Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00113

 

У  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01548 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2033 дугаар магадлалтай,

У  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ө ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 54.893.202 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч У  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компани нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22/2015 дугаар бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу Ө ХХК-д Монгол улсын стандарт шаардлагад нийцсэн  нийт 35.390.860 төгрөгийн үнэ бүхий авто замын борооны ус зайлуулах сувгийг  нийлүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Гэрээний 1.4-т зааснаар Ө ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нийт төлбөрийн 50 хувийг, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үлдсэн 50 хувийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан боловч өдий хүртэл төлөөгүй.   Хариуцагчид удаа дараа албан бичгээр шаардлага хүргүүлж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар огт арга хэмжээ аваагүй төдийгүй, тус компанийн хүргүүлсэн шаардлагад огт хариу өгөлгүй 2016 оны 03 дугаар сарын 25-ныг хүргэсэн.  Ө ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 19/16 дугаар албан бичгээр хариу ирүүлэхдээ нийлүүлсэн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байна гэсэн байна. Тус компани Монгол улсын чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн бөгөөд бүтээгдэхүүн хүлээлгэн өгөхдөө тээвэрлэх, буулгах, ашиглах зааварчилгааг бүрэн өгсөн.

Иймд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 35.390.860 төгрөг, гэрээний 1.4.3-т зааснаар тооцсон алданги 14.510.253 төгрөг, хохирол болох өмгөөлөгчид төлсөн хөлс 4.992.089 төгрөг нийт 54.893.202 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө ХХК шүүхэд болон шүүхэд хуралдаанд тайлбар гаргаагүй болно.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01548 дугаар  шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар Ө ХХК-иас 54.893.202 төгрөгийг гаргуулж, У  ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432.416 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-иас 432.416 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У  ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2033 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01548 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ө ХХК-иас 49.901.113 төгрөгийг гаргуулж У  ХХК-д олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.992.089 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 432.416 гэснийг 407.455 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ө ХХК-ийн төлсөн 432.417 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх: "... нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 4.992.089 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор... тогтов” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Өмгөөллийн үйл ажиллагаа нь шүүхийн нэгэн адил мэргэшлийн үйл ажиллагаа бөгөөд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч өөрийн эрх, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах шаардлагаар үүсч буй тул өмгөөлөгчид төлсөн хөлс нь хариуцагчийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдсэн, нэхэмжлэгчид учирсан шууд хохирол юм. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол нэхэмжлэгчид энэ бодит хохирол учрахгүй байсан тул энэ нь хариуцагчийн буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм. Шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж, өмгөөллийн хөлс болох хохирлыг хангаагүй хэмжээгээр нэхэмжлэгч хохирч байна. Иймд нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 4.992.089 төгрөгт холбогдох хэсэгт давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дүгээр зүйлийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн өмгөөллийн хөлсөнд холбогдох 4.992.089 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч У  ХХК нь хариуцагч Ө ХХК-с 54.893.202 төгрөг нэхэмжлэхдээ худалдсан бүтээгдэхүүний үнэ 35.390.860 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүйн алданги 14.510.253 төгрөг, хохирол буюу өмгөөлөгчид төлсөн хөлс 4.992.089 төгрөг гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан бол давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс буюу 4.992.089 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.  

Зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 28-ний өдөр байгуулагдсан Бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээгээр У  ХХК нь авто замын борооны ус зайлуулах сувгийг стандартын дагуу үйлдвэрлэж нийлүүлэх, Ө  ХХК нь төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 15-ний өдөр төлж дуусгах, заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээт ажлын нийт дүнгээс 1-30 хоногт хоног тутамд 0.2 хувиар, 30-60 хоногт 0.3 хувиар, 60-аас дээш хоногт хоног тутам 0.4 хувиар алданги төлөхөөр тохирчээ.

Гэрээний дагуу нэхэмжлэгч нийт 35.395.860 төгрөгийн бүтээгдэхүүн  нийлүүлсэн боловч хариуцагч төлбөрийг төлөөгүй болох нь хэргийн баримтаар  тогтоогджээ /хэргийн 5-30 дугаар тал/.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзал, түүнтэй холбоотой тайлбар, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж дүгнэн хариуцагчаас бүтээгдэхүүний үнэ, алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т нийцсэн боловч өмгөөлөгчийн хөлстэй холбоотой шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэжээ.

Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зохицуулсан талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн боловч нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч хөлсөлж оролцуулах, эрх зүйн туслалцаа авсан нь эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлого гэж тооцогдохгүй буюу шууд шалтгаант холбоотой үүссэн хохирол биш” гэж дүгнэсэн нь буруу.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно гэж заасан. Н.Энхцэцэгт 4.992.089 төгрөг олгосон бэлэн мөнгөний зарлагын баримт хэрэгт авагдсан байх боловч тэрээр уг мөнгийг олгох хүсэлт гаргасан, уг хүсэлтийг эрх бүхий этгээд зөвшөөрсөн эсэх, энэхүү зардлыг компанийн санхүүгийн тайлан бүртгэлд хэрхэн тусгасан нь тодорхой бусаас гадна мөнгийг бэлнээр олгох үндэслэлийг нотолсон баримтгүй байна. 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2033 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Н.Энхцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 94.823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ