| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 129/2017/0013/э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2017-07-17 |
| Зүйл хэсэг | 094.1., 254.1., |
| Улсын яллагч | Н.Цогтбаяр |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 23
|
|
Прокурор Н.Цогтбаяр
Хохирогч Г.Амаржаргал
Шүүгдэгч А.Эрдэнэбатын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, А.Эрдэнэцогт
Шүүгдэгч А.Эрдэнэбат
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, А.Эрдэнэцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн, А.Эрдэнэбат, Г.Буянхишиг нарт холбогдох 201403000456 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 04 дүгээр багийн Өртөнт 04-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Ардын армийн тусгай шүүхийн 1987 оны 09 сарын 26-ны өдрийн 179 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил хорих ялаар шийтгэгдэж Улаанбаатар хотын шүүхийн 1989 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 44 дугаартай магадлалаар эдлээгүй үлдсэн 3 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Халх боржигон овгийн Адилбишийн Эрдэнэбат /РД:аи66111617/
Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Тамир хорооллын 02-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй Боржигон овгийн Гөлөгийн Буянхишиг /РД:аг77030317/
А.Эрдэнэбат нь Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Хуурай гэх газар 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн 26-57 АРХ улсын дугаартай Ниссан пикап маркийн авто машин дотор иргэн Т.Чоёнжүрмэдийг Тигр маркийн буугаар болгоомжгүй буудаж алсан,
Г.Буянхишиг нь яллагдагч А.Эрдэнэбатын Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Хуурай гэх газар 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн 26-57 АРХ улсын дугаартай Ниссан пикап маркийн авто машин дотор иргэн Т.Чоёнжүрмэдийг Тигр маркийн буугаар болгоомжгүйгээр буудаж алсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын шатанд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус тус гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас А.Эрдэнэбатад холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар, Г.Буянхишигт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Боржигон овгийн Гөлөгийн Буянхишигийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Халх боржигон овгийн Адилбишийн Эрдэнэбатыг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар А.Эрдэнэбатыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т заасны дагуу А.Эрдэнэбатад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,
Шүүгдэгч А.Эрдэнэбатын цагдан хоригдсон 3 хоногийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,
Шүүгдэгч Г.Буянхишиг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол төмөр НО 4500864, замаг 864 дугаартай, дуран хараатай, ТИГР маркийн буу нэг ширхэг, ТОЗ-8М маркийн гол төмөр м24317, замаг 2491 дугаартай буу нэг ширхэг, 7.64 мм-ийн гол төмөр 725243002, замаг 023 дугаартай ZKK-600 маркийн буу нэг ширхэг, 1939 онд үйлдвэрлэгдсэн Маузер-98 бууны замаг бүхий сангийн ангид 72 см урттай 7.62 мм-ийн калибрийн гол төмөр залгаж хийсэн гол төмөр 9609, замаг ямар нэгэн дугааргүй буу нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.2-т заасны дагуу Архангай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж;
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасны дагуу хүчингүй болгож, 26-57 АРХ улсын дугаартай PICKUP маркийн 9.000.000 сая төгрөгийн үнэ бүхий автомашин нэг ширхэг, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4-р баг Урангийн толгой хорооллын 3-4 тоот 1726 м2 талбайтай 5.000.000 сая төгрөгийн үнэ бүхий газар, 300 м2 талбайтай хувийн үйлчилгээний зориулалттай 12.000.000 сая төгрөгийн үнэ бүхий барилга зэрэг эд зүйлсийг иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,
Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т заасны дагуу гэм хор учруулсны төлбөрт шүүгдэгч А.Эрдэнэбатаас 5.953.755 /таван сая есөн зуун тавин гурван мянга долоон зуун тавин тав/ төгрөг гаргуулж Архангай аймгийн Эрдэнэбулган сум 2 дугаар баг Арслан цохионы 10-21 тоотод оршин суух Гөлөгийн Амаржаргалд олгуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хангахгүй орхиж, Г.Амаржаргал нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Шүүгдэгч А.Эрдэнэбатад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу өршөөн хэлтрүүлж,
Шүүгдэгч А.Эрдэнэбат, Г.Буянхишиг нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдолд:
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 51 настай, сумандаа эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Их тамир сум Хан-Өндөр нутагт Хуурай гэх газар Т.Чоёнжүрмэд буу алдаж өөрийгөө буудаж буу алдсан энэ хэрэгт ах дүү нар нийлж намайг буруутган буу алдсан хэргийг надад тохож байна. Хүргэн ах Банзрагч, хүргэн ах Буянхишиг, талийгаачийн төрсөн ах Т.Цэрэнсоном, хүү Ц.Жанлавцогзол, дүү Т.Цэрэнпэлжээ нар үгсэн хуйвалдаж худал мэдүүлэг өгч байна. Хэрэг болох өглөө би буугаа шалгаад хүргэн ах Буянхишигт Тигр бууны магазиныг өгч Т.Цэрэнсономынд очсон. Т.Цэрэнсономын гэрээс бид гурав гарч ирээд Т.Чоёнжүрмэдэд ах Т.Цэрэнсоном буу сумаа өгөөд Буянхишигтэй түлээ хагалж байсан ах Банзрагч гэдэг хүн дээр Г.Буянхишиг Т.Цэрэнсоном хоёр буугүй очсон. Т.Чоёнжүрмэд ах Т.Цэрэнсономын винтов маркийн бууг авч машинд суух замдаа бууны хүхээгрүү сум хийж байсан. Сум хийж явахдаа энэ буу таны буунаас урт байна уу гэж надаас асууж байсан. Тэгээд буугаа сумлаад машины хойд зүүн хаалгаар суусан. Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 41-44 дүгээр хуудсанд Т.Цэрэнсономын винтов маркийн буугаар туршилт хийхэд миний тигр маркийн бууны мөрөвч мод машины шаланд тулсан байсан. Винтов маркийн буу машины шалнаас хөндий зайтай миний бууны дээр нь говх нь тигр бууны дахин сумлагч буюу бууны замагны босоо төмөрт тээглэж буудлага үйлдэгдэж байсан. Хатуу төмөр утсаар туршилт хийхэд тахийж гулжийгаад сумны чигийг зааж чадахгүй байсан. Харин нойлын бүдүүн утсаар бууны гол төмөрийн нүхээр оруулж ард нь бэхэлж уяад, сум гарсан цоорхой нүхээр гаргаж чангалж татахад сумны гарсан чигийг зааж байсан. Хэрэг болох үед буу дуугарсаны дараа машинд би ороход Т.Цэрэнсономын буунаас утаа гарч байсан. Гол төмрийн урд овоотой амнаас утаа гарч байсан. Т.Цэрэнсоном хамгийн түрүүнд машинд ирсэн чиний бууг татаад чиний буу алдлаа гэж Т.Цэрэнсономд би хэлсэн. Т.Цэрэнсоном машины дундуур хэвтэж байсан бууг авч машинаас гаран газар савж шидэж хаясан. Талийгаач Т.Чоёнжүрмэд аль буугаар буу алдаж өөрийгөө буудсаныг тогтоож өгнө үү. Талийгаачийн эхнэр Г.Амаржаргал нь шүүхэд янз бүрийн үг болон намайг гүтгэж өргөдөл өгч байна. Би цагдаа, прокурор, шүүхэд ямар нэгэн байдлаар нөлөөлж байгаагүй. Би дуудсан цаг бүрт ирж очдог байсан. Би хүний амь насыг хохироогоогүй. Би буу алдаж болгоомжгүй хүн алаагүй. Хилс хэрэгт гүтгэж ял сонсож, өршөөлд хамрагдаж байгаадаа би маш их гомдолтой байна хэргийг үнэн зөвөөр шийдэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд:
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05-р сарын 26 өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолыг 2017 оны 05-р сарын 31 ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс А.Эрдэнэбатыг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь буруу байна. Учир нь А.Эрдэнэбат, Г.Буянхишиг нарт холбогдох 201403000456 дугаартай эрүүгийн хэрэгт А.Эрдэнэбат нь амь хохирогч Т.Чоёнжүрмэдийг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн 26-57 АРХ улсын дугаартай Ниссан Пикап маркийн машин дотор Тигр маркын буугаар болгоомжгүйгээр буудсан гэх ямар ч нотлох баримт байхгүй, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80-р зүйлийн 80.1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдлыг /гэмт хэргийг яаж үйлдсэн. А.Эрдэнэбат буудсан юм бол яаж буудсан талаар/ нотолж тогтоож чадаагүй, хэрэгт мэдүүлэг өгсөн гэрч нар А.Эрдэнэбатыг бусдыг буудсан талаар мэдүүлдэггүй, харин талийгаачийг өөрөө буу алдчихлаа, буугаа татчихлаа гэж мэдүүлсээр байтал А.Эрдэнэбатыг буруутгаж байгаа шийтгэх тогтоолд дурьдагдсан шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй ойлгомжгүй байна. Хавтаст хэрэгт хэд хэдэн удаагийн мөрдөн байцаалтын туршилт хийсэн боловч одоог хүртэл ямар буугаар буудагдаж талийгаачийн амь нас хохирсоныг тогтоож чадаагүй байдаг юм. А.Эрдэнэбат нь бусдыг болгоомжгүй алаагүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Өмгөөлөгч миний хувьд давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцож дэлгэрэнгүй тайлбар хэлэх хүсэлттэй байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Эрдэнэцогтын гаргасан давж заалдах гомдолд:
Шүүгдэгч А.Эрдэнэбат, Г.Буянхишиг нарт холбогдох 201403000456 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд гаргасан Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Эрдэнэбатын өмгөөлөгч А.Эрдэнэцогт миний бие дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1.Энэхүү хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн;
2.Тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй;
3.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Эрдэнэбат нь талийгаач Т.Чоёнжүрмэдийг болгоомжгүйгээр буудаж алсан гэх үндэслэл тогтоогдоогүй буюу нотлогдохгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шүүгдэгч А.Эрдэнэбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
4. Давж заалдах гомдлын дэлгэрэнгүй үндэслэлийг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргана. Иймд давж заапдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
Миний бие шүүгдэгч А.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророор оролцож байна. А.Эрдэнэбатад холбогдох хэргийг Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцээд 53 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Эрдэнэбатыг гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Прокурор шүүгдэгчийг 3 үндэслэлээр буруутгаж байна. Нэгдүгээр А.Эрдэнэбатыг машинд байсан гэж, хоёрдугаарт Винтов маркийн буу талийгаачийн зүүн талд нь байсан, гуравдугаарт Тигр маркийн буу гохон дээр гараар хүрч байж дарагдана, тэгээд буудагдсан гэж үзэж буруутгаж байна. Прокурор А.Эрдэнэбатыг машинд байсан, Тигр маркийн буугаар талийгаачийг буудсан гэж дүгнэж буруутгаж байна. А.Эрдэнэбатыг машинд байсан гэж Т.Цэрэнсоном, Г.Буянхишиг, Д.Банзрагч, Ц.Жанлавцогзол нарын мэдүүлгийг үндэслэсэн байна. Эдгээр гэрчүүд А.Эрдэнэбатыг машинд байсан гэдгийг мэдүүлээгүй, харин машины гадаа байж байсан гэж мэдүүлсэн. А.Эрдэнэбат талийгаачийг яаж буудсан юм бэ, буудсан гэдгийг яаж тогтоосон юм бэ. Бусдыг яаж буудсаныг олж тогтоогоогүй байж хүнийг гэм буруутайд тооцож болохгүй. Тийм учраас А.Эрдэнэбат өөрийнхөө буугаар хүн буудаагүй, үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй учраас А.Эрдэнэбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Эрдэнэцогт шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Миний үндэслэлгүй гэж үзсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж тайлбар гаргаж байна. А.Эрдэнэбат би буу алдчихлаа гэж хэлээд бууж ирсэн гэсэн зүйл ярьлаа. Тийм нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Үндэслэлгүй тайлбар гаргаж болохгүй. Мөн прокурор шинжээчийн дүгнэлт гээд тайлбар гаргаж байна. Яг аль дүгнэлтийг яриад байгаа нь ойлгомжгүй байна. Ямар буугаар хэн буудсан гэдгийг зөвхөн бууны байрлалаар гэрчийн мэдүүлгээр тогтоосон гэдэг. Энэ нь хууль зөрчсөн асуудал болсон. Хүний амь настай холбоотой хэрэгт заавал шинжилгээ хийлгэнэ гэсэн байгаа. Тийм учраас энэ хэрэгт заавал шинжилгээг үндэслэл болгох ёстой байсан. Гэтэл шинжилгээгээр аль буугаар буудсан гэдгийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Бууны хонгио болон гарын арчдасаар илрээгүй. Олон улсад ийм төрлийн гэмт хэргийг бууны хонгио болон гарын арчдасаар илрүүлэх сонгодог арга байдаг. Хонгио байхгүй бол гарын арчдасаар илрүүлнэ. Гарын арчдасаар илрээгүй бол А.Эрдэнэбатыг гэм буруутай тооцож болохгүй. Гэтэл прокурорын дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь энэ хэрэгт холбоотой, буу буудагдах үед байгаагүй, дараа нь ирсэн гэрчүүдийн мэдүүлгээр А.Эрдэнэбатыг гэм буруутай гэж үзэж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна. Гарын арчдас байхгүй бол А.Эрдэнэбатыг буруутгаж болохгүй, энэ хэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болох ёстой байсан. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр маш ихээр чирэгдүүлж хохироосон. Гэтэл энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтууд байсаар байхад заавал нэг хүнийг буруутгах гэж хэт нэг талыг баримталж ажилласан нь харагдаж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд А.Эрдэнэбатыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолж чадахгүй байна. Энэ хэргийг 3 жил гаруй хугацаанд мөрдөж, шалгасан. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.17-д заасан гэм буруугүйд тооцох гэдэг зарчим үйлчлэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Эрдэнэбат гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй учраас хууль тайлбарлах болон нотлох баримттай холбоотой эргэлзээ үүссэн тохиолдолд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг баримтлах байх гэж найдаж байна. Мөн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д заасан хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг яллагдагч, шүүгдэгчийг ялгаж зааглах, ял хөндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн байгаа. Тэгэхээр А.Эрдэнэбат энэ хэргийг үйлдээгүй гэдэг нь эргэлзээгүй тогтоогдсон. Хавтаст хэрэгт А.Эрдэнэбатыг хүн буудаж алсан гэсэн нотлох баримт байхгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн үндэслэлгүй шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Эрдэнэбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар А.Эрдэнэбатад холбогдох хэрэгт гаргасан А.Эрдэнэбат, өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, А.Эрдэнэцогт нарын гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
Архангай аймгийн прокурорын газраас А.Эрдэнэбатыг Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Хуурай гэх газар 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн 26-57 АРХ улсын дугаартай Ниссан пикап маркийн авто машин дотор иргэн Т.Чоёнжүрмэдийг Тигр маркийн буугаар болгоомжгүй буудаж алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгдэгч А.Эрдэнэбатын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан гэрч Г.Буянхишиг, Т.Цэрэнсоном, Д.Банзрагч нарын мэдүүлэг, 2015 оны 06 сарын 25-ны өдөр хийсэн мөрдөн байцаалтын туршилт хийсэн тэмдэглэл, 3864 дугаартай дүгнэлт, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэн шүүгдэгч А.Эрдэнэбатыг гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үнэлж, дүгнэн үзэхэд шүүгдэгч А.Эрдэнэбат бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч нарын мэдүүлгүүд тогтвортой биш, гэрч Г.Буянхишигийн мэдүүлэг бусад гэрчийн мэдүүлгүүдээс эрс зөрүүтэй байхад А.Эрдэнэбатыг машинд хохирогчтой хамт байсан гэсэн үндэслэлээр болгоомжгүйгээр буу алдаж хохирогчийн амь насыг хохироосон гэж үзэх боломжгүй, тодруулбал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Эрдэнэбатыг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Тухайлбал:Т.Цэрэнсоном мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ... Манай гэрээс гарч талийгаач миний бууг авч машинд суусан...Миний винтов маркийн буу жолоочийн суудлын ард талийгаачийн зүүн талд хошуу нь дээшээ харсан байдалтай байсан, би буугаа авч машины хажууд газар хэвтүүлж тавиад талийгаачийг түшсэн гэх, /хх-50 дугаар тал/, ...Банзрагч ах гэрийн урд байсан түлээн дээр байж байхаар нь би Буянхишигтэй хамт очиж, өөрийнхөө бууг газарт тулаад юм яриад уулзаад байж байтал машин дотор буу тас хийж 1 удаа дуугарсан...гэх /хх412 дугаар тал/ мэдүүлгүүд нэг гэрчийн мэдүүлсэн мэдүүлэг гэхэд эрс зөрүүтэй, мөн гэрч Г.Буянхишиг мэдүүлэхдээ...Цэрэнсоном бид хоёр Банзрагч дээр очсон. Талийгаач винтов маркийн бууг авсан. Цэрэнсоном өөрийн винтов маркийн бууг талийгаачийн урд байсныг авч газар тавьсан болохыг мэдсэн...гэх /хх43-44дүгээр тал/,...Цэрэнсономын бууг талийгаач өөрөө машинд авч орсон юм. Би өмнө мэдүүлэг өгөхдөө болсон бүх зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн гэх /хх383 дугаар тал/ мэдүүлгүүд нь гэрч Т.Цэрэнсоном, Д.Банзрагч нарын мэдүүлгүүдтэй эрс зөрүүтэй, эргэлзээтэй, хэрэгт гэрчээр тогтоогдож гэрчийн мэдүүлэг өгсөн Г.Буянхишиг, Т.Цэрэнпилжээ, Ц.Жанлавцогзол, Т.Цэрэнсоном, Д.Банзрагч нар нь хохирогчийг хэн, ямар буу алдаж буудсан эсэхийг хараагүй, энэ талаар мэдүүлээгүй, тодорхой хэмжээний алслагдсан зайнд зогсож байгаад буу дуугараад хэсэг хугацааны дараа хэрэг болсон гэх машиныг онгойлгож юу болсныг мэдсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байхад дээрх гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэл болгож А.Эрдэнэбатыг гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн Гол төмөр НО 4500864, замаг 864 дугаартай, дуран хараатай, ТИГР маркийн буугаар буудлага үйлдэгдсэн нь эргэлзээтэй болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 11 сарын 21-ний өдрийн 5465 тоот...1.Шинжилгээнд нийт 166 см урттай, хайрцаг анги НО 4500864 дугаартай, замаг 864 дугаартай, хараа, самбар 300 метрийн хуваартай, 7.62х54 мм калибрийн гол төмөр бүхий, 2004 онд ОХУ-ын ИЖМАШ зэвсгийн үйлдвэрт ан агнуурын зориулалттай үйлдвэрлэсэн, хагас автомат ажиллагаатай, 10 сумны багтаамжтай магазин болон гэрэллэг дуран хараа угсарсан ТИГР загварын винтов бууг ирүүлжээ. 2. Шинжилгээнд ирүүлсэн буу нь хонгион хошууны бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй байна. 3.Уг галт зэвсгээр буудлага үйлдэгдэж болно. Бууг цэнэглэж /сумлаж/, гал хамгаалагчийг буудлагын горимд шилжүүлсэн үед гох дарахаас бусад тохиолдолд доргилт, цохилтоос буудлага үйлддэхгүй. Энэхүү буудлага үйлдэхийн тулд эхлээд гал хамгаалагчийг буудлагын горимд шилжүүлэн нээгээд, дараа нь замгийг хойш татаж бууг цэнэглээд, замгийг урагш түлхэж сумны байрыг бүрэн түгжсэн хойно гохыг дарж буудлага үйлдэнэ. 4.Хэргийн газраас хурааж авсан 4 ширхэг сумаар шинжилгээнд ирүүлсэн ТИГР загварын буу буудлага үйлдэнэ. 5.Тухайн буугаар хүн өөрийгөө буудах боломжтой эсэхийг туршилтаар тогтооно уу гэсэн дүгнэлт /хх-74х/,
10139 тоот ...шинжилгээнд ирүүлсэн бууны гол төмөрт дарь тортогийн найрлагын элементүүд илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн бууны гол төмөр болон сумны оролтын нүхнээс авсан гэх арчдсанд дарь тортогийн найрлагын элементүүд илэрч байна. Гарын арчдасуудад дарь, тортогийн найрлагын элементүүд илрэхгүй байна гэсэн дүгнэлт /хх77/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1006 дугаартай...1. Шинжилгээнд ирүүлсэн Тигр загварын галт зэвсэг нь буудлага үйлдсэний дараа замаг сумны байрнаас хонгиог гарган хаяж /үсэргэж/ байв. 2. Шинжилж буй Тигр загварын галт зэвсгийн сумны байранд 1 ширхэг сум, мөн магазинд 5 ширхэг сум багтана. 3. Шинжилж буй Тигр загварын галт зэвсгээр буудлага үйлдсэний дараа хонгио нь гацахгүй байна. Уг Тигр загварын галт зэвсгийн сумны байранд хонгио гацсан тохиолдолд замгийг гэдрэг татахад хонгио сумны байрнаас гарах боломжтой... гэсэн /2 хх-ийн 165/ дүгнэлтээс үзэхэд А.Эрдэнэбатын эзэмшлийн ТИГР загварын буугаар буудлага үйлдэгдсэн тохиолдолд хонгио нь гацахгүй сумны байрнаас гарах ба хонгио хэрэг болсон гэх машин дотор эсхүл ойр орчимд байх ёстой атал хонгио олдоогүй байх тул А.Эрдэнэбатыг буу алдсан гэж буруутгах боломжгүй юм.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 3864 дугаартай...1.Шинжилгээнд ирүүлсэн Тигр загварын галт зэвсэг нь буудлага үйлдсэний дараа дайз сумтай үед дарин цэнэгийн шаталтаас үүссэн хийн даралтын нөлөөгөөр бүлүүр бүхий замаг ухрахдаа хонгиог хаяж цохигчийг сойж, буцаах пүршний тусламжтайгаар буцахдаа дайзнаас сумыг авч сумны байранд хийж цэнэглэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн автомашинд гарсан 0.7х3 см, 1.2х3 см, 1.3х3.6 см тус тус хэмжээтэй нүхнүүд, 2.5х1.6 см хэмжээтэй мөр, 4.2х9 см хэмжээтэй эвдрэл зэрэг нь шинжилгээнд ирүүлсэн 7.62 мм калибртай ТИГР загварын галт зэвсэг болон 7.62 мм калибртай гар хийцийн галт зэвсгүүдээр буудлага үйлдэхэд таарч тохирох 7.62х54 мм /хошуу зүрхэвчтэй/ калибртай сумын үйлчлэлээр үүссэн байх боломжтой...гэсэн /3 хх-ийн 29-32 хуу/дүгнэлтэд дээрх 2 бууны аль нэгээр буудлага үйлдэгдсэн байж болохоор заасан байхад хэрэгт цугларсан нотлох баримтаар яг аль буугаар үйлдэгдснийг тогтоогоогүй байна.
Мөн мөрдөн байцаалтын шатанд хийсэн туршилтаар А.Эрдэнэбатыг бусдыг болгоомжгүй алсан гэж үзэх боломжгүй. Учир нь туршилт нь мөрдөгчийн санаачлагаар, түүний хяналтан дор явагддаг бөгөөд нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх үүрэг бүхий албан тушаалтны туршилт хийсэн тэмдэглэл нь өөр эх сурвалжаар тогтоогдохгүй байгаа тохиолдолд уг тэмдэглэлийг үнэлж, А.Эрдэнэбатыг бусдыг болгоомжгүй алсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Буянхишигийг мөрдөн байцаалтын шатанд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, Г.Буянхишиг нь гэрчээр болон сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө талийгаач Т.Чоёнжүрмэдийг Т.Цэрэнсономын бууг авч автомашинд суусан талаар тогтвортой мэдүүлэг өгдөг, шүүгдэгч Г.Буянхишигийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад гэрчүүдийн мэдүүлгээр батлагдаж байх тул түүнийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул түүнд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүх Г.Буянхишигт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа түүнийг цагаатгаагүй байгаа нь шийдвэр хуульд нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд А.Эрдэнэбат, Г.Буянхишиг нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан хэргийг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж, тэднийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Давж заалдах шатны шүүхээс А.Эрдэнэбат, Г.Буянхишиг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатган шийдвэрлэсэн тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол төмөр НО 4500864, замаг 864 дугаартай, дуран хараатай, ТИГР маркийн буу нэг ширхэгийг эзэмшигч Адилбишийн Эрдэнэбатад /буу эзэмшигчийн гэрчилгээ хх 106 хх/, ТОЗ-8М маркийн гол төмөр м24317, замаг 2491 дугаартай буу нэг ширхэгийг эзэмшигч Чойсүрэнгийн Түвдэннямд /буу эзэмшигчийн гэрчилгээ хх 31 хх/, карбин маркийн гол төмөр 725243002 буу нэг ширхэгийг эзэмшигч Гөлөгийн Буянхишигт, 1939 онд үйлдвэрлэгдсэн Маузер-98 бууны замаг бүхий сангийн ангид 72 см урттай 7.62 мм-ийн калибрийн гол төмөр залгаж хийсэн гол төмөр 9609, замаг ямар нэгэн дугааргүй буу нэг ширхэгийг эзэмшигч Чойсүрэнгийн Түвдэннямд /Т.Цэрэнсономд/ тус тус буцаан олгож, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 01 сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, 26-57 АРХ улсын дугаартай Пикап / PICKUP/ маркийн 9.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин нэг ширхэг, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4-р баг Урангийн толгой хорооллын 3-4 тоот 1726 м2 талбайтай 5.000.000 төгрөгийн үнэ бүхий газар, 300 м2 талбайтай хувийн үйлчилгээний зориулалттай 12.000.000 төгрөгийн үнэ бүхий барилга зэрэг эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2-ийн 2.1-т зааснаар хохирогч Г.Амаржаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэх нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүх А.Эрдэнэбат, Г.Буянхишиг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан тул мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд тус бүрт нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.2-т
тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, А.Эрдэнэбат, Г.Буянхишиг нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, А.Эрдэнэбат, Г.Буянхишиг нарыг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2-ийн 2.2-т зааснаар А.Эрдэнэбат, Г.Буянхишиг нарт урьд хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан үндэслэлээр гаргасан эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, 26-57 АРХ улсын дугаартай Пикап маркийн 9.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин 1 ширхэг, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4 дүгээр баг Урангийн толгой хорооллын 3-04 тоот 1726 м/кв талбайтай 5.000.000 төгрөгийн үнэ бүхий газар, 300 м/кв талбайтай хувийн үйлчилгээний зориулалттай 12.000. 000 төгрөгийн үнэ бүхий барилга зэрэг эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол төмөр НО 4500864, замаг 864 дугаартай, дуран хараатай, ТИГР маркийн буу нэг ширхэгийг эзэмшигч Адилбишийн Эрдэнэбатад, ТОЗ-8М маркийн гол төмөр м24317, замаг 2491 дугаартай буу нэг ширхэгийг эзэмшигч Чойсүрэнгийн Түвдэннямд, карбин маркийн гол төмөр 725243002 буу нэг ширхэгийг эзэмшигч Гөлөгийн Буянхишигт, 7.62 мм-ийн калибрийн гол төмөр залгаж хийсэн гол төмөр 9609, замаг ямар нэгэн дугааргүй буу нэг ширхэгийг эзэмшигч Чойсүрэнгийн Түвдэнням нарт тус тус буцаан олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2-ийн 2.1-т зааснаар хохирогч Г.Амаржаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
В.ЦЭЦЭНБИЛЭГ