Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Гандолгор даргалж
            Улсын яллагч: Н.Цогтбаяр 
            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнгөнтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
              Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Чоёнгийн Бат-Эрдэнэд холбогдох 201603000520 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 08 сарын 18-нд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо Алтан-Овооны 28-49 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2004 оны 10 сарын 28-ны өдөр Архангай аймгийн Сум дундын шүүхийн 138 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, 2006 оны 01 сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 17 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2006 оны 07 сарын 02-ны өдрийн 1635 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 26 хоногийг өршөөн хэлтрүүлсэн, 2015 оны 12 сарын 14-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1159 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан Боржигон овогт Чоёнгийн Бат-Эрдэнэ /РД:АИ74081811/
            
     Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

    Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь тэнсэж хянан харгалзсан хугацаандаа буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт иргэн С.Гансүхийн итгэмжлэн өгсөн нэг тооны адууг завшиж, иргэн Гансүхэд 550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би С.Гансүхтэй драгон дээр танилцсан. Уг ачуулсан адууг завших бодол байгаагүй. Миний хүү Чойсүрэндорж нь Дарьхумбад, Сурмаажав нарын хэрэгт холбогдсоныг та бүхэн мэдэж байгаа байх. Би эцэг хүний хувьд хүүгийнхээ араас ирсэн. Архангай аймагт ирээд буцах үед С.Гансүх ах намайг адуу ачаад ирээч гэсэн. Ачаад явж байх үед Цэнхэр сумын колонкийн хажууд том ачааны машинтай зөрөхөд адуу үргэсэн. Тэгээд би замын унаанд гуйж ачуулсан. Эргээд С.Гансүх гуайтай холбогдох гэсэн боловч миний зүрх хүрээгүй, гирэвшсэндээ тухайн үед холбоо барьж чадаагүй. Нилээн удаан хугацааны дараа учир байдлыг хэлтэл “Би 2-3 үнээтэй хүн байгаа юм. Чи орны адууг нь авчраад өгчих” гэсэн. Би морь аваад явах гэсэн боловч Архангай аймаг малын цэцэг өвчин гарсан байсан тул ачиж аваачиж өгч чадаагүй. Гэм нь энэ адууг хэлэлгүй нядалж, хэрэглэсэн нь миний буруу. Надад уг адууг завшчихъя, залилчихъя гэсэн бодол байгаагүй. С.Гансүх гуайтай сайхан л танилцсан. Эхнэр нь засал ном хийдэг гэхээр нь эцэг хүний хувьд хүүхдээ үзүүлье гэж бодсон. 100000 төгрөгөөр ачиж аваачиж өгөөд хүүхдээ үзүүлчихвэл зүгээр юм болов уу л гэж бодож Архангайг зорьж ирсэн. Манай эхнэр хурал дээр ирсэн байна. 2 хүүхэд Улаанбаатар хотод сургуульд суралцдаг. Би том хүүтэйгээ энд байцаагдаж байгаа учир хэцүү л байна. Та бүхэн уг хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. 

Эрүүгийн 201603000520 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

    * Хохирогч С.Гансүхийн өгсөн: 

    “...2016 оны 07 сарын сүүлээр би Архангай аймгийн Цэнхэр сумаас уналгад хэрэглэх нэг морь Жанцандорж гэдэг хүнээс авсан юм. Өмнө нь танилцсан Бат-Эрдэнэ гэх залуу руу ярихад Архангай аймаг явах гэж байгаа талаар надад ярьсан. Ирэхдээ Жанцандорж гэх айлаас миний адууг амьдаар нь ачаад ирээч гэж хэлтэл зөвшөөрсөн. Тэгээд Жанцандорж гэдэг хүн рүүгээ яриад миний морийг Бат-Эрдэнэ гэдэг хүнд ачаад явуулчих гэж хэлчихээд Бат-Эрдэнэд Жанцандоржийн гэрийг заагаад өгсөн. Тэгээд 2016 оны 10 сарын 16-ны өдөр Бат-Эрдэнэ 21-45 УНЕ улсны дугаартай Бонго машинаар очоод миний морийг Жанцандоржийнхоос ачаад явсан байсан. Бат-Эрдэнэ надад ярихдаа би таны морийг ачаад Архангай аймгийн Хотонт суманд очоод хоёр хононо. Хотонт сумаас гэр ачаад ард нь таны морийг ачаад 3 дахь өдрийн өглөө гарна. Таны морь хонгор зүсмийн, эмнэг үрээ байна гэж хэлсэн. Би өөрөө худалдаж авсан морио хараагүй. Жанцандоржтой утсаар ярихдаа уналгад хэрэглэх морь өгөөрэй л гэж хэлсэн. Тэгээд Жанцандорж надад номхон морь байхгүй хязаалан насны эмнэг үрээ ачууллаа гэж утсаар хэлсэн. Тэгээд Бат-Эрдэнэ ярьсан өдрөөсөө хойш утсаар холбоо бариагүй. Би утас руу нь залгахад холбогдохгүй болсон. Тэгээд би Бат-Эрдэнэтэй холбоо барьж чадахгүй байж байхад над руу Өвөрхангай аймагт амьдардаг танил Мишигийн Бат утсаар яриад миний адууг Бат-Эрдэнэ нядалсан гэж хэлсэн. Шүдлэн насны, хонгор зүсмийн үрээ байсан. Жанцандорж гэдэг хүнээс мөнгөөр аваагүй. Надад идэш гэж өгсөн. Түүнийг нь би мал маллахдаа хэрэглье гэж бодсон. Би одоо уг адууг 600.000 төгрөгөөр үнэлж байна. би дахин уналганы морь худалдаж авахаар асуухад 600.000 төгрөг гэж хэлсэн. Бат-Эрдэнээс хохирлоо гаргуулж авахыг хүсэж байна.
Өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан. Би Бат-Эрдэнээс хонгор зүсмийн, хязаалан насны үрээ авсан. Надад гаргах санал хүсэлт байхгүй. Бат-Эрдэнэд холбогдуулан гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 41 дүгээр тал/

    * Гэрч Ж.Жанцандоржийн өгсөн: 

    “...С.Гансүх ах бид хоёр өмнөх жил танилцсан гэмгүй сайхан танилууд байгаа юм. Бид хоёрт төрөл садангийн харьцаа байхгүй. Би 2015 оны хавар Гансүх гэх ахтай танилцаж байсан. Тэр үед Гансүх ах эхнэрийн хамт төмөр болон хуванцар сав зараад хөдөөгүүр явж байсан. Би Гансүх ахын эхнэр Туяа эгчид юм мэргэлүүлсэнийхээ хариуд нэг адуу бэлэглэсэн. 2016 оны 10 дугаар сарын эхээр яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна. Гансүх ах над руу утсаар яриад танайд өнөөдөр нэг цагаан өнгийн бонго машин очиж, манай эхнэрт бэлэглэсэн адууг авна явуулаадахаарай гэж хэлсэн. Яриад удаагүй байтал цагаан өнгийн бонго машин манайд ирэхээр нь би тэр машинд бэлэглэсэн хул хонгор зүсмийн морио ачаад явуулсан. Би уг автомашины жолоочийг танихгүй. Жолоочтой нийлээд 2 хүн явж байсан. Би тэр хүнийг ч танихгүй. Уг машины улсын дугаарыг нь санахгүй байна. Миний морь хавчиг соёолон морь байгаа юм. Хул хонгор зүсмийн, зөв талынхаа гуя хаа хоёр дээр бундан тамгатай. Угаасаа унаж, эдлэгдээгүй, эмнэг, тарган морь байгаа юм. Миний морь ачиж явуулахад доглоогүй байсан. Махлагдуу 170 орчим метрийн өндөртэй залуу байсан санагдаж байна. Уг залууг одоо харвал танина. Содон шинж тэмдэг гэхээр юм байхгүй байсан санагдаж байна. би одоо сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/

    * Гэрч М.Мөнхбатын өгсөн: 

    “...би Төвшрүүлэх сумын Хөх сүм гэх газар мал маллан амьдардаг. Улаанбаатар хотод амьдардаг манай төрлийн Гансүх ах манай нутгийн Бат-Эрдэнэ гэх хүнээр нэг адуу Улаанбаатар руу ачуулахаар тохиролцсон тухайгаа надад утсаар ярьсан. Би 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр аймгийн төв орж, Гансүх ахад аваачиж өгөх ёстой байсан хонгор зүсмийн морио махлаад аймагт зарчихсан явж байсан гэж би сүүлд нь Гансүх ахаас дуулсан. Би тэр өдрөө гэртээ ирсэн. Маргааш өглөө нь буюу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өглөө айлын адуунд хураалгаатай явдаг гурван байдсаа олохгүй байсан. Гэтэл  өмнөх шөнө нь Бат-Эрдэнэ манай ойролцоох айлаас машины өндөрлөгөө гуйчихсан явсан алга болсон 3 байдасны 2 нь адуундаа гүйгээд ирсэн. Гэтэл Бат-Эрдэнэ Гансүх ахад өгөх ёстой байсан адууны толгойг өөр адууны махтай авч яваад Хархорины цагдаа дээр баригдсан гэж дуулсан. Гэхдээ Хархорины цагдаа нар автын хэргээр барьсан гэж дуулдаж байсан. Бат-Эрдэнэ Улаанбаатар хот руу шилжээд удаж байгаа. Өөрийн гэсэн адуу малгүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/

    * Гэрч С.Лусмаагийн өгсөн: 

    “...манай хүүхэд Чойсүрэндорж Архангай аймгийн шүүх дээр шүүх хуралтай байгаа. Манай нөхөр Чойсүрэндоржийг аваад 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймаг руу явсан. Манай нөхөр С.Гансүх гэдэг хүний морийг 2016 оны 10 дугаар сард Улаанбаатар хот хуу Цэнхэр сумаас ачиж авч явах гэж байгаад уг морины хөл нь ачих үед хугараад, аймагт зарчихсан, тэр асуудлаар дуудаж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/

    * Гэрч С.Нямын өгсөн: 

    “...2016 оны 10 дугаар сарын дундуур би гэртээ ганцаараа байж байхад манай нутгийн хүн Ч.Бат-Эрдэнэ цэнхэр өнгийн портер дээрээ хөл нь хугарсан хонгор зүсмийн адууг ачаад манайд ирсэн. Ч.Бат-Эрдэнэ надад хандан энэ адууг хүнд аваачиж өгөх гээд явж байтал энэ адуу машин дээрээс үсрээд хөлөө хугалчихлаа. Энэ адууг танайд янзлаад өөрөө аваад явъя гэж хэлсэн. Би тэгэхээр нь зөвшөөрөөд бид хоёр уг адууг янзлаад Бат-Эрдэнэ ачаад явсан. Хонгор зүсмийн үрээ байсан. Им тамгыг нь сайн ажиглаагүй. Би Чоёнгийн Бат-Эрдэнийн талаар тийм сайн мэдэхгүй. Гэхдээ даруухан, хүнд тусархуу залуу шиг байдаг байсан. Ойрын хэдэн жил Улаанбаатар хот руу шилжсэнээс нь хойш уулзаагүй байж байгаад манайд уг хөл нь хугарсан адууг янзлах гээд ирэхэд нь сүүлд уулзаж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар тал/ 

    Гэрч Б.Энхжаргалын өгсөн: 

    “...Ч.Бат-Эрдэнэ нь манай компанийн үйлчлүүлэгч гэдгээр нь мэднэ. Төрөл садангийн холбоо байхгүй. Ч.Бат-Эрдэнэ нь манай компанийн найдвартай зээлдэгчийн нэг. Би “Том Алт” ХХК-ны унаж явах зээл олгодог ломбарданд эрхлэгч албан тушаал дээр ажилладаг. 21-45 УНЕ улсын дугаартай Бонго Жи 2 маркийн тээврийн хэрэгсэл нь манай компанийн өмч мөн. Яагаад гэвэл 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр УЗ 153 дугаартай зээлийн гэрээгээр нийт 2.500.000 төгрөгийн зээл авсан. Одоо Ч.Бат-Эрдэнэ нь 1.866.140 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 дугаар тал/

    * Сэжигтэн яллагдагчаар Ч.Бат-Эрдэнийн өгсөн: 

    “...би 2016 оны 10 дугаар сарын эхээр Хархорин зах дээр бонго автомашинтайгаа зогсож байтал өмнө нь танилцсан ах Гансүх гэх ах надтай тааралдсан. Тэгээд Гансүх ах надад хандан би Архангай аймгийн Цэнхэр сумын Жамц гэх айлаас нэг адуу авах ёстой юм. Чи ойрд Архангай явах бол тэрийг ачаад аваад ир ирэхээр нь би чамд 100.000 төгрөг өгье гэсэн. Тэгэхээр нь би тэгье гэж хэлээд өнгөрсөн. Удалгүй Архангай аймгийн шүүх дээр хэрэгт холбогдсон өөрийн төрсөн хүүхэд Чойсүрэндорж дээрээ очих далимаар Архангай аймагт ирсэн. Тэгээд ганц хоёр хоноод 10 дугаар сарын дундуур санагдаж байна Цэнхэр сумын Жамц гэх айлаас Гансүхийн нэг тооны адууг ачаад Улаанбаатар хот руу явж байтал миний автомашины хажуугаар том ачааны автомашин зөртөл миний ачиж явсан адууны ногт нь тасраад автомашинаас үргэж, унаад зөв урд талын хөлөө хугалчихсан. Тэгэхээр нь би тэр адууг Ням гэх айлд махлаад Хархоринд хүнд 390.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би Гансүх ах руу ярьтал би мөнгийг нь авахгүй адууг амьдаар нь авна гэж хэлсэн. Би уг эд зүйлийн үнэлгээтэй санал нийлж байна. Уг үнэлгээгээр адууг 400.000 төгрөгөөр үнэлсэн байна.
    Би 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн С.Гансүхийн нэг тооны адууг өөртөө завшсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч С.Гансүхтэй эвлэрч, өөртөө завшсан адууны оронд өөр адууг С.Гансүхэд өгсөн бөгөөд С.Гансүх ах бид хоёрт хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болсон. Хохирогчтой эвлэрч хохирлыг нь нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 39-40 дүгээр тал/

    * Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 49, 55 дугаар тал/
    * Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай тодорхойлолт /хх-ийн 64 дүгээр тал/
    * Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар тал/ зэрэг болно. 

                 Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь тэнсэж хянан харгалзсан хугацаандаа 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт иргэн С.Гансүхийн итгэмжлэн өгсөн нэг тооны адууг завшиж, иргэн Гансүхэд 550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Гансүхийн “...Өмнө нь танилцсан Бат-Эрдэнэ гэх залуу руу ярихад Архангай аймаг явах гэж байгаа талаар надад ярьсан. Ирэхдээ Жанцандорж гэх айлаас миний адууг амьдаар нь ачаад ирээч гэж хэлтэл зөвшөөрсөн. Тэгээд Жанцандорж гэдэг хүн рүүгээ яриад миний морийг Бат-Эрдэнэ гэдэг хүнд ачаад явуулчих гэж хэлчихээд Бат-Эрдэнэд Жанцандоржийн гэрийг заагаад өгсөн. Жанцандорж надад номхон морь байхгүй хязаалан насны эмнэг үрээ ачууллаа гэж утсаар хэлсэн. Тэгээд Бат-Эрдэнэ ярьсан өдрөөсөө хойш утсаар холбоо бариагүй. Би утас руу нь залгахад холбогдохгүй болсон. Тэгээд би Бат-Эрдэнэтэй холбоо барьж чадахгүй байж байхад над руу Өвөрхангай аймагт амьдардаг танил Мишигийн Бат утсаар яриад миний адууг Бат-Эрдэнэ нядалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, , гэрч С.Нямын “..“...2016 оны 10 дугаар сарын дундуур би гэртээ ганцаараа байж байхад манай нутгийн хүн Ч.Бат-Эрдэнэ цэнхэр өнгийн портер дээрээ хөл нь хугарсан хонгор зүсмийн адууг ачаад манайд ирсэн. Ч.Бат-Эрдэнэ надад хандан энэ адууг хүнд аваачиж өгөх гээд явж байтал энэ адуу машин дээрээс үсрээд хөлөө хугалчихлаа. Энэ адууг танайд янзлаад өөрөө аваад явъя гэж хэлсэн. Би тэгэхээр нь зөвшөөрөөд бид хоёр уг адууг янзлаад Бат-Эрдэнэ ачаад явсан...” гэх мэдүүдэг, гэрч Ж.Жанцандоржийн “...Гансүх ах над руу утсаар яриад танайд өнөөдөр нэг цагаан өнгийн бонго машин очиж, манай эхнэрт бэлэглэсэн адууг авна явуулаадахаарай гэж хэлсэн. Яриад удаагүй байтал цагаан өнгийн бонго машин манайд ирэхээр нь би тэр машинд бэлэглэсэн хул хонгор зүсмийн морио ачаад явуулсан. Би уг автомашины жолоочийг танихгүй. Жолоочтой нийлээд 2 хүн явж байсан. Би тэр хүнийг ч танихгүй...” гэх мэдүүлэг болон шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. 
Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь 2015 оны 12 сарын 14-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1159 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан байх ба шүүгдэгч нь 2016 оны 10 сарын 19-ний өдөр буюу уг тэнсэж хянан харгалзан хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлджээ. 
        Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад хохирогч С.Гансүхэд учирсан хохиролыг шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 ны 01 дүгээр сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн 21-45 УНЕ улсын дугаартай Бонго Жи маркийн автомашиныг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо Алтан-Овооны 28-49 тоотод оршин суух Ч.Бат-Эрдэнэд буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Боржигон овогт Чоёнгийн Бат-Эрдэнийг бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй. 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял дээр 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 1159 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж биечлэн эдлэх эдлэх ялыг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоосугай. 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэд оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

          5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар тус хэрэгт битүүмжлэгдсэн Бонго Жи маркийн 21-45 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо Алтан-Овооны 28-49 тоотод оршин суух Ч.Бат-Эрдэнэд буцаан олгосугай.
 
           6. Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

        7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         8. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ГАНДОЛГОР