Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2018/0890/з |
Дугаар | 221/МА2021/0317 |
Огноо | 2021-06-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2021/0317
Ж.М-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, цахимаар нэхэмжлэгч Ж.М, өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 190 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.М-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 190 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 26/2017 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлахгүй байгаа хууль бус эс үйлдэл нь хууль бус байсан болохыг тогтоолгох”, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамжны 49, 50, 50А хаягт байрлах 25 айлын хүчин чадал бүхий агуулах, орон сууцны зориулалттай 5 давхар барилгыг буулгахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар: Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д заасныг баримтлан Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч Ж.М-ийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч тал өөрсдөө бусдын газар дээр 185 м.кв, 121 м.кв барилгуудаа оруулж барьсан байдаг. Гэтэл одоо биднийг өөрсдийнх нь эрх ашгийг зөрчиж барилга барьсан мэтээр гомдол гаргаж, шүүхээс түүнийг нь хангаж Барилга ашиглалтанд оруулах комиссын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/24 дүгээр дүгнэлтийг хууль бус байсан гэж тогтоосонд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн барилга нь Барилгын тухай хуульд заагдсан тусгай зөвшөөрөл бүхий барилгын гүйцэтгэгчээр баригдаагүй, мөн Барилгын тухай хуульд заасан 5 үндсэн шаардлагыг хангаагүй, батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгээгүй зэрэг бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсгэж болохоор галын болон газар хөдлөлтийн аюултай байдал үүсгэх болохыг шүүхээс дүгнээгүй. Өөрөөр хэлбэл хувийн сууцны буюу тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн аргаар өндөр барилга барьсан нь илэрхий байхад шүүхээс “зураг төслийг бодит байдалд нийцүүлэх, барилгын норм дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах байжээ” хэмээн нотлох баримтгүйгээр зөрчилтэй үйл ажиллагааг зөвтгөн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах дараах үндэслэл тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Ж.М нь Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 26/2017 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоолгох”, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт холбогдуулан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоолгох”, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан “Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамжны 49, 50, 50А хаягт байрлах 25 айлын хүчин чадал бүхий агуулах, орон сууцны зориулалттай 5 давхар барилгыг буулгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан байх ба шүүх хуралдаанаас өмнө Хот байгуулалт, хөгжлийн газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Анхан шатны шүүх Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй…”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, үүнийг тогтоохын тулд ямар нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай эсэхийг тодорхойлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Тодруулбал,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байх, уг хууль ёсны эрхийг зөрчсөн гэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байх тохиолдолд шүүх эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлж зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч тал “...нэхэмжлэгч Ж.М нь барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын холбогдох зөвшөөрлийг авалгүйгээр 2005-2006 онд барилгаа барьсан, уг барилга нь Хот байгуулалтын мэдээллийн менежментийн системд бүртгүүлээгүй тул гуравдагч этгээдийн барилгын төлөвлөлтийг батлан зөвшөөрөл олгоход Ж.Мгийн барилгаас норм, дүрмийг хангуулах боломжгүй байсан” гэж тайлбар гаргасан байх ба уг тайлбарын дагуу нэхэмжлэгч нь өөрийн барилгаа барихдаа холбогдох хууль журамд заасны дагуу зохих зөвшөөрөл авсан эсэх талаар нотлох баримт авагдаагүй, нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүх хуралдаанд “тухайн үед барилгаа барихдаа зохих зөвшөөрлийг авсан” гэж тайлбарласан.
Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн эсэх, хариуцагч захиргааны байгууллага Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлтийг гаргахдаа нэхэмжлэгчийн барилгаас норм, дүрм хангуулах үүрэгтэй байсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллага нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна” гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ямар хууль тогтоомж, дүрэм журмыг хэрхэн зөрчсөн эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Аливаа этгээд хууль ёсны бус эрх, ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулахаар шаардах эрхгүй.
Гэтэл анхан шатны шүүх “...алдаа зөрчлийг цаашид захиргааны байгууллагаас дахин гаргахаас урьдчилан сэргийлэх, иргэн, хуулийн этгээд аливаа барилга байгууламжийг хууль, дүрэмд нийцүүлэн барьж, ашиглалтад оруулах байр сууринаас хандаж, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж байгаа зэргийг харгалзан үзээд ...дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоох нь зүйтэй” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнээд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 190 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.Тунгалагсайхан
ШҮҮГЧ О.НОМУУЛИН