Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                 

                                                                                                    Хэргийн индекс: 144/2017/0055/З

          Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч  У- нэхэмжлэлтэй

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Од-, Ою- нарт холбогдох

          Нэхэмжлэлийн “Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 23-05-02-17/97 дугаартай актын хавсралтаар Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, суутгасан цалингийн зөрүүг буруутай этгээдээс гаргуулах”-ыг хүссэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд:

          Нэхэмжлэгч                                                                          Д.У-

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                                  П.Батжаргал            

          Хариуцагч                                                                            Од-, Ою-  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У-ас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Миний бие 2015 оны 7 дугаар сараас одоог хүртэл Дархан-Уул аймгийн Нэгдэн эмнэлэгт чанарын албаны даргаар ажиллаж байгаа бөгөөд үндсэн цалин Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 5-р хавсралтын дагуу ТҮЭМ-6-2 буюу 655327 төгрөгөөр цалинждаг. Үндсэн ажлын хажуугаар тус эмнэлэгийн халдвартын тасагт сард дунджаар 64-80 цагийн жижүүр эмчийн ажлыг илүү цагаар ажиллаж, илүү цагийн нэмэгдэл хөлс авдаг.

2017 оны 06 дугаар сард тус эмнэлэгт хийгдсэн Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ою-, Од- нарын шалгалтын үр дүнд илүү цагаар жижүүрлэн ажилласан нэмэгдэл хөлсийг бодохдоо ТҮЭМ 6-2 шатлалаар биш ТҮЭМ 4-2 тасгийн эмч нартай адилтган бодох ёстой гэж үзэн миний нэр дээр 235.915 төгрөгний  торгууль ногдуулж, мөн 2017 оны 08 дугаар сараас эхлэн илүү цагийн хөлсийг ЗГ-ийн тогтоолын ТҮЭМ 4-2-ын дагуу бодох шаардлагатай гэсэн утгатай 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 23-05-02-17/97 дугаартай улсын байцаагчийн акт гаргасан юм байна.   Тухайн шалгалт болох үед миний бие Тайван улсад томилолтоор явсан байсан. Ирээд байцаагчтай холбогдох гэхэд  ээлжийн амралттай байсан учир холбогдож чадаагүй. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр улсын байцаагчтай уулзахад шалгалтын тухай танилцуулж, сонсгосон гэж гарын үсэг зуруулсан, гэхдээ акт биш шалгалтын талаар танилцуулсан гэж гарын үсэг зуруулсан. Шалгалтын дараа миний 8 дугаар сарын цалингаас акт гаргаагүй байхад цалин хассан байсан, 9 дүгээр сард буцаан олгосон.

Миний цалинг 2017 оны 10 дугаар сараас халдвартын тасагт жижүүр эмчээр ажиллахад илүү цагийн нэмэгдэл хөлсийг халдвартын эмчийн цалингаар бодож миний үндсэн цалингаас бууруулж нэмэгдэл хөлсийг бодож эхэлсэн. Ингээд би Нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний хороо, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтэс, улсын байцаагчийн дээд шатны албан тушаалтан болох Санхүүгийн хяналт шалгалт аудитын газрын дарга Баасанжаргалд гомдол гаргасан. Баасанжаргал дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасныг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн зөвлөмжийн 3.11-д заасныг буруу тайлбарлаж,  ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил хийсэн учраас тухайн илүү цагаар ажилласан ажлын  байрны цалингийн зөрүүг хасч өгөх ёстой гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шүүхэд гомдол гаргасан.

 Мөн миний энэхүү гомдлыг гаргахдаа холбогдох хууль зүйн актуудыг судалж үзсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь заалтад “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно” гэж заасан байна. Мөн түүнчлэн “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал”-аар гаргасан 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Зөвлөмжийн 3.11-т “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны  үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасны дагуу үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгох ёстой. Эдгээр нэмэгдэл хөлсийг олгохгүй талаар хөдөлмөрийн гэрээнд заасан тохиолдолд шүүх ажилтны үндсэн ажлын байрыг зөв тодорхойлсноор гэрээний холбогдох заалтыг хүчин төгөлдөр эсэхийг тогтоож болно” гэж заасан байна.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд ажилтны илүү цагийн хөдөлмөрийн хөлсийг хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн ажлын цалингаас буюу Нэгдсэн эмнэлгийн Чанарын албаны даргын /Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 5-р хавсралтын дагуу/ ТҮЭМ 6-2 буюу 655 327 төгрөгний үндсэн цалингаас бодогдох нь тодорхой байна.

Гэтэл Дархан-Уул аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанд гаргасан акт хүчингүй болгуулах тухай гаргасан миний өргөдлийн хариуд ирүүлсэн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2017.11.20 өдрийн 17/209 тоот албан тоотод “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ өөрийн ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн бол гүйцэтгэсэн ажил, албан тушаалын цалингаас нь нэмэгдэл хөлсийг олгох нь зүйтэй” гэж дээд шүүхийн зөвлөмжийн заалтанд заагаагүй үг өгүүлбэрийг байгаа мэтээр бичин хуулийн заалтыг мушгин гуйвуулсан утга бүхий хариуг өглөө.

Нэхэмжлэгч миний бодлоор хуулийн заалт тус бүрийг хуульд юу гэж бичсэн байна түүгээр ойлгох хэрэгтэй. Түүнээс улсын байцаагч нар хуулийг өөрийн өнцгөөр дур мэдэн тайлбарлаж болохгүй гэж үзэж байна.

Иймд 23-05-02-17/97 дугаартай улсын байцаагчийн актын хавсралтаар Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, суутгасан цалингийн зөрүүг  буруутай этгээдээс нөхөн гаргуулахыг хүсэж байна гэв. 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:- Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг хэн гаргах талаар зааж өгсөн байдаг. Д.У- нь нэмэгдэл хөлсийг төлүүлэх тухай актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд өөрт учирсан хохирлоо төрийн байгууллагаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д өөрт учирсан хохирлоо гаргуулахаар, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д зааснаар захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас иргэнд хохирол учирвал төр хохирлыг хариуцна гэж зааснаас харахад нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар үндсэн ажлынхаа зэрэгцээ ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг илүү цагаар гүйцэтгэсэн бол үндсэн цалингаас нь илүү цагийн цалинг тооцно гэж заасан байгаа. Улсын Дээд Шүүхийн зөвлөмжөөс харахад үндсэн албан тушаалын цалингаас нь тооцож илүү цагийн цалин, нэмэгдэл хөлсийг олгохоор заасан байна. Иймд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 23-05-02-17/97 дугаартай актыг хүчингүй болгох нь хуульд нийцэж байна гэв.

                                                                                       

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Ою-, Од- нараас шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ою-, Од- бид нар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2015-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн юм.

          Шалгалтаар эмч ажилчдын цалингийн тооцоог шалгахад чанарын албаны дарга Д.У-д жижүүр эмч хийсний илүү цагийн хөлсийг олгохдоо чанарын албаны даргын /үндсэн ажлын/ албан тушаалын цалингаас илүү цагийн хөлсийг тооцож олгосон байгаа нь Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь заалт “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно” гэснийг  Төсвийн тухай хуулийн 6 дугар зүйлийн 6.4.1 дэх заалт “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, байхаар төлөвлөж, зарцуулах” гэснийг тус тус зөрчсөн байх тул төлбөрийн акт тогтоосон билээ.

          Д.У-д Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт жижүүр эмчийн ажил үүрэг гүйцэтгэн ажилласны илүү цагийн хөлсийг олгохдоо чанарын албаны даргын үндсэн цалингаас тооцож олгож байгаа нь  буруу гэж үзэж байна. Чанарын албаны дарга нь халдвартын тасагт жижүүр эмчээр ажиллахдаа чанарын албаны даргаа хийгээгүй, халдвартын эмчийн ажил хийж байгаа юм. Хууль хэн бүхний өмнө тэгш үйлчлэх ёстой гэтэл Нэгдсэн эмнэлэг дээр тэгш бусаар хууль хэрэгжиж байна гэж үзэж байна. Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд өөрсдөө өөрсдийн дарга албан тушаалтны цалингаар тооцож илүү цагийн нэмэгдэл хөлсийг авдаг. Зөвхөн Д.У-д холбогдуулан акт тогтоогоогүй, энэ акт нь нийт дүнгээр 2 сая гаруй төгрөгийн дүнтэй тогтоосон. Ганцхан Д.У- цалингаас хас гэж тогтоогоогүй бүгдэд нь ижил акт тогтоосон байгаа. Аливаа хүн хийсэн ажлынхаа үр дүнгээр цалин авах ёстой гэж үзэж акт гаргаж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.5, 49.6-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа. Д.У- хөдөлмөрийн гэрээнд нэмэгдэл хөлс болон илүү цагийн заалт тусгагдаагүй. Аль цалингаас нэмэгдэл хөлс олгох талаар зааж өгөөгүй байна.  Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь заалт “Нэмэгдэл хөлсийг энэ хууль болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч ажилтантай тохиролцон тогтооно” гэж заасан боловч Нэгдсэн эмнэлгийн захиргаанаас Д.У-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд үдсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажиллах, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэх, шөнийн болон илүү цагаар ажиллах, илүү цагийн нэмэгдэл хөлс олгох тухай заалт тусгаагүй ба уг гэрээний 4 дэх хэсэг /захиргааны хүлээх үүрэг/ 4.4 дэх заалт “Хөдөлмөрийн үр дүнд тохирсон хөлс олгоно” гэж заасан байна. Үүнээс үзэхэд Д.У- нь илүү цагаар ажиллах, нэмэгдэл хөлс авах үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулиар хүн хоногт 8 цагийн хөдөлмөр хийх ёстой байтал үргэлжлүүлээд шөнийн ээлжид ажиллахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-т зааснаар зөвшөөрөхгүй бөгөөд тус заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Өдөр нь ажил хийгээд шөнө үргэлжлүүлэн ажиллах хуулийн боломжгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлд ижил албан тушаал дээр ажиллаж байгаа ажилтны цалингийн хэмжээгээр илүү цагийн цалин авах боломжтой. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1-т зааснаар адил цалин хөлс тогтооно гэж заасан байгаа. Хэдийгээр чанарын албаны дарга ч гэсэн шөнө жижүүр эмчээр ажиллахдаа халдвартын эмчээр ажиллаж байгаа учраас халдвартын эмчийн цалинтай ижил цалин авна гэж ойлгож болно. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т зааснаар төрийн албан хаагчийн нэмэгдэл хөлс нь “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдлээс” бүрдэнэ  гэж заасан байдаг. Гэтэл Д.У- нь халдвартын эмчээр мэргэшээгүй байна.

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг нь нийт 500 гаруй албан хаагчтай, бид хоёрын хувьд сүүлийн 2 жилийн санхүүгийн баримтыг нэг бүрчлэн шалгасан байдаг. Энэ ажилд маш их хугацаа ордог, гэтэл шалгах өдөр нь 20 өдөр байдаг юм. Шалгалт хийснийхээ дараа У-тай уулзаж чадаагүй, Тайвань улс руу явсан байсан. Иймд бид цалинг нь буруу бодсон цаашид илүү цагийн цалин болон нэмэгдэл хөлсийг хэрхэн бодож олгох талаар Нэгдсэн эмнэлгийн бүх хүмүүст танилцуулж, сонсгосон. Шалгалт хийсний дараа бид ээлжийн амралтаа авсан, бид олон жил ажилласан учраас ээлжийн амралт удаан үргэлжилдэг нь үнэн. Ээлжийн амралтаа дуусгаад 2017 оны 9 дүгээр сард холбогдох хүмүүсийг дуудахад, Нэгдсэн эмнэлэг дээр улсын магадлан итгэмжлэлийн шалгалт ирсэн гэдэг үндэслэлээр ирээгүй байж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр сонсох ажиллагаа хийж, тайлбарлаж акт тогтооно гэдгээ хэлсэн. Цалингаа багасгуулаад 200000 төгрөг хасуулах юм байна гэж ойлголоо гэж Д.У- өөрөө хэлж байсан. Миний хувьд мэдэгдэхгүйгээр акт тогтоосон гэж үзэхгүй байна. Би энэ мэргэжлээр 32 жил ажиллаж байгаа, давхар байгууллагынхаа нягтлан бодогчийн ажлыг хийдэг, би нягтлан бодогчийн цалингаар нэмэгдэл хөлсөө  авдаг юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэлийн “Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 23-05-02-17/97 дугаартай актын хавсралтаар Д.У-тай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, суутгасан цалингийн зөрүүг буруутай этгээдээс гаргуулах” шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ою-, Од- нар нь 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 23-03-17/19 тоот удирдамжийн дагуу Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2015-2016 оны санхүүгийн үйл ажиллагааны баримтад хяналт шалгалтыг хийж, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 23-05-02-17/97 тоот улсын байцаагчийн акт буюу маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна.

Маргаан бүхий актаар Нэгдсэн эмнэлгийн 2015-2016 оны эмч, ажилчдын цалингийн тооцоог шалгаж эмнэлгийн ерөнхий эмч, хүний нөөцийн менежер, чанарын албаны дарга нарын жижүүр эмч хийсний илүү цагийн хөлсийг олгохдоо үндсэн ажлын албан тушаалын  цалингаас илүү цагийн хөлсийг тооцож олгож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно” , Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасныг зөрчсөн гэж үзэж нийт 2949.6 мянган төгрөг төлүүлэхээр акт тогтоосон бөгөөд  актын хавсралтаар нэхэмжлэгч Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга Д.У-ар 235915 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.У- нь дээрх шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч хариуцагч нарын дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасныг Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга  2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17/209 дугаартай албан бичгээр гомдлын хариуг өгч Д.У- нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.У- нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн б/78 дугаар тушаалаар чанарын албаны даргаар томилогдсон,  хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагч байх бөгөөд  чих, хамар, хоолойн их эмч мэргэжилтэй, эмчлэх үйл ажиллагаа эрхлэх 0015794 тоот гэрчилгээг авсан байна.

Нэхэмжлэгч Д.У- нь Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны даргын ажлыг хийхийн зэрэгцээ халдвартын тасагт жижүүр эмчээр ажиллаж илүү цагийн нэмэгдэл хөлсийг Чанарын албаны дарга албан тушаалын үндсэн цалингаас тооцуулж авч байсан болох нь Д.У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, цалингийн тооцоо, жижүүр эмчээр ажиллах хуваарь, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Уянгыг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны даргаар, 7 хоногт ажиллах цагийг 40 цагаар, ажлын өдрийн үргэлжлэх цагийг 8 цагаар тогтоосон болох нь Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн б/78 дугаар тушаал,  2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээнд “Чанарын албаны даргаар” гэж өөрчлөлт оруулсан хөдөлмөрийн гэрээ зэргээр нотлогдож байх бөгөөд Нэгдсэн эмнэлгийн Чанарын албаны дарга илүү цагаар жижүүр эмчээр ажиллах тохиолдолд нэмэгдэл хөлсийг хэрхэн олгох талаар хөдөлмөрийн гэрээнд тохиролцоогүй нь нотлогдож байна.

 Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил үүргийг гүйцэтгүүлж нэмэгдэл хөлс олгож байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д “талууд гэрээнд энэ хуулийн 21.1-д заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болно”, 53 дугаар зүйлийн 53.1-д “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно”, 53.2-т “Энэ хуулийн 53.1-д зааснаар олгох нэмэгдүүлсэн цалин хөлсийг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна” гэж тус тус зааснаар хамтын гэрээ болон хөдөлмөрийн гэрээнд тохиролцохоор заасан байна. Хамтын гэрээнд илүү цагаар ажиллах талаар дурдсан боловч эмнэлгийн ажлын онцлогоос шалтгаалж хөдөлмөрийн гэрээнд заасан албан тушаалаас гадна өөр албан тушаал дээр илүү цагаар ажилласан тохиолдолд илүү цагийн нэмэгдэл хөлсийг хэрхэн олгох талаар дурдаагүй байна.

Нэхэмжлэгч Д.У-д илүү цагаар халдвартын тасагт жижүүр эмчээр ажилласны нэмэгдэл хөлсийг Чанарын албаны даргын үндсэн цалингаас бус, халдвартын эмчийн цалингаас нэмэгдэл хөлсийг олгох нь зүйтэй гэж үзэж хариуцагч Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ою-, Од- нар 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 23-05-02-17/97 тоот актаар нэхэмжлэгч Д.Уянгыг илүү цагийн нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас бодож олгосны зөрүү  235915 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно” гэж зааснаар Д.У- нь үндсэн ажил болох Чанарын албаны даргын албан тушаалаар илүү цаг ажиллаагүй, харин илүү цагаар Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт жижүүр эмчийн үүргийг гүйцэтгэж  ажилласан тул халдвартын эмчийн үндсэн цалингаас илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд маргаан бүхий акт нь  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимтай нийцсэн, хууль ёсны шийдвэр байх тул нэхэмжлэгч Д.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

          1.Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 53 дугаар зүйлийн 53.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8,  Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.У-ас хариуцагч Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Од-, Ою- нарт холбогдуулан гаргасан “Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 23-05-02-17/97 дугаартай актын хавсралтаар Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, суутгасан цалингийн зөрүүг буруутай этгээдээс гаргуулах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Д.У-ас улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                                                                                                                                    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА