Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 115

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

                          

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хд холбогдох эрүүгийн 1805053441080 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,, дугаарын регистртэй, Б.Х.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны гадна байрлуулан тавьсан иргэн Н.М-ын эзэмшлийн 31-14 УБХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинд нэвтрэн 12 ширхэг нүдний шил, 43 ширхэг нүдний шилний рамыг, иргэн П.М-ий эзэмшлийн 19-90 УБЦ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашишнд нэвтрэн теоделит, невиллер гэх 2 ширхэг барилгын ажлын багаж хэрэгслийг нууцаар, хууль бусаар авч, иргэн Н.М-т 1.580.000 төгрөгийн хохирол, иргэн П.М-эд 1.800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, мөн иргэн Л.С-ын эзэмшлийн 04-39 УБУ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины зүүн урд талын жижиг гурвалжин шил хагалж эд хөрөнгө хулгайлахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

           

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Хгийн өгсөн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянбүрдийн автобусны буудлын ойролцоо байдаг жижиг зочид буудлын 2 давхрын нэг өрөөнд нь ганцаараа Модун гэх нэртэй 0,75 литрийн архи уусан. Тэгээд архи дуусаад 2018 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байх үед гараад хороолол руу пиво авах гээд явсан. 1000 нэрийн барааны дэлгүүрийн ойролцоо Таац гэх архи зардаг дэлгүүр явах замдаа Тоёота Приус 20 маркийн машины зүүн урд талын гурвалжин шилийг хагалан ороод хойд багажнаас нь түлхүүр багаж, домакрат зэргийг авсан. Тэгээд цаашаа нь байрны дундуур явж байгаад харанхуй гаражны хойд талд байсан Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талын жижиг цонхыг хагалж дотроос нь цүнхтэй нүдний шил, хажууд нь байсан Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талын жижиг цонхыг хагалан орж барилгын дуран аппарат том, жижиг 2 ширхэгийг хулгайлан авсан. Тэндээсээ такси бариад Таац дэлгүүр дээр очоод сэрүүн гэх нэртэй 2,5 литрийн 1 ширхэг пиво авсан. Тэгээд Баянбүрдийн зочид буудал руу явсан. Надад хамт үйлдсэн хүн байхгүй. Би тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хулгайлсан эд зүйлүүдээ эздэд нь буцаан өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 64-65, 73, 75/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.М-ий өгсөн:

            “...2018 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө би өөрийн 19-90 УБЧ улсын дугаартай машиндаа 2 ширхэг барилгын хэмжилтийн дурангаа үлдээсэн. Тэгтэл маргааш нь хулгай орж алдагдаад орой 9 цагийн үед олдоод би Хишгээ гэх эрүүгийн мөрдөгчөөс бүрэн бүтэн авсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа хулгай хийсэн хүүхдийн ээж нь над руу залгаад 30,000 төгрөг шилний мөнгө гэж шилжүүлсэн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 23/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Л.С-ын өгсөн:

            “...Надад приус 20 машины цонхны шил хагарсан хохирол учирсан. Би учирсан хохирол 30,000 төгрөгийг эргүүлэн авсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хөдөө ажилладаг учир шүүх, цагдаагаар яваад байх зав байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 26/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Н.М-ын өгсөн:

            “...Би 2018 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо 22 дугаар байрны орчимд өөрийн 31-14 УБХ улсын дугаартай Приус 20 маркийн авто машиныг байрлуулсан. Өглөө 11 цагийн орчимд хүн залгаад машины цонх хагарсан талаар надад хэлсэн. Би гараад очтол жолоочийн эсрэг талын жижиг гурвалжин шил хагарч машин дотор байсан цүнхтэй 50 орчим нүдний шил алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 12-ны 23 цагийн үед над руу залгаад миний алдагдсан эд зүйлийг тоо ёсоор бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Машины хагарсан цонхны 30,000 төгрөгийг төлсөн, надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч О.Х-ий өгсөн:

            “...Би тухайн өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ба тухайн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо 22 дугаар байрны гадна машины шилийг хагалж хулгай орсон гэх дуудлагын дагуу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 12 цагийн үед хэргийн газарт бүрэлдэхүүний хамт очиж үзлэг, биечилсэн сурвалжлага хийхэд ямар нэгэн мөр илрээгүй бөгөөд харсан үзсэн гэрч, мэдээ мэдээлэл олдоогүй. Алдагдсан эд зүйлийн талаар хохирогч нараас тодруулж цагдаагийн байгууллагын нэгдсэн эрэн сурвалжлах АСАП санд эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс алдагдсан эд зүйлийг авч явж байсан хүмүүсийн хамт барьсан тухай мэдэгдсэн. Тухайн үед би эрүүгийн цагдаагийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Тэмүүлэнгийн хамт Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст очиход Ц.Ж- РД:__, Б.Х РД:___ нар нь хар өнгийн цүнхтэй нарны шил 45 ширхэг, М.Н--Хаан банкны карт 1 ширхэг, Насантогтохын Болдбаатарын иргэний цахим үнэмлэх, 1 ширхэг, Жи мобайлын цагаан өнгийн гар утас 1 ширхэг, оосоргүй 1 ширхэг цагаан түлхүүр, Е320с барилгын багаж 1 улбар шар цүнхтэй, FDM2GCL №127966 дугаартай барилгын багаж шар өнгийн цүнхний хамт байсныг хүлээн авч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст авчираад шөнийн 01 цагт хохирогч Н.М-тай холбогдон тоо ёсоор бүрэн бүтэн шилнүүдийг нь тоолж өгсөн ба П.М-эд барилгын 2 ширхэг шар өнгийн цүнхтэй багаж хэрэгслийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 38/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ц.Ж-ын өгсөн:

            “...Би тухайн үед 100 айлын орчимд ажил хийх гээд зогсож байтал 20 орчим насны, 165 орчим насны эрэгтэй, гартаа хар өнгийн цүнхтэй, бас шар өнгийн барилгын дуран барьчихсан явж байсан. Тэгээд надад хүрч ирээд ахаа та энийг зараад өгөөч би танд мөнгө өгнө шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүнээс асууж өгөөд явж байтал барилгын харуул ах цагдаа дуудсан. Би тэр үед нь тэр бандиас хулгайн эд зүйл биш биздээ гэхэд манай ахын юм байгаа юмаа гэж хэлсэн. Тэгээд би Цагдаагийн хэлтэст ирээд хулгай юм байна гэж мэдсэн. Тэгээд бид хоёрыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр аваачсан. Тэгтэл Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс энгийн хувцастай цагдаа нар ирж аваад уулзаж ярилцаад намайг явуулсан. Тэр цагдаад нөгөө хулгай хийсэн залуу намайг ямар ч хамааралгүй би өөрөө хулгай хийсэн гэдгээ хүлээтэл цагдаа намайг явуулсан. Тэр залуу 2 ширхэг барилгын дуран, харин цүнхэнд нь нүдний шил байгаа гэдгийг мэдээгүй цагдаа дээр ирсэн хойноо мэдсэн. Тус тусдаа ууттай 40 гаруй шил байсан...” гэх мэдүүлэг /хх-н 41/,      

 

  Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 38 тоот:

1. Б.Х нь хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт

 

  - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 12-15/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 80/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 82/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны гадна байрлуулан тавьсан иргэн Н.М-ын эзэмшлийн 31-14 УБХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинд нэвтрэн 12 ширхэг нүдний шил, 43 ширхэг нүдний шилний рамыг, иргэн П.М-ий эзэмшлийн 19-90 УБЦ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинд нэвтрэн теоделит, невиллер гэх 2 ширхэг барилгын ажлын багаж хэрэгслийг нууцаар, хууль бусаар авч, иргэн Н.М-т 1.580.000 төгрөгийн хохирол, иргэн П.М-эд 1.800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, мөн иргэн Л.С-ын эзэмшлийн 04-39 УБУ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины зүүн урд талын жижиг гурвалжин шил хагалж эд хөрөнгө хулгайлахыг завдсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Хгийн “...2018 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ...1000 нэрийн барааны дэлгүүрийн ойролцоо Таац гэх архи зардаг дэлгүүр явах замдаа Тоёота Приус 20 маркийн машины зүүн урд талын гурвалжин шилийг хагалан ороод хойд багажнаас нь түлхүүр багаж, домкрат зэргийг авсан. Тэгээд цаашаа нь байрны дундуур явж байгаад харанхуй гаражны хойд талд байсан Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талын жижиг цонхыг хагалж дотроос нь цүнхтэй нүдний шил, тэгээд хажууд нь байсан Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талын жижиг цонхыг хагалан орж барилгын дуран аппарат том, жижиг 2 ширхэгийг хулгайлан авсан. ...Би тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч П.М-ий “...2018 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө би өөрийн 19-90 УБЧ улсын дугаартай машиндаа 2 ширхэг барилгын хэмжилтийн дурангаа үлдээсэн. Тэгтэл маргааш нь хулгай орж алдагдаад орой 9 цагийн үед олдоод би маргааш нь Хишгээ гэх эрүүгийн мөрдөгчөөс бүрэн бүтэн авсан...” гэх дүгнэлт,

 

            хохирогч Л.С-ын “...Надад приус 20 машины цонхны шил хагарсан хохирол учирсан...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Н.М-ын “...Би 2018 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо 22 дугаар байрны орчимд өөрийн 31-14 УБХ приус 20 машиныг байрлуулсан. Өглөө 11 цагийн орчимд хүн залгаад машины цонх хагарсан талаар надад хэлсэн. Би гараад очтол жолоочийн эсрэг талын жижиг гурвалжин шил хагарч машин дотор байсан цүнхтэй 50 орчим нүдний шил алга болсон байсан...” гэх мэдүүлэг

 

            гэрч О.Х-ий “...Би тухайн өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ба тухайн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо 22 дугаар байрны гадна машины шилийг хагалж хулгай орсон гэх дуудлагын дагуу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 12 цагийнүед хэргийн газарт бүрэлдэхүүний хамт очиж үзлэг, биечилсэн сурвалжлага хийхэд ямар нэгэн мөр илрээгүй бөгөөд харсан үзсэн гэрч, мэдээ мэдээлэл олдоогүй. Алдагдсан эд зүйлийн талаар хохирогч нараас тодруулж цагдаагийн байгууллагын нэгдсэн эрэн сурвалжлах АСАП санд эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс алдагдсан эд зүйлийг авч явж байсан хүмүүсийн хамт барьсан туахй мэдэгдсэн. Тухайн үед би эрүүгийн цагдаагийн мөрөгч, цагдаагийн дэслэгч Тэмүүлэнгийн хамт Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст очиход Ц.Ж- РД:___, Б.Х РД:___ нар нь хар өнгийн цүнхтэй нарны шил 45 ширхэг, М.Н--Хаан банкны карт 1 ширхэг, Насантогтохын Болдбаатарын иргэний цахим үнэмлэх, 1 ширхэг, Жи мобайлын цагаан өнгийн гар утас 1 ширхэг, оосоргүй 1 ширхэг цагаан түлхүүр, Е320с барилгын багаж 1 улбар шар цүнхтэй, FDM2GCL №127966 дугаартай барилгын багаж шар өнгийн цүнхний хамт байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ц.Ж-ын “...Би тухайн үед 100 айлын орчимд ажил хийх гээд зогсож байтал 20 орчим насны, 165 орчим насны эрэгтэй, гартаа хар өнгийн цүнхтэй, бас шар өнгийн барилгын дуран барьчихсан явж байсан. Тэгээд надад хүрч ирээд ахаа та энийг зараад өгөөч би танд мөнгө өгнө шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүнээс асууж өгөөд явж байтал барилгын харуул ах цагдаа дуудсан. Би тэр үед нь тэр бандиас хулгайн эд зүйл биш биздээ гэхэд манай ахын юм байгаа юмаа гэж хэлсэн. ...Тэр залуу 2 ширхэг барилгын дуран, харин цүнхэнд нь нүдний шил байгаа гэдгийг мэдээгүй цагдаа дээр ирсэн хойноо мэдсэн. Тус тусдаа ууттай 40 гаруй шил байсан...” гэх мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан нь шүүгдэгч Б.Х нь иргэн Л.С-ын эзэмшлийн 04-39 УБУ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины зүүн урд талын жижиг гурвалжин шил хагалж эд хөрөнгө хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзсан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналыг гаргасан боловч шүүгдэгч нь өөрөө сайн дураар татгалзах бус хулгайлж авах эд зүйл байхгүй байсан тул татгалзсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 10 дугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээр тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэрэгт хохирогч П.М-э “...хулгай хийсэн хүүхдийн ээж нь над руу залгаад 30,000 төгрөг шилний мөнгө гэж шилжүүлсэн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 23/,

хохирогч Л.С- “...Надад приус 20 машины цонхны шил хагарсан хохирол учирсан. Би учирсан хохирол 30,000 төгрөгийг эргүүлэн авсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 26/,  

хохирогч Н.М- “...Машины хагарсан цонхны 30,000 төгрөгийг төлсөн, надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/ тус тус өгснийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах тухай саналыг тус тус гаргасан. Шүүхээс шүүгдэгч Б.Хд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Хд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ