Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 408

 

 

 

 

 

 

2020              4              2                                              2020/ДШМ/408 

 

 

                                      Б.Гд холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр  даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

Прокурор Т.Оюунжаргал,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Чинбат,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Гд холбогдох эрүүгийн 1805022051028 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хайрхан овгийн Б.Г, 1984 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойт 15 дугаар гудамжны 216 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЧД84091814/;

 

Б.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид” нэртэй зочид буудалд иргэн М.Мөнхзулын гар цүнхнээс Самсунг галакси эс-6 маркийн гар утас, бэлэн 120.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ггийн цагдан хоригдсон 17 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өндөр настай эхийн хамт амьдардаг, одоогоор ээжийн маань бие тааруу эмнэлэгт хэвтэж байгаа. Богино хугацаанд маш их зүйлийг ойлгож ухаарсан. Дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ амлаж байна. Иймд хувийн байдал болон ар гэрийн шалтгааныг минь хүндэтгэн үзэж, надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч Б.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн хэргийнхээ талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн. Б.Г нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн хангасан байна. Мөн түүний эх Н.Дүүриймаа нь хүнд өвчний учир эмнэлгийн байнгын хяналт болон Б.Ггийн асрамжид байдаг тул хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн ар гэрийн гачигдалтай байдлыг нь харгалзан үзэж, түүнд оногдуулсан 8 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 8 сарын хорих ял оногдуулсан. Учир нь, шүүгдэгч нь 3 сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж оргон зайлсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид” нэртэй зочид буудалд иргэн М.Мөнхзулын гар цүнхнээс Самсунг галакси эс-6 маркийн гар утас, бэлэн 120.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч М.Мөнхзулын “...Би 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 19:00 цагийн үед манай найз Алтантуяа гадаадаас ирээд надтай уулзахаар болоод Баянзүрх дүүргийн Говь ресторанд очоод нэг цаг орчим найзыгаа хүлээсэн боловч найз маань ажилтай болчихлоо гээд уулзаж чадаагүй юм. Би тэр үед хүлээх зуураа 2-3 шил Нийслэл нэртэй пиво уусан. Тэгээд тэндээсээ гараад такси бариад Гандангийн орчимд дэлгүүр лүү таксины жолоочийг архи, ундаанд явуулсан. Тэндээсээ Гандангийн автобусны буудлын орчимд байрлах шинээр баригдсан байранд найз Эрдэнэцэцэгийнд очсон. Тэгээд таксины жолоочийн хамт найзын гэрлүү орж архиа ууж байгаад би өөрийн уухаанаа алдчихсан, их согтсон байсан. Тэгээд маргааш өглөө нь сэрэхэд Баянгол дүүргийн 6 дугаар хороо бичил хорооллын Ашид нэртэй зочид буудлын нэг давхрын өрөөнд унтаж байсан. Тэгээд би сэрчихээд өөрийн эд зүйлээ бүртгэхэд миний гар утас болон бэлэн 120.000 төгрөг алга болсон байсан. Би гар утсаа 350,000 төгрөгөөр үнэлж байна. ..." /хх 11-12/,

 

гэрч П.Эрдэнцэцэгийн “...2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр гэртээ амарч байтал 20 цагийн үед манай багын найз Мөнхзул нь “найз нь нөхөртөө болчихлоо” гээд бид нарын үеийн залуу орж ирээд хоол идэж, жоохон архи ууж байгаад Мөнхзул нилээн согтсон байдалтай ирсэн болохоор нь 3 татуулаад болиулсан. Хоол идчихээд тэр залуу ээж хүлээгээд байна, хоёулаа явъя гээд яваад өгөхөөр нь манай найз үнэхээр нөхөртэй болчихсон байна гэж бодсон. Маргааш өглөө 10 цагийн үед Мөнхзул орж ирээд найз нь гар утас болон бэлэн мөнгөө хулгайд алдчихлаа. Нөгөө хамт явж байсан залуу миний гар утас, мөнгийг хулгайлсан байна гэхээр нь нөхөр маань нөгөө залуугийн дугаар луу залгаад “чи хүний эд зүйлийг авчирч өг” гэхэд “орой ажил тараад авчирч өгье” гэж хэлсэн. Мөнхзул 17 цаг хүртэл манайд хүлээж байгаад тухайн хэсэгт камерийн бичлэг байгаа эсэхийг үзэх гээд гарах үед манай нөхөр цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж тэмдэглүүл гэхээр нь бид хоёр цагдаад өргөдөл өгсөн. ...” /хх 13-14/,

 

шүүгдэгч Б.Ггийн яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн орчимд ажлаа тараад өөрийн эзэмшлийн Хьюндай Аксент маркийн цагаан өнгийн 06-57 УБЧ улсын дугаартай автомашинтай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Натур төвийн хажуугаар явж байхад нэг эмэгтэй хүн зам дээр гар өргөсөн. Тэгэхээр нь зогсоод машиндаа суулгаад явж байхдаа замдаа тэр эмэгтэй надтай танилцсан. Харин тэр эмэгтэй найзынхаа гэрт 3 татчихаад шууд харъя гэж хэлээд бид 2 тэндээс гарсан. Тэгээд машинд суугаад тэр эмэгтэй би согтуу харих юм бол болохгүй гэж хэлээд намайг буудалд оруулаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гандангийн хойд талын автобусны буудлаас ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 6 дугаар бичил хорооллын тэнд, саарал өнгийн 3 давхар Ашид нэртэй зочид буудал руу аваад ороход тэр эмэгтэй бага зэргийн согтолттой надад халааснаасаа буудлын мөнгө гэж 40.000 төгрөг гаргаж өгөөд 1 давхарт өрөөнд оруулж унтуулчихаад гарахдаа гар цүнхнээсээ гар утас болон бэлнээр 120.000 төгрөг аваад гараад явчихсан юм. ...” /хх 92-94/ гэх мэдүүлгүүд,

 

Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 20/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Б.Гг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Ггийн хохирогч М.Мөнхзулын цүнхнээс гар утас, 120.000 төгрөг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Г “...хувийн байдал болон ар гэрийн шалтгааныг минь хүндэтгэн үзэж, надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

 

шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч Б.Чинбат “...ар гэрийн гачигдалтай байдлыг нь харгалзан үзэж, түүнд оногдуулсан 8 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн тус тус  агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Б.Ггийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх  боломжтой  гэж  давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

          2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

          3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14  хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                         Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ