Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2017/0581/З |
Дугаар | 879 |
Огноо | 2017-11-28 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 879
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч “С” ХХК-ийн” нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Баян сумын нутаг, Урд холбоо нэртэй 933.76 гектар бүхий ************* дугаартай талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...“С” ХХК нь Төв аймгийн Баян сумын нутаг Урд холбоо нэртэй 933.76 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өргөдөл гаргаж NЕ-******* дугаарт бүртгүүлсэн. Кадастрын хэлтсээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолтыг “С” ХХК-нд олгохдоо “өргөдөл бүртгэгдсэнээс хойш ажлын 20 өдрийн дотор өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдэгдлийг авна уу” хэмээн тусгасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг нарийвчлан хуульчилсан байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрлийг бүртгэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т зааснаар анхан шатны шүүлт хийсний дараа хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т заасны дагуу “... хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэх” тогтоодог. Төрийн захиргааны байгууллага хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т заасан шаардлагыг хангасан гэж үзэж хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.2.-т “ ... 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой болохыг мэдэгдэх” гэж заасны дагуу өргөдөлд анхан шатны шүүлт хийж тусгай зөвшөөрөл олгох боломжтой учир 19 дүгээр зүйлийн 19.3 “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана” гэх заалтыг үндэслэн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 6******* тоотоор Төв аймгийн Засаг даргад санал авахуулахаар хүргүүлсэн байдаг.
Гэтэл Төв аймгийн засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/1327 тоотоор NЕ-******* өргөдөлд дурдсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлснийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр кадастрын хэлтсээс нэхэмжлэгчид танилцуулсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т зааснаар Төв аймгийн Баян сумын нутаг Урд холбоо нэртэй 933.76 гектар бүхий хайгуулын талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээ, нөөцөд авагдаагүй, өөр хайгуулын талбайтай бүхэлдээ болон хэсэгчлэн давхцалгүй болох нь тогтоогдож байхад Төв аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэх заалтыг зөрчиж үндэслэлгүйгээр татгалзсан санал хүргүүлсэн байна. Татгалзсан саналдаа Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь заалтуудыг дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна. Мөн хуулийн 2.2-т “Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана”, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэжээ.
Засгийн газраас баталсан тогтоол шийдвэрийг төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга биелүүлэх, хэрэгжилтийг ханган ажиллах босоо удирдлагын үндсэн дээр өдөр тутмын үйл ажиллагаа явагдах зүй тогтолтой.
Засгийн газраас 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239 дугаар тогтоол, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолоор Төв аймгийн Баян сумын нутаг Урд холбоо нэртэй 933.76 гектар бүхий ************* талбайд ашигт малтмалын хайгуулын ажил хийх боломжтой талбай гэж баталсан байдаг.
Нэхэмжлэгч “С” ХХК-ийн зүгээс 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргасны дагуу 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 7/494 албан тоотоор Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасан нөхцөлийг хангахгүй буюу дэмжээгүй гэсэн санал ирүүлсэн тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ хариу нь хууль зөрчиж байна гэх дараах үндэслэл байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Төв аймгийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй буюу дэмжээгүй саналд үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр хүлээн авсан. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын тогтоол, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарах хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхийг аль нэг аймгийн Засаг дарга эдэлж, шийдвэр гаргаж байгаатай адилтгахаар дүр зураг харагдаж байна. Өргөдөл гаргасан компанид Засаг даргын дэмжээгүй саналыг танилцуулах бус хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж мэдэгдлийг хүргүүлэх, гардуулах ёстой. Гэтэл одоог хүртэл өргөдлийг шийдвэрлээгүй, мэдэгдэл хүргүүлээгүй байна. Улсын Дээд шүүхийн 2010 оны 09 тоот тогтоолд “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон, тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно.
Иймд Төв аймгийн Баян сумын нутаг, Урд холбоо нэртэй 933.76 гектар бүхий ************* дугаартай талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш оос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“...Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.11-т заасныг тус тус үндэслэн Монгол улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” , 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 511 дүгээр “Ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн солбицлыг тухай” тогтоолуудыг тус тус батлан гаргасан.
Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.
Нэхэмжлэгч компани нь Төв аймгийн Баян сумын нутаг Урд холбоо нэртэй 933.76 гектар бүхий талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гарган NE-******* дугаарт бүртгүүлсэн байна.
Кадастрын хэлтэст өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-т заасан шүүлт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг Төв аймгийн Засаг даргад 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 6******* тоотоор хүргүүлсэн.
Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/1327 тоотоор NE-******* дугаар өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлсэн байна. Дэмжихгүй саналын үндэслэлдээ Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь заалтыг дурдаж мөн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр хуралдааны тэмдэглэл, Баян сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар тогтоолыг үндэслэл болгосон байна.
Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь заалтыг хангахгүй байх тул нэхэмжлэгчийн гомдолд дурдсан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болно. Иймд “С” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК-иас “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “С” ХХК нь Төв аймгийн Баян сумын нутаг, Урд холбоо нэртэй 994 гектар бүхий Х2******* дугаартай талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан үзэж, “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” хэмээн үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 болон Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан журмын дагуу Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 6******* дугаар “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.
Хариуцагчийн хүргүүлсэн мэдэгдлийн дагуу Төв аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/1327 тоот албан бичгээр 14 дугаартай “дэмжихгүй” гэсэн хариуг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс ирүүлсэн байх бөгөөд уг албан бичигт нэхэмжлэгч “С ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх санал авахтай холбогдуулан гаргасан Төв аймгийн Баян сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрлийг дэмжихгүй тухай” 05 дугаар тогтоол, Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 15 дугаартай тогтоол болон Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны 34 дүгээр тэмдэглэлийг тус тус хавсаргажээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч “С” ХХК-нд Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “өргөдөлд дурьдсан талбайд тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” саналын талаарх 01/1327 дугаар албан бичгийг танилцуулсан байх бөгөөд уг “дэмжихгүй” саналын хууль зүйн үндэслэлийн талаар нэхэмжлэгч харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаагүй, харин “... Төв аймгийн Засаг даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй буюу дэмжээгүй саналд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хүлээн авсан..., дэмжээгүй гэсэн санал ирүүлснийг үндэслэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгч, тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль зөрчсөн...” хэмээн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан маргаж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасанчлан Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болох бөгөөд уг саналын хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн эсэхийг тухайн аймгийн Засаг дарга өөрөө хариуцаж тайлбарлахаас бус Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс аймаг, нийслэлийн Засаг даргын дэмжихгүй саналын хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянах, үнэлж дүгнэх эрхгүй, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжоор хариуцагчид нь ийм эрх хэмжээ олгогдоогүй байна.
Мөн түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасанчлан аймгийн Засаг даргаас дэмжсэн хариу өгсөн бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохоор байх тул аймгийн Засаг даргаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлснийг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болохыг мэдэгдсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг буруутгах боломжгүй гэж шүүх үзлээ.
Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бичгээр мэдэгдэж шийдвэр гаргаагүй” эс үйлдэхүй нь хууль зөрчсөн хэмээн маргаж байх боловч нэхэмжлэгч “С” ХХК-иас 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-******* дугаартай өргөдлийн дагуу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Төв аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/1327 дугаар албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч “С” ХХК-нд танилцуулсан, нэхэмжлэгчээс 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 12/1 тоот албан бичиг болон 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 017/1 дугаар албан бичгээр гаргасан өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хянан үзэж, 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 7/494 тоот албан бичгээр “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” байгаа тухай мэдэгдэл хүргүүлэн, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг Өдрийн сонингийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 041 дүгээр дугаарт нийтлүүлэх зэрэг ажиллагаа хийх зэргээр нэхэмжлэгчээс гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байсан бөгөөд энэ бүх хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчидтай удаа дараа уулзаж, тодруулж байсан гэх тайлбар, “шүүхийн маргаантай байгаатай холбогдуулан” нэхэмжлэгчийн өргөдлийг өнөөдрийг хүртэл хугацаанд эцэслэн шийдвэрлээгүй байгаагаа илэрхийлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 8/6566 болон 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 8/7164 дүгээр албан бичгүүд нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч “С” ХХК-ийн өргөдлийг ямар нэг байдлаар шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг хангалттай, тодорхой нотолж байна.
Иймд нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Төв аймгийн Баян сумын нутаг, Урд холбоо нэртэй 933.76 гектар бүхий ************* дугаартай талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 64 дүгээр зүйлийн 64.1-т заасныг тус тус үндэслэн “С” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Төв аймгийн Баян сумын нутаг, Урд холбоо нэртэй 933.76 гектар бүхий ************* дугаартай талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА