| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Номуулин |
| Хэргийн индекс | 128/2020/0575/з |
| Дугаар | 221/МА2021/0290 |
| Огноо | 2021-06-03 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2021/0290
“И г р” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Д.Б, өмгөөлөгч О.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар шийдвэртэй, “И г р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7-т заасныг тус тус үндэслэн “И г р” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Б.Мөнхтүвшин нь 2019 оны 7 дугаар сард зам тээврийн осолд орж, уг асуудлыг Тээврийн цагдаагийн алба, прокурорын газраас шалгаж эхэлсэн ба өнөөг хүртэл шүүхийн шатанд явж байна. Энэхүү ослын улмаас Б.Мөнхтүвшин нь биедээ хүнд гэмтэл авч, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан буюу хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлж чадахааргүй нөхцөл байдалд байсан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд Б.Мөнхтүвшин дээрх цаг хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж дүгнэсэн атлаа 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх /тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн огноо/ 29 хоногийн хугацаанд төлөх ёстой байсан гэж дүгнэн энэ хугацаагаар хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг бүрэн дүүрэн үнэлж, дүгнээгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасантай нийцээгүй байна. Хавтаст хэргийн 35-37 дахь талд авагдсан баримтаас нэхэмжлэгчид ХV-19248 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр олгосон байх боловч нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн 1 дэх жилийн төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 2 дахь жилийн төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 3 дахь жилийн төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 4 дэх жилийн төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлсөн болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө төлөх ёстой байсан байна. Харин нэхэмжлэгчийн эрх бүхий төлөөлөгч нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл дээр дурдсанаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учир тус өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж чадаагүй. Иймд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 30 хоногийн хугацаагаар тоолох нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасантай нийцнэ. Мөн энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 231-232 дахь талд авагдсан “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолт” зэрэг баримтаар нотлогдоно. Улмаар нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрийн сангийн 100900000712 тоот дансанд тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрт 1 740 000 төгрөгийг шилжүүлсэн талаарх Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлгийн баримтаар нотлогдож байгаа бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасантай нийцсэн байхад анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацааг хэтрүүлсэн байх ч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай, нөгөөтэйгүүр мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хуулиар хэтрүүлж болох 30 хоногийн хугацааны дотор буюу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн болох нь нотлогдож байхад анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдийг Б.М-өөс өөр хүн төлөөлөх эрхгүй буюу тухайн компанийн үйл ажиллагааг бие даан, ганцаар удирдан зохион байгуулдаг болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон гэрч Ц.О-ны мэдүүлгээр тус тус нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр нэр бүхий хуулийн этгээдүүдийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байх ба үүнд “И г р” ХХК-ийн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд байрлах “Ширээгийн хөндий” нэртэй талбайд олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-019248 дугаартай тусгай зөвшөөрөл багтжээ.
Нэхэмжлэгч “И г р” ХХК нь дээрх шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага гаргаж, үндэслэлээ “тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, үнэн учраа хэлж холбогдох тайлбар болон төлбөр төлсөн баримтаа өгсөн боловч яг тухайн өдрөөр тусгай зөвшөөрлийг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлана”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”: 56.1.2. “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын XV-019248 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит 5 дахь жилийн төлбөрийг түүнийг анх олгосон өдөр буюу 11 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй, энэхүү хугацааг алданги төлөх нөхцөлтэйгөөр 30 хүртэл хоногоор хэтрүүлэх боломжтой ч 12 дугаар сарын 13-ны өдрийн дотор уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлана гэж ойлгоно.
Гэвч “И г р” ХХК хуульд заасан хугацаанд бус 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн нь дээрх хуульд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзэх ба тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар хүлээлгэсэн үүргийг үгүйсгэх, хойшлуулах үндэслэл болж чадахгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө төлөх ёстой, уг өдрөөс 25-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учир тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж чадаагүй, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 30 хоногийн хугацаагаар тоолох нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасантай нийцнэ” гэх гомдол үндэслэлгүй.
Харин хариуцагч захиргааны байгууллага нь хуульд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн цаг хугацаанд шийдвэрээ гаргаагүй атлаа нэхэмжлэгчээс 5 дахь жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрөө 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр төлсөний дараа 1 дүгээр сарын 28-ны өдөр цуцлах шийдвэр гаргасныг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал,
Захиргааны ерөнхий хуульд захиргааны үйл ажиллагаанд баримтлах үндсэн болон тусгай зарчмыг тусгаж өгсөн бөгөөд маргаан бүхий шийдвэрийн “И г р” ХХК-д холбогдох хэсэг нь уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимтай нийцээгүй.
Захиргааны байгууллага аливаа захиргааны акт гаргахдаа үндэслэл болсон бүх нөхцлийг бүрэн тодорхойлж, түүнд хамаарах нотлох баримтыг цуглуулж, бий болсон нөхцөл байдалд нийцүүлэн шийдвэр гаргахыг “бодит нөхцөл байдлыг тогтоосон” гэж ойлгох бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдсөний дараа “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэснийг бодит нөхцөлд тохирсон гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “төлбөр төлөөгүй байх” гол үндсэн шаардлага нь шийдвэр гаргах үед хангагдаагүй, “төлбөр төлөгдөөгүй” гэх үндэслэл арилсан байгаа энэ тохиолдолд маргаан бүхий актыг зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангасан гэж үзэх боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч “И г р” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “төлбөрөө төлсөний дараа цуцалсан нь хуульд нийцээгүй” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН