Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Б.Г, Э.А нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор                                                 Н.Цогтбаяр

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч                  Ц.Б

            Шүүгдэгч                                                Б.Г

            Нарийн бичгийн дарга                           Н.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Б.Г, Э.А нарт холбогдох 201603000544 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулагийн 2-16 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 14 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Б.Г  

 

Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдөр  Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Эрдэнэт Булганы цахилгаан дамжуулах сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай аймаг дахь салбарт монтёр ажилтай, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 40-5 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Өндрийнхөн овогт Б.Г.  

 

Б.Г нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан ялтайд тооцогдох хугацаандаа Э.А, М.М нартай бүлэглэн, машин механизм хэрэглэн, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 19-18 тоотод оршин суух иргэн Г.Өлзийсайханы гэрт нэвтэрч эрэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний үнэгэн малгай 1 ширхэг, том мөнгөн аяга 1 ширхэгийг хулгайлж, иргэн Г.Өлзийсайханд 640.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Э.А нь Б.Г, М.М нартай бүлэглэн, машин механизм хэрэглэн, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 19-18 тоотод оршин суух иргэн Г.Өлзийсайханы гэрт нэвтэрч эрэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний үнэгэн малгай 1 ширхэг, том мөнгөн аяга 1 ширхэгийг хулгайлж, иргэн Г.Өлзийсайханд 640.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Гт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар, Э.Ат холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчлөн зүйлчилж,

Шүүгдэгч Боржигон овогт Б.Г, Өндрийнхөн овогт Б.Г нарыг бүлэглэж, бусдын орон байранд нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Гыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Аыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Э.А нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Э.А нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 68-04 АРХ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн 4 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг хурааж улсын орлого болгож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн 68-04 АРХ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн автомашиныг Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Э.А нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Шийтгэх тогтоолд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд:

Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолыг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Б.Г нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялтайд тооцогдох хугацаандаа Э.А, Мөнхзориг нартай бүлэглэн, машин механизм хэрэглэн, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 19-18 тоотод оршин суух иргэн Г.Өлзийсайханы гэрт нэвтэрч эрэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний үнэгэн малгай 1 ширхэг, том мөнгөн аяга 1 ширхгийг хулгайлж, иргэн Г.Өлзийсайханд 640.000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Архангай аймгийн прокурорын газраас Б.Гыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Э.Аыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус буруутгаж, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 4/а дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Г нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 5511 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 14 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан байгаа боловч түүнийг хянан харгалзсан хяналтын хувийн хэрэгт захиргааны хяналт зогсоох тухай тогтоол гарч Б.Гыг хянан харгалзсан 1 жил 14 хоногийн хугацаа нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дууссан байх тул захиргааны хяналтыг зогсоож Б.Гт мэдэгдсэн байх ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээ хийгээгүй байна. Иймд 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт зааснаар ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна гэсэн заалтыг журамлан шүүгдэгч Б.Гыг 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг өршөөлд хамрагдсан байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгг зааснаар шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Нийслэлийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч Б.Түвшинбаяр нь яллагдагч Б.Гын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 1 жил 14 хоногийн хянан харгалзсан хугацааг дууссан гэж үзэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6, 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Захиргааны хяналтыг зогсоох тухай тогтоол үйлдсэн байх ба уг тогтоолын хуулбар хэрэгт авагдсан байна. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт зааснаар тухайн ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулахаар заасан. Яллагдагч Б.Гын урьд хорих газраас тэнсэн суллагдаж, хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг өршөөлийн хуульд хамааруулан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд түүний 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялгүй болох хугацаа дуусаагүй байна. Б.Г нь ялгүй болох хугацаа дуусаагүй байхад бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гыг гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт болгон өөрчилж шийдвэрлэх ёстой атал шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилсөн нь Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгийг зөв баримтлаагүй, хуулийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй шийдвэр болжээ. Иймд Б.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокурор оролцох болно гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг зөв баримтлаагүй, хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Тийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэсэн прокурорын дүгнэлт гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Миний хувьд прокурорын эсрэг байр суурьтай байна. Нэгдүгээрт Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамааруулж шийдвэрлэх ёстой. Хоёрдугаарт шинэ Эрүүгийн хуульд заасан ялтай байдал байхгүй байхад хүндрүүлж зүйлчлэн эсэргүүцэл бичиж байгаа нь буруу юм. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй шийдвэрлэж өгнө үү. Б.Г, Э.А нарт холбогдох эрүүгийн хэрэг хоёр удаа анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж, хоёр удаа давж заалдах шатны шүүхээр орж байна. Цаг хугацааны хувьд хэрэг хийсэн тодорхой, гэм буруу дээрээ маргадаггүй, хохирол төлбөрөө төлсөн байсан боловч нилээн их хугацаа өнгөрснийг харгалзаж үзнэ үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Г, Э.А нарт холбогдох хэрэгт бичсэн прокурор Н.Цогтбаярын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчиж хэргийг хянан шийдвэрлэжээ. Тухайлбал:

 

 1. Архангай аймгийн Прокурорын газраас Б.Гт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар, Э.Ат холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ гэж хуульчилжээ. Яллагдагч Б.Гт холбогдох хэргийг зүйлчилсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь арваас дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих ялтай,  уг хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байхад хэргийг Ерөнхий шүүгч урьдчилан дүгнэлт хийж дангаар шийдвэрлэх хэрэг гэж үзэн, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 171 дугаартай захирамжаар шүүх хуралдаан даргалагч томилж, улмаар шүүгч дангаар хэргийг шийдвэрлэн, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

 

2.Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 481 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ. Уг захирамжийн тодорхойлох хэсэг байхгүй бөгөөд шүүх хуралдааныг ямар үндэслэлээр, хэний хүсэлтээр, хүндэтгэн үзэх шалтгаанаар эсхүл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хойшлуулж байгаа эсэх, ямар үндэслэлээр ямар таслан сэргийлэх арга хэмжээг шүүгдэгч нарт хэрэглэхээр болсон талаарх үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчжээ.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах зүйлийг заасан байхад шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал болгох заалтаа бүрэн тусгаагүй, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарт цагдан хоригдсон хоног, бусдад төлөх хохирол төлбөр байгаа эсэхийг тус тус заагаагүй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт...яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ...гэж, 6 дахь хэсэгт...прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харъяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ...гэж тус тус хуульчилсан байхад прокурор /хавтаст хэргийн 85-89 талд авагдсан/  5 хуудас яллах дүгнэлт үйлдсэн атлаа 4 хуудас яллах дүгнэлт яллагдагч нарт гардуулж хууль зөрчсөнийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байхад шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Г нь хөдөө яваад машин нь саатаж өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирж амжихгүй талаар өмгөөлөгч Б.Батэрдэнэ утсаар ярьсан гэж дүгнэсэн, энэ дүгнэлт нь хэрэгт утсаар ярьсан талаар ямар нэгэн баримт байхгүй байдлаар няцаагдаж байхад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүй, мөн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Г дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч захирамжийг Б.Гт 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гардуулж гарын үсэг зуруулсан, 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Б.Гыг цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй гэж дүгнэснээс үзэхэд захирамжинд заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг биелүүлээгүй нь иргэн бүрт тэгш хандаж, шударга ёсыг хэрэгжүүлнэ гэсэн зарчим  энэ хэрэгт алдагдсан байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй учир прокурорын эсэргүүцэлд дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Г, Э.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ДАВААСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                       М.МӨНХДАВАА

 

                                                                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ