Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0348

 

 

“Г и” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Улаамуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч Н.Б, П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гуравдагч этгээд Д.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 301 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор “Г и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 301 дүгээр шийдвэрийн

         1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.2, 54 дүгээр зүйлийн 54.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д заасныг тус тус баримтлан “Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас “Г и” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоот, Эрүүл мэндийн яаманд Зөвлөмж хүргүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-ын үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг баталгаажуулан, гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлэх агуулга бүхий “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг албажуулж, “Г и” ХХК-д хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхээр бэлтгэсэн “Г и” ХХК-тай гэрээ байгуулах агуулга бүхий “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч “Г и” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан “XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн хүчинтэй хугацааг дуусгавар болгож, дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах, тендерт оролцогч “Х ч” ХХК-ийн тендерийн материалд дахин үнэлгээ хийж, шалгаруулалт явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтаар “Х ч” ХХК-г шаардлагад нийцээгүй гэж дүгнэн тендерийн шалгаруулалтаас хассан шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн хуралдаанаар “Г и” ХХК-г ялагчаар шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан “XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт манай компанийг илт үндэслэлгүйгээр шалгаруулаагүй нь хууль бус болохыг тогтоож, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Х ч” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий гуравдагч этгээд “Х ч” ХХК-ийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус бие даасан шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүх “XVII.1.41 Сүрьеэгийн Эмнэлэгийн барилга /Улаанбаатар/ төсөл” арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн хүчинтэй хугацаа дуусаж тус тендер шалгаруулалт хүчингүй болсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхээс хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдэл нь Захиргааны Ерөнхий хуулийн зүйл заалт, үндсэн зарчмыг зөрчсөн үү, түүнчлэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зарласан ЭМЯ/201902023 дугаартай “Сүрьеэгийн эмнэлэгийн барилга /Улаанбаатар/ тендер”-т оролцож Үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар “Хамгийн сайн” үнэлэгдэж шалгарсан “Г и” ХХК-ийн эрх ашигт хэрхэн нөлөөлсөн эсэхэд шүүх огтоос анхаарлаа хандуулж, зөв дүгнэлт хийсэнгүй. Төрийн худалдан авах ажиллагааны газар нь улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ, тамга тэмдэг аваагүй, газрын удирдлага албан хаагчид томилогдон үйл ажиллагаа эхлэхэд тухайн төсөл арга хэмжээний тендерийн хугацаа дууссан гэсэн хууль бус шалтгаанаар нэгэнт үнэлгээний хорооны дүгнэлт гарсан тендер шалгаруулалтыг хүчингүй болгож дахин зарлахыг мэдэгдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан захиалагч тендерээс татгалзах зохицуулалтанд хамаарахгүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Тендерийн хүчинтэй хугацааг Сангийн яамнаас 2020 оны 02 дугаар сарын 02 хүртэл хугацаанд сунгасан атал 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны дүгнэлтийг баталгаажуулах, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхээр бэлтгэсэн “Г и” ХХК-тай гэрээ байгуулах “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийг албажуулан ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэх үндсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэл нь Монгол Улсын Захиргааны Ерөнхий хуулийн 4.2.1 Хуульд үндэслэх, 4.2.2 Шуурхай тасралтгүй байх 4.2.5 Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг ноцтойгоор зөрчсөн байхад захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийгээгүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчмыг хангаагүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломжийг орхигдуулсан шийдвэр болсон. Анхан шатны шүүх тус тендер шалгаруулалтыг зохион байгуулахдаа тендерт оролцогчдын гомдол гаргах эрхийг хангаагүй байх ба хуулийн дагуу зохион байгуулаагүй тендер шалгаруулалтаас шалгарсан оролцогчийг хууль ёсоор шалгарсан этгээд гэж үзэх үндэслэлгүй гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Учир нь уг тендерийн ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2019 оны 11-р сарын 12-ны өдрийн А/279 дүгээр тушаалаар батлагдсан үнэлгээний хороо нь Тендерийн баримт бичгийг боловсруулж тендерийн урилгад заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагт нээсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендерт 5 компани оролцон үнийн санал холбогдох материалыг хүргүүлснээс Үнэлгээний хорооны дарга болон 3 гишүүн, нарийн бичгийн даргын санал нэгтэйгээр “Г и” ХХК тендерт “Хамгийн сайн" үнэлгээтэй шалгарсан болохыг баталгаажуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болох Тендерийн үнэлгээний тайлан дүгнэлтээр батлагдана. Үнэлгээний хорооны дарга болон бүх гишүүдийн гарын үсэг бүхий дүгнэлт нь үнэлгээний хорооны эцсийн шийдвэр байхад захиргааны байгууллага зохих журмын дагуу үйл ажиллагаагаа бүрэн хэрэгжүүлээгүйгээс тендерт шалгарсан нэхэмжлэгч “Г и” ХХК хохирох ёсгүй. Захиргааны шийдвэрт тендерт оролцсон бусад компаниуд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч гомдол гаргаагүй эрхийн асуудалд тэдний өмнөөс анхан шатны шүүх урьдчилан дүгнэлт гаргах нь хууль зүйн үндэслэлгүй. “Г и” ХХК-иас гаргаж байгаа нэхэмжлэл нь төрийн байгууллагын хариуцлагагүй ажиллагааг залруулах буюу Төрийн худалдан авах ажиллагааны газраас Эрүүл мэндийн Яамны төрийн нарийн бичгийн даргад хаягласан “Зөвлөмж хүргүүлэх тухай”, “Г и” ХХК-д хаягласан “Гэрээ байгуулах эрх олгох тухай“ бусад албан бичгүүдийг албажуулан ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг даалгуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан болохоос дээрх албан бичгүүд, шийдвэрт гомдол гаргаагүй атал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн гүйцэт ойлгоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д заасныг буруу тайлбарлаж, хууль бус шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 28 дугаар зүйлийн 28.2-д заасан хугацаанд шалгаруулаагүй, мөн хуулийн 46.1.3-д “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэнд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэсэн үндсэн үүргийг биелүүлээгүй эс үйлдэлд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй орхисон. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, зөв дүгнэлт хийж чадаагүй, буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн “Г и” ХХК-ийн нэхэмжлэлд холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгон, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү” гэжээ.

 

 Гуравдагч этгээд шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...”Х ч” ХХК нь “Б э” ХХК-тай түншлэл болж орсон бөгөөд уг тендер шалгаруулалтын талаар “Х ч” ХХК оролцогчийнхоо хувьд өөрийн эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй учраас энэхүү өөрийн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан байгаа. “Х ч” ХХК, “Б э” ХХК нь түншлэл болж орсон гэдэг нь энэ тендерт “нэгдмэл сонирхолтой этгээдүүд” мөн бөгөөд нэгдмэл сонирхолтой этгээдийн аль нэг нь тендерт гомдол гаргаснаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой юм. Энэ ч утгаараа түншлэгч “Барилга эрч” ХХК нь түншлэлийн гэрээндээ захиалагчийн өмнө түншлэлийг “Х ч” ХХК төлөөлөхөө тодорхойлсон байгаа ба “Х ч” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж эрхээ сэргээлгэвэл “Барилга эрч” ХХК-ийн эрх давхар сэргэнэ гэж үзсэн болно. Нөгөө талаас түншлэгч “Барилга эрч” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь “Х ч” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй байхад анхан шатны шүүх энэ эрх зүйн зарчмыг анхаарч үзсэнгүй. Тендерт захиалагчийн өмнө түншлэлийг “Х ч” ХХК төлөөлөх эрхтэй тул Тендерийн үнэлгээний хороо аливаа шийдвэрлэсэн асуудлаараа албан хариуг “Х ч” нэрээр ирүүлж байсан нь дээрх тайлбарын нэг баталгаа юм. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан учраас гаргасан нэхэмжлэлд /бие даасан шаардлагад/ хууль зүйн дүгнэлт өгөөгүй тул энэ талаар гомдол гаргах боломжгүй байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн, нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад дүгнэлт өгөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

         Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 440 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 477 дугаар магадлалаар “Г и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр, магадлалыг “Х ч” ХХК-иас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 770 дугаар тогтоолоор  хүчингүй болгосон, улмаар анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9092 дугаар захирамжаар “Х ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг “Г и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэрэгт нэгтгэсэн, мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 9362 дугаар захирамжаар “Х ч” ХХК-ийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татсан үйл баримт тодорхойлогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасныг хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн эрх зүйн үр дагавар нь нэхэмжлэгч, хариуцагчаас гадна бусад этгээдэд сөргөөр нөлөөлөхөөр бол уг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийг тухайн маргаанд гуравдагч этгээдээр оролцуулна гэж ойлгох бөгөөд гуравдагч этгээдээр оролцуулснаар тухайн этгээдэд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах боломж олгож буй хэрэг юм.

           Гэтэл анхан шатны шүүх “Х ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаар Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн, уг хэргийг “Г и” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэгтгэсэн  атлаа  нэхэмжлэгч “Х ч” ХХК-ийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь буруу.

Түүнчлэн, нэхэмжлэгч “Х ч” ХХК нь маргаан бүхий тендерт “Барилга эрч” ХХК-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21/33 дугаартай Түншлэлийн гэрээгээр оролцсон, уг гэрээний 1.3-т “Төлөөлөх эрх бүхий компани нь түншлэгч “А” тал буюу “Х ч” ХХК байна” гэж заасан байхад анхан шатны шүүх гэрээний 2.1 дэх заалтыг баримтлан “...”Х ч” ХХК нь зөвхөн захиалагчийн өмнө төлөөлөх эрхтэй байх тул “Барилга эрч” ХХК-ийг шүүхэд төлөөлөх эрхгүй этгээд” гэж гэрээний агуулгыг дутуу дүгнэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасантай нийцээгүй гэж үзнэ.

         Иймд “Х ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт хийгээгүй тул давж заалдах шатны шүүх нөхөн дүгнэлт хийх боломжгүй.

         2/ Нэхэмжлэгч “Г и” ХХК нь “Төрийн худалдан авах ажиллагааны газраас тус компанид “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан тоот, Эрүүл мэндийн яаманд “Зөвлөмж хүргүүлэх тухай” мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг баталгаажуулан, гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлэх агуулга бүхий “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг албажуулж, “Г и” ХХК-д хүргүүлэхийг болон Төрийн худалдан авах ажиллагааны газраас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхээр бэлтгэсэн “Г и” ХХК-тай гэрээ байгуулах агуулга бүхий “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг тус тус Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...Үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар манай компани хамгийн сайн гэж үнэлэгдсэн байхад тус газрын удирдлагууд ямар ч арга хэмжээ авахгүй хүлээлгэж байсаар байгаад тендерийн хугацааг дуусгасан нь хууль зөрчсөн” гэж тодорхойлжээ.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд огт дүгнэлт өгөөгүй, гагцхүү “тендерийн хүчинтэй хугацаа дуусч тендер шалгаруулалт хүчингүй болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй байна.

          Мөн хариуцагчаас захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүйтэй холбоотой маргаж, захиргааны акт гаргахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй атлаа “захиргааны акт гарсан гэж үзэхээргүй байна” гэж дүгнэж буй нь ойлгомжгүй болжээ.

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.     

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 301 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Г.Билгүүн      

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН