Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 772

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхжин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,  хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.М, түүний өмгөөлөгч Д.Н, Д.Т, гуравдагч этгээд БНХАУ-ын иргэн Л.Ү /W/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С өмгөөлөгч Б.Бнарыг оролцуулан

Нэхэмжлэгч: “Б” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдэд холбогдох,

Гуравдагч этгээд: “Т” ХХК /*******/,

Гуравдагч этгээд: БНХАУ-ын иргэн Л.Ү /W/ 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны *** дугаар захирамжийн Т ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн *** тоот “Газар ашиглах эрх олгох тухай” тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Газар ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” ***дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлагууд бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн *** тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний 2.1-т “энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж, нотариатаар гэрчлэгдсэнээр газар эзэмших эрх шилжиж, *** тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсанаар дуусгавар болно” гэж зааснаар “газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ” нэртэй болохоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдах хүртэлх хугацаатай өөрөөр хэлбэл, “Т” ХХК нь жинхэнэ эзэмшигч биш түр зуурын эзэмшигч байгаа нь тодорхой байхад Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх журмыг бүхэлд нь зөрчиж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.3-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”-ийг тогтоохгүйгээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн захиргааны үйлдэл хууль бус гэж үзэж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны *** дугаар захирамжийн "Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байсан юм.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ***дугаар захирамжийн 2 дахь заалтаар дээрх 2016 оны *** дугаар захирамжийн Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны *** дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн. 

“Б” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 331 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо МТ шатахуун түгээх станцын зүүн талд 10000 м.кв газрыг эзэмшдэг. 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “Б” ХХК нь “Т” ХХК-тай 100 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээл авсан. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тухайн зээлийн гэрээг сунгаж, мөн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу маргаан бүхий газрыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулагдсан. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг давхар хийсэн. Энэхүү гэрээг зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан өдөр хийснээс гадна, нэгэнт барьцаалагдсан байгаа учраас гэрээн дээр гарын үсэг зурсан. Тухайн гэрээг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд бүртгүүлж “Т” ХХК-ийн нэр дээр 2016 оны *** дугаар захирамжаар шилжсэн. Ингэж шилжүүлсэн Засаг даргын захирамж хууль бус юм. Учир нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар энэхүү гэрээний зорилго нь талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар зээлийн гэрээний 11 дэх хэсэг, мөн өдрийн *** дугаар барьцааны гэрээг баримтлан шилжүүлэгч нь тус гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээний 3 дугаар зүйлд заасан барьцааны зүйл болох “Б” ХХК-ийн өмчлөлийн аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний *** дугаартай нэгж талбарын ***0 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд орших 10000 м.кв газар эзэмших эрхийг эрх хүлээн авагчийн өмчлөлд үл маргах журмаар шилжүүлнэ. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлнэ гэж заасан. Тэгэхээр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээний нэр нь ийм болохоос биш барьцааны гэрээний утга агуулгыг агуулсан гэрээ байхад үүнийг харж үзэхгүйгээр, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг тогтоохгүйгээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн үйлдлийг хууль бус гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны *** дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэж өөрчилсөн. 

Мөн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн *** тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний 3.2.4-т “эзэмших эрхийг шилжүүлснээр түүнтэй холбоотой аливаа нэгэн маргаан гаргахгүй болно”, 3.2.5-д “гэрээнд заасан үүргийг чин шударгаар биелүүлнэ” гэж тус тус заасан байхад “Т” ХХК нь энэхүү үүргээ зөрчиж, БНХАУ-ын иргэн Ү /W/-д ашиглуулах эрхийг олгохыг зөвшөөрсөн. Ийнхүү хууль зөрчиж олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн *** тоот “Газар ашиглуулах эрх олгох тухай” тогтоолоор БНХАУ-ын иргэн Ү /W/-д маргаан бүхий газрыг ашиглуулах зөвшөөрөл олгох эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад олгосон байна. Энэхүү тогтоолыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ***дугаар захирамжаар газар ашиглуулах эрхийг баталгаажуулсан байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.1-д “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх”, 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”, 20.1.3-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”, 20.1.4-т “бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах”, 20.1.5-д “үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэр, байршлыг тогтоох” гэж тус тус зааснаас үзэхэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид нь газрын асуудлаар дүрэм журам батлах, тухайн жилийн төлөвлөгөөг батлах, Засаг даргын тайлан, саналыг хэлэлцэх, байршил тогтоох, төсөвтэй холбоотой бүрэн эрхүүдийг хэрэгжүүлэхээр байх бөгөөд харин газар эзэмшигч, ашиглагчид шууд чиглэсэн шийдвэр гаргах, Засаг даргад үүрэг даалгавар өгөх зэрэг эрхийг хуулиар олгоогүй байна.

Иймд газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлж болох эсэхийг заагаагүй тул Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ***дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”,  мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг зөрчин тухайн оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар ашиглуулах эрхийг баталгаажуулсан.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга “Газар ашиглах эрхийг баталгаажуулсан” 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ***дугаар захирамжийг гаргахдаа Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *** тоот тогтоолыг үндэслэл болгосон нь хууль бус захиргааны актыг үндэслэл болгон түүнийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Газар ашиглуулах эрхийг баталгаажуулсан” ***дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа” гэв.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 04 дүгээр 10-ны өдөр *** дугаар тогтоолоор 20 дугаар хороонд байрлах “Т” ХХК-ийн эзэмшлийн 1 га газрыг БНХАУ-ын иргэн Үнэнбатад шилжүүлэх тогтоол гаргасан байна. Дээрх тогтоолын дагуу дүүргийн Засаг дарга 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ***дугаар захирамжаар иргэн Вунингбатуд 1 га газар ашиглах эрх олгон 2016 оны *** дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Дээрх захирамж нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих боломжгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. 

“Б” ХХК анх 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 331 дүгээр захирамжаар “Б*******” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 га хэмжээтэй газар эзэмших эрх шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч “Б” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд 2016 оны 0/2 дугаар газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Мөн “Б” ХХК өөрийн эзэмшилд байгаа 1 га газрыг “Т” ХХК-д шилжүүлэх тухай албан хүсэлтээ ирүүлсэн. “Т” ХХК мөн адил байгуулсан гэрээний дагуу тухайн газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтээ гаргасан. Ингэснээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан газар эзэмших эрх шилжүүлэх үндэслэл болсон. Тухайн эрх шилжүүлэх шаардлага хангагдсан учраас дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн *** захирамж гарч “Б” ХХК-ийн нэр дээр байсан газрыг “Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.3-д заасан үүргийг дүүргийн Засаг дарга хэрэгжүүлээгүй гэж байна. Газар эзэмшүүлэх эрх шилжүүлж авч байгаа этгээд газар эзэмших эрхтэй эсэхийг нягтлан шалгаагүй гэж байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т зааснаар газар эзэмших эрхтэй этгээдийг дурдсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуй нэгжид олгоно гэж заасан. Энэ байгууллага нь Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж мөн эсэхийг нягтлаад үзэхэд Монгол Улсын аж ахуй нэгж байсан учраас газар эзэмших эрхтэй болж таарсан. Тийм учраас газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль ёсны дагуу явагдсан байна. Харин дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлээгүй байсан бол энэ нь Газрын тухай хуульд заасан зүйл заалтыг зөрчих байсан. 

2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ***дугаар захирамжийг гаргах үндэслэлгүй гэсэн байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэх нь нээлттэй байдаг. Дүүргийн Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс даалгасан тогтоолыг биелүүлэх үүрэгтэй. Мөн Газрын тухай хуульд газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх, гадаадын иргэнд газар ашиглуулах эрхийг олгох түүний дагуу гэрээ байгуулах эрх нь нээлттэй. Үүний дагуу дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ***дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлд заасныг үндэслээд “Т” ХХК-ийн эзэмшиж байсан газрыг Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Л.Ү***ад шилжүүлж, ашиглуулах шийдвэр гаргасан. Тийм учраас  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тогтоолоор БНХАУ-ын иргэн Л.Ү***ад 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар, 5 жилийн хугацаатай газар ашиглуулах эрхийг олгохдоо 2 талын бичгээр гаргасан хүсэлт, нотариатын баталгаажуулсан гэрээг тус тус үндэслэж олгосон.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид газар эзэмшигч, ашиглагчид шууд чиглэсэн шийдвэр гаргах эрхийг хуулиар олгоогүй гэх үндэслэлийн хувьд Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /з/-д заасан нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх гэсэн заалт болон бусад заалтыг тус тус үндэслэн газар ашиглуулах эрх олгох тухай тогтоол гаргасан. Энэ харилцаанд ямар нэгэн байдлаар “Б” ХХК оролцоогүй. Бид тухайн газрыг эзэмшигчийн хүсэлтийн дагуу ашиглах зөвшөөрөл олгосон тул “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн захирал О.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 

“...Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч илт худлаа зүйл ярьж байна. Манай зүгээс “Б” ХХК-ийг зээлээ төлөөч гэдэг зүйлийг л хэлсэн. Ингээд юу болсон талаар асуухад боломжгүй байна, бид таньд өөр санал тавих гэж байна очиж уулзъя гэсэн. Ингээд саналыг сонсоход нэмж манай байгууллагаас 100 сая төгрөгийн санхүүжилт авах хүсэлтэй байна гэсэн. Бид газраа танай байгууллагын нэр дээр шилжүүлж өгье тодорхой хугацааны дараа 200 сая төгрөгийг төлөх боломжгүй бол та тухайн газрыг зарж мөнгөө гаргах боломжтой гэсэн ингээд эрх шилжүүлэх гэрээг хийсэн. Зээлсэн мөнгийг төлөх хугацаа болоход “Б” ХХК мөнгөө төлж чадаагүй тийм учраас бид тухайн газрыг зарж хохирлоо гаргуулж авсан. Мөн манай зүгээс болон Л.Ү***ын зүгээс 2 талаасаа нийтлэг үйлчилдэг журмын дагуу хүсэлт гаргасан. Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу Хятад улсын иргэн Л.Ү***ад үл хөдлөх хөрөнгө зарсан. Гэрээг хийхдээ тухайн газар дээр байх объектыг зарсан тул газар нь шилжсэн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Анх 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зээлийн харилцаа үүссэн. “Т” ХХК нь хуулиар олгогдсон зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компани. “Б” ХХК-ийн зээлийн гэрээний хугацаа дууссан. Үүний дараа “Б” ХХК энэ зээлийг төлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Ингээд төлөх боломжгүй учраас тухайн газар дээр байгаа объектыг болон газар эзэмших эрхийг “Т” ХХК-д шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс манай эрх ашиг хохирсон гэж байна. Гэтэл яг ямар эрх ашиг хөндөгдсөн эсэхийг тодорхойлж чадахгүй байна. “Б” ХХК газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх үеийн байдлаар болон өнөөдрийн байдлаар ямар нэгэн мөнгө өгөөгүй. Мөн нэхэмжлэгчийн эрх ашиг нь зөрчигдсөн эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд заасан заалтуудыг анхаарсангүй гэж дүүргийн Засаг даргыг буруутгаад байна. Тэгэхээр “Б” ХХК газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтээ гаргасан. Мөн “Т” ХХК газрыг эзэмших хүсэлт гаргасан, гэрээг нотариатаар батлуулсан, мөн бичиг баримтын бүрдүүлбэрийг хангасан. Энэ тохиолдолд Засаг даргыг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйл болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэх баримт тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Хүчин төгөлдөр, нотариатаар гэрчлэгдсэн гэрээг үндэслэж энэ бүх үйл ажиллагаа явагдсан. Мөн Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн 14 дүгээр зүйлд банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн өр төлбөр барагдуулах зорилгоор өөрийн өмчлөл болон эзэмшилд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авч болно гэж заасан. Мөн бид өнөөдөр захиргааны актын үндэслэлийг ярьж байгаа болохоос шилжүүлсэн эсэх гэрээний асуудал яригдах ёсгүй. Засаг дарга гэрээний зүйл заалтыг тайлбарладаг этгээд биш. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л.Ү /W/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С өмгөөлөгч Ш.Бшүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 

“...Нэхэмжлэгчийн яриад байгаа зээлийн гэрээ болон барьцааны гэрээний зүйл заалт энд хамааралгүй гэж үзэж байна. Нотлох баримтаас харахад газрын эрхийг шилжүүлье гэсэн хүсэл сонирхол байсан. Үүний үндсэн дээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар бичиг баримтын бүрдүүлбэрийг хангасан гэсэн үндэслэлээр дүүргийн Засаг даргаас *** дугаар захирамж гарсан. Мөн нэхэмжлэгч  тал нэхэмжлэл гаргах эрхгүй байдлаар харагдаж байна. Учир нь “Т” ХХК болон Газрын алба, гуравдагч этгээд Л.Ү***, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэх 4 этгээдийн хооронд явагдаж байгаа. Тэгэхээр “Б” ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Гадаадын иргэнд газар ашиглах эрхийг олгосон Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйлдэл нь хууль ёсны дагуу явагдсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын гаргасан ***дугаар захирамжийн хувьд нэхэмжлэгч талаас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч “Б” ХХК-иас “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны *** дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны *** дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчлөн, түүнчлэн “Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 сарын 10-ны өдрийн  “Газар ашиглуулах эрх олгох тухай *** дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 4 сарын 10-ны өдрийн “Газар ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” ***дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлэн гаргасан бөгөөд шүүх хуралдаанаар энэхүү өөрчлөн нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцсэн болно.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан мөн шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий болон илт хууль бус актад дүгнэлт өгч, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь “Т” ХХК-тай “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” нэртэй гэрээ байгуулсан боловч угтаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд хийсэн гэрээ бөгөөд үүнийг захиргааны байгууллага судалж үзэхгүйгээр өөрсдийнх нь газар эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлж, бодит байдал дээр газраа эзэмших эрхийг хязгаарлан, газрыг шударгаар эзэмших эрхийг зөрчиж байгаа, түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Газрын тухай хуульд заасан эрх хэмжээнд үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан нь илт хууль бус байна, илт хууль бус актыг үндэслэн захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны акт гаргасныг буруутгаж маргааны зүйлээ тодорхойлж байна.

Хариуцагч захиргааны байгууллагууд нь газар эзэмшигч нь газар эзэмших эрх шилжүүлэх эрхтэй байна уу, шилжүүлэн авч байгаа этгээд нь Газрын тухай хуульд заасан хүсэлт гаргах эрхтэй этгээд байна уу гэдгийг шалгасны эцэст шилжүүлж байгаа болон шилжүүлэн авч байгаа этгээдүүдийн бичгээр гаргасан хүсэлтүүдийг үндэслэн шийдвэр гаргасан, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад зөвхөн Газрын тухай хуулиар хязгаарлагдахгүйгээр бусад хуулиар газрын асуудлаар бүрэн эрх олгогдсон байдаг, газар ашиглуулах талаар бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан захиргааны актууд нь нэхэмжлэгчийн ямар эрхийг хөндөж байгаа нь тодорхойгүй байна хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн зүгээс холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар эзэмших эрхийг олж улмаар уг эрхээ хуульд заасан үндэслэлийн дагуу шилжүүлсэн, хуульд заасны дагуу газар ашиглах эрхийг олсон, эрх бүхий байгууллагын хууль ёсны шийдвэр байсан, нэхэмжлэгчийн эрх хөндөгдөөгүй хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Шаардлага тус бүрийн хүрээнд захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийг авч үзвэл:

1. Автомашины завсар үйлчилгээ, гадаад худалдаа, барилгын материалын худалдаа эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй, “Б” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт буюу тус дүүргийн 20 дугаар хороо МТ ШТС-н зүүн талд 10000 м2 газрыг тус дүүргийн Засаг даргын 2012 оны 10 сарын 30-ны өдрийн 331 дүгээр захирамжаар  үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшсэнийг *** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, нэгж талбарын *** дугаарт бүртгэн эрх бүхий байгууллага баталгаажуулжээ. 

Нэхэмжлэгч болох “Б” ХХК нь “Т” ХХК-иас тодорхой мөнгөн дүн бүхий зээлийг холбогдох хууль, журмын дагуу гэрээ байгуулан авсан үйл баримтын талаар талууд маргаангүй байна. Ингэхдээ маргаан бүхий газрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан, гэтэл маргаан бүхий газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ хийх хүсэл зориг байгаагүй гэдэг нь “газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх” гэрээнээс тодорхой харагдаж байхад хууль зөрчин шилжүүлсэн хэмээн хариуцагч захиргааны байгууллагыг буруутгаж байна.

Тэгвэл, хариуцагч захиргааны байгууллагыг шууд буруутгах нотлох баримт, гаргасан захиргааны актыг хууль бус байсныг нотлох баримт, хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж шүүх үзлээ. Хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн захиргааны акт  нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлийн 38.1, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалыг тус тус үндэслэн гарсан ба үүнээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д зохицуулсан харилцаа нь дүүргийн Засаг даргын буюу хариуцагч захиргааны байгууллагын бүрэн эрхийг тодорхойлсон заалтууд байна. 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулсан бөгөөд хэлэлцэж байгаа маргаантай асуудалд илүүтэйгээр тайлбарлаж хэрэглэх зохицуулалт байна. Тэгэхээр уг хуулийн 38.2-д: “эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана” гээд жагсаалт бүхий гурван зүйлийг тодорхойлжээ. Энэ заалтын агуулгыг хангаж, нотариатаар гэрчлүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ , нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хүсэлт , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “*** ББСБ” ХХК-ийн хүсэлт , газар эзэмшүүлэх гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт, газрын төлбөр төлсөн баримт, бүртгэл хяналтын маягт, бусад бичгийн баримтуудыг бүрдүүлж, эрх бүхий албан тушаалтанд хандсан энэ байдал нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна. Нэхэмжлэгч нь “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний заалтыг судалж үзээгүй” гэж тайлбарлаж байгааг шүүхээс зөвтгөх үндэслэлгүй, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний агуулгыг бүхэлд нь зөв ойлгох талаар хариуцагч захиргааны байгууллага хүлээх үүрэггүй, хэрэв захиргааны байгууллага уг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн, илэрхийлэл нь буюу агуулга нь хууль бус гэж буруутгавал, нөгөө талд нь талуудын хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр хандсан хүсэлтүүдийг хэрхэн мөн адил буруу байсан гэж ойлгох, газар эзэмших эрх шилжүүлэх талаарх хуульчилсан зохицуулалтыг хангахгүй байна гэж тайлбарлах хангалттай үндэслэл хариуцагч захиргааны байгууллага болох Засаг даргад үүсэхээргүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь газар эзэмших эрхээ барьцаалж барьцааны гэрээ байгуулан уг гэрээгээ бүртгүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч шүүхээс барьцааны гэрээг бүртгэх үүрэг бүхий захиргааны байгууллага дээр бичиг баримтын үзлэг  хийхэд энэ талаарх баримт олдоогүй тул хүчин төгөлдөр барьцааны гэрээтэй, түүнийгээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байхад газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн гэх тайлбар няцаагдаж байна.

Иймд нэхэмжлэгчийн газрыг шударгаар эзэмших эрх зөрчигдсөн гэх үйл баримт буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх баримт тогтоогдохгүй байна.

2. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагаа хариуцагч Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 сарын 10-ны өдрийн “Газар ашиглуулах эрх олгох тухай” *** дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон бөгөөд шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж тодорхойлохын сацуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “... газар эзэмшигч, ашиглагчид шууд чиглэсэн шийдвэр гаргах, Засаг даргад үүрэг даалгавар өгөх эрхийг хуулиар олгоогүй”  гэжээ. 

Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх түүнчлэн байгаль хамгаалахтай олон зохицуулалтыг Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар өөртөө хадгалж хэрэгжүүлэх бүрэн эрхүүдийг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүнчлэн Засаг даргад олгосон байна. 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн захиргааны акт -ыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “з”, 20 дугаар зүйлийн 20.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг үндэслэн баталсан байна. Хуулийн 20 дугаар зүйлд: “Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх”-ийг нэрчлэн жагсаан заасан бөгөөд 20.1-д: “... дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн ... 18.1.2 “з”...-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохыг заажээ. Түүнчлэн дээрх хуулийн 18.1.2 “з”-д: “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах” хэмээн заасныг үндэслэсэн нь мөн хуулийн 18.1-д: “дүүргийн Хурлын онцгой бүрэн эрх”-д хамаарч, “...төрийн эрх бүхий бусад байгууллага албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй” гэж заасантай нийцэж байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн баримт тогтоогдохгүй байна.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д: “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно” гэж зааснаас үзэхэд захиргааны байгууллага нь Газрын тухай хуульд заасан “газар эзэмших болон газар ашиглах эрх”-ийн ялгааг зөв мэдэж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэлийн энэ шаардлагад хамаарах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь ихэвчлэн хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул дүүргийн төсөв санхүүг сайжруулах, хамтран ажиллах үүднээс газар ашиглах эрхийг олгох тухай шийдвэр гаргасан” гэж тайлбарлаж байгааг буруутгах үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан үндэслэлээр хариуцагчийг буруутгахын тулд илт хууль /гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй/ гэж үзэх алдаа шууд бий болсон байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх үндэслэлд хамаарахын тулд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд маргаантай эрхийн талаар хуулиар бүрэн эрх олгоогүй байх, үүнээс улбаалж Тэргүүлэгчдийн тогтоолыг огт гараагүйтэй адилтгаж үзэх, эрх зүйн хувьд ямар ч үр дагавар үүсэхгүй байх ёстой байна. Тэгвэл Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэнд хяналт тавих ... “ бүрэн эрхийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлэхээр хуульчилсан бол, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д: “... тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” хэмээн дүүргийн Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхэд зааж, энэ нь эрх зүйн хувьд үр дагавар үүсэх нөхцлийг хуульчилсан явдал байна.

Иймд илт хууль бус захиргааны актаар тогтоолгохыг хүссэн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 сарын 10-ны өдрийн “Газар ашиглуулах эрх олгох тухай” *** дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсан үндэслэлээр буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан үндэслэлээр гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэж, илт хууль бус акт гэж шүүх дүгнэсэнгүй.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 4 сарын 10-ны өдрийн “Газар ашиглах эрх баталгаажуулах тухай” ***дугаар захирамжийг маргаан бүхий захиргааны актаар  тодорхойлсон бөгөөд уг акт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3, Газрын тухай 33 дугаар зүйлийн 33.1.1, 34.1, 38.1, 44.6, 44.8, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ***, ***, *** дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн гарч, нэг дэх заалтаар нэр бүхий гурван аж ахуйн нэгж, иргэний газар ашиглах эрхийг баталгаажуулж, хоёр дахь заалтаар нэхэмжлэлийн нэг дэх шаардлагад хамаарах хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн захиргааны акт болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 4 сарын 7-ны өдрийн А146 дугаар захирамжийн “*** ББСБ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар томьёолсон нь учир дутагдалтай байгааг, өөрөөр хэлбэл, нэг актаар олон аж ахуйн нэгж, иргэний асуудлыг хамтад нь шийдвэрлэснийг үл анхаарч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зөв томьёолж чадаагүйг тэмдэглэж байна. Хүчингүй болгосон актыг нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “маргаан бүхий захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага гаргасан гэж шүүх үзсэн ба үндэслэх хэсгийн эхний хэсэгт зохих дүгнэлт өгснийг мөн тэмдэглэж байна.

Маргаан бүхий захиргааны актаар БНХАУ-ын иргэн W-д маргаан бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулах эрхийг олгосон нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д: “... зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар” гэх заалт шаардлагыг зөрчиж байгаа авч уг актын улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх шууд хөндөгдөхгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Нөгөө талаас захиргааны байгууллага “гадаад улсын иргэн” гэсэн түүний эрх зүйн байдалд дүгнэлт өгч “газар ашиглуулах эрх”-ийг олгосон гэх хариуцагчийн, өөрөөсөө олгосон зээлийн эрсдлийг бууруулж, маргаан бүхий газар дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан тул газрыг шилжүүлэх болсон гэх гуравдагч этгээд “Т” ХХК-ийн тайлбарууд үндэслэлтэйг дурдах нь зүйтэй. 

Шаардах эрх үүсэхгүй, өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, хүсэлт гаргагч “*** ББСБ” ХХК, БНХАУ-ын иргэн Ү /W/ нарын хооронд газар ашиглах тухай асуудалд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна, захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлээгүй байна гэж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд БНХАУ-ын иргэн Ү /W/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С өмгөөлөгч үзэж байна. Энэ тохиолдолд нэгэнт шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан, нэхэмжлэлийн шаардлагууд нь нэг нь нөгөөтэйгөө уялдаж гарсан, өөрөөр хэлбэл, маргаан бүхий асуудлаар гарсан захиргааны актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох, илт хууль бус болохыг тогтоолгох, маргаан бүхий гэж үзэж хүчингүй болгуулах актууд нь харилцан хамааралтай гарсан байна.

Иймээс нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хүлээн авахаас татгалзахгүйгээр тухайн маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэнээс гадна маргаан бүхий захиргааны актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн болно. 

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсаны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2.1, 38.1, 38.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны *** дугаар захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 сарын 10-ны өдрийн “Газар ашиглуулах эрх олгох тухай” *** дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 4 сарын 10-ны өдрийн “Газар ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” ***дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               У.БАДАМСҮРЭН