Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 399

 

 

 

 

 

 

 2020             04            02                                           2020/ДШМ/399                          

 

 

Б.Х-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                 

            прокурор Т.Оюунжаргал,

            шүүгдэгч Б.Х-гийн өмгөөлөгч М.Хувцагаан,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М- даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1805053441080 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-гийн Х, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Дэнжийн 10 дугаар гудамжны 000а тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, Голдэн парк хотхоны 000 дүгээр байрны 000 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Б.Х- нь 2018 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22 дугаар байрны гадна Н.М-ын эзэмшлийн 31-14 УБХ улсын дугаартай “Toyota prius-20” загварын автомашинд нууцаар, хууль бусаар нэвтэрч 720,000 төгрөгийн үнэ бүхий 12 ширхэг нүдний шил, 860,000 төгрөгийн үнэ бүхий 43 ширхэг нүдний шилний рам, П.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 19-90 УБЦ улсын дугаартай “Toyota prius-20” загварын автомашинд нууцаар, хууль бусаар нэвтэрч 1,200,000 төгрөгийн үнэтэй “теоделит” барилгын өнцөгийн хэмжилтийн дуран, 600,000 төгрөгийн үнэтэй “невиллер” зэргийг авсан, Л.С-ын эзэмшлийн 04-39 УБУ улсын дугаартай “Toyota prius-20” загварын автомашины жижиг шилийг хагалж нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Х-г тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Х-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Х- давж заалдах гомдолдоо: “... Би гэм буруугаа хүлээж, хохирлоо бүрэн барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн учир ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой. Б.Х- нь сэтгэлгээний хувьд бүрэн гүйцэт хөгжөөгүй, насанд хүрээгүй хүүхэдтэй адил бөгөөд ухаан алдаж унаад таталт өгдөг өвчтэй. Энэ өвчнөө тухайн цаг үед эмчлүүлж байсан хэдий ч эмчилгээгээ үргэлжлүүлж чадаагүй. Иймд Б.Х-гийн хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Ял шийтгэлийн хувьд тухайн зүйл заалтад тохирсон ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байдаг. Шүүх хуралдаанд гэм буруу болон хэрэг хариуцах чадварын талаар маргаж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүх шийдвэрээ тайлбарлахдаа дарааллаад үргэлжилсэн үйлдлээр авсан учраас нэг зүйлчлэлээр зүйлчлэгдэн гэж тайлбарласан. Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгож, нэг зүйлчлэлээр шийдвэрлэж байна гэж ойлгосон...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Б.Х- нь 2018 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22 дугаар байрны гадна Н.М-ын эзэмшлийн 31-14 УБХ улсын дугаартай “Toyota prius-20” загварын автомашины жижиг шилийг хагалж нууцаар, хууль бусаар нэвтрэн 720,000 төгрөгийн үнэ бүхий 12 ширхэг нүдний шил, 860,000 төгрөгийн үнэ бүхий 43 ширхэг нүдний шилний рам, П.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 19-90 УБЦ улсын дугаартай “Toyota prius-20” загварын автомашины жижиг шилийг хагалж нууцаар, хууль бусаар нэвтрэн 1,200,000 төгрөгийн үнэтэй “теоделит” барилгын өнцгийн хэмжилтийн дуран, 600,000 төгрөгийн үнэтэй “невиллер” зэргийг авсан, Л.С-ын эзэмшлийн 04-39 УБУ улсын дугаартай “Toyota prius-20” загварын автомашины жижиг шилийг хагалж нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлахыг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Н.М-ын “... 22 дугаар байрны орчимд өөрийн 31-14 УБХ улсын дугаартай, “Toyota prius-20” загварын автомашиныг байрлуулсан. Өглөө 11 цагийн үед автомашины гурвалжин шил хагарсан байна гэж хүн утсаар хэлсэн. Гараад харахад автомашины гурвалжин шилийг хагалаад дотор нь байсан цүнхтэй 50 орчим нүдний шилийг авсан байсан. Алдагдсан эд зүйлээ тоо ёсоор нь бүрэн хүлээн авсан ...” /хх 29/,

хохирогч П.Мөнх-Эрдэнийн “... 19-90 УБЦ улсын дугаартай автомашиндаа 2 ширхэг барилгын хэмжилтийн дурангаа үлдээсэн. Маргааш нь автомашинд хулгай орсон байсан. Орой 21 цагийн үед буцаан олж авсан ...” /хх 23/,

хохирогч Л.С-ын “... байрны гадаа байрлуулсан 04-39 УБУ улсын дугаартай “Prius-20” загварын автомашиндаа суух гэтэл зүүн талын жижиг гурвалжин шилийг хагалсан байсан ...” /хх 33/,

гэрч О.Хишиг-Эрдэнийн “... 12-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн Хоёрдугаар хэлтсээс хулгайд алдагдсан эд зүйлийг авч явж байсан хүмүүсийг барьсан гэж мэдэгдсэн ... Ц.Жанцанноров, Б.Х- нар нь хар өнгийн цүнхтэй 45 ширхэг нарны шил, 2 ширхэг улбар шар өнгийн барилгын багаж, банкны карт, цахим үнэмлэх, гар утас, түлхүүр зэргийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн ...” /хх 38/,

гэрч Ц.Жанцанноровын “... 100 айлын орчим ажил хийх гээд зогсож байтал 20 орчим насны 165 см өндөр эрэгтэй, гартаа хар өнгийн цүнх, бас шар өнгийн барилгын дуран барьж явснаа “Ахаа үүнийг зараад өгөөч, мөнгө өгнө шүү” гэсэн. Би хүнээс асууж сураглаад явж байтал барилгын харуул цагдаа дуудсан ...” /хх 41/,

гэрч Д.Энхболдын “... өндөр, нам хоёр эрэгтэй хар өнгийн цүнхтэй зүйл үүрээд барилгын талбай руу орохоор нь барьж аваад цагдаа дуудсан ... 20 гаран настай залуу  цагдаагаас зугтсан боловч цагдаа машинтай хөөж барьж авсан...” /хх 39-40/ гэх мэдүүлгүүд,

шүүгдэгч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хулгайлах гэмт хэргүүд үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд /хх 74-75/,

хохирогчдын хулгайд алдагдсан эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээ /хх 57/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Х- нь хохирогчдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авахдаа автомашины шилийг хагалан нэвтэрч үйлдсэн байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “... тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч ...” хулгайлах гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Х-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэрэг болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэнд насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж тус тус зааснаас үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлгийн өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журам нь гэмт хэрэг үйлдэх үед арван дөрвөн насанд хүрсэн, хэргийг шүүхээр хянан хэлэлцэх үед арван найман насанд хүрээгүй хүнд үйлчлэхээр зохицуулсан ба онцгой тохиолдолд тухайн гэмт хэргийг шүүхээр хянан хэлэлцэх үед арван найман насанд хүрсэн, хорин нэгэн насанд хүрээгүй хүмүүст хэрэглэж болохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Х- нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 11 сартай, гэм буруугийн асуудал нь шүүхээр хэлэлцэгдэх үед 20 нас 4 сартай байсан тул түүнийг өсвөр насны хүнтэй адилтгаж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт болон мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг  хэрэглэж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол, саналыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүхээс нэг гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдснийг хамгийн хүнд хэлбэрт багтаан нэг зүйлчлэлээр шийдвэрлэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт завдсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож хуулийг буруу хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Б.Х-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгч Б.Х-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ         

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН