх хамт ажилладаг Болдын найз ирээд нэг шил Соёрхол авахаар нь бид ажлаа дуусгачихаад ажилчдын нэг жижиг өрөөнд Болд, Ишдорж, Болдын найз, Төмөрбаатар бид нар тойруулж ууж дуусгачихаад Болд гарч дахин нэг шил архи авсан. Энэ архийг нь ууж дуусчихаад Төмөрбаатар, Болдын найз хоёр гэрлүүгээ явлаа гээд гараад явсан. Ишдорж машин барьж Болд бид хоёрыг хүргэж өгнө гээд архинаас огт уугаагүй.

Тэгээд тарах гэж байтал хоёр цагдаа орж ирэхээр нь “бид нар одоо гарах гэж байна” гэхэд хүлээж авахгүй, “хэлтэс дээр очиж учраа олъё” гээд заавал авч явах гээд байсан. Тэгэхээр нь за за гээд зөвшөөрөөд “ажлын хувцасаа солиод явъя” гэхэд хүчээр авч явах гэж дайраад цагдаа нь Болдоо руу дайрч унагааж байхыг би харсан. Яг хаана нь цохиж унагаасныг анзаараагүй. Намайг болохоор дэслэгч залуу нь авч гарах зорилгоор гар өчихөөр нь би гараа мултлаж аваад хоёр гараа элгэн дээрээ аваад газарт хэвтчихсэн. Тэгсэн дэслэгч залуу миний дээр өвдөглөөд суучихсан. Тэгтэл цаанаас нэг нь “буу аваад ир” гэхэд дэслэгч залуу гүйгээд гарсан. Тэгээд гаднаас буу авч орж ирээд Ишдорж руу ганц хоёр удаа зангаж байгаад над дээр хүрээд ирсэн ба би энэ хооронд газраас босоод зогсчихсон байсан.

Тэгээд над руу буу тулгахаар нь “та нар хүн буудах гэж байгаа юм уу” гээд бууны хошуунаас нь барьж аваад доош дарсан чинь нэг цагдаа нь миний араас ирээд хоолой боож гэдийлгэж татаж байх үед би доошоо бага зэрэг сөхөрсөн. Энэ үед буун дуу гараад миний зүүн цавь руу буудагдсан.

Тэгээд “та нар хүн буудчихлаа ш дээ” гээд дөрвөн хөллөөд байж байтал цагдаа залуу нь миний хоолойг боож хэвтүүлсэн арагш гэдийлгэж байх хооронд тэнд байсан хүмүүс салгасан. Тэгсэн босож ирээд миний зүүн нүд рүү өшиглөсөн чинь нүд өвдөөд, толгой манараад ирсэн. Тэгэхээр нь би нүдээ дараад дээш хараад хэвтсэн байхад нэг цагдаа миний гэдэс рүү бороохойдсон. Аль цагдаа нь бороохойдсоныг би мэдээгүй. Тэгтэл нэг мэдсэн 4 цагдаа болчихсон намайг дөрвөн хөллүүлж чирч явж байгаад, сүүлдээ өргөж гаргаад олон суудалтай машинд суулгаж хэлтэс дээр авчирсан. Хэлтэс дээр ирэхэд нэг цагдаа тосож аваад, “юу болсон” гэж асуухад “танай цагдаа намайг буудчихлаа ш дээ” гээд өмдөө тайлж, шархаа үзүүлсэн. Тэгээд түргэн дуудаж, намайг цэргийн госпиталь дээр хүргэгдэн ирээд шууд хагалгаанд орсон. Тэгэхэд миний гуяны дотор хэсгээс /эмчийн яриагаар/  хатуу цаасан, бөгсний хэсэг нь металл сумны хонгио гарсан, 7 ширхэг үрлэн сум гарч ирсэн гэдгийг хэлж байсан.

Тэгээд эхний хагалгааны дараа рентген зураг авахуулахад 3 ширхэг үрлэн сум, өмдний даавууны тасархай үлдсэн байна гээд 2019 оны 4 сарын 04-ний өдөр дахин хагалгаанд орж 3 ширхэг үрлэн сум, даавууны тасархайг авахуулсан. Тэгээд энэ өдөр нүд, хамарны зураг авхуулахад зүүн талын нүдний ухархай 0.9 мм цөмөрсөн хугаралтай, хамрын таславч мурийсан, хамрын яс зүүн талдаа цөмөрсөн байна гэсэн.

Цагдаагийн алба хаагч нарын үйлдлээс болж зүүн гуяны дотор хэсэгт бууны бууны шарх, зүүн нүд хавдаж хөхөрч цус хуралт үүссэн. Зүүн нүдний ухархайн зүүн дотор талын хана 0.9 мм цөмөрсөн, хамар яс хугарсан гэмтэл авсан. Өөр гэмтэл аваагүй.

Зүүн гуянд буудагдсан шарх гэмтлийг дэслэгч цолтой залуугаас авсан. Энэ дэслэгчийн нэрийг сүүлд мэдэхэд М гэж нэртэй байсан. Нүд, хамарны гэмтлийг дэд ахлагч цолтой залуугийн нүд рүү өшиглөсөн үйлдлээс авсан, нэр нь  С гэдэг цагдаа байсан.

Тухайн үед бид нар ажлын байран дээр хэрүүл маргаан хийгээгүй, цагдаа нарыг ирэхээс өмнө ямар ч маргаан хэрүүл болоогүй байсан. Эмнэлэгт байх хугацаанд цагдаагийн алба хаагч нараас манай эхнэрийн данс руу эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг шилжүүлсэн байсан.  Одоо нүдний хагалгаанд орчихмоор байна, үүний зардлыг гаргуулна. Мөн эмчилгээнд гарсан байгаа зардлаа нарийвчлан тооцолж гаргуулж авмаар байна. Ямар нэг зөрчил гаргаагүй, зүгээр байж байгаад цагдаагийн алба хаагч нарт зодуулж, эрүүл мэндээрээ хохирч яваадаа гомдолтой байна. Мөн буудчихлаа гээд хэлээд байхад тоохгүй, нохой шиг муухай харьцаж байсанд гомдолтой.

...2019 оны 5 сарын 06-ны өдөр Орбита нүдний эмнэлэгт үзүүлсэн карт дээр тухайн эмнэлэгт хагалгаанд ороход 3.500.000 төгрөг болох нь үнэн болно гэсэн бичиг хийж өгсөн. Энэ хагалгааны төлбөр дээр ор хоногийн нэг өдрийн 70.000 төгрөг, нийт 5 өдрийн 350.000 төгрөг болно. 2019 оны 5 сарын 6-ны өдөр ЭМЖЖ хамар хоолойн эмнэлгийн карт дээр хамарын таславчийн нөхөх хагалгаанд ороход 1.850.000 төгрөг болохоор тэмдэглэсэн. Энэ 1.850.000 төгрөг дээр ор хоногийн нэг өдрийн 30.000 төгрөг, нийт 5 хоногийн төлбөр 150.000 төгрөг болно. Тэгээд энэ хоёр эмнэлэгт зөвхөн хагалгаа хийлгэх, ор хоногтой холбоотой 5.850.000 төгрөгийн зардал гарахаар байна. Хагалгаа хийлгэх явцад үүнээс өөр зарадал гарах эсэхийг одоо хэлж мэдэхгүй байна.

Би цаашид хийгдэх эмчилгээний зардал болон баримттайгаар гарсан зардлаас төлөгдөөгүй 1.033.000 төгрөг зэргийг нэхэмжилж байна. Эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 202-203х, 244х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Аийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 4 сарын 03-ны өдөр 15 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны хэсгийн байцаагчийн өрөөнд Билгүүн гэх эмэгтэйгээс мэдүүлэг авч байх үед 16 цаг 37 минутанд Арцат-10-аас жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Мөнхбат 88002255 дугаарын гар утаснаас залгаж “Арцат-111 чиглэлийн хөдөлгөөнт автомашин танай хороонд дуудлагаар очсон байна, 5-6 залуу агсам тавиад дийлдэхгүй нэмэлт хүч хүсэж байна” гэхээр нь “хаана байгаа юм бэ” гэхэд “алаг тэрэг танай удирдлагын академийн хавьд зам дагуу зогсож байгаа, чи хурдан яваад оч” гэсний дагуу Билгүүн гэх эмэгтэйтэй хамт 16 цаг 40 минутын үед өрөөнөөс гараад, удирдлагын академи тал руу гүйгээд явж байхад жолооч цагдаа Б.У бүрэлдэхүүний хамт ирэхээр нь “дуудлага хаана юм бэ” гэж асуусан.

Б.У надад “би бас мэдэхгүй байна, замд танай хорооны баруун талд алаг тэрэг зогсож байсан, хоёулаа тийшээ явъя” гэж хэлээд машинтай нь алаг тэрэгний хажууд очоод үүдний хэсэгт иртэл өөдөөс хамгаалагч нь YJ12-1 маркийн зэвсэг барьчихсан байхаар нь би “наад галт зэвсгээ аваад ир” гэж хэлээд бууг нь аваад, мөрөндөө мөрлөөд дотогш орох гэхэд нэг эмэгтэй өөдөөс “дотор бөөн юм болоод байна, буун дуу гарлаа, ямар аймар юм” гэж хашгирсаар гараад ирсэн.

Тэгэхээр нь би зөрөөд Б.У жолоочийн хамт дотогш гүйгээд ороход Арцат-111 жолооч цагдаа Э.С, эргүүлийн офицер Г.М нар нэг давхарын шалан дээр 2 махлагдуу биетэй залуучуудтай зууралдаад байж байсан юм. Тэгээд эргүүлийн офицер халзандуу, гуяндаа буудуулсан гэх залууг аваад түрүүлээд гарсан. Харин би араас нь жолооч Б.Уын хамт цэнхэр малгайтай залууг аваад бүрэлдэхүүний машинд суулгаад, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр Арцат-120-т хүлээлгэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 31х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны Б.Уын гэрчээр өгсөн:

“...2019 оны 4 сарын 03-ны өдрийн 08 цаг 30 минутаас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан. 16 цаг 32 минутын үед жижүүрийн ахлах, мөрдөгч С.Мөнхбат “Арцат-111 дүгээр чиглэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны хэсгийн байрны хажууд дуудлагад очоод, хүмүүсээ дийлэхгүй байна. Хэсгийн байцаагч нь хажууд байгаа, цуг ороод хүмүүсийг нь аваад ир” гэсэн. Би хэлтэсээс гараад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны хэсгийн байран дээр зам дээр эргэж байтал хэсгийн байцаагч, дэслэгч З.А хорооноос гарч ирсэн зогсож байсан. Тэгээд Алтантөртэй уулзаад “юу болсон бэ” гэхэд “би бас мэдэхгүй байна, дуудлаган дээр 111 чиглэлийн машинт эргүүл очоод хүмүүс нь дийлдэхгүй байна гэнэ” гэж хэлсэн.

Тэгээд 111 чиглэлийн машинт эргүүлийн машин дээр нь очоод зогстол дуудлага өгөгдсөн барилга дотроос эмэгтэй хүн гарч ирээд “хурдлаарай” гэж орилсон. З.А бид хоёр зам дээр машинаа байрлуулж орхиод дотор ороход дэслэгч Г.М, цагдаа жолооч Э.С хоёр махлаг 2 эрэгтэй хүнтэй ноцолдсон байдалтай, хувцаснууд нь шороо болсон байсан. Хоёр махлаг  эрэгтэй газар хэвтэж байсан, нэгнийх нь хамарнаас цус гарсан байсан. Тэр хоёр махлаг эр газарт хэвтэж байсан. Нэгнийх нь хамарнаас цус гарсан байсан ба тэр залуу “танай цагдаа нар намайг зодсон” гээд орилоод байсан.

Энэ хооронд Г.М, Э.С нар улаан цамцтай, махлаг залууг аваад гарсан. Тэгээд З.А бид хоёр нөгөө саарал цамцтай, цэнхэр малгайтай, махлаг залууг нь аваад гарах гэхэд “хамарнаас цус гараад тогтохгүй байна, сальфетка байвал өгөөч” гэхээр нь сальфетка өгөөд, машинаа авах гээд эргээд гарсан. Би машинаа хөдөлгөөд барилгын урд талын гарц хэсэгт очиж зогсоход З.А, Г.Мөнбаяр нар дотор үлдсэн цэнхэр малгайтай, саарал цамцтай залууг аваад гараад ирсэн. Тэгээд машинд суулгаад, түрүүлж гаргасан улаан цамцтай, махлаг залууг сүүлд нь машинд суулгасан. З.А бид хоёр тэдгээр согтуу эрэгтэй нарыг аваад хэлтэс дээр ирсэн. Улаан цамцтай, махлаг залуу нь машинд түр сууж үлдээд, нөгөөхийг нь З.А түр саатуулах руу оруулсан. М, С хоёр араас машинтайгаа ирсэн.

Алтантөр бид хоёрыг ороход 2 махлаг согтуу эрэгтэй байсан ба нилээн согтуу байсан. Мөн тэр хоёроос гадна нэг саравчтай малгайтай туранхай эрэгтэй, бас тэндхийн хамгаалагч байсан. Машинд оруулаад аваад явж байхад нөгөө хоёр согтуу эрэгтэй орилж хашгираад, шүлс цэрээ машинд хаяаад, Алтантөр лүү нулимаад өмдөнд нь цустай нус, шүлсээ арчаад байсан.

...З.А бид хоёрын зүгээс ямар нэгэн галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэсэн асуудал байхгүй. Г.М, Э.С нар хэрэглэсэн эсэхийг хараагүй, мэдэхгүй байна. Улаан цамцтай, махлаг залуу нь машинд суугаад түр саатуулах руу явж байхдаа “намайг буудчихлаа ш дээ” гээд орилоод байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 32-33х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны Д.Ишдоржийн гэрчээр өгсөн:

“...Манай “Тэнцвэр трейд” барилгын компани нь “Тайгам алтай” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс хамтран ажиллаж байгаа юм. Гэрээнд заасны дагуу Хан-Уул дүүргийн 15-р хороо, Оргил рашаан сувиллын хойд талын LS plaza барилга дээр шал, хана, шат болон өрөөнүүдийн чулууг өнгөлөх ажил хийж байсан.

2019 оны 4 сарын 03-ны өглөө 10 цагийн үед Д.А, Төмөрбаатар, С.Болд нарын хамт дөрвүүлээ ирээд ажиллаж байсан. Тэгээд ажиллаж байгаад өдөр ...3 давхарт нь цайны газарт хоол идэж гарч ирээд ажлаа хийцгээж байсан. Тэгэхэд хоолны дараа “Тайгам алтай” ХХК-ийн туслах ажилай Пүрэвээ гэх залуу нь манай ажилтан болох Д.А, С.Болд нар нийлээд 2 давхарын хувцас солих өрөөнд архи уусан байсан.

Би архи ууж байгааг нь мэдчихээд юмнуудаа хураагаад 16 цагийн үед цайндаа орчихоод ажилчдаа аваад явах гэж байсан юм. Төмөрбаатар бид хоёр гараад, түүнийг машинд суулгаж өгчихөөд, буцаад  Д.А, С.Болд нарыг орж  авах гээд байж байхад 2 цагдаа, харуулын хамт дотогш орсон. Би араас нь яваад ороход 2 давхараас цагдаа нар архи ууж байсан хүмүүсийг буулгаад ирсэн.

Пүрэвээ нь тухайн үед захиралтайгаа муудалцаад, агсам тавьсан юм шиг байсан. Тэр үед цагдаа дуудахад манай ажилтан болох Д.А, С.Болд нартай таараад, 1 давхарт цагдаа нартай буусан байдаг.

Цагдаа нар Д.А, С.Болд, Пүрэвээ нарыг "бүгдийг нь авч явна” гээд байсан ба Пүрэвийг түрүүлж авч гараад, машиндаа суулгасан. Тэр үед би “манай хоёр ажилтан байгаа юм, би эд нарыг асуудалгүй аваад явчихъя” гэхэд нэг цагдаа нь “энэ хүмүүсийг Цагдаагийн тасаг руу авч явна” гээд байсан.  

Тэгэхэд манай Д.А, С.Болд нар “хувцсаа солиод явъя” гэхэд нь  “солиулахгүй, шууд гар” гээд дэслэгч цолтой цагдаа Д.Аыг цохисон. Тэгээд дээрээс нь өвдөглөөд байхаар нь би “журам сахиулах гээд ирсэн юм уу, хүн зодох гэж ирсэн юм уу, наад хүмүүс чинь согтуу байна шүү дээ” гэхэд намайг “чи дуугай бай” гэсэн юм.

Тэгээд нэг цагдаа нь С.Болдыг зогсож байхад нь цохиж унагасан ба “буу аваад ир” гэхэд дэслэгч нь гараад буу авч ирсэн. Буу аваад орж ирэхээр нь “наад хүмүүс чинь та нарыг эсэргүүцээгүй шүү дээ” гэж би хэлэхэд намайг “ухар” гэсэн ба манай нөгөө хоёрыг бас “ухар” гээд байсан.

Тэгтэл Д.А босож ирээд бууны амнаас нь барьж аваад зууралдаад байж байтал түүний салтаа руу нь буудсан. Тэр үед Д.А доош хараад хэвтсэн. Дэслэгч, Д.А хоёр буугаа булаацалдаад байх үед харуул бууг нь салгаж авахад дэслэгч буцаад буу руугаа гүйсэн.

Энэ хооронд цагдаа нь Д.Аыг боогоод байсан. С.Болд салгах гээд очиход дэслэгч гүйж ирээд С.Болдыг 2-3 удаа цохиод авсан. Д.А шалан дээр байж байхад цагдаа нь гүйж ирээд нүд рүү нь өшиглөсөн.

Удалгүй гаднаас хоёр өөр цагдаа орж ирээд, Д.А, С.Болд нарыг “доошоо хараад хэвт” гэсэн. Тэгээд Д.А хэвтэж байгаад өндийгөөд “намайг буудчихлаа” гээд өвдөг дээрээ өндийхөд дэслэгч хойш нь өшиглөөд унагаасан. Тэгээд Ариунболд, Болд нарыг аваад гараад явсан.

Тухайн үед Болд, Ариунболд нар цагдаа нарт “хувцасаа солиод явъя гэж хэлсэн, би ч бас тэгж хэлсэн. Тэгсэн чинь л “шууд явна” гээд, үүнээс болоод маргалдсан. ...Хэн цагдаад дуудлага өгсөнийг мэдэхгүй байна, оффисоос л дуудлага өгсөн байх, Пүрэвээ, С.Болд, Д.А, н.Төмөрбаатар нар архи уусан байсан. Ариунболд, Болд бид нар хоорондоо дарга, цэрэг гэж харьцдаггүй, найзууд юм. Албан тушалын хувьд би тэднийг хариуцах ёстой.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 35-36х/,

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Эы гэрчээр өгсөн:

“...Би 2019 оны 4 сарын 03-ны өдөр 09 цагийн орчимд өмнөх гарч байсан ээлжийн хамгаалагчтай ажил хүлээлцээд, Эл Си плаза дээр хамгаалагчаар ажилласан. 16 цаг 20 минутын үед Эл Си плазагийн 1 давхарт байхад давхаруудын аль нэгэнд нь хүмүүс шуугилдаад байхаар нь би дээшээ 3 давхарт гарахад коридорт туслах ажилтай Пүрэвсүрэн цээж хэсгээрээ хувцасгүй шалдан, согтуу зогсож байсан.

Түүнийг инженер ажилтай Оюунбат нь тайвшруулах гээд аргадаж байсан. Тэгээд би Оюунбатын хамт Пүрэвсүрэнг гараас нь бариад лифтээр доош нэг давхарт буулгаад, хажуу талын орон сууцны орцонд дагуулаад ороход Оюунбат надад “та яваад Пүрэвсүрэнгийн хувцсыг аваад хүрээд ирээч” гэхээр нь би орон сууцны 2 давхарт гараад, хувцас солих өрөөнд ороход засвар хийж байсан 35-40 орчим насны 4-5 эрэгтэй хүн голдоо архины шил тавьчихсан уугаад сууж байсан. Тэдгээр залуус намайг ороход нилээн согтолттой байсан.

...Би Пүрэвсүрэнгийн хувцсыг нь аваад доош бууж “За би хувцсыг чинь аваад ирлээ, одоо хувцсаа өмсөөд гэртээ харь” гэхэд Пүрэвсүрэн тайвширсан байдалтай “за за ахаа, би дээшээ гарч хувцсаа солиод гарлаа” гээд дээш гарсан. ...15-16 орчим минутын дараа гаднаас хоёр цагдаагийн алба хаагч орж ирээд надаас “дуудлага өгсөн үү, согтуу хүмүүс хаана байна” гэхээр нь би тэр хоёр цагдаагийн алба хаагчийг дагуулаад хоёр дугаар давхарт гарахад Пүрэвсүрэн болон өмнө намайг ороход байсан 4-5 залуус бүгд согтуу, шуугилдаж байсан.

Тэгээд цагдаагийн алба хаагчид тухайн залуучуудыг өрөөнөөс гарахыг шаардахад хамгийн эхэнд Пүрэвсүрэн цээж хэсгээрээ шалдан хувцас солих өрөөнөөс гараад, коридорт нэг цагдаагийн алба хаагчтай маргалдаад байхаар нь нөгөө цагдаа Пүрэвсүрэнг дагуулаад доошоо нэгдүгээр давхар луу буусан.

Тэгээд үлдсэн нэг цагдаагийн алба хаагч нь 4-5 залуучуудыг дагуулж гарах гээд байж байтал гаднаас Пүрэвсүрэнг дагуулж буусан цагдаа орж ирээд, тэр хоёр цагдаа согтуу залуучуудыг авч гарах гэсэн боловч согтуу залуучууд гарахгүй маргалдаад, цагдаагийн алба хаагч нартай зууралдаад байхаар нь цагдаагийн алба хаагчид тухайн залуустай барьцалдаж ноцолдож байгаад нэг цагдаа нь гадагшаа гүйгээд гараад явсан. Тэгээд эргэж орж ирэхдээ гартаа нэг урт буутай орж ирээд, “цаашаа болцгоо, буудлаа шүү” гэхэд нөгөө согтуу залуус “бууд” гээд байсан. Тэгэхэд тэнд байсан бригадын ахлах нь бололтой нэг эрүүл байсан залуу согтуу залуучууд болон цагдаа нарыг “больцгоо” гэж хэлсэн. Тэр үед би шилэн хаалга хагарчихвий гэж айгаад хаалганы урд гараа алдлаад хаагаад зогсож байтал гэнэт буун дуу гарсан.

Тэгээд буун дуу гарахаар нь юу болов гээд харахад буу бариул хэсгээрээ цагдаагийн алба хаагчийн гарт байсан. Харин урд талаас буюу бууны хошуу хэсгээс бор царайтай бүдүүн залуу булааж авч байсан. ..Нэг  бүдүүн согтуу бор залуу цагдаагийн алба хаагчаас бууг бууны хошуу талаас өөрлүүгээ татаж байгаад булаагаад авахаар нь би очоод тухайн согтуу залуугаас бууг булааж аваад холдуулахад гаднаас хоёр цагдаагийн алба хаагч нэмэгдэж орж ирсэн. Хамгийн урд орж ирсэн цагдаагийн алба хаагчид би бууг өгсөн. Тэгээд цагдаа нар согтуу залуучуудыг гарахгүй болохоор нь хүч хэрэглээд аваад гарсан.

Цагдаагийн алба хаагчид орж ирээд “ажлын байран дээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй” гээд ажлын байрнаас гадагш гарах шаардлага тавихад дотор байсан согтуу залуучууд хэгжүүрхээд, эсэргүүцэж эхэлсний улмаас маргаан үүссэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 37-39х/,

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Пүрэвсүрэнгийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 4 сарын 03-ны өдрийн 12 цагийн үед ажил дээрээ хоолонд орж ирээд гадаа сууж байхад өнгөлгөө хийж байгаа С.Болд, Д.А, Дэмчиг нар ...архи уух санаа гаргаад, намайг дагуулаад дэлгүүрээс Соёрхол нэртэй 0.75 литрийн архи аваад Д.А, С.Болд, Дэмчиг бид дөрөв байрны 2 давхарт манай өрөөнд хувааж уусан. Архиа ууж дуусаад би “ажил руугаа гарлаа, захирал уурлаж магадгүй” гээд гарахад Дэмчиг дуудаад “дахиад нэг шил архи аваад ирээч” гэхээр нь би Дэмчигийн мөнгөөр дэлгүүрээс 0.75 литрийн Соёрхол нэртэй архи авч ирээд, манай өрөөнд хувааж ууж байгаад би “ажлаа хийлээ” гээд гарсан. Манай өрөөнд Д.А, С.Болд, Дэмчиг гурав архи уугаад үлдсэн.

Тэгээд би лифт хүлээж байхад лифтэнд захирал, нягтлан бодогч, инженер нар байж таарсан. ...Тэгэхэд захирал намайг “ажлаас хал” гэхээр нь би уурлаад захиралтай хэрэлдэхэд менежер Халиун цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би байрны гадаа гарахад цагдаа нар ирсэн байсан юм. Тэд намайг машиндаа суулгаад, орон сууцтай орц руу яваад орсон. Тэнд нилээн удаж байгаад гарч ирээд, намайг хэлтэс дээр авчирч эрүүлжүүлсэн. Болсон асуудлыг би хараагүй болохоор мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 42х/,

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Болдын гэрчээр өгсөн:

“...2019 оны 4 сарын 03-ны өдөр миний цэргийн он жав Дэмчигсүрэн манай ажил дээр ирж, бид хэдтэй хоолонд орсон. Тэгээд хоолноос гарч ирээд тамхины цэгэн дээр тамхи татаж сууж байхад Дэмчигсүрэн баруун зүгт алхаж явж байгаад замдаа Пүрэвсүрэнтэй уулзаад, цаашаа алхаад явчихсан.

Д.А бид хоёр тамхиа татаж дуусаад сууж байхад Дэмчигсүрэн дуудахаар нь 2 давхарт Пүрэвсүрэнгийн хувцас сольдог өрөөнд орсон ба барилга дотор ажиллаж байгаа Тулга бид нартай хамт орсон. Тэгэхэд Дэмчигсүрэн 2 шил архи гаргаж ирээд бид хэд 2 шил архины нэг шил архийг ууж дууссаны дараа дээд давхарт ажиллаж байсан Ишдорж, Төмөрбаатар хоёрыг дуудсан. Ишдорж болохоор архинаас уугаагүй, Төмөрбаатар бид хэд хувааж уусан. Тэгээд Тулга дахиж 1 шил архи аваад, бид хэд нийт 3 шил архи уусан.

Тэгээд нэг мэдэхэд Пүрэвсүрэн, Тулга, Ишдорж нар гараад явсан, Төмөрбаатар, Дэмчигсүрэн, Ариунболд бид 4 үлдсэн байсан. Төмөрбаатар согтоод Ишдорж орж ирээд түүнийг аваад гарсан. Тэгээд сууж байхад гаднаас 2 цагдаа орж ирээд “за явна аа” гээд нэг  давхарт дагуулаад буусан. Би цагдаад “хувцсаа солиод явъя” гэхэд “үгүй, шаардлага биелүүлээд яваа” гэхэд би “төрөө хүндлээд шороо тоостой хувцастай яваад яахав, хувцсаа солиод явъя” гэсэн. Тэгэхэд цагдаа “үгүй” гээд намайг болон Ариунболдыг чирээд чангаагаад байхаар нь бид хоёр “хувцсаа сольчихоод явъя” гээд чангааж татсан цагдаагийн барьсныг тавиулах гэж оролдсон зүйл байгаа.

Тэгэхэд цагдаа нь Ариунболд бид хоёрыг цохиж зодоод байсан. Ариунболдыг доош нь газар унагаагаад дарчихсан “буу аваад ир” гээд байсан. Тэгэхэд би Ариунболдын дээр байсан цагдаа дээр очиж “та нар ингэж болохгүй, боль л доо” гэхэд хажуу талаас нэг цагдаа цохиход миний хамарнаас цус гарахаар нь би доош хараад хэвтэж байсан.

Би доош хараад хэвтэж байхад нэг цагдаа Ишдоржийг “хойшоо бай, чамайг буудна шүү” гээд байсан. Тэгэхэд Ариунболд бууных нь үзүүрээс барьж аваад “хүн буудах гээд байгаа юм уу” гээд зууралдаж байхад чанга чимээ гарсан ба Ариунболд “төмсөг буудчихлаа ш дээ” гээд ёолоод суучихсан. ...Би цусаа арчаад цагдаагийн хамт машинд суухад араас Ариунболдыг 2 цагдаа бариад машин дотор ороод ирсэн. Тэгээд бид нарыг Цагдаагийн хэлтэс дээр авчирсан ба Пүрэвсүрэн бид хоёрыг эрүүлжүүлж, Ариунболдыг эмнэлэг рүү  аваад явсан.

...Эхэлж ирсэн намхан туранхай дэслэгч миний хамар луу цохисон үйлдлээс болж хамар хавдаж хөхөрсөн. Тэр үедээ их эмзэглэлтэй нийлээд хэд хоног явж байгаад хавдар нь бууж хөхрөлт нь арилж эдгэрсэн. Өөрөөр ямар нэг ил харагдах гэмтэл байхгүй. Эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгээгүй. Энэ асуудалд миний зүгээс ямар нэг гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 44х, 204х/,

 

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Халиуны гэрчээр өгсөн:

“...2019 оны 4 сарын 03-ны өдөр 15-16 цагийн үед байсан шиг санагдаж байна, захирал Сономцэрэнгийн хамт ажил дээр явж байхад манай компанийн барилгын туслах ажилтан Пүрэвсүрэн архи уучихсан, согтуу коридорт таарсан хүн рүү орилж, агсам тавьж байхыг нь захирал хараад “энэ нэг юм байнга л архи ууж, агсам тавьж байх юм, цагдаа дуудчих” гэхээр нь би ...”Эл си плазагийн байранд согтуу хүн, агсам тавиад байна” гэсэн дуудлага өгсөн.

Тэгээд уг дуудлагын дагуу 15-20 орчим минутын дараа байх, манай ажлын хүмүүсээс “чи дуудлага өгсөн юм уу, цагдаа ирчихсэн байна” гэхээр нь 1 давхарт буугаад очиход нөгөө агсам тавиад байсан залуу Пүрэвсүрэнг цагдаа нар машинд суулгаж байсан.

Ажлын байрны коридорт хамт архи уусан гэх хоёр хүнийг цагдаа нар авч явах гэхэд нөгөө хүмүүс нь “бид ямар хэрэг хийсэн биш, яахаараа явдаг юм, бид нар хувцсаа солиодхъё” гэхэд цагдаа нар нь “цагдаагийн хэсэг дээр очиж байгаад учраа олъё, явъя” гээд авч явах гээд байсан.

Нөгөө хүмүүс нь “явахгүй” гээд цагдаагийн хувцаснаас зуурч, сүүлдээ цагдаагийн мөрдөсийг нь мултлаад, шар хантаазыг нь мулталсан. Нэг цагдаа нь сүүлдээ уурлаад гарч явсанаа буу барьж орж ирээд “доошоо суу” гээд байсан. Тэгэхэд согтуу залуу “өө за за, буудаач” гэж янз бүрийн үг хэлээд, бууны урд талын хошуунаас нь гараараа бариад авчихсан, угзарч татаж байх үед түс тас хийсэн хүчтэй чимээ гарч, буудлага үйлдэгдэж гал оч манараад явсан.

Тэгэнгүүт нь би сандраад “яана аа” гэж байхад манай харуул Энхтайван очоод бууг нь аваад аюулгүй болгосон. Ингээд удаагүй гадаа машины дуу гараад, дахин цагдаа нар орж ирээд хүмүүсийг нь аваад явсан.

...Цагдаа нарын авч явах гэж байсан хүмүүс Пүрэвсүрэнтэй архи л уусан байсан болохоос өөр ямар нэгэн зөрчил гаргасан зүйл байгаагүй. Цагдаа нарын биед гэмтэл авсан гэх зүйл харагдаагүй. Буудуулсан залуугийн ам хамар хоёрын аль нэгнээс нь цус гарч байсан. Өмднийх нь зүүн талын дотор хэсэг буудуулснаас болж задарсан байсан /гуя нь яг дотроо гэмтсэн эсэхийг хараагүй/. Нөгөө хүнийх нь биед нь гэмтэл гэхээр зүйл ажиглагдаагүй.

Анх ирсэн хоёр цагдаагийн нэг нь буудуулсан залуугийн нүүр лүү нь өшиглөсөн чинь нүүрээ дараад тонгойж байх үед гаднаас цагдаа нар нэмэгдэж орж ирж байсныг их тод санаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 205-206х/,

 

15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Н.Энхцолмонг байцаасан тэмдэглэлд:

“...Д.Аын биед үзлэг хийхэд зүүн гуяны дотор дээд гадаргууд Г хэлбэрийн 10 см урттай мэс заслын шархтай, шархны төв хэсэгт 2х2 см талбайд эдийн дутагдал үүсч дотогш татагдаж хонхойсон гэмтэлтэй байна. Өвчний түүхийг үзэхэд зүүн цавь, салтааны шархаар өвдөнө. Зүүн хөл мэдээ муутай, хөдөлж чадахгүй байна гэх зэргээс харахад Д.Аын зүүн гуяны эдийн дутагдал бүхий буудагдсан шарх, булчингийн урагдал гэмтэл учирсан нь үнэн байна. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийн баруун гуяны эдийн дутагдал бүхий буудагдсан шарх, булчингийн урагдал гэмтлийн “баруун” гэдэг нь андуурагдаж бичигдсэн байна. “Зүүн” гэж бичигдэх ёстой байсан юм байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 207х/,

 

16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Б.Даваасүрэнг байцаасан тэмдэглэлд:

“...Өвчний түүх, бодит үзлэгийн тэмдэглэл зэргээр Д.Аын биед зүүн гуяны эдийн дутагдал бүхий буудагдсан шарх, булчингийн урагдал гэмтэл учирсан байна. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “баруун” гэдэг үг андуурагдаж бичигдсэн байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 208х/,

 

17. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 4 сарын 18-ны өдрийн 4550 дугаартай:

1. Д.Аын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн, хамар ясны хугарал, баруун гуяны эдийн дутагдал бүхий буудагдсан шарх, булчингийн урагдал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон галт зэвсгийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 112х/,

 

18. ШШҮХ-ийн 2019 оны 4 сарын 23-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээчийн 2080 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн хөх цэнхэр өнгийн хантаазанд 380 мм, 35 мм, улаан хүрэн өнгийн цамцанд 37 мм, 35 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна.

- Мөн улаан хүрэн өнгийн цамцанд 90 мм, 9 мм, жинсэн өмдөнд 904 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалтууд байна.

- Түүнчлэн улаан хүрэн өнгийн цамцанд 35х35 мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолт байна.

2. Дээрх гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна.

3. Бусад хувцас, эд зүйл гэмтэлгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 114-118х/,

 

19. ШШҮХ-ийн 2019 оны 6 сарын 03-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын галт зэвсгийн шинжээчийн 2930 тоот актын:

1. Шинжилгээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад бие хамгаалах /довтолсон этгээдийн хүчийг сааруулах, цочирол үзүүлэх, нулимс асгаруулж, амьсгал боогдуулах/ зориулалттай үйлдвэрлэгдсэн, 18.4 мм калибртай YJ-12-1 загварын гадаад хэлбэр хийц, ажиллах зарчмын хувьд галт зэвсэгтэй төсөөтэй хийгдсэн тусгай хэрэгсэл ирүүлсэн байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн тусгай хэрэгсэл нь ШШҮХ-ийн Галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн хонгио, хошууны мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн тусгай хэрэгсэл нь гох дарагдахгүйгээр доргилт, цохилтын нөлөөгөөр буудлага үйлдэх боломжгүй.

4. Шинжилгээнд ирүүлсэн тусгай хэрэгсэл нь буудлага үйлдэнэ. Уг тусгай хэрэгсэл нь эвдрэлгүй байна.

5. Цагдаагийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх заавраас харна уу.

6. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг сум нь буудлага үйлдэнэ.

7. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг сум, 1 хонгио нь YJ-12-1 загварын тусгай хэрэгслээр буудлага үйлдэхэд зориулагдсан байна.

8. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг хонгио нь шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 0045351 дугаартай тусгай хэрэгслээр буудагдсан байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 124-127х/,

 

20. ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2019 оны 6 сарын 05-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн давтан шинжилгээний 692 дугаартай актын дүгнэлт:

1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 4 сарын 18-ны өдрийн 4550 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Д.Аын биед баруун гуяны эдийн дутагдал бүхий буудагдсан шарх, булчингийн урагдал, тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

3. Д.Аын биед үүссэн тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр, баруун гуяны эдийн дутагдал бүхий буудагдсан шарх, булчингийн урагдал, гэмтэл нь галт зэвсгийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Баруун гуяны эдийн дутагдал бүхий буудагдсан шарх, булчингийн урагдал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Баруун гуяны эдийн дутагдал бүхий буудагдсан шарх, булчингийн урагдал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 132-134х/,  

 

21. ШШҮХ-ийн 2019 оны 6 сарын 14-ний өдрийн Тусгай шинжилгээний газрын физик, цөмийн шинжээчийн 3263 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн POLICE YJ12-1 гэх бичиглэлтэй галт зэвсгээр буудлага үйлдсэн байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 209х/,

 

22. Хэрэг гарсан өдрийн LS Plaza төвийн хяналтын камерийн бичлэг болон цагдаагийн алба хаагчийн энгэрийн хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 2 ш диск, Police YJ12-1 маркийн урт хар өнгийн буу, ХҮ 07 гэсэн бичиглэлтэй хоосон хонгио 3 ширхэг, хар алаг өнгийн сумны гэр зэргийг тус тус эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 72х, 195-196х, 197-199х, 200х/,

 

23. Хохирогч Д.Аын Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, амбулаторийн карт /хэргийн 1-р хавтас 85-106х/,

 

24. Хохирогч Д.Аоос эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэнтэй холбоотой гаргасан зардлын тооцоо, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтууд /хэргийн 1-р хавтас 246-250х, 2-р хавтас 01-02х, 04х, 15-17х/,  

 

25. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлстийн эргүүлийн цагдаа, жолооч ажилтай цагдаагийн дэд ахлагч Э.С, эргүүгийн офицер ажилтай цагдаагийн дэслэгч Г.М нарын илтгэх хуудас /хэргийн 1-р хавтас 47-48х/,

 

26. Цагдаагийн алба хаагчийн тавих шаардлага, албадлагын арга хэмжээ хэрэглэх журам /хэргийн 1-р хавтас 49-53х/,

 

27. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Мын гэрч, яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 4 сарын 03-ны өглөө 08 цаг 30 минутанд цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Э.Сгийн хамтаар Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг Арцат-111 чиглэлийн автомашин болон бусад дагалдах хэрэгсэл зэргийг хүлээн авч ажилдаа гарсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 16 цаг 03 минутанд жижүүрийн шуурхай албанаас “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жапан тауны С1 дүгээр байрны 206 тоотод согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага мэдээллийг шалгаж, 16 цаг 30 минутанд дараагийн дуудлага, мэдээлэл өгсөн барилгын гадаа очсон.

Тэгээд автомашинаас буух үед уг барилга дотроос 9409-9694 дугаарын утаснаас дуудлага, мэдээлэл өгсөн н.Халиун болон уг барилгын хамгаалагч хоёр гарч ирээд “манай барилгын ажилчид ажлын байрандаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд, бидний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй байна” гэж хэлээд уг ажилчид байгаа гэх хоёр давхарын өрөө рүү хамт очсон.

Цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Э.С болон барилгын хамгаалагч бид 3 уг өрөөнд ороход 35-45 орчим насны 5 эрэгтэй хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн 2 залуу нь хоорондоо зодолдож байхаар нь очиж салгаад, бүгдийг нь уг барилганаас гадагш гарахыг шаардахад 3 залуу нь өрөөнөөс гарч явсан.

Харин 2 залуу нь “бид хувцсаа өмсмөөр байна, та нар хүлээж бай, та нар муу цагдаа” гээд янз бүрийн үг хэллэгээр харааж доромжилсон. Тэгэхээр нь Э.С бид хоёр уг залууг аваад 1 давхарт буулгахад нөгөө 2 залуу дахин цагдаагийн алба хаагчийн “байгууллагаас гар” гэсэн шаардлагыг эсэргүүцэж, Э.Сгийн дээгүүр өмсдөг шар хантааз болон мөрдөс зэргийг нь урж тасалсан, харин миний хувцас бол урагдаагүй.

Гэхдээ хувцаснаас зулгааж, татаж чангаагаад байсан. ...нэг нь Э.Сгийн хүзүүний хойд талаас нь татаж чангаагаад байхаар нь би барилганаас гарч, тусгай хэрэгсэл болох Н79 загварын хийн бууг автомашинаасаа очиж аваад буцаж барилга руу орсон. Яагаад би уг бууг авсан бэ гэхээр цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэхээ болих байх гэж бодсон юм.

Тэгээд “та нар больцгоо, барилганаас гарч цагдаагийн очиж суу” гэхэд барилганаас гарахгүй, дахин шаардлага эсэргүүцээд, миний барьж байсан бууны үзүүр хэсгээс нь 2  гараараа бариад авахаар нь би буугаа салгаж авах гээд 30 орчим секунд зууралдсан.

Тэгэхэд цагаан өнгийн ноосон цамцтай залуу нь гэнэт миний хажуу талаас цохих үед гэнэт буун дуу гарсан. Энэ буу нь өөрөө доод хэсгээсээ гүйлгэж цэнэглэдэг учраас миний барьж байсан бууг надтай булаацалдаж байх үед цэнэглэгдсэн байсан. Буун дуу дуугарснаас хойш 1-2 минутын дараа хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч З.А, ахлах ахлах Б.У нар нэмэгдэж ирэхээр нь бид 4 нийлээд уг эсэргүүцээд байсан 2 залууг албаны автомашинд суулгаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн.

...Байгууллагын харуул бол хамт байсан, гэхдээ зүгээр л хараад зогсож байсан. Өөр хүн байсан эсэхийг одоо сайн санахгүй байна. Тухайн буу нь манай албан хэрэгцээнд ашиглагддаг тусгай хэрэгсэл байгаа. Би анх оффис руу орохдоо бууг авч ороогүй, харин 1 давхарт шаардлага эсэргүүцэж, барилгаас гарахгүй, цагдаагийн алба хаагчид халдаж, албаны хувцас форум урах үед нь би машин руу гарч буугаа авчирсан.

...Уг залуучууд нь бүгдээрээ архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, их хэмжээний согтолттой байсан. Би өөрийн гар утсаар жижүүр лүү залгаж нэмэлт хүч шаардахад ойролцоогоор 20-25 минутын дараа хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч З.А, ахлах ахлах Б.У нар ирж, дээрхи иргэдийг автомашинд суулгасан.

...Надад тухайн өдөр гав байсан боловч Э.С бид хоёр автомашиныхаа хойд талын суудал дээр өөр 2 хүнд зүүлгээд суулгасан байсан юм. Учир нь бид дуудлага шалгаж явж байгаад, шууд дараагийн дуудлаганд очсон.

Би ээлжээ хүлээн авах үед ахлах байцаагч, цагдаагийн ахмад өглөө бүр зааварчилгаа өгдөг байсан. Мөн автомашин бүрд зааварчилгаа байдаг. Өнөөдөр өглөө ээлж хүлээн авах үед ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэхангай зааварчилгаа өгсөн. ...Би  санаатайгаар хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 25-28х, 224х/ болон шүүгдэгч Г.Мын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 145х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 152х/, Төрийн албан хаагчийн анкет /хэргийн 1-р хавтас 155-158х/, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын лавлагаа /хэргийн 1-р хавтас 159х/, бакалаврын дипломын хуулбар /хэргийн 1-р хавтас 160-161х/, ажил байдлын тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 12-14х/,

 

28. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Сгийн гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өглөө 08 цаг 30 минутанд тус цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Арцат-111 чиглэлд машинт эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Мын хамтаар ээлж хүлээн авсан. Бид хоёрын чиглэл Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг гүйцэтгэх, дуудлага мэдээлэл хүлээн авч ажилласан.

Арцат 10-аас “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Жапан таун хотхоны С-1 байранд даргын найз агсам тавиад байна” гэсэн дуудлагын дагуу очиж Цолмонбатаар гэх согтуу иргэнийг авч машиндаа суулгаад хэлтэс рүү явж байтал дахин 16 цаг 03 минутанд Арцат 10-аас “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны хажуу талын шилэн барилгад согтуу хүн агсам тавиад байна” гэсэн дуудлага мэдээлэл өгөхөөр нь дуудлага мэдээллийг хүлээн аваад, замаараа уг дуудлагаар шууд очсон.

Тэгээд харуулаар нь заалгаад баригдаж байгаа барилгын 2 давхарт харуулын хамтаар эргүүлийн офицер Г.Мын бид 3 гарахад 2 дугаар давхарт 5-6 хүн архи уугаад, хоорондоо маргалдаад зогсож байсан. Тухайн хүмүүсийг тараахаар “доошоо бууцгаа” гэсэн шаардлага тавихад бүгдээрээ гэнэт орилж хашгираад “та нар яахаараа бид нарыг авч явдаг юм, хэн дуудлага өгсөн юм” гэж шаардлага биелүүлэхгүй агсараад эхэлсэн.

Би “хариуцаж байгаа хүн нь хэн бэ” гэхэд нэг жижиг биетэй залуу “би байна” гэсэн. Тэгэхэд цагдаагийн дэслэгч Г. М надад “тэр залууг аваад машин руу очиж бай, би араас чинь эд нарыг буулгачихаад очъё” гэхээр нь нөгөө жижиг биетэй залууг нь дагуулаад доош бууж, машинд суулгаад машинаа барилгын хаалга руу ойртуулаад, Г.Мыг авах гээд дөхөөд очиход Г.М над руу утсаар залгахаар нь авахад цаана нь маргаан сонсогдоод байсан.

Тэгээд араас нь барилга руу ороход 1 давхарт нөгөө согтуу хүмүүс нь маргалдаад зогсож байсан. Тэгээд бид хоёр тэр хүмүүст шаардлага тавиад “одоо эндээс гар” гэж хэлэхэд “гарахгүй, чадахгүй” гээд согтуурхсан байдалтай, гаргах гэтэл гарахгүй өөдөөс бариад, хувцас хунараас татаж чангаагаад шаардлага эсэргүүцээд байсан. Тэгэхээр нь би Арцат-10 руу залгаад “Арцат-121 дуудчих” гэж хэлэхэд нэг цагаан цамцтай залуу “та нар яахаараа биднийг хүчээр авч явдаг юм, бид нарыг дийлэхгүй шүү” гээд дайраад байсан.

Тэгтэл нэг улаан цамцтай жижигхэн залуу дэслэгч Г.Мтай барилцаж аваад цохих гээд байхаар нь тэр залууг би араас нь татаж унагахад цагаан цамцтай залуу, бас хар цамцтай залуу хоёр ирээд намайг татаад үйлдэл хийлгэхгүй, улаан цамцтай залуу нь Г.М дэслэгч рүү дайраад ямар ч үйлдэл хийх боломжгүй болгоод байсан.

Энэ хугацаанд Арцат-121 дуудлагатай байсан учраас ирэхгүй хэсэг хугацаа өнгөрсөн. Тэгэхэд дэслэгч Г.М автомашинд байсан хийн UJ12 маркийн бууг авчираад тухайн залуучуудад хандаж “буудлаа шүү, та нар доошоо” гэж 2-3 удаа хэлэхэд улаан цамцтай залуу өөдөөс нь шууд ирээд “чамайг хармаар байна, харъя л даа, бууд” гээд нөгөө бууны хошуунаас барьж аваад булаах гэж оролдсон ба тэр үед цагаан цамцтай залуу ирээд дэслэгч Г.Мыг хажуунаас түлхэхэд улаан цамцтай залуу бууны хошуунаас хүчтэй татаад буун дуу дуугарсан.

Тэгэхээр нь би очоод бууг булаацалдаад байсан улаан цамцтай залууг араас нь татаж гараас нь бууг салгахад, миний араас цагаан цамцтай залуу өмсөж явсан ногоон хантаазаар намайг боогоод хойш нь татахаар нь хантаазаа тэр чигээр нь ураад, улаан цамцтай залууг дараад авсан. Тэр улаан цамцтай залуу буу руу дайраад, дахин авах гэж оролдсон. Энэ үед улаан цамцтай залууг өөрийг нь хийн буунд оногдсон талаар мэдээгүй, тэр хавьцаа ямар ч цус гараагүй, “намайг буудчихлаа” гэж орилж нэг ч үг хэлээгүй.

Тэгээд тухайн залуучуудаас цагаан цамцтай, улаан цамцтай хоёр залууг нь гаргаад Арцат-121 автомашинд суулгаад цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд оруулаад, эмчээр үзлэг хийлгэхэд улаан цамцтай залуугийн цавьны дотор хэсэгт бууны сум харагдахаар нь 103-т дуудлага өгөөд үзүүлсэн. Түргэн тусламжийн эмч ирээд “эмнэлэг рүү авч явах шаардлагатай” гээд аваад явсан.

Тухайн согтуу залуучууд хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг хүлээн авах боломжгүй, согтуу байдалтай байсан. ...Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.М тэр хүмүүст огт гар хүрээгүй. Харин би жижиг улаан цамцтай залуу нь дахин буутай зууралдах гээд дайрч өндийх гэхээр нь очоод түүнийг баруун талын хөлөөрөө түүний нүүр хэсэгт нэг удаа өшиглөж, дээрээс нь дараад өвдөглөөд суусан. Миний биед болон цагдаагийн дэслэгч Г.Мын биед гэмтэл бэртэл учирсан зүйл байхгүй.

Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 29-30х, 231х/ болон шүүгдэгч Э.Сгийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 148х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 153х/, Төрийн албан хаагчийн анкет /хэргийн 1-р хавтас 164-166х/, Ажлаас чөлөөлж, томилох тухай Нийслэлийн цагдаагийн газрын даргын тушаалын хуулбар /хэргийн 1-р хавтас 167х/, ажил байдлын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 168х, 2-р хавтас 10-11х/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хэргийн 1-р хавтас 169-176х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан, зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.М, Э.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицероор “Арцат 111” чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Д.Халиунаас ирүүлсэн “Согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “LS плаза” төвд очиж, улмаар тус төвийн 1 дүгээр давхарт иргэн Д.Аыг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлсэнгүй гэх шалтгаанаар албаны хэрэгцээнд ашиглаж байсан “YJ12-1” загварын галт зэвсэгтэй төсөөтэй хийгдсэн тусгай хэрэгслээр түүний зүүн хөлний гуян тус газар нь буудаж, эрүүл мэндэд нь “...зүүн гуяны эдийн дутагдал бүхий буудагдсан шарх, булчингийн урагдал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол,

Мөн шүүгдэгч Э.С нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолоочоор “Арцат 111” чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Д.Халиунаагаас ирүүлсэн “Согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “LS плаза” төвд очиж, улмаар тус төвийн 1 дүгээр давхарт иргэн Д.Аыг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлсэнгүй гэх шалтгаанаар зүүн нүдэн тус газарт нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь “...тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн шүүгдэгч Г.М нь цагдаагийн дэслэгч цолтой, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст эргүүлийн офицер ажилтай, Э.С нь цагдаагийн дэд ахлагч цолтой, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт эргүүлийн цагдаа жолоочоор тус тус ажилладаг болох нь тогтоогдсон бөгөөд тэдгээр нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зэргээр төрийн тусгай чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн тусгай алба хаагч нар болох юм.

 

2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий шүүгдэгч нар нь Хан-Уул дүүргийн 11, 15 хорооны нутаг дэвсгэрт Арцат-111 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа мөн өдрийн 16 цагийн орчимд иргэн Д.Халиунаагаас ирүүлсэн “Согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага мэдээллийн жижүүрийн шуурхай албанаас дамжуулан авч, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “LS плаза” төвд очин тус байрны 2 дугаар давхарт ажлын өрөөнд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан хохирогч Д.А болон түүнтэй хамт байсан бусад иргэдийг “ажлын байран дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй, ажлын байрыг орхиж гарах”-ыг сануулан улмаар “цагдаагийн хэсэг рүү авч явна” гэсэн шаардлага тавихад тэдгээр иргэдээс хохирогч Д.А, гэрч С.Болд нар нь “бид ямар хэрэг хийсэн биш, яахаараа явдаг юм, бид нар ажлын хувцсаа солиод явъя” гэхэд нь тэдэнд ажлын  хувцсаа сольж өмсөх завдал өгөлгүйгээр “хэлтэс рүү авч явна” гэснээс  өөр хоорондоо таарамжгүй харилцаа үүсгэн маргасан,

маргааны явцад тэдгээр нь цагдаагийн алба хаагч нартай зууралдах, барьцалдах, ноцолдох зэрэг үйлдэл хийж эсэргүүцэл үзүүлсэн үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэрэг гарсан гэх LS plaza төвийн нэгдүгээр давхрын хяналтын камерын бичлэг бүхий дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 195-198х/, хэрэгт гэрчээр асуугдсан Д.Ишдорж, Ц.Э, С.Болд, Д.Халиун нарын мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 35-36х, 37-39х, 44х, 204х, 205-206х/ баримтаар тус тус тогтоогдсон байна.

 

Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар /хуулийн 23 дугаар зүйл/ цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавих  эрхийн хүрээнд мөн хуулийн 23.2-т заасан “нийтийн хэв журам зөрчсөн, зөрчиж болзошгүй согтуурсан, мансуурсан хүнийг олон нийтийн газрыг тодорхой хугацаанд орхин явахыг шаардаж болох хэдий ч цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаанд тавих нийтлэг шаардлагын хэм хэмжээг ханган ажиллах, бусадтай хүндэтгэлтэй харьцаж, бусдыг үл тоосон  үйл хөдлөл хэрэглэхгүй байж, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй талаар Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд тодорхой хуульчилж тогтоосон.

 

Хэргийн нөхцөлд нэр бүхий шүүгдэгч нар нь үүссэн нөхцөл байдалд хохирогч, түүнтэй хамт байсан бусад хүмүүс нь “ажлын хувцсаа сольж өмсөөд цагдаагийн хэлтэс рүү явъя” гэхэд тэдгээрт “хувцас сольж өмсөх боломж олгохгүйгээр шууд авч явна” хэмээн шаардаж, Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хүндэтгэлтэй харьцах, бусдыг үл  тоосон үйл хөдлөл хэрэглэхгүй байх” үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэн ажиллаж чадаагүйгээс зөрчилдөөн үүсч, нөхцөл байдлыг хурцатгасан, улмаар Цагдаагийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан нэг бүрийн тусгай хэрэгслийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай үндэслэл, нөхцөл үүссэн гэх байдал тогтоогдоогүй байхад

- “хууль ёсны шаардлагыг биелүүлсэнгүй” гэх шалтгаанаар шууд бус санаатай үйлдлээр шүүгдэгч Г.М нь албаны хэрэгцээнд ашиглаж байсан “YJ12-1” загварын галт зэвсэгтэй төсөөтэй хийгдсэн тусгай хэрэгслийг ашиглах явцдаа бууг булаацалдаж маргасан хохирогч Д.Аын зүүн хөлний гуян тус газар нь буудаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

- шүүгдэгч Э.С нь мөн хохирогч Д.А буудуулсан гуяндаа шарх авсан байхад нь түүний зүүн нүдэн тус газарт нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь нотлогдсон ба шүүгдэгч нарын үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Дөрөвдүгээр бүлэгт тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн согтуурхсан, зүй бус авирласан үйлдэл нөлөөлсөн шалтгаан нөхцөл болсныг тэмдэглэх нь зүйтэй.    

 

Прокуророос шүүгдэгч Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Мыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Сг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай болохыг тогтоож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.     

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд хэргийн хохирогч Д.Аын эрүүл мэндэд учирсан:

- “...зүүн гуяны эдийн дутагдал бүхий буудагдсан шарх, булчингийн урагдал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол 

- “...хоншоор ясны түүшин хэсгийн зөрүүтэй хугарал, дээд үүдэн голын хоёр шүдний /21, 11/ булгарал, баруун дээд 2, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, салстын цус хуралт, язрал, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь тус тус гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчлгээ сувилгаа хийлгэх болон бусад гарсан зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд” бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чавдар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан байна. 

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд тус тус зааснаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах, гаргасан нэхэмжлэлээс татгалзах эрхтэй.

 

Хэргийн хохирогч Д.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд мөрдөн шалгах ажиллагааны явцад баримттай зарцуулсан эмчилгээний зардал болон цаашид хийлгэх эмчилгээ үйлчилгээний зардал, эрүүл мэндэд нь хохирол учирсны улмаас бусадтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болж гэрээ цуцлагдсанаас олох байсан ашиг орлого алдагдсан хохирол, өмгөөлөгч авсан хэмээн тайлбарлаж баримттай гарсан эмчилгээний зардлын 1.187.350 төгрөг болон цаашид хийлгэх нүдний эмчилгээний зардалд 3.500.000 төгрөг, ор хоногийн 250.000 төгрөг, хамарны хагалгааны зардал 1.850.000 төгрөг, ор хоногийн 150.000 төгрөг, ашиг орлого алдагдсан хохиролд 6.900.000 төгрөг, нийт 12.650.000 төгрөг тус тус нэхэмжилнэ, нийт нэхэмжлэлийн үнийн дүнд өмгөөлөгчийн зардлын 1.0 сая төгрөг орсон байгаа гэсэн гомдлын шаардлага гаргасан.

Шүүх хохирогчоос хэрэгт гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг нэг бүрчлэн шалган тооцоход:

- 2019 оны 4 сарын 02-ны өдөр Монос эмийн сангаас читамон худалдан авсан гэх зардлын 5500 төгрөг /хэргийн 1-р хавтас 246х/,

-  2019 оны 3 сарын 28-ны өдөр Монос-16 эмийн сангаас терафлю эм худалдан авсан гэх зардлын 7950 төгрөг /хэргийн 1-р хавтас 248х/,

- 2019 оны 3 сарын 26-ны өдөр Нахиа эмийн сангаас худалдан авалт хийсэн гэх зардлын 30.900 төгрөг /хэргийн 1-р хавтас 249х/,

- Энх наран эмийн сангаас 00 цаас, өдөр тутам /клиник/, салфетка,  памперс зэрэг худалдан авахад зарцуулсан зардлын 10.900 төгрөг /хэргийн 1-р хавтас 248х/,

- 2019 оны 3 сарын 28-ны өдөр Монос-16 хороолол эмийн сангаас худалдан авалт хийсэн зардлын 12.985 төгрөг зэрэг нийт 68.235 төгрөгийн баримт нь гэмт хэрэг үйлдэгдсэн 2019 оны 04 сарын 03-ны өдрөөс өмнөх цаг хугацаанд хамаарах тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцогдохгүй үндэслэлээр, 

- мөн ЭМЖЖ эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөрт тушаасан зардлын 35.000 төгрөгийн №98985 дугаартай баримт /хэргийн 2-р хавтас 1х/ нь хэрэгт 2 удаа давхардаж авагдсан үндэслэлээр тус тус нэхэмжлэлээс хасаж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн хохирогчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардал гэх нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн тухайд хохирогч Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг  болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй.  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөл шаардлагад хамаарахгүй. Иймд өмгөөллийн зардал нэхэмжилсэн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн.

 

Иймд хохирогч Д.Аын эмчилгээ үйлчилгээний зардалд нэхэмжилсэн 1.187.350 төгрөгөөс гэмт хэрэг үйлдэгдсэн 2019 оны 4 сарын 03-ны өдрөөс өмнөх цаг хугацаанд хамаарах 68.235 төгрөг, хэрэгт 2 удаа давхардаж авагдсан ЭМЖЖ эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөрт №98985 дугаартай баримтаар тушаасан зардлын 35.000 төгрөг, нийт 103.235 төгрөгийг хасаж тооцсоноос үлдэх 1.084.115 төгрөгийг гэм хорын хохиролд тооцон шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх тооцоо гарснаас шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн 1.000.000 төгрөгийг хассан үлдэгдэл 84.115 /наян дөрвөн мянга нэг зуун арван тав/ төгрөгийг шүүгдэгч Г.М, Э.С нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид нөхөн  төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогчоос цаашид хийлгэх эмчилгээ үйлчилгээний зардал, эрүүл мэндэд нь хохирол учирсны улмаас бусадтай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болж гэрээ цуцлагдсанаас олох байсан ашиг, орлого алдагдсан хохиролд нэхэмжилсэн шаардлагад хамаарах баримт нотолгоо хангалтгүй, хохирогчоос хэрэгт гаргасан амбулаторийн түр карт, амбулаториор эмчлүүлэгсдийн гар карт дахь эмчлэгч эмчийн тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 86-93х/ болон шүүх хуралдаанд гаргасан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, мэдээллийн хуудас, гүйцэтгэлийн хуудас зэрэг баримт нь бичмэл нотлох баримтад  тавигдах хуулийн шаардлага хангахгүй байх тул шүүх тухайн шаардлагад хамаарах нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт нэг мөр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заасан журмын дагуу хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эдгээр шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Нэр бүхий шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 152-153х/ тогтоогдсон нь тэднийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох юм.

Шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэдгээр нь анх удаа Эрүүгийн хуулийн  хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар  болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд шүүгдэгч Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож, хэрэгт хавсарган ирүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдсон марль, цагаан өнгийн хуванцар бөглөө, хар өнгийн жижиг үрлэн хэлбэртэй 6 ширхэр хуванцар эд зүйл, цагаан өнгийн үйрмэг хуванцарууд зэрэг эд зүйлсийг  зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэн, хяналтын камерын бичлэг бүхий CD 2 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураагдсан Police YJ12-1 маркийн урт хар өнгийн буу, ХҮ 07 гэсэн бичиглэлтэй хоосон хонгио 3 ширхэг, хар алаг өнгийн сумны гэр зэргийг Цагдаагийн Ерөнхий Газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Г.М, Э.С нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.   

 

Дээр дурьдсан үндэслэлээр нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Тамирын гаргасан “шүүгдэгч Г.М, Э.С нар нь гэмт хэрэг санаатай үйлдээгүй, тухайн нөхцөлд хэргийн хохирогч нь согтуурхан, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэнээс Цагдаагийн албаны тухайн хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, 48.3 дугаар хэсэгт заасан журмын дагуу тусгай хэрэгсэл ашигласан, хяналтын камерийн бичлэгт хохирогч нь шүүгдэгч Г.Маас бууг булааж авах гэсэн үйлдэл хийх явцад буу алдаж гэмтэл учирсан үр дагавар үүссэн тул Г.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, мөн шүүгдэгч Э.Сгийн хувьд ажил албаа гүйцэтгэж байхдаа хохирогчийг буу булааж авах үед цаашид гарах хохирол эрсдлийг арилгах үйлдэл хийсэн гэх зэргээр мэтгэлцэж, шүүгдэгч Г.М, Э.С нарыг гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү” гэсэн санал, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангах хуулийн үндэслэлгүй гэж дүгнэснийг тэмдэглэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх эхэсг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

 

1. Д овогт Г-ын Мыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн, Б овогт Э-ийн Сг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мт 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял,

- мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Сд 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр хугацаа тогтоож, Э.С нь торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, нэр бүхий ялтан нар нь шүүхээс тогтоосон болон хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцон Г.М, Э.С нараас 84.115 /наян дөрвөн мянга нэг зуун арван тав/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч хххх тоотод оршин суух, /РД: /, Д-гийн А-д олгож, түүний нэхэмжлэлээс баримттай гарсан гэх эмчилгээний зардлын 103.235 төгрөг, өмгөөллийн зардлын 1.000.000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу хохирогч Д.А нь цаашид хийлгэх эмчилгээ үйлчилгээний зардал болон эрүүл мэндэд нь хохирол учирсны улмаас бусадтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болж гэрээ цуцлагдсанаас олох байсан ашиг орлого тус тус нэхэмжилсэн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эдгээр шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож, хэрэгт хавсарган ирүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдсон марль, цагаан өнгийн хуванцар бөглөө, хар өнгийн жижиг үрлэн хэлбэртэй 6 ширхэр хуванцар эд зүйл, цагаан өнгийн үйрмэг хуванцарууд зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т, хэрэгт хураагдаж ирсэн Police YJ12-1 маркийн урт хар өнгийн буу, ХҮ 07 гэсэн бичиглэлтэй хоосон хонгио 3 ширхэг, хар алаг өнгийн сумны гэр зэргийг Цагдаагийн Ерөнхий газарт тус тус шилжүүлж, хяналтын камерын бичлэг бүхий CD 2 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Г.М, Э.С нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.М, Э.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД