Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0342

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, цахимаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 289 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 289 дүгээр шийдвэрээр:  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01-11/5807 дугаар албан мэдэгдэл, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/1083 дугаар захирамжийн иргэн Г.Б-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1143 дугаар захирамжийн иргэн Г.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт болон нотлох баримтыг буруу тогтоосноос шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 07 дугаар сарын 31- ний өдрийн 01-11/3807 дугаар албан бичгээр Газрын тухай хууль тогтоомж зөрчин зохих зөвшөөрөлгүй илүү талбай ашигласан, мөн зөвшөөрөлгүй барилга барьсан тул хүчингүй болгох тухай мэдэгдсэн мэдэгдэл болон биечлэн уулзалт хийж байсныг шүүх үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, иргэн Г.Б-ийн газрын хувийн хэрэг, газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээний дагуу газраа эзэмшээгүй, үл хөдлөх эд хөрөнгөө зөвшөөрөлгүй талбай дээр барьсан, илүү талбай ашиглаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримт, агаар сансрын зурагнаас тодорхой харагддаг. Улмаар шүүхээс 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл 14 жилийн турш илүү талбай хашаалан ашигласан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “удаа дараа” гэх нөхцөлд хамаарахгүй байна гэж дүгнэсэн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Б нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01-11/3807 дугаар  мэдэгдэл, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/1083 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1143 дугаар захирамжийн иргэн Г.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзвал зохих нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1143 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь буруу тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01-11/3807 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

          Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 07 дугаар сарын сарын 31-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01-11/3807 дугаар албан бичигт  “...зохих зөвшөөрөлгүй талбайн хэмжээг нэмэгдүүлэн, илүү талбай ашигласан мөн зөвшөөрөлгүй барилга барьсан зөрчил гаргасан байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье” гэсэн байх бөгөөд ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар мэдэгдсэн албан бичиг нь нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, харин захиргааны акт гаргахаасаа өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэж буй сонсох ажиллагааны хэлбэр байх тул захиргааны акт гэж үзэхгүй.

 Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1083 дугаар захирамжийн иргэн Г.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий А/1083 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.3, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5, 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах тухай журам, Газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.7, З.9 дэх хэсгийг тус тус баримтлан, нэхэмжлэгч Г.Бийг “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 1350 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” 40.1.1 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасан бөгөөд хариуцагч нь “газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэдэгт  “илүү талбай хашаалж ашигласан, газрын төлбөрийг хугацаанд нь төлдөггүй, дуудлага худалдааныг үнийг төлөөгүй” гэж буруутгасан.

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэх зөрчлөөр гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй талаар зөв дүгнэлт хийсэн, илүү талбай ашигласан зөрчлийг “удаа дараа” гэж үзэх боломжгүй талаар холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2007 оноос хойш өнөөдрийг хүртэл 14 жилийн турш илүү талбай хашаалан ашигласан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “удаа дараа” гэх нөхцөлд хамаарахгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх гомдлыг хангах боломжгүй.

“Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1143 дугаар захирамжийн иргэн Г.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий А/1143 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг үндэслэн  “Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1350 м.кв газрыг иргэн Г.Б зөвшөөрөлгүй эзэмшиж, мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.Б-д Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, ТАХОС-ны замын урд байрлах 1350 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/635 дугаар захирамжаар мөн уг газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай олгосон байх ба тэрээр эзэмшил газрын хэмжээнээс хэтрүүлэн илүү талбай хашаалан эзэмшиж байгаа нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 13/622 тоот албан бичиг, газар ашиглалтыг харуулсан агаарын зураг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдсон, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 02-06/4668 дугаар албан бичгээр 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор газраа чөлөөлөхийг мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан тул маргаан бүхий актаар нэхэмжлэгч Г.Бийн хэтрүүлэн эзэмшиж буй газрын хэмжээнд чөлөөлөхөөр шийдвэрлэх нь хуульд нийцэх бөгөөд нэхэмжлэгчийн 1350 м.кв эзэмшил газрыг хамруулах боломжгүй.

Харин нэхэмжлэгч Г.Б-ийн илүү хашаалан эзэмшиж буй газрын хэмжээг нарийвчлан тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1143 дугаар захирамжийг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоос “нотлох баримтыг буруу тогтоосноос шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй” гэх гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 289 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас заримыг ханган, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/1083 дугаар захирамжийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1143 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн,

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бийн “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01-11/3807 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1143 дугаар захирамж хүчингүй болохыг мэдэгдсүгэй” гэж тус тус нэмж,  2, 3, 4 дэх заалтын дугаарлалтыг 4, 5, 6 болгож өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

   

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Д.Батбаатар      

      ШҮҮГЧ                                                                        А.Сарангэрэл

      ШҮҮГЧ                                                                          О.НОМУУЛИН