Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Б.Манлайбаярт холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор                                                                    Н.Цогтбаяр

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Ц.Бат-Эрдэнэ

            Шүүгдэгч                                                                   Б.Манлайбаяр

            Нарийн бичгийн дарга                                              Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Манлайбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн, Б.Манлайбаярт холбогдох 201603000333 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инжинер мэргэжилтэй, “Люксвүүд групп” ХХК-д нярав ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 63-2-34 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Буурал овогт Болдын Манлайбаяр /РД:РП89030111/

 

Б.Манлайбаяр нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Мод үржүүлгийн хашааны урд талын асфальтан зам дээр 13-22 УНН улсын дугаартай Норд бенз маркийн ачааны авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “Жолооч эсрэг урсгалтай хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Б.Төмөрхуягийн өмчлөлийн 98-26 УНН улсын дугаартай Х-Верна маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж зорчигч 7 настай Д.Энх-Учралын амь насыг хохироож, зорчигч А.Доржбаярын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Манлайбаярт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Буурал овогт Болдын Манлайбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Б.Манлайбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Манлайбаярт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 13-22 УНН улсын дугаартай Нортбенз маркийн автомашиныг “Люксвүүд групп” ХХК-д буцаан олгож, Шүүгдэгч Б.Манлайбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт хураагдсан №00810029 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч “Люксвүүд групп” ХХК-д буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Б.Манлайбаярын оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэгт хураагдан ирсэн №512762 дугаартай Б.Манлайбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйл, 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Отгондулам, иргэний нэхэмжлэгч Ж.Нурмаа нарын нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 1 300 000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр 499.1, 499.4-т зааснаар иргэний хариуцагч “Люксвүүд групп” ХХК-аас 2 072 073 /хоёр сая далан хоёр мянга далан гурав/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Отгондуламд, 553 665 /таван зуун тавин гурван мянга зургаан зуун жаран тав/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Азжаргалд, 574 000 /таван зуун далан дөрвөн мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ж.Нурмаад тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Отгондуламын нэхэмжилсэн 4 039 160 /дөрвөн сая гучи есөн мянга нэг зуун жар/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нар нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Манлайбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Б.Манлайбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Манлайбаярын гаргасан давж заалдах гомдолд:

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Буурал овогт Болдын Манлайбаяр миний бие 2016 оны 08 дугаар сарын 02-ны өглөө 04 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Цагаан давааны ард мод үржүүлгийн хашааны урд 13-22 УНН улсын дугаартай Норд Бенз маркийн автомашинтай Архангай аймгийн Өгийнуур сумаас Өндөр-Улаан, Цахир сумдад барилгын материал хүргэхээр албан ажлаа гүйцэтгэж явахдаа өөдөөс ирж явсан  98-26 УНН улсын дугаартай Верна аксент машинтай мөргөлдөж осол гаргасан. Шүүгдэгч Б.Манлайбаяр би гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруутай гэдэгтээ маргах зүйлгүй, хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас уучлал гуйж байна. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын хохиролыг өөрийн сэтгэлээр төлж байсан, цаашид ч бүрэн төлөхөө илэрхийлж байна. Шүүгдэгч миний бие эхнэр, 1-4 насны 2 охины хамт амьдардаг. Том охин Сонор 2012 оны 07 сарын 24-нд төрсөн, бага охин Мишээл 2016 оны 04 сарын 15-нд төрсөн. Эхнэр Болортуяа багш мэргэжилтэй боловч хүүхдээ хараад ажлаа хийж чадахгүй гэртээ байгаа. Мөн миний баруун хөл шилбээрээ тайрагдаж протезтэй 70 хувиар хугацаагүй группт байдаг. Одоогийн байдлаар хөл маань идээлж буглаад биеийн байдал хүнд байна. Миний ээж Үзмээ нь элэгний хорт хавдараар өвчилсөн хүнд байгаа. Би элэгний донор нь болох гээд шинжилгээ өгөх шатандаа явж байсан. Эдгээр байдлыг маань харгалзан үзэж биеэр эдлэх ялыг минь өөрчилж тэнсэн харгалзаж өгнө үү. Би тэнсэн харгалзах хугацаанд та бүгдийн итгэлийг бүрэн дааж чадна. Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгчтэйгээ оролцох хүсэлттэй байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд:

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Б.Манлайбаярын гэмт үйлдэл, гэм буруутайд өмгөөлөгчийн хувьд маргах зүйлгүй. Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэргийн хохирогч Адъяанэргүй нь “Манлайбаяр гомдол нэхэх, гомдол гаргах, нэхэмжлэх ял шийтгэл оноох хүсэл бодол байхгүй, Эмнэлэгийн болон санхүүгийн тусламж хүргэж байсан.. гэж гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсээр байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний хохирогч биш нарын гомдол саналтай, хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулахгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь буруу гэж үзэж байна. Харин шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохиролыг төлөх этгээд хохиролыг төлсөн болно. Б.Манлайбаяр нь хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, шилбэ гэмтэх тайрагдах оноштой, хугацаагүй тахир дутуугийн тэтгэмж тогтоогдсон, сая цагдан хоригдож байх хугацаандаа хиймэл протез хөлөө авч тавьж унтаж байгаад орноосоо унаж тархи толгойндоо гэмтэл авсан, 2 охин нь 5-1 настай, анх удаа болгоомжгүй тохиолдлын шинж чанартай хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт шууд эмнэлэгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирол /хор уршгийг/ төлсөн болон бусад онцгой нөхцөл байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан тэнсэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Б.Манлайбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулах шийдвэр гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиар шүүгдэгчид ашигтай, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломж бий болсон. Энэ хэргийн үйлдэл, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагын ямар байдлаар оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Шинэ эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-ийн 2-т заасны дагуу 5 жил хүртэл хугацаагаар тэнсэх, үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломж байгаа учраас энэ арга хэмжээг хэрэглэж өгөхийг шүүхээс хүсч байна. Мөн онцгой нөхцөл байгааг анхаарч үзэхийг хүсч байна. Иргэний нэхэмжлэгч болон хохирогч нарын гомдол саналын хувьд Ж.Нурмаа, Б.Азжаргал нарын шүүхэд шинээр өгсөн нотлох баримтуудын хувьд хуулбарын шинжтэй өмнө нь шүүхэд өгч байсан зардалын баримт байна. А.Отгондуламын хохиролын хувьд нотлох баримтын хэмжээнд хохиролыг бүрэн төлчихсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд шинэ нотлох баримт гаргаж өгөөгүй. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 10 дахь заалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нар нь бусад хохиролоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гэж шийдвэрлэснийг анхаарч үзэхийг шүүхээс хүсч байна. Шүүгдэгч Б.Манлайбаяр давж заалдах гомдолдоо хохиролоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлаа бичсэн байгаа. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд хохиролоо төлсөн буюу төлөхөө илэрхийлсэн байхыг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдалд хамааруулсан байна. Тийм болохоор Б.Манлайбаяр давж заалдах гомдолдоо хохиролоо төлсөн, цаашид гарах хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг юм. Эдгээр нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж өгнө үү. Протезтэй хүн ял эдлэхэд их хэцүү. Нэг удаа хөлөө тавьж унтаж байгаад орноосоо унаад тархи толгойгоо гэмтээсэн. Камерт нь энэ нь бичигдсэн байсан. Цагдан хорих байрны дарга нартай уулзаж байгаад өмгөөлөгч миний бие уулзсан. Ял эдлэхэд хэцүүгээс хэцүү хүн болчихоод байгааг шүүх бүрэлдэхүүн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлахдаа анхаарч харж үзээрэй. Ингээд хорих ялыг нь тэнсэж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зохих заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар Б.Манлайбаярт холбогдох хэрэгт гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Б.Манлайбаяр нарын гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Б.Манлайбаяр нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр Мод үржүүлгийн хашааны урд талын асфальтан зам дээр 13-22 УНН улсын дугаартай Норд бенз маркийн ачааны авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “Жолооч эсрэг урсгалтай хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Б.Төмөрхуягийн өмчлөлийн 98-26 УНН улсын дугаартай Х-Верна маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж зорчигч 7 настай Д.Энх-Учралын амь насыг хохироож, зорчигч А.Доржбаярын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-д гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж хуульчилжээ.

Иймд дээрх хуулийн заалтыг үндэслэн Архангай аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж, анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял оногдуулсныг өөрчилж, шүүгдэгч Б.Манлайбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.Манлайбаярт холбогдох хэргийн зүйлчлэл болох Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Манлайбаяр, иргэний хариуцагч байгууллага болох  Люксвүүд групп” ХХК нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг үндэслэн хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол, зардлыг төлсөн, цаашид гарах хохирол, зардлыг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Манлайбаярын хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, шилбэ гэмтэх тайрагдах оноштой, хугацаагүй тахир дутуугийн тэтгэмж тогтоогдсон зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй  тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Шүүгдэгч Б.Манлайбаярт ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн тул түүнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.4. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаартай магадлалаар Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолын

11 Шүүгдэгч Б.Манлайбаярт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилснийг өөрчилж, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчилсүгэй гэсэн нэмэлт заалт оруулж,

2 дахь заалтын Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Б.Манлайбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэснийг “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Манлайбаярыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж,

10 дахь заалтыг “Шүүгдэгч бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Отгондуламын нэхэмжилсэн 4.039.160 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нар нь бусад хохирлоо нотлох баримт бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж,

11 дэх заалтыг “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын 3, 7, 8 дугаар заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Манлайбаяр нь 80 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ДАВААСҮРЭН
 

                                                 ШҮҮГЧИД                              Н.ЭНХМАА

 

            В.ЦЭЦЭНБИЛЭГ