Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2020/ДШМ/590

 

Хад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

хохирогч Ц.Бийн өмгөөлөгч С.Сансартуяа,

шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч Р.Түвшинбат,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/308 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Хын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1903013940044 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Н овгийн Хийн Х, 1980 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, “Тайман ложистик сервисэс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 54 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Х.Х нь 2019 оны 12 дугаар сарын 9-ний орой 23 цаг 50 минутын орчим, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өгөөж” ХХК-ийн уулзвар замд “Таймэн ложистик сервисэс” ХХК-ийн эзэмшлийн “Toyota Prius” загварын 91-52 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөнөөс гарцаар гарч явсан явган зорчигч 25 настай Ц.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Х.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Найман овогт Хабдилийн Хыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Хыг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Х.Х нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Х.Х цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Бэ гомдолтой гэснийг, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж, №200740 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Х.Хад буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Таймэн ложистик сервисэс” ХХК-аас 430.620 төгрөг гаргуулж хохирогч Ц.Бэд олгож, хохирогч Ц.Бийн нотлох баримт бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Хад гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, шүүгдэгч Х.Х шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд мэдэгдэж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Х.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “Таймэн ложистик сервисес” ХХК-д жолооч ажилтай бөгөөд үүргээ гүйцэтгэж харих замдаа компанийн машинаар явж байгаад зам тээврийн осол гаргаж, хүний биед хүндэвтэр хохирол учруулсан. Энэ хэрэгт манай компани иргэний хариуцагчаар татагдаж хохирол төлөхөөр болсон юм. Компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Манай компани баримтаар тогтоогдсон хохирлыг бүрэн төлнө” гэж мэдүүлсэн. Гэтэл шүүхээс Х.Х нь хохирлоо төлөөгүй, төлөх төлбөрийн чадваргүй тул торгох ял оноох боломжгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, манай компани хохирлыг төлнө гэсэн ба миний бие өөрийн гэсэн цалин орлоготой, шүүхээс оноох торгох ялыг төлөх боломжтой. Шүүхээс надад 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг эрүүгийн хариуцлага хүндэдсэн, хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж үзээгүй гэж үзэж байна. Миний бие ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Эрхэлсэн ажилтай, түүгээрээ гэр бүлээн тэжээн тэтгэдэг. Санамсар, болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдож байна. Гэмт хэргийн хохирлыг компани бүрэн төлж барагдуулах боломжтой. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан надад оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Х.Хын өмгөөлөгч Р.Түвшинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд Х.Хын гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхээс хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Учир нь, Х.Х нь бага насны дөрвөн хүүхэдтэй амьдардаг. Өмгөөлөгчийн зүгээс “анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан хэлбэрээр гараагүй байх тул заруулж өгнө үү” гэсэн хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч “залруулах боломжгүй, та гомдол гаргах эрхтэй” гэсэн хариу өгсөн. Шүүхийн шийтгэх тогтоолын  удиртгал болон тогтоох хэсэгт шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг бичсэн нь шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Ц.Бийн өмгөөлөгч С.Сансартуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол төлбөр төлөх хугацаа хангалттай байхад өөрийн санаачилгаар төлж барагдуулаагүй атлаа торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн нь эргэлзээ төрүүлж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...“ гэв.

            Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Анхан шатны шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Х.Х нь 2019 оны 12 дугаар сарын 9-ний орой 23 цаг 50 минутын орчим, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өгөөж” ХХК-ийн уулзвар замд “Таймэн ложистик сервисэс” ХХК-ийн эзэмшлийн “Toyota Prius” загварын 91-52 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөнөөс гарцаар гарч явсан явган зорчигч Ц.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Бийн “...Би ... “Өгөөж” ХХК-ийн уулзвар дээр ... ногоон гэрэл дохио асахаар нь ... явган хүний гарцаар зам хөндлөн гарч байх үед миний зүүн гар талаас нэг машин гэнэт орж ирээд намайг мөргөөд газарт унагасан. Миний нуруу, гарын тохой, мөр хэсэг өвчтэй, зовиуртай байгаа. ...” /хх 26-27/,

иргэний хариуцагч Ц.Цогтсайханы “...Манай байгууллагын зүгээс жолооч нь гэм буруутай нь тогтоогдсон болон хохирогчид тухайн ослын улмаас учирсан хохирлыг баримтаар нэхэмжилсэн тохиолдолд барагдуулж өгнө. Манай байгууллагын зүгээс жолоочоос нэхэмжлэх хохирол, гомдол байхгүй. ...” /хх 36-37/,

гэрч О.Бямбадэлгэрийн “...Би найзтайгаа хамт ... ногоон гэрэл асахаар нь зам хөндлөн гарч эхэлсэн. Тухайн үед ... бид хоёрын урд ... нэг залуу алхаад явж байсан. ...Тэр залууг зүүн гар талаас нь нэг цагаан өнгийн 19-52 УНӨ улсын дугаартай “Тоёота Приус” загварын автомашин мөргөөд газарт унагасан. ...” /хх 38-40/,

шинжээч Б.Даваасүрэнгийн “...Ц.Бийн биед учирсан чагтан холбоосны урагдал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 54-55/,

Х.Хын яллагдагчаар өгсөн “...Осол болох үед Өгөөж” ХХК-ийн уулзвар дээр ертөнцийн зүгээр зүүн талаас орж ирээд хойшоогоо буюу баруун гар тал руу эргээд явтал явган хүний гарцан дээр ... зам хөндлөн гарч байсан ... хоёр эмэгтэй хүний урдуур нь тойроод гарах үед машины зүүн урд талд дуугарсан. ...Тоормоз гишгээд хартал хүн газарт унаж байсан. ...Явган зорчигч зам хөндлөн гарахдаа явган хүний гарцтай хэсгээр зам гарсан. ...” /хх 91-94/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 114 дугаартай “...Ц.Бийн биед урд чагтан холбоос бага зэрэг суналт, дотор холбоос хэсэгчилсэн урагдал, дунд чөмөгний дотор булуу, шаантын гадна булуу, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 63-64/,

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 9 дугаартай “...”Тоёота Приус” загварын 91-52 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Хабдил овогтой Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө. ...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...” /хх 81/ гэх дүгнэлтүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-5/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийг үзүүлэлт /хх 6-9/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Х.Хыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Х.Х нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.7 дахь заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь “урд чагтан холбоос бага зэрэг суналт, дотор холбоос хэсэгчилсэн урагдал, дунд чөмөгний дотор булуу, шаантын гадна булуу, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтлүүд учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Х.Хын “...Миний бие “...Шүүхээс Х.Х нь хохирлоо төлөөгүй, төлөх төлбөрийн чадваргүй тул торгох ял оноох боломжгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, манай компани хохирлыг төлнө гэсэн ба миний бие өөрийн гэсэн цалин орлоготой, шүүхээс оноох торгох ялыг төлөх боломжтой. Шүүхээс надад 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг эрүүгийн хариуцлага хүндэдсэн, хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээгүй гэж үзэж байна. Миний бие ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Эрхэлсэн ажилтай, түүгээрээ гэр бүлээн тэжээн тэтгэдэг. Санамсар, болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдож байна. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан надад оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөн торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Х.Хын үйлдсэн болгоомжгүй гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч Ц.Бийн гэм хорын хохирол бүрэн барагдаагүй, цаашид эмчилгээтэй холбоотой зардлаа жич нэхэмжлэх эрхтэй талаар шүүх зааснаас гадна шүүгдэгч Х.Хын үйлдсэн гэмт хэрэгт нь 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял сонгон хэрэглэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Хын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/308 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Хын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ