Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 114

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Гд холбогдох эрүүгийн __тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, дугаарын регистртэй, Б.Г.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ашид нэртэй зочид буудалд иргэн М.Мын гар цүнхнээс Самсунг Галакси Эс-6 маркийн гар утас, бэлэн 120.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ:

“...Тухайн үед би Хаан банкны аюулгүй албанд ажиллаж байсан. Би таксинд явж байсан. Хохирогч машинд суугаад чи манай найз залуу гээд манай найзынх руу явчих гээд би хамт найзынх руу нь явсан. Замдаа хүнсний 1 дүгээр дэлгүүрээс 1 шил архи авчихаад найзынх руу нь орсон. Тэнд очоод хоол идчихээд архинаас нэг нэг татсан. Тэгээд чи намайг буудалд оруулаад өгчих гээд буудалд оруулж өгөөд утсыг нь би аваад явсан гэв. 

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Ггийн өгсөн:

“...Би 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн орчимд ажлаа тараад өөрийн эзэмшлийн Хьюндай Аксент маркийн цагаан өнгийн 06-57 УБЧ улсын дугаартай автомашинтай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Натур төвийн хажуугаар явж байхад нэг эмэгтэй хүн зам дээр гар өргөсөн. Тэгэхээр нь зогсоод машиндаа суулгаад явж байхдаа замдаа тэр эмэгтэй надтай танилцсан. Мөнхзул гэх эмэгтэй нь манай нэг найз шинээр байр авсан юм тэгээд чи өөрийгөө миний найз залуу гээд хэлчих гэж надаас гуйхаар нь би зөвшөөрөөд Мөнхзул надад мөнгө өгөөд би харин С дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн орчимд зогсоод нэг дэлгүүрээс 0,75 литрийн Экс нэртэй архи 1 ширхэгийг аваад Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах МҮИС рүү ордог уулзварын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах байр луу автомашинаа гадаа зогсоолд нь тавиад тэр эмэгтэйн найзынх нь гэрт дагаж ороод хоол идээд би машинтай явж байгаа гэж хэлээд огт архи уугаагүй. Харин тэр эмэгтэй найзынхаа гэрт 3 татчихаад шууд харъя гэж хэлээд бид 2 тэндээс гарсан. Тэгээд машинд суугаад тэр эмэгтэй би согтуу харих юм бол болохгүй гэж хэлээд намайг буудалд оруулаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гандангийн хойд талын автобусны буудлаас ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 6-р бичил хорооллын тэнд Саарал өнгийн 3 давхар Ашид нэртэй зочид буудал руу аваад ороход тэр эмэгтэй бага зэргийн согтолттой надад халааснаасаа буудлын мөнгө гэж 40,000 төгрөг гаргаж өгөөд 1 давхарт өрөөнд оруулж унтуулчихаад гарахдаа гар цүнхнээсээ гар утас болон бэлнээр 120,000 төгрөг аваад гараад явчихсан юм.

Би 120,000 төгрөг төлчихсөн байгаа, одоо удахгүй гар утсыг буцаагаад өгнө. Би учруулсан хохирлоо заавал нөхөн төлнө...” гэх мэдүүлэг /хх-н 92-94/,   

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Мын өгсөн:

            “...Би 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 19:00 цагийн үед манай найз А гадаадаас ирээд надтай уулзахаар болоод Баянзүрх дүүргийн Говь ресторанд очоод нэг цаг орчим найзыгаа хүлээсэн боловч найз маань ажилтай болчихлоо гээд уулзаж чадаагүй юм. Би тэр үед хүлээх зуураа 2-3 шил Нийслэл нэртэй пиво уусан. Тэгээд тэндээсээ гараад такси бариад Гандангийн орчимд дэлгүүр лүү таксины жолоочийг архи, ундаанд явуулсан. Тэндээсээ Гандангийн автобусны буудлын орчимд байрлах шинээр баригдсан байранд найз Эрдэнэцэцэгийнд очсон. Тэгээд таксины жолоочийн хамт найзын гэрлүү орж архиа ууж байгаад би өөрийн уухаанаа алдчихсан их согтчихсон байсан. Тэгээд маргааш өглөө нь сэрэхэд Баянгол дүүргийн 6 дугаар хороо бичил хорооллын Ашид нэртэй зочид буудлын нэг давхрын өрөөнд унтаж байсан. Тэгээд би сэрчихээд өөрийн эд зүйлээ бүртгэхэд миний гар утас болон бэлэн 120,000 төгрөг алга болсон байсан. Би гар утсаа 350,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

  • Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 19-20/,  

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 24/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 95/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 97/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ашид нэртэй зочид буудалд иргэн М.Мын гар цүнхнээс Самсунг Галакси Эс-6 маркийн гар утас, бэлэн 120.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Ггийн “...тэр эмэгтэй бага зэргийн согтолттой надад халааснаасаа буудлын мөнгө гэж 40,000 төгрөг гаргаж өгөөд 1 давхарт өрөөнд оруулж унтуулчихаад гарахдаа гар цүнхнээсээ гар утас болон бэлнээр 120,000 төгрөг аваад гараад явчихсан юм...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч М.Мын “...өглөө нь сэрэхэд Баянгол дүүргийн 6 дугаар хороо бичил хорооллын Ашид нэртэй зочид буудлын нэг давхрын өрөөнд унтаж байсан. Тэгээд би сэрчихээд өөрийн эд зүйлээ бүртгэхэд миний гар утас болон бэлэн 120,000 төгрөг алга болсон байсан...” гэх мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Б.Гг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүгдэгч Б.Ггийн үйлдлийн улмаас хохирогч М.Мд Самсунг Эс-6 гар утас, бэлэн 120,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 19-20 дугаар талд авагдсан эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...хохирогч М.Мд 120,000 төгрөг, Самсунг галакси Эс-6 маркийн гар утас зэргийг хүлээлгэн өгсөн...” тухай баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн шүүгдэгчийн шүүхээс оргон зайлсан хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд 8 /айман/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 17 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ггийн цагдан хоригдсон 17 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ