Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 308

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч С.Оюунжаргал

шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч Р.Түвшинбат

хохирогч Ц.Б, түүний өмгөөлөгч С.Сансартуяа

шинжээч Б.Д

иргэний хариуцагч Ц.Ц

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903013940044 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, “....” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6; эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 0-0 тоотод оршин суух, ялгүй, УР000000 дугаарын регистртэй, Найман овогт Х.Х

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Х.Х 2019 оны 12 дугаар сарын 09-ний орой 23 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өгөөж” ХХК-ийн уулзвар замд “Таймэн ложистик сервисэс” ХХК-ний эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 91-52 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөнөөс гарцаар гарч явсан явган зорчигч 25 настай Ц.Б-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Х.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

            Үйлдсэн хэрэг, гэм буруугийн талаар надад маргах зүйл байхгүй. Гэхдээ би хохирогчийг тухайн үед үнэхээр харж амжаагүй. Хоёр эмэгтэй зам хөндлөн гарч байхыг нь хараад тэдгээрийн урдуур гартал гэнэт мөргөөд зогссон. Хохирогчид эхлээд эм тарианы мөнгө гэж 50.000 төгрөг өгсөн, дараа нь томографик зураг авхуулна энэ тэр гэхээр нь нэмж 350.000 төгрөг нийт 400.000 төгрөг өгсөн. Би хохирогчтой тохиролцоод мөнгө өгье гэсэн боловч их мөнгө нэхээд байсан. Хохирол гарвал төлөх болно гэв.

 

            Хохирогч Ц.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

            Миний хувьд залуу хүн, гомдолтой байна. Шүүгдэгч Х-аас 400.000 төгрөг авсан нь үнэн. Гэвч надаас уучлалт гуйгаагүй, хохиролд гэж мөнгө өгөхгүй байна. Би эмнэлэгүүдээр явж зөвлөгөө авахад миний хөлийг ердийн байдлаар мөд эдгэрэхгүй, дор хаяж 2 жил болно гэж хэлсэн. Өрөөсөн хөл маань нөгөө хөлнөөсөө нарийн болчихсон байна лээ. Би үсчинээр ажилладаг байсан. Хавтаст хэрэгт 830.620 төгрөгийн баримт авагдсан байгаа. Одоо ажилгүй байсан хугацааны цалин, хүүхдийн цэцэрлэгийн төлбөр, байрны түрээсийн мөнгө энэ тэр гээд нийт 8.743.700 төгрөг нэхэмжилнэ гэв.

 

            Иргэний хариуцагч Ц.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

            Би “Таймэн ложистик сервисэс” ХХК-д хуулийн зөвлөх ажилтай. Х нь манай компанид жолоочоор ажилладаг юм. Миний хувьд хохирогчтой уулзья гэсэн боловч өөртэй чинь ярих юм байхгүй, Хтай л уулзана гээд байсан. Нотлох баримтын хэмжээнд хохирол төлбөр гарсан тохиолдолд манай байгууллага төлөхгүй гэхгүй гэв.

 

            Шинжээч эмч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

            Хохирогч Б-н биед учирсан чагтан холбоос бага зэрэг суналттай гэсэн нь гэмтлийн хөнгөн зэрэгт, дотор холбоос хэсэгчилсэн урагдал гэсэн нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт тус тус хамаарна. Хэсэгчилсэн урагдал гэдэг нь бөөн багц байсан шөрмөс задарсаныг хэлж байгаа юм. Үүнийг мэс ажилбар хийж эмчилнэ гэв.   

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Х.Х-ыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн” гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1903013940044 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Гэмт хэрэг гарсан тухайн үеийн нөхцөл байдал хийгээд гэмт хэргийг хэн үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ц.Б “… 2019 оны 12 дугаар сарын 09-ний орой 23 цаг өнгөрч байхад ажпаа тараад гэртээ харихаар Өгөөжийн уулзвар дээр явж байсан. Тухайн үед зам хөндлөн гарах гээд ногоон гэрэл асахыг хүлээгээд зогсож байгаад явган хүний ногоон гэрэл дохио асахаар нь явган хүний гарцаар зам хөндлөн гарсан, тухайн үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч байх үед миний зүүн гар талаас нэг машин гэнэт орж ирээд намайг мөргөөд газарт унагасан, миний нуруу, гарын тохой, мөр хэсэг өвчтэй, зовиуртай байгаа би биеэ эмчлүүлсэн. Ажилгүй байх хугацааны цалин, мөн ослын улмаас гар утас хагарсан хохирлоо нэхэмжилж байна. Надад жолооч 350.000 төгрөг өгсөн” /хх-н 23-24, 27/ гэж,

гэрч О.Б “... би 2019 оны 12 дугаар сарын 09-ны орой найз Болормаатай “Өгөөж” ХХК-ний хажуунаас “Crand Plaza” явах замд Өгөежийн баруун урд талын уулзвар ертенцийн зүгээр зүүнээс баруун тал руу явган хүний гарцаар гарах үед эхлээд улаан гэрэл асаж байсан, тэгэхээр нь би найзтайгаа хамт ногоон гэрэл асахыг хүлээгээд зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн гарч эхэлсэн, тухайн үед манай найз бид хоёрын урд талд нэг залуу алхаад явж байсан, тэгтэл тэр залууг зүүн гар талаас нь нэг цагаан өнгийн, Toyota Рrius маркийн суудлын авто машин ирээд мөргөөд газарт унагасан, би тухайн үед машиных зургийг гар утсан дээрээ авсан юм. Нөгөө залуу машинд мөргүүлэх үед гар утас нь газарт шидэгдээд унасан, тэгэхээр нь бид хоёр нөгөө машинд мөргүүлсэн залуу дээр гүйж очоод шууд 103-т дуудлага өгсен. Тэгтэл хажуунаас нэг цагдаа хүрээд ирсэн, цагдаад дуудлага егсөн үү гэж асуусан, тэгэхээр нь би өгөөгүй байна гэж хэлтэл нөгөө машины жолооч би дуудлага өгчихье гэж хэлээд цагдаа руу залгаж байсан. Тэнд байсан цагдаа та хоёр одоо явж байж болно гэхээр нь манай найз бид хоёр яваад өгсөн” /хх-н 38-39/ гэж,

гэрч Б.Б“... найз Бямбадэлгэрийн хамт Хүүхдийн 100-гийн тэндээс гэр рүүгээ явж байтал “Өгөөж” ХХК-ний баруун урд талын уулзвараар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тал руу уулзварын хойд талын явган хүний гарцаар гарах үед явган хүний гэрэл дохио улаан гэрэл асаж байсан. Тухайн үед манай найз бид хоёрын урд талд нэг залуу зогсож байсан. Тэгээд би найзтайгаа хамт ногоон гэрэл хүлээгээд зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн гарч эхэлсэн. Тухайн үед манай найз бид хоёрын урд талд явж байсан залууг зүүн гар талаас нь нэг цагаан өнгийн, Toyota Prius маркийн суудлын авто машин зорчих хэсгийн голын эгнээнд мөргөөд газарт унагасан. Манай найз бид хоёр тухайн үед явган зорчигчийг мөргөсөн автомашиных нь зургийг гар утсан дээрээ авсан. Тухайн үед нөгөө залуу машин мөргүүлэх үед гар утас нь газарт шидэгдээд унасан. Манай найз машинд мөргүүпсэн залуу дээр гүйж очоод, би утсыг нь авсан. Тэгээд манай найз Бямбадэлгэр шууд 103-т дуудлага өгсөн” /хх-н 45-46/ гэж,

гэрч Г.Б “... Х бид хоёр гэр рүүгээ харихаар ажлаасаа гарсан. Бид тус тусдаа машинтай явсан. Би тухайн үед Хын машин араас машинтайгаа дагаад явж байсан. Гэтэл Х Өгөөжийн уулзварын ертөнцийн зүгээр зүүн талаас нь ороод баруун гар тийшээ буюу хойд зүг рүү эргээд зогсчихсон. Тэгэхээр нь би машиныг өнгөрч зогсоод Х дээр яваад очтол Х нэг залууг машины урд талд газраас өргөөд босгож байсан. Нөгөө залууг Х машиндаа суулгасан. Нөгөө залуу ар гэрийхэндээ мэдэгдэж байсан. Цаанаас ойрхон цагдаа ирж байсан. Тэгээд би Хад явлаа шүү гэж хэлээд явчихсан” /хх-н 42-43/ гэж,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ц.Ц “... манай байгууллагын зүгээс жолооч нь гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд хохирогчид тухайн ослын улмаас учирсан хохирлыг баримтаар нэхэмжилсэн тохиолдолд барагдуулж өгнө. Манай байгууллагын зүгээс жолоочоос нэхэмжпэх хохирол, гомдол байхгүй” /хх-н 36/  гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Ц.Б-ий гэмтэлтэй холбоотойгоор Ц.Б-ий биед урд чагтан холбоос бага зэрэг суналт, дотор холбоос хэсэгчилсэн урагдал, дунд чөмөгний дотор булуу, шаантны гадна булуу, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чаварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн 114 тоот дүгнэлт,

Мөн “Ц.Б-ий биед урд чагтан холбоос бага зэрэг суналт, дотор холбоос хэсэгчилсэн урагдал, дунд чөмөгний дотор булуу, шаантны гадна булуу, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Ц.Б-ий биед дотор холбоос хэсэгчилсэн урагдал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, урд чагтан холбоос бага зэрэг суналт, дунд чөмөгний дотор булуу, шаантны гадна булуу, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн мөргөгдөх цохигдох гэх мэт хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чаварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. Ц.Б-ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Гэмтэл нь гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаардаг. 2019.12.12-ны өдрийн гаргасан дүгнэлтэнд: ... гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж гаргасан нь бичиглэлийн алдаа байна. Ц.Б-ий биед учирсан дотор холбоос хэсэгчилсэн урагдал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн 289 тоот дүгнэлтийг

тус тус Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 63-64, 133-134/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Х.Х-ыг ““автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Х-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал, шүүгдэгчийн хувийн байдал үүнд: түүний ар гэрийн байдал, гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь харгалзав.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хавтаст хэрэгт 830.620 төгрөгийн нэхэмжлэлийн баримт авагджээ. /хх-н 31-32/ Эдгээр баримтыг шүүгдэгч Х.Х-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хортой холбоотой гэж шүүх үнэлэв.

 

Хэдийгээр зарим баримтууд жишээ нь эм тариа худалдаж авсан гэх НӨАТ-ын баримтууд эмчийн заавар, амбулторийн картаар давхар нотлогдох ёстой. Гэвч цаг хугацааны хувьд хохирогчид учирсан гэмтлээс хойшхи хугацаатай тохирч байхын зэрэгцээ хэрэв хүн өвчлөөгүй бол сайн дураараа эм тариа, өвдөгний бэхэлгээ авч хэрэглэхгүй гэсэн уялдаа холбоо гарч байна. Түүнчлэн хөл нь гэмтсэн хүн эмнэлэгт үзүүлэхээр явган явахгүй нь тодорхой тул автомашины газ /түлш/ авсаныг үгүйсгэхгүй. Мөн хохирогч Ц.Б-ий осолд орох үед түүний гар утас газар унасан талаар гэрчүүд мэдүүлжээ. Иймд TEDY төвөөс гар утасны дэлгэц авсаныг гэм хорын хохирол гэж үзнэ.

Энэ мэтчилэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг нотолгооны шаардлага хангасан гэж шүүх үзсэн болно. 830.620 төгрөгийн баримтаас шүүгдэгч Х.Хын өгсөн гэх 400.000 төгрөгийг хасч тооцвол 430.620 төгрөг болж байна.

Хохирлыг иргэний хариуцагч “Таймэн ложистик сервисэс” ХХК-аас гаргуулж хохирогч Ц.Б-д олгох нь зүйтэй.

“Таймэн ложистик сервисэс” ХХК нь буруутай этгээд буюу шүүгдэгч Х.Х-тай Иргэний хуулийн зохих заалтын дагуу асуудлаа хэлэлцвэл зохино.

 

Харин хохирогч Ц.Б, түүний өмгөөлөгч С.Сансартуяа нарын шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн,

Үүнд: 2019 оны 12 дугаар сарын 10-наас 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал цалингийн гэх 5.423.080 төгрөг,

Хүүхдийн цэцэрлэгийн төлбөр сард 300.000 төгрөгөөр тооцож, 2019 оны 12 дугаар сарын 10-наас 2020 оны 1 дүгээр сарыг дуустал 490.000 төгрөг,

46 тоот байрны түрээсийн мөнгө сард 500.000 төгрөгөөр тооцож, 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэлх нийт 2 сая төгрөг

зэргийг нэхэмжилж байгааг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Учир нь; хохирогч Ц.Б “The Green Hair Club” гэх салонд үсчинээр ажилладаг гэх боловч тухайн байгууллагад ажилд авсан гэх тушаал, шийдвэр байхгүй, байгуулсан гэх “Хөдөлмөрийн гэрээ” нь хуулийн шаардлага хангахгүй, “The Green Hair Club” салоны цалингийн тооцоогоор нэг сард 1.5 сая төгрөгийн цалин авч байсан гэх боловч Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтгүй, “Орон сууц хөлслөх гэрээ”-г гэмт хэрэг гарсанаас хойш буюу 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зэрэг эргэлзээтэй баримтууд авагджээ.

 

Гэвч шүүхийн зүгээс хохирогч Ц.Б-ий гэмт хэргийн улмаас хохирсон байдлыг, түүний нэхэмжлэл гаргах эрхийг үгүйсгээгүй бөгөөд гол нь нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нэхэмжлэл гаргах нь зүйтэйг сануулж, өөрийн хөлний эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлийг цаашид гаргах эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Х.Х цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Тээврийн прокурорын газраас хэргийн хамт ирүүлсэн № 200740 дугаартай Жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Х.Х-д буцаан олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Найман овогт Х.Х-ыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Х-ыг 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Х.Х нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Х.Х цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Б гомдолтой гэснийг, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

№ 200740 дугаартай Жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Х.Хад буцаан олгосугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Таймэн ложистик сервисэс” ХХК-аас 430.620 төгрөг гаргуулж хохирогч Ц.Б-д олгосугай.

 

6. Хохирогч Ц.Бий нотлох баримт бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Х-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

 

8. Шүүгдэгч Х.Х шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.Х-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ