Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 201

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Б.Долгормаа,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

  шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____ тоот, 1 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ______ дугаарын регистртэй, Мангал овогт Амгалангийн Санжмятав.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Амгалангийн Санжмятав нь 2018 оны 02 дугаар сарын 11-нээс 2018 оны 02 дугаар сарын 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 89А дугаар байрны 5 тоот дахь иргэн Н.А-ийн уламжлалт эмчилгээний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч алкопрост эм 36 ширхэг, натуроник эм 10 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.136.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Сын өгсөн:

“...Би 2018 оны 02-р сард Улаанбаатар хотод байсан. Тухайн үед би “Түмэндэлгэр Далай” ХХК-д орон тооны бус барилгын туслах ажилтнаар түр ажиллаж байсан ба “Хүннү” хотхоны барилгын ажил дээр ажиллаж байсан. Би тэр үед өөрийн хамаатны ах Цагаанаа буюу Б-тай хамт ажилладаг байсан. Харин 2018 оны 02-р сарын 10-ны орой 18:00 цагийн үед би ажлаа тараад тухайн үед хамт ажиллаж байсан У гэх залуутай /Угийн бүтэн овог нэр болон утасны дугаар, гэрийг нь мэдэхгүй ээ/ хамт ажлаасаа гараад Сансарт байдаг Венус нэртэй караокед очиж нэг хүний 0.5 литрийн 3-4 шил пиво уусан. Тухайн үед У бид хоёр хоёулахнаа л пиво уусан. Тэгээд би Венус караокеноос гараад Угаас салаад ганцаараа явсан. Тэгээд би ганцаараа таксидаад Баянгол дүүргийн 3-р хороонд байрлах Нарны хорооллын 18-р байранд Цагаанаа ахын гэрт очсон. Тэгээд би ах Цагаанаа буюу Б-аас таксины мөнгө нэхэж байснаа муухан санаад байгаа юм. Харин ахынхаасаа гараад хаашаа явснаа санахгүй байна. Нэг мэдэхэд өглөө Хүннү хотхонд ажлынхаа хувцас солих өрөөнд сэрсэн. Би хэдэн цагийн үед ажил дээрээ очсноо санахгүй байна. Би маш амархан согтоод тасарчихдаг болохоор үнэхээр юу ч санахгүй байна. Би Баянгол дүүргийн 17-р хорооны 89А байранд өмнө нь огт очиж байгаагүй. Надад уг байранд таньдаг хамаатан садан байхгүй. Энэ байрыг хаана байдгийг ч мэдэхгүй.

Би 2018 оны 02-р сарын 11-ний өдөр “Хүннү” хорооллын тэнд барилгын ажилд туслахаар ажиллаж байсан. Тэгээд би орой 19:00 цагийн үед ажлаа тараад шууд 21-р хороололд Цэвэлмаа эгчийн гэрт очоод тэндээ хоносон. Би 2018 оны 12-р сарын 11-нээс 12-нд шилжих шөнө гадуур гараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 93-95, 136-137/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Н.А-ын өгсөн:

            “...Би 2018 оны 02 дугаар сарын 11-ний орой 15 цагийн үед Баянгол дүүргийн 17 хороонд байрлах өөрийн ажлын байр болох 80а-05 тоотын гаднаас нь сайтар түгжээд явсан юм. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 08 цаг 40 минутын үед хуучин над дээр эмчилгээ хийлгэдэг хоёр хүн эмчилгээг хийлгэх гээд ирэхэд хулгай орсон байдалтай байна гээд надруу залгасан. Тэгэхээр нь би өөрийн ажил дээр ирээд үзсэн чинь хулгай орчихсон цагдаа нар ирчихсэн байсан. Вакум цонхоор орсон байсан. Манай газраас 86 ширхэг алкопрост нэртэй эм, 10 ширхэг натуроник, 2 ширхэг цэнхэр өнгийн залгуур болон эм тариа алдагдсан байна. Бүгдийг нь тодорхой хэлж чадахгүй байгаа. Би 36 ширхэг алкопрост нэртэй эм, 10 ширхэг натуроник эмийг ОХУ-аас захилж авсан юм. Тэгээд 1 ширхэг алкопростын үнэ 90.000 төгрөг, харин натуроник нь 40.000 төгрөг байдаг юм. Би нийт 33.700.000 төгрөгөөр бүгдийг нь авч байсан юм...” гэх  мэдүүлэг /1-р хх-н 22-23/, 

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Г-ийн өгсөн:

            “...Манай ээж Нямхүүгийн А- нь Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах 89А байрны 1 дүгээр давхрын 05 тоотод хүмүүст уламжлалт эмчилгээ түр хийж байсан юм. Уг байр нь манай ээжийн танилын байр юм байна лээ. Тэгээд ээж ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулалгүйгээр тохиролцоод түр байрлаж эмчилгээ явуулсан юм. Манай ээж А- нь Оросын Холбооны улсын Санкт Петербург хотод ажиллаж амьдардаг юм. Монголдоо жилдээ ганц удаа л ирдэг болохоор намайг энэ хэрэгтээ хохирогчоор оролцоорой гээд итгэмжлэл үлдээгээд явсан. Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан манай ээж А- нь 2018 оны 02-р сарын 11-ний өдөр ажлаа тараад гэртээ ирэхдээ уламжлалт эмчилгээ хийж байсан газар болох 89А байрны 05 тоотод нь хулгай орж Алкопрост нэртэй эм 36 ширхэг, Натуронк эм 10 ширхэг тус тус алдагдсан талаар ярьсан. Эд зүйлийн үнэлгээгээр Алкопрост эм 1 ширхэг нь 81.000 төгрөгөөр, Натуроник эм 1 ширхэг нь 22.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээтэй санал нэг байна. Би гэм буруутай хүнээс эмнүүдийнхээ 3.136.000 төгрөг, эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн 80.000 төгрөгөө тус тус нэхэмжилж байна. Би шүүх хуралд оролцох хүсэлтгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 26-27, 187-188/,

 

            Мөрдөн байцаалтад шинжээч Б.Түвшинбаатарын “...Гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан 4ш гарын мөрнөөс 1ш гарын мөр нь Амгалангийн Санжмявавын гарын мөртэй шинжилгээгээр тохирсон. Уг “8” гэж дугаарласан вакум цонхны дотор талаас бэхжүүлж авсан 1 ширхэг гарын мөр нь Амгалангийн Санжмятаваас өөр хүний гарын мөр байх боломжгүй. Учир нь миний гаргасан дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлт дээр гарын хээний ерөнхий шинж тэмдэг болох зүүн гогцоо, хувийн онцлог шинж тэмдэг болох 1 гэж тэмдэглэсэн салаалалт, 2 гэж тэмдэглэсэн нийлэлт, 3 гэж тэмдэглэсэн нийлэлт, 4 гэж тэмдэглэсэн нийлэлт, 5 гэж тэмдэглэсэн нийлэлт, 6 гэж тэмдэглэсэн салаалалт, 7 гэж тэмдэглэсэн салаалалт, 8 гэж тэмдэглэсэн нийлэлт гэсэн шинж тэмдгүүд нь дахин давтагдашгүй байдаг юм. Гарын мөрний шинэ хуучин эсэхийг, мөн цаг хугацааг тогтоох боломжгүй.

Миний гаргасан шинжээчийн дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлтэнд П-9 гэсэн тэмдэглэгээ байгаа. Уг тэмдэглэгээ нь зүүн гарын ядам хурууны тэмдэглэгээ байгаа юм. Тэгэхээр Санжмятавын зүүн гарын ядам хурууны хээ тохирсон гэсэн үг. Уг ядам хурууны хээ нь нийт 8 шинж тэмдгээр тохирсон...” гэх мэдүүлэг /1-р хх-н 52-53, 135/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.А-ийн “...Би 2018 оны 02-р сарын 12-ны өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэр өдөр өглөө 09:30 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах 89А байрны 01 дүгээр давхрын 05 тоот өрөөнд вакум цонх түлхэж хулгай орсон байна гэсэн дуудлага ирсэн. Миний бие уг дуудлаганд криминалистикийн шинжээч Түвшинбаатарын хамт очиж хэргийн газрын үзлэг хийсэн. Хэрэг гарсан 05 тоот өрөө нь тус байрны 1 давхрын 1 дүгээр орцны хажуу талд цонхтой байсан. Уг байр нь дотроо нийт 2 өрөөтэй байсан ба 1 өрөөнд нь эмчилгээний орнууд, харин нөгөө өрөөнд нь эм эмнэлгийн хэрэгслүүд болон бусад эд хогшлууд байсан. Тус байранд хэргийн газрын үзлэг хийхэд байрны хаалга ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн байсан. Харин эмчилгээний орнууд байсан ертөнцийн зүгээр зүүн талын өрөөний хойд зүг харсан цонхны зүүн талын порчик онгорхой байсан бөгөөд уг цонхны порчикоор хулгай орсон шинжтэй байсан. Хэргийн газрын үзлэгээр  криминалистикийн шинжээч Түвшинбаатар вакум цонхны рамны дотор талын гадаргуугаас 3 ширхэг гарын мөр, мөн тухайн өрөөнд байсан эм байсан гэх цаасан хайрцагны гадна гадаргуугаас 2 ширхэг гарын мөр тус тус бэхжүүлж авч хэргийн газрын үзлэгт тусгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 134/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.З-ын өгсөн:

            “...Би cap өдрийг нь санахгүй байна Баянгол дүүргийн 17-р хороо Модны хоёрт байрлах 89А байрны 1 дүгээр давхарт А- эмч дээр хүзүүний бариа засал хийлгүүлж байсан юм. Тэгтэл cap өдрийг нь санахгүй байна ямар ч байсан 2018 оны өвөл өглөө эрт 09:00-10:00 цагийн үед уг 89А байрны 5 тоотод А- эмчид бариулах гээд иртэл уг бариа хийдэг 5 тоот байрны орц руу харсан вакум цонх нь онгорхой байдалтай, хулгай орсон байсан. Надаас гадна бас нэг эмэгтэй бариулах гээд ирсэн байсан. Тэгээд тухайн үедээ би А- руу утсаар залгаад энэ тухай хэлтэл нэг их удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 138/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 01/132 тоот:

            1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,6 гэж дугаарласан 5 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.

            2. Шинжилгээнд ирүүлсэн 8 гэж дугаарласан вакум цонхны дотор рамнаас илрүүлж бэхжүүлж авсан 1 ширхэг гарын мөр нь санд MN004510004218 дугаараар бүртгэгдсэн Амгалан овогтой Санжмятавын гарын дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.

            3. Шинжилгээнд ирүүлсн 1,2,3,6 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр нь санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас, эзэнгүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэх дүгнэлт /1-р хх-н 45-51/,
 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 01/303 тоот:

            1. 2018.02.16-ны өдөр криминалистикийн шинжээч Б.Түвшинбаатарын гаргасан 01/132 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар хариулах боломжгүй.

            2. Шинжилгээнд тэнцэх 3 гэж дугаарласан гарын мөр нь Рэгзээ овогтой Элдэв-Очирын баруун гарын эрхий хурууны дардастай, 6 гэж дугаарласан гарын мөр нь Амгалан овогтой Санжмятавын зүүн гарын ядам хурууны дардастай, 2018-107-БГД гэсэн дугаараар бүртгэгдсэн гарын мөр нь А.Сын гарын хээний дардастай тус тус тохирч байна.

            3. Хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөр шинэ хуучин аль нь болохыг тогтоох боломжтой эсэх талаар хариулах боломжгүй гэх дүгнэлт /1-р хх-н 200-201/,

 

           - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-13/,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 76, 98/

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 78/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.С нь 2018 оны 02 дугаар сарын 11-нээс 2018 оны 02 дугаар сарын 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 89А дугаар байрны 5 тоот дахь иргэн Н.А-ийн уламжлалт эмчилгээний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч алкопрост эм 36 ширхэг, натуроник эм 10 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.136.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Н.А-ын “...Би 2018 оны 02 дугаар сарын 11-ний орой 15 цагийн үед Баянгол дүүргийн 17 хороонд байрлах өөрийн ажлын байр болох 80а-05 тоотын гаднаас нь сайтар түгжээд явсан юм. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 08 цаг 40 минутын үед хуучин над дээр эмчилгээ хийлгэдэг хоёр хүн эмчилгээг хийлгэх гээд ирэхэд хулгай орсон байдалтай байна гээд надруу залгасан. Тэгэхээр нь би өөрийн ажил дээр ирээд үзсэн чинь хулгай орчихсон цагдаа нар ирчихсэн байсан. Вакум цонхоор орсон байсан. Манай газраас 86 ширхэг алкопрост нэртэй эм, 10 ширхэг натуроник, 2 ширхэг цэнхэр өнгийн залгуур болон эм тариа алдагдсан байна...” гэх  мэдүүлэг, 

 

            хохирогч Б.Г-ийн “...манай ээж А- нь 2018 оны 02-р сарын 11-ний өдөр ажлаа тараад гэртээ ирэхдээ уламжлалт эмчилгээ хийж байсан газар болох 89А байрны 05 тоотод нь хулгай орж Алкопрост нэртэй эм 36 ширхэг, Натуронк эм 10 ширхэг тус тус алдагдсан талаар ярьсан...” гэх мэдүүлэг,

 

            шинжээч Б.Түвшинбаатарын “...Гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан 4ш гарын мөрнөөс 1ш гарын мөр нь Амгалангийн Санжмявавын гарын мөртэй шинжилгээгээр тохирсон. Уг “8” гэж дугаарласан вакум цонхны дотор талаас бэхжүүлж авсан 1 ширхэг гарын мөр нь Амгалангийн Санжмятаваас өөр хүний гарын мөр байх боломжгүй...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Б.А-ийн “...Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах 89А байрны 01 дүгээр давхрын 05 тоот өрөөнд вакум цонх түлхэж хулгай орсон байна гэсэн дуудлага ирсэн. ...Хэргийн газрын үзлэгээр криминалистикийн шинжээч Түвшинбаатар вакум цонхны рамны дотор талын гадаргуугаас 3 ширхэг гарын мөр, мөн тухайн өрөөнд байсан эм байсан гэх цаасан хайрцагны гадна гадаргуугаас 2 ширхэг гарын мөр тус тус бэхжүүлж авч хэргийн газрын үзлэгт тусгасан. ..” гэх мэдүүлэг,

 

            гэрч Б.З-ын “...Баянгол дүүргийн 17-р хороо Модны хоёрт байрлах 89А байрны 1 дүгээр давхарт А- эмч дээр хүзүүний бариа засал хийлгүүлж байсан юм. Тэгтэл cap өдрийг нь санахгүй байна ямар ч байсан 2018 оны өвөл өглөө эрт 09:00-10:00 цагийн үед уг 89А байрны 5 тоотод А- эмчид бариулах гээд иртэл уг бариа хийдэг 5 тоот байрны орц руу харсан вакум цонх нь онгорхой байдалтай, хулгай орсон байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ш.Цэвэлмаагийн “...А.С нь ...2018 оны 02-р сарын 11-нээс 12-нд шилжих шөнө гэртээ ... ирж хоноогүй...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 01/132 тоот дүгнэлт,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 01/303 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А.Сыг хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 3,136,000 төгрөгийг шүүгдэгч А.Саас гаргуулж хохирогч Н.А-ат олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч А.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Сыг гэм буруугүйд тооцож, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Сын шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Мангал овогт Амгалангийн Санжмятавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар А.Ст оногдуулсан 02 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Саас 3,136,000 төгрөг гаргуулж хохирогч Н.А-ад олгосугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч А.Сд авсан хувийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Сын шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

           

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ