Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Б.Э, Ю.О, О.Л нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор                                                 Б.Батсайхан

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч                  С.Галцацрах

            Шүүгдэгч                                                Б.Э, Ю.О, О.Л

            Нарийн бичгийн дарга                           Б.Анхтуяа нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Б.Э, Ю.О, О.Л нарт холбогдох 201703000085 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг, Хонхор хорооллын 3-19 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Б.Э  

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, дүү нарын хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонхор баг, Майлах гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Ю.О

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг, Ханхар гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Дангиа овгийн О.Л  

 

Б.Э, Ю.О, О.Л нар нь бүлэглэн 2017 оны 01 сарын 26-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг, “Эрх гүн” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна насанд хүрээгүй хохирогч Л.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Э, Ю.О, О.Л нарт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор:

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э, Ю.О, О.Л нарт холбогдох хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж,

Шүүгдэгч Боржигон овогт Б.Э, Боржигон овогт Ю.О, Данига овогт О.Л нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэнд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, О.Л, Ю.О нарыг 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Шүүгдэгч Б.Э, О.Л Ю.О нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/-өөс дээшгүй цагаар тогтоож,

Шүүгдэгч Б.Э, О.Л, Ю.О нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажпыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг тайлбарлаж;

Шүүгдэгч Б.Э, Ю.О, О.Л нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Л.Бгийн 4 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн Хонхорын 8-25 тоотод оршин суух Лувсан овогт Л.Б -д буцаан олгож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Ю.О, О.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Э, Ю.О, О.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдолд:

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08 өдрийн 94 тоот шийтгэх тогтоолыг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Э, Ю.О, О.Л нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг "Эрх гүн” хүнсний дэлгүүрийн гадаа насанд хүрээгүй хохирогч Л.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, О.Л, Ю.О нарыг 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн     145.1-д заасан насанд хүрээгүй гэрчийг байцаах, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 байцаалтын тэмдэглэл, 153 дугаар зүйлийн 153.3 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчин хавтаст хэргийн 33-р хуудсанд насанд хүрээгүй гэрч Н.Түвшинбаярт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийг сануулан гарын үсэг зуруулсан. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 146 дугаар зүйлийн 146.1-р зүйлд заасан шаардлагыг хангахгүй 153 дугаар зүйлийн 153.3 дугаар зүйлийг зөрчиж /хх-ийн 34/ хөтлөх асуулт асуусан. Энэ нь гэрчийн мэдэж байгаа нөхцөл байдлын талаар урьдчилан асуухгүй, хэргийн оролцогч нарыг таних уу Л.Бг хэзээ, хэн, хаана ямар шалтгааны улмаас зодож цохисон бэ гэж хөтөлсөн асуулт тавьсан. Улсын  яллагчийн гэрчийн мэдүүлэгийг нотлох баримтаар авч байгаа гэрч Ч.Чинбилэг /хх-ийн 28/ нь хохирогч Л.Бгийн төрсөн эх бөгөөд хэрэг учирлын газар өөрийн биеэр байгаагүй, гэрч Э.Ундармаагийн /хх-ийн 58-60/ хэн хэнийгээ юугаар хэдэн удаа яаж цохисон бэ гэсэн мөрдөн байцаагчийн асуултанд гэрч Э.Ундармаа хараагүй /хх-ийн 78/ гэж хариулсан байдаг. Мөн /хх-ийн 82/ гэрч Ш.Нарангарав О.Л нь хүн зодоогүй зодоон хийж байсан хүмүүсийг салгасан юм гэсэн гэх хариулт. /хх-ийн 93/ гэрч Л.Хатанбаатар нь Ю.О, О.Л нар зодоогүй салгах гээд байсан юм гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Ю.О, О.Л нар нь хохирогч Л.Бг зодсон гэх асуудал нь нотлогдохгүй насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг хуульд заасан  үндэслэл журмын дагуу бэхжүүлээгүй, гэрчүүдийн мэдүүлэг нь хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн гүйцэд мэдээгүй ам дамжиж мэдээлэл авсан хүнийг гэрчээр оролцуулсан гэж үзэж байх тул шүүгдэгч Ю.Очирваань, О.Л нарын үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Б.Э нь хохирогч Л.Бг зодож биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг бүрэн барагдуулж, албан ёсны уучлалт гуйн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт ял шийтгэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9-р зүйлийн 1-д зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 72 дугаар зүйлийн 72.1.1-ыг удирдлага болгон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.2, 208.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэл байна гэж үзэж байна. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Б.Э, Ю.О, О.Л нар нь бүлэглэн 2017 оны 01 сарын 26-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг, “Эрх гүн” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна насанд хүрээгүй хохирогч Л.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Уг хэрэгт прокурорын зүгээс 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 94 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Э Ю.О, О.Л нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж дүгнээд мөн хуульд зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхээр тус тус шийдвэрлэсэн байна. Мөн шийтгэх тогтоолд бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй гэдгийг дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэл болон нотолгооны хувьд маргаантай байгаа нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбараас нь харагдаж байна. Прокурорын зүгээс тайлбараа тодорхой хэлсэн. Ийм учраас анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтанд тулгуурлаж шийдвэрлэсэн байна. Хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг нэг бүрчлэн үнэлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх үндэслэлтэй. Шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Галцацрах шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Насанд хүрээгүй гэрчийг хөтөлж асуусан. Б.Э, О.Л, Ю.О нарыг таних уу гэж асууснаа, Л.Б хэзээ хаана хэдэн хүн яаж цохисон бэ гэдгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 53 дугаар зүйлд зааснаар хөтөлж асуусан асуултыг тавьж байцаан шийтгэх хуулийг зөрчиж байна гэсэн гомдол гаргасныг прокурор хохирогчийг хөтөлж асуусан гээд буруу утгаар нь ойлгочих шиг боллоо гэдгийг тайлбарлах нь зүйтэй байх. Би гаргасан гомдлоо дэмжиж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9-т зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой. Мөн Ю.О, О.Л нарын үйлдэл нь шинжээчийн дүгнэлт болоод гэрчийн мэдүүлэг, ач холбогдолтой гэсэн нотлох баримтуудаар мөн шаардлагатай гэрч болох Хатанбаатарын “Ю.О, О.Л нар нь зодоогүй, салгасан юм” гэсэн мэдүүлгээр Ю.О, О.Л нар нь энэ хэрэгт оролцоо байхгүй, харанхуй бүрэнхийд салгах гэж очсоныг нь цохисон зодсон гэсэн байдлаар тайлбарлагдаж байна. Шинжээчийн дүгнэлтийг гол нотлох баримт гэж үзэж байна. Дүгнэлтээр гадна бие ил шарх сорви байгаагүй, гурвуулаа үгсэж байгаад нэг газар цохичихсон юм шиг нүүрэнд хамран хэсэгт гэмтэл учирсан. Нотлох баримтаар нотлогдохгүй байхад шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулж байгаад гомдолтой байна. Ингээд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолоо дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар Б.Э, Ю.О, О.Л нарт холбогдох хэрэгт гаргасан өмгөөлөгч С.Галцацрахын гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлахад мөрдөн байцаалтын явцад буюу 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Л.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт насанд хүрээгүй сэжигтнээр тооцох тогтоол үйлдэж улмаар 2017 оны 05 сарын 30-ны өдөр Л.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллагдагчаар татаж, түүнийг тус тус байцаажээ.

 

Яллагдагч Б.Э, О.Л, Ю.О, Л.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэх мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн санал гарч хэргийг прокурорт шилжүүлсэн байна.

 

            Прокурор 2017 оны 06 сарын 23-ны өдөр яллагдагч Б.Э, Ю.О, О.Л нарт холбогдох хэрэгт 76 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба мөрдөн байцаалтын явцад сэжигтнээр болон яллагдагчаар тогтоосон Л.Бд холбогдох хэргийг прокурор шийдвэрлэсэн эсэх, шийдвэрлэсэн бол хэрхэн шийдвэрлэсэн талаар нотлох баримт хэрэгт байхгүй байхад шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

             

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч өөрийн санаачлагаар хянан хэлэлцэж шийдвэр гаргах тухай эрх олгогдсон байх тул шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрхийг хангах, оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэхийг сайтар хянаж хэргийг нэг мөр хурдан шуурхай шийдвэрлэхийн тулд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж байвал зохино.

 

Мөн 2017 оны 07 сарын 06-ны өдөр хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтанд хохирогч гарын үсэг зураагүй байгааг анхан шатны шүүх анхаарах нь зүйтэй.  

 

           Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

 Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Э, Ю.О, О.Л нарт  2017 оны 7 дугаар 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн болно.

 

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дүгнэлт өгөх боломжгүй юм.   

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Э, Ю.О, О.Л нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ДАВААСҮРЭН
 

                                                 ШҮҮГЧИД                              М.МӨНХДАВАА

 

            В.ЦЭЦЭНБИЛЭГ