Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 29

 

Г.М, Э.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Энхболд,

хохирогч Д.Аын өмгөөлөгч Н.Баярсайхан,

шүүгдэгч Г.М, Э.С, тэдгээрийн өмгөөлөгч Г.Тамир,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 628 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М, Э.С нарын өмгөөлөгч Г.Тамирын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.М, Э.С нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Д овгийн Гын М, 1989 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

 

  1. Б овгийн Эрхэмийн Сумъяа, 1991 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Г.М нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим Хан-Уул дүүрэг дэх ... чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Д.Халиунаас ирүүлсэн “Согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” төвд очиж, улмаар тус төвийн 1 дүгээр давхарт иргэн Д.Аыг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлсэнгүй гэх шалтгаанаар албаны хэрэгцээнд ашиглаж байсан “YJ12-1” загварын галт зэвсэгтэй төсөөтэй хийгдсэн тусгай хэрэгслээр түүний зүүн хөлийн гуя тус газар нь буудаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Э.С нь 2019 оны 4 дүгээр сарын  03-ны өдрийн 16 цагийн орчим Хан-Уул дүүрэг дэх ... чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Д.Халиунаас ирүүлсэн “Согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” төвд очиж, улмаар тус төвийн 1 дүгээр давхарт иргэн Д.Аыг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлсэнгүй гэх шалтгаанаар зүүн нүдэн тус газарт нэг удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д овогт Гын Мыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Б овогт Эрхэмийн Сумъяаг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мт 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Сд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, Э.С нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар хуулийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, нэр бүхий ялтан нар нь шүүхээс тогтоосон болон хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцон Г.М, Э.С нараас 84.115 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29-184 тоотод оршин суух /РД:ЧЛ71020839/ Дуламсүрэнгийн Ариунболдод олгож, түүний нэхэмжлэлээс баримттай гарсан гэх эмчилгээний зардлын 103.235 төгрөг, өмгөөллийн зардлын 1.000.000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу хохирогч Д.А нь цаашид хийлгэх эмчилгээ үйлчилгээний зардал болон эрүүл мэндэд нь хохирол учирсны улмаас бусадтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болж гэрээ цуцлагдсанаас олох байсан ашиг орлого тус тус нэхэмжилсэн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эдгээр шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож, хэрэгт хавсарган ирүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдсон марль, цагаан өнгийн хуванцар бөглөө, хар өнгийн жижиг үрлэн хэлбэртэй 6 ширхэг хуванцар эд зүйл, цагаан өнгийн үйрмэг хуванцарууд зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т, хэрэгт хураагдаж ирсэн Police YJ12-1 загварын урт хар өнгийн буу, ХҮ07 гэсэн бичиглэлтэй хоосон хонгио 3 ширхэг, хар алаг өнгийн сумны гэр зэргийг Цагдаагийн Ерөнхий газарт тус тус шилжүүлж, хяналтын камерын бичлэг бүхий CD 2 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Г.М, Э.С нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.М, Э.С нарын өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт “хэлтэс рүү авч явна гэснээс өөр хоорондоо таарамжгүй харилцаа үүсгэн маргасан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, Г.М, Э.С нар нь ажил үүргийн дагуу ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдэд ажлын байрыг орхин явах шаардлага тавихад хохирогч Ариунболд болон хамт явсан гэрч Болд нар нь архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн, өөрийн үйлдлийг хянах чадвар муутай байсан учраас цагдаагийн албан хаагчийн албан ёсны шаардлагыг эсэргүүцэж биед нь халдаж цагдаагийн алба хаагч нартай зууралдах, барьцалдах, ноцолдох зэрэг үйлдэл хийж эсэргүүцсэн шүүгдэгч нар нь хүчний харьцаа тэнцвэргүй дуудлага мэдээллийг таслан зогсоож дийлэхгүй байгаа учраас шуурхай удирдлагын төв рүүгээ гар утас болон гар станцаар нэмэлт хүч явуулахыг хүсэж, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагаас нэмэлт хүчээр гэрч З.Алтантөр, Б.Уламбаяр нарыг нэмэлт хүчээр явуулсан. ...Г.М цагдаагийн албан хаагчийг эсэргүүцэж байгаа үйлдлийг таслан зогсоохын тулд тээврийн хэрэгслээс нэг бүрийн тусгай хэрэгслийг авчирч анхааруулга өгөхөөр сануулахад хохирогч Ариунболд нь бүр эсэргүүцэж Г.Мыг зүүн талаас нь хүчтэй түлхсэний улмаас буун дуу гарч хохирогч Ариунболдын зүүн хөлийн гуя хэсэгт буудагдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирч байгаа нь ... төвийн хяналтын камерын бичлэгээс тодорхой харагддаг. Шүүх хуралдаанд шинжлэн судалж үзсэн боловч шүүх камерын бичлэгт бичигдсэн дээрх үйлдлүүдийг дүгнээгүй.

“Хууль ёсны шаардлагыг биелүүлсэнгүй” гэх шалтгаанаар шууд бус санаатай үйлдлээр Г.М нь албаны хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэгтэй төсөөтэй хийгдсэн тусгай хэрэгслийг ашиглах явцдаа бууг булаацалдаж маргасан хохирогч Д.Аын зүүн хөлийн гуя тус газар буудаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол шууд бус санаатай үйлдлээр учруулсан гэж дүгнэлт хийсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, хэргийн үйл баримтад тохироогүй гэж үзэж байна. Учир нь, шууд бус санааны хүсэл зоригийн шинж нь өөрийн үйлдлийн улмаас учрах хор уршгийг хүсээгүй боловч үйлдлээрээ түүнийг зориуд бий болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, Г.М нь гэмт үйлдлээ хор уршигт “яасан ч яах вэ” гэсэн идэвхгүй байр сууринаас харьцаж тодорхой хор уршиг учруулахыг хүсээгүй боловч үйлдлээрээ түүнд зориуд хүргэсэн байх нь шууд бус санааны хүсэл зоригийн гол шинж гэж үзэж байна. Гэтэл хэргийн үйл баримтаар бол Г.М нь цагдаагийн албан хаагчийн хувьд шаардлага тавьж байгаа. Харин хохирогч Ариунболд нь нэг бүрийн тусгай хэрэгслийг булааж авахын тулд өөдөөс нь идэвхтэй үйлдлээр дайрч бууны урд талаас барьж булаацалдаж хоёр тийшээ таталцаж байх үед гэрч Болд баруун гараараа Г.Мын зүүн талын мөр рүү хүчтэй түлхэж бууг Г.М алдах үед оч манарч хохирогч Ариунболдын зүүн гуя хэсэгт буудагдаж байгаа нь ... төвийн хяналтын камерын бичлэгт бичигдсэн байдаг. Г.М нь Ариунболдын эрүүл мэндэд хохирол, хор уршгийг учруулах шууд бус санаа байгаагүй, харин бууг салгаж авах гэж байгаа санаа зорилготой үйлдэл хийж байгаа харагдах бөгөөд гэрч Болд гүйн ирж шүүгдэгч Г.Мыг түлхээгүй бол буу алдагдаж хохирогчийн зүүн гуя хэсэгт буудагдахгүй байх байсан. Өөрөөр хэлбэл, Болдын Г.Мыг түлхэж байгаа шууд бус санаатай үйлдлийн улмаас буу алдагдаж Ариунболдын зүүн гуя хэсэгт буудагдсаныг шүүх дүгнээгүй. Дээрх хяналтын камерын бичлэгийг шүүх хуралдаанд шинжлэн судалж үзсэн атлаа дүгнэлт хийхдээ Г.М нь шууд бус санаатай үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримт, нотлох баримтаас илтэд зөрүүтэйгээр дүгнэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие албанаас тавигдсан тусгай хэрэгслээр хохирогч Д.Аыг санаатайгаар буудах үйлдэл хийгээгүй. Зайнаас буу барих ёстой байсан боловч Д.А, Болд нар согтууруулах ундаа маш их хэмжээгээр хэрэглэсэн, өөрсдөө биеэ авч явах чадваргүй байсан учраас миний галт зэвсгийг булаах оролдлого хийсэн. Хажуугаас иргэн Болд түлхэж гал алдуулсан үйлдэл болсон. ...” гэв.

Шүүгдэгч Э.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед бид хоёрын хүч тэнцвэргүй байдал нь илт тодорхой байсан. 2 том биетэй залуутай 20 гаруй минут ноцолдож байгаа, буу булааж авч байгаа асуудал, мөн хажуугаас буу түлхэж буу алдуулсан асуудал, тухайн үед шүүгдэгч Г.М нь бууны гохыг санаатай дараагүй, хажуу талаас түлхсэн нөлөөллөөс үүсэж дарсан. Ариунболд бууг дээрээс нь дараад хэвтэхээр нь эргүүлээд Ариунболдын гараас нь татаж, бууг аль болох гох даруулахгүй, буунаас салгах үйлдэл хийж байсан боловч Болд ирээд намайг боосон. Тухайн үед үзэгдэх орчин хязгаарлагдаад Ариунболдоос хамгаалагч бууг салгаж авсныг би мэдээгүй байсан. Камерын бичлэгт тодорхой байгаа. Бууг салгаад авсан байхад нь мэдээгүй, тухайн үед боолтод орсон, том хүн гэдийгээд хоолойн дээр дарсан байсан тул хэсэг хугацаанд нилээн эвгүй байдалтай байсан. Д.Аыг буутай байна гэж бодсон үүднээс бууг салгах үйлдэл хийсэн. Энэ бичлэгт тодорхой үзлэг хийлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдөр хохирогч ирээгүй шалтгаан нь 12 дугаар сарын 30-нд дахиж хагалгаанд орсон байгаа. Энэ гэмт хэргийн гол шалтгаан нь Цагдаагийн албан хаагчийн тухай хуульд заасан байдаг. Цагдаагийн албан хаагч иргэддээ ямар нэгэн заналхийлэлгүй, доромжлолгүй, хүндэтгэлтэй тодорхой ойлгомжтой шаардлага тавина гэснийг зөрчсөн. Цагдаа нар нь шууд хэлтэс рүү авч явж эрүүлжүүлэх шаардлагаар авч явсан. Хувцсаа сольё гэхэд нь солиулахгүй гэснээр маргаан үүссэн байгаа. Хүчний тэнцвэргүй харьцаа гэж яриад байна. 2 согтуу хүн байсан. Нэг хүн эрүүл байсан. Энэ 2 хүнийг “би аваад явъя” гэж гуйж байхад нь түүнийг авч хэлэлцээгүй. Би анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч болон 2 цагдаагийн нас болон өндрийн харьцааг ярьсан. Хоёулаа хохирогч нараас өндөр бөгөөд хохирогч нар нь 48 настай хөгшин хүмүүс байсан. Хоёр цагдаа өөрөөс нь намхан 2 хөгшин хүнийг дийлэхгүй бол цагдаад ажиллаж яах юм бэ.

Шинжээчийн дүгнэлтээр ямар нэгэн доргилтын цохилтын нөлөөгөөр буудах боломжгүй, заавал гох дарж байж буудна. Үүнээс үзэхэд санаатайгаар буудсан гэж үзэж байна. Хууль ёсны шаардлага тавьсан гэж бодлоо гэхэд иргэдийг нүдний ухархайг нь цөмөртөл өшиглөж болдог юм уу, биеэ авч явах чадваргүй хүнийг л авч явна гэж байгаа. Гэтэл хажууд нь авч явах хүн нь байхад цагдаагийн хэлтэс рүү авч явах гэж дайрсан.

Цагдаагийн албаны тухай хуульд, албадлага хэрэглэх үндэслэл журамд нэн түрүүнд хэрэглэхгүй байх, бага хохирол учруулахыг эрмэлзэх, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэглэх гэсэн шаардлагуудыг зөрчсөн. Мөн хохирогчийг гэмтээсэн даруйдаа эмнэлгийн байгууллагад яаралтай хүргэнэ гэснийг зөрчиж, эрүүлжүүлэх байр руу авч явсан. Эрүүлжүүлэх байранд очсон хойно нь буудуулсан талаар мэдсэн. Тэгээд эмнэлэг дуудсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор П.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Цагдаагийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.11 дэх хэсэгт “Хуульд заасан үндэслэл журмын дагуу галт зэвсэг, тусгай хэрэгслийг хэрэглэх ёстой” гэж заасан. Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурорын 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Албан тушаалын 3.12 дахь хэсэгт “Хуульд заасан үндэслэл журмын дагуу, хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн тохиолдолд хэрэглэнэ. Бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрахаар нөхцөлд таслан зогсоох зорилгоор тусгай хэрэгслийг хэрэглэнэ” гэж байгаа. Энэ нөхцөл байдал тухайн хэрэг болсон өдөр байсан уу гэвэл үгүй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн албан хаагчид очоод хохирогч нарыг цагдаагийн хэлтэс рүү авч явна гэсэн шаардлага тавьсан. Хохирогч “хувцсаа солъё” гэхэд нь хувцсыг нь солиулахгүй авч явна гэсэн маргаанаас болж хоорондоо асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл, цагдаагийн албан хаагч тухайн нөхцөл байдалдаа тохируулж албан үүргээ гүйцэтгээгүй. Харьцааны болон бусад ёс зүйн зөрчил гаргасан. Шүүгдэгч Г.Мын хувьд тухайн үед өөрөө явж бууг авчирсан. Бууг гаргаж “буудлаа шүү” гэдэг дохиог өгөөд тухайн нөхцөл байдалд байсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэг байдаг. Хохирогчийн хувьд, тухайн буутай ноцолдсон, зууралдсан зүйл байдаг. Гэхдээ түрүүний хэлсэн бууг авчирсан, гох дарсан, буудлаа шүү гэсэн нөхцөл байдалд гаргасан үйлдэл нь санаатай. Тухайн буудлагын улмаас хүний биед хүндэвтэр хохирол учирсан тул оногдуулсан ял тохирсон гэж үзсэн. Шүүгдэгч Э.Сгийн хувьд “миний араас боосон, буутай байсан гэсэн нөхцөл байдлыг ойлгосон” гэж мэдүүлдэг. Тэгэхээр камерын бичлэг, хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр араас нь зуурсан үйлдэл төгссөн. Бууг булаагаад авсны дараа босч очоод нүүр рүү нь өшиглөж байгаа үйлдэл нь өөрөө бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 628 дугаартай шийтгэх тогтоолоор хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэж гаргасан шийдвэр учраас хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн оролцогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Г.Мыг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим Хан-Уул дүүрэг дэх ... чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Д.Халиунаас ирүүлсэн “Согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” төвд очиж, улмаар тус төвийн 1 дүгээр давхарт иргэн Д.Аыг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлсэнгүй гэх шалтгаанаар албаны хэрэгцээнд ашиглаж байсан “YJ12-1” загварын галт зэвсэгтэй төсөөтэй хийгдсэн тусгай хэрэгслээр түүний зүүн хөлийн гуя тус газар нь буудаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Э.Сг 2019 оны 4 дүгээр сарын  03-ны өдрийн 16 цагийн орчим Хан-Уул дүүрэг дэх ... чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн Д.Халиунаас ирүүлсэн “Согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” төвд очиж, улмаар тус төвийн 1 дүгээр давхарт иргэн Д.Аыг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлсэнгүй гэх шалтгаанаар зүүн нүдэн тус газарт нэг удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Г.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Э.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутган ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийг хэрэгжүүлсэн арга, хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн тухайн үед биеэ авч явж байсан хувийн байдал, тухайн нөхцөл байдалд хандсан хандлага зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, мөрдөн байцаалтаар яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж, бүрэн бодитой тогтоосон байвал зохино.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад “Согтуу хүн агсам тавиад байна” гэсэн дуудлагын дагуу очсон цагдаагийн албан хаагч Г.М, Э.С нартай Д.А, С.Болд нар нь маргалдан, цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй, С.Болд нь өвдөглөсөн, Э.Стай зууралдсан, ноцолдсон байдалтай байхад Г.М нь хохирогч Д.А руу “YJ12-1” загварын тусгай хэрэгслийг чиглүүлэн шаардлага тавихад, Д.А нь зүүн гараа сунган тусгай хэрэгслээс атган авсан, Г.М нь бууны хойд хэсгээс татсан байрлалтай, Э.С нь Д.Атой зууралдсан, ноцолдсон байдалтай байх үед гэрч С.Болд Г.Мыг хүчтэй түлхсэн үйлдлийн улмаас Г.Мын биеийн тэнцвэртэй байдал алдагдан гох дарагдаж, Д.Аын зүүн хөлийн гуя тус газар нь буудагдсан үйл баримт бичигджээ. Гэтэл уг үйл баримт нь шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэлээс эрс зөрүүтэй буюу гэмт хэргийн субьектив шинж болох гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд онцгой ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй хийгдсэн, нотлох баримтууд харилцан зөрүүтэй, уг зөрүүтэй байдлыг арилгаагүй байхад анхан шатны шүүх Г.Мыг шууд бус санаатай үйлдлээр буудсан гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг тогтоох ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй, гэм буруугийн сэдэлт, зорилгыг бүрэн тогтоогоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.  

Мөн хяналтын камерын бичлэгээс үзэхэд, Д.А, С.Болд нар нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, татах, чангаах, түлхэх зэргээр хүч хэрэглэн саад учруулсан байдал 10 орчим минутын турш үргэлжилж, улмаар цагдаа Г.М нь тусгай хэрэгсэл авчирсан, нэмэлт хүч дуудсан байх бөгөөд Д.А, С.Болд нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож, хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна.  

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох гэрч З.Алтантөрийн “...Би дуудлагаар хэргийн газарт очиход Э.С нь хохирогчийн найз нартай зууралдаж, ноцолдож байсан. Хохирогч Д.А нь баруун хаалганы үүдэнд Г.Мтай ноцолдож байсан. ...Намайг очиход хохирогч нь өөрийгөө удирдах чадваргүй, ёс бус үг хэллэг хэрэглэж, цагдаагийн байгууллагын ажилтны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж байсан” гэх, гэрч Ц.Энхтайваны “...Тухайн өдөр цагдаа нар “бүх хүмүүсийг өрөөнөөс гар, доошоо буу” гэх шаардлагыг тавьсан. Харин хохирогч “хувцсаа өмсөнө” гээд маргаад байсан. ...Тухайн үед хохирогч Ариунболд ба түүний найз нарыг цагдаа нар авч гарах гээд дийлэхгүй байхаар нь Г.М гараад 80 орчим см урттай буу авч ирсэн. ...Хохирогч нь бууг цагдаагийн алба хаагчаас булаах гэж байгаад буудсаны дараа хохирогч бууг булааж авсан. ...” гэх мэдүүлгүүд болон “LS Plaza” төвийн хяналтын камерын бичлэг, цагдаагийн алба хаагчийн энгэрийн хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шийтгэх тогтоолд дүгнэсэн боловч дээрх нотлох баримтууд нь тухайн хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, агуулга нь хэргийн бодит байдалд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч чадаагүй байна.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж, 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж, 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Г.М нь хохирогч Д.Аод хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэрийн алинаар хандсан болоход хууль зүйн дүгнэлт өгөөгүй, шүүгдэгч Г.Мын “...Тусгай хэрэгслээ авах гээд татаж байхад хажуугаас хүн /С.Болд/ ирж намайг түлхэх үед буудагдсан...” гэх тайлбарыг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн ... баримт, няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгасан байх шаардлагыг илтэд хангаагүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Тамирын давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг дахин шалгуулахаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 628 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 628 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.М, Э.С нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай

2. Хэргийг прокурорт очтол Г.М, Э.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ