Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2017/02466

 

 

                

 

 

 

 

 

 

       2017 оны 11 сарын 13 өдөр

        Дугаар 183/ШШ2017/02466

            Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Ж нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.Г холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, хариуцагч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэнд-Аюуш нар оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Г бид хоёр 2003 онд гэр бүл болж, бидний дундаас 2004 оны 6 дугаар сарын 13-нд охин Г.Ц, 2008 оны 8 дугаар сарын 01-нд охин Г.Т нар төрсөн. Бид хоорондын таарамжгүй харьцаанаас болж, 2011 оноос хойш тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд хоёр хүүхэд бид хоёр дээр ирж очин байсан ба би 2014 онд Шинэ нисэх буудлын төсөл дээр ажиллах болж, хоёр хүүхэд аав дээрээ нэг хэсэг байж, миний бие амралтын өдрүүд, тэмдэглэлт баяр, хичээлийн амралтаар хүүхдүүдээ авч байсан. Бид цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хоёр охин маань надтай хамт амьдарна, миний асрамжид байна гэж хэлдэг. Охин хүүхдүүд ээжийгээ дагасан нь зөв гэж бодож байна. Иймд хүүхдүүдийг миний асрамжид үлдээж өгнө үү. Эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв. 

 

            Хариуцагч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2003 онд гэр бүл болж, 3, 4 дүгээр хороололд байр түрээсэлж амьдардаг байсан. Тэгээд БНСУ-д очиж амьдарч байгаад 2011 онд Монголд ирсэн бөгөөд энд ирэхээс өмнө нэхэмжлэгч нь салах талаар ярьдаг байсан. 2011 оны 10 дугаар сард би буцаж ирсэн. Түүнээс хойш маргаан тасрахгүй байсаар 2011 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа нь үнэн. Би хүүхдүүдийг авч, өөрийн эцгийн гэрт хамт амьдарч байсан бөгөөд нэхэмжлэгч нь тэмдэглэлт баяр болон зуны амралтаар нь авдаг, би ч түүнд нь саад учруулж байгаагүй. Салах өргөдлийг Д.Ж гаргасан бөгөөд хүүхдүүдийг ойр зуурын хэрэглээний зүйлстэй нь хамт энэ намар аваад явсан. Цаашид хамтран амьдрах боломжгүй нь тодорхой болсон тул гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Эвлэрэх талаар уулзаж ярьж байсан боловч зөвшөөрдөггүй. Хүүхдүүдийг болдог бол өөрийн асрамжид байлгах хүсэлтэй байгаа боловч болохгүй юм шиг байна. Хүүхдүүдийг шүүхэд дуудаж санал авахад эхийнхээ асрамжид байна гэсэн мэдүүлэг өгсөн байна лээ. Би хүүхдүүдийн сургууль шилжүүлэх асуудлыг эсэргүүцэж байсан боловч хүүхэд өөрөө шилжих хүсэлтэй байсан болохоор шилжүүлсэн. “Монгени” цогцолбор сургуульд хоёр охин сурч байгаа. Нэгэнт байдал ийм болсон болохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Харин хүүхдүүдэд данс нээлгэж, түүнд нь хийх хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                        

 

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

     Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

     М.Г Д.Ж нар 2003 онд танилцан гэр бүл болж, гэрлэлтээ албан ёсоор батлуулсан байх бөгөөд тэдний дундаас 2004 оны 6 дугаар сарын 13-ны өдөр охин Г.Ц, 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдөр охин Г.Т нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

     М.Г, Д.Ж нар зан харьцааны таарамжгүй байдал, бие биенээ үл ойлголцох байдлаас болж 2011 оноос хойш тусдаа амьдарч, гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд орсон боловч эвлэрүүлэн зуучлал үр дүнд хүрээгүй, амжилтгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

  Зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэмж, эд хөрөнгийн талаар маргаангүй харилцан тохирсон байх тул тэдний тохирсноор гэрлэлтийг цуцалж, 2004 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Г.Ц, 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Г.Т нарыг эх Д.Ж-ийн асрамжид үлдээж, хуульд зааснаар хүүхдүүдийг эцэг М.Г-аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

   Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”,

 

 26.2-т “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”,

 26.4-т “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ”,

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх,

 

 Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1-д “…эцэг, эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ”,

 

 9 дүгээр зүйлийн 3-т “хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг, эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ” гэж тус тус заасан байна.

 

  Д.Жнь хууль болон конвенцийн дээрх заалтуудын дагуу охин Г.Цэлмэг, Г.Т нарыг эцэг М.Гийхнарангийн хайр халамжийг хүртэх, түүнтэй байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг хүндэтгэх, эцэг М.Г-г Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4-т заасан үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг эх Д.Ж-т даалгах нь зүйтэй гэж үзлээ. 

 

    Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

     1.Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар М.Г, Д.Ж нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2004 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Г.Цэлмэг, 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Г.Т нарыг эх Д.Жийн асрамжид үлдээсүгэй.

 

           3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2004 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Г.Ц, 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Г.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, хүүхэд тус бүрийг эцэг М.Г-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

            4.Гэрлэгчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

 5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Г-г эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Д.Ж-т даалгасугай.

 

  6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Г-аас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ж-т олгосугай.

 

       7.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

          

 

                        ДАРГАЛАГЧ                                    Д.ДАВААСҮРЭН