Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Б.А, Г.Х, Г.А, Г.М

  нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор                                            Н.Цогтбаяр

            Хохирогчийн өмгөөлөгч                   Д.Н

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч             Ц.Б, Н.Э

            Шүүгдэгч                                           Б.А, Г.Х, Г.М

            Нарийн бичгийн дарга                      Н.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Э, түүний өмгөөлөгч Д.Насанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн, Б.А, Г.Х, Г.А, Г.М нарт холбогдох 201203000051 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1968 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 49 настай, халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Мянгат овогт Б-ийн Б.А.  

 

Монгол улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 51 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Монгол овогт Г-ийн Г.Х.  

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 36 настай, халх, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд оршин суух, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Г-ийн Г.А.  

 

Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 33 настай, халх, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Онхууз овогт Г-ын М.  

 

Б.А нь 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул баг Жана гэх газарт байх өөрийн гэртээ иргэн С.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар С.Эын толгойн тус газар нь сүхээр цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

Г.Х нь Б.Аийн 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул баг Жана гэх газарт байх өөрийн гэртээ иргэн С.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар С.Эын толгойн тус газар нь сүхээр цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хохирогчоор, гэрчээр 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус тус мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн,

Г.А нь Б.Аийн 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул баг Жана гэх газарт байх өөрийн гэртээ иргэн С.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар С.Эын толгойн тус газар нь сүхээр цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт С.Эын толгойн тус газарт нь банзаар цохиж гэмтэл учруулсан, учруулаагүй хэмээн удаа дараа өөр мэдүүлэг өгч мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан,

Г.М нь Б.Аийн 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул баг Жана гэх газарт байх өөрийн гэртээ иргэн С.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар С.Эын толгойн тус газар нь сүхээр цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт 2012 оны 07 дугаар сарын 21-ний өдөр, 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Г.А нь С.Эыг банзаар цохиж гэмтээснийг харсан талаар огт мэдүүлээгүй атлаа 2017 оны 04 дүгээр сарын  28-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө өмнөх мэдүүлгээсээ зөрүүтэй буюу Г.А нь С.Эын толгойн тус газар нь банзаар цохиж байхыг харсан мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Ад холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар, Г.Х, Г.М нарт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар, Г.Аод холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1-т зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101 дугаартай цагаатгах тогтоолоор:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянгат овогт Б-ийн Б.А, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  254 дүгээр зүйлийн 254.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Г-ийн Г.Х, Онхууз овогт Г-ын М нарыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр тус тус цагаатгаж;

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Г-ийн Г.Аыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр цагаатгаж;

Шүүгдэгч Б.А, Г.Х, Г.М, Г.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож;

Шүүгдэгч Б.А, Г.Х, Г.М, Г.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч С.Эын иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.А, Г.Х, Г.М, Г.А нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар татах тогтоол /1хх-ийн 246/, Г.Мт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2017 оны 05 сарын 13-ны өдрийн тогтоо /2хх-ийн 133/, Г.Хт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар татах тогтоол /2хх-ийн 120/-уудыг тус тус хүчингүй болгож, 201203000051 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорт буцааж;

Цагаатгах тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогч, түүний өмгөөлөгч өөрөө гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч С.Эын гаргасан давж заалдах гомдолд:

Миний бие С.Э нь 2012 оны 01 сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багт Г.Хын гэрт түүний эхнэр Б.Ад толгойдоо сүхээр цохиулж хүнд гэмтэл авсан юм. Энэ байдал нь шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1901 дугаартай дүгнэлтээр шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэгдсэн. Б.А намайг эмнэлэгт хүргэж өгөхөөр нөхрийнхөө хамт манайд шөнө ирэхдээ би  уурнаас болж хүн алах гэж байна. Наад хүн чинь үхэхгүй бол хамаа алга, бүх гарах зардлыг нь би төлнө уучлаарай гэж ярьсан. Энэ байдлыг Б.А нь манай эхнэр Энхтуяад өөрөө хэлсэн. Мөн Г.А нь эхнэр бид хоёртой уулзаж ярихдаа Г.Х ах Б.А эгч хоёр чи цохисон гээд хэлчих тэгвэл бид хоёр чамайг цагдаагаас салгаж гаргаж авна, мөн хүүхдийг чинь аймгийн төвөөс зардал мөнгөгүй авч ирж байя, хэрэв энэ хэргийг хүлээхгүй бол адуу хулгайлсан гэж цагдаад хэлнэ шүү гэж хэлж байсан. Цагдаа ирэхээс өмнө агаа, эгч хоёр цус болсон гутал хувцас бүх зүйлүүдийг шатаасан гэж Г.А ярьсан юм. Найз Эрдэнэ-Очирт ярихдаа Г.Х ах бэр эгчийгээ хамгаална шүү чамайг цохисон гэж хэлсэн шүү гэж янз бүрээр ярьж байгаад хэрэг хүлээлгэсэн. Өмгөөллийн хөлс болох 500 000 төгрөг өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэд өгсөн гэж ярьсан байдаг. Г.Х Б.А нар нь надтай уулзаад гомдол саналгүй, Г.А намайг цохисон гээд хэлчих бид чамд 10 сая төгрөг өгье гэж аймгийн төв дээр Бөхбилэгтийн сааданд хэлсэн. Үүнийг Эрдэнэ-Очир, Өлзийбуян нар гэрчилнэ. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101 тогтоолд 2017 оны 01 сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэрт иргэн С.Э бусдад зодуулж биедээ хүнд гэмтэл авсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв гэж үзсэн байх юм. Тэгсэн мөртлөө энэ тогтоолоор Б.Аийг цагаатгасан байгаа нь маш их сонин байна. Би Б.Ад зодуулсандаа маш их гомдолтой байна. Биедээ хүнд гэмтэл авснаас хойш тархи толгой байнга өвддөг, татаж унадаг, ярьсан зүйлсээ мартдаг, ээрүү  гацдаг болсон. Анхан шатны шүүх бол илт шударга бус шийдвэр гаргасан. Ийм шударга шүүх байдаг юм болов уу. Иймд энэ хэргийг дахин нягталж үнэн зөвөөр нь шийдвэрлэж миний гомдлыг барагдуулна уу. Би маш их гомдолтой байна гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Насанжаргалын гаргасан давж заалдах гомдолд:

2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101 дугаартай цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй, гомдол гаргаж байна. Цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

1. Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт Г.А газраас нарийн банз аваад С.Эын толгойн дундуур нь цохисон гэж мэдүүлэг өгдөг.

2. Шүүгдэгч Б.Аийн нөхөр шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Тухайн үед миний цамц түлэгдсэн учраас тайлаад цамцаа солиод гэртээ үлдсэн. Энэ гурав гараад Г.А үүдэнд байсан модыг аваад С.Эыг цохисон” гэдэг. Үүнээс үзэхэд шүүгдэгч Г.Х нь гэрт үлдсэн байдаг бөгөөд Г.А банз авсан эсэхийг, мөн С.Эын биеийн аль хэсэгт цохисныг харахгүй бөгөөд бодит байдлыг харсан мэтээр мэдүүлэх худал мэдүүлэг өгч байгаа нь өөрийнх нь мэдүүлгээр нотлогддог.

3. Шүүгдэгч Г.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би гэрээсээ гарахад Г.Х ахын гадаа 3 хүн үүдэн дээрээ зэрэгцэж унаад, С.Э ах банзаар цохиулсан юм шиг толгойноос нь цус гараад доошоо 4 хөллөөд суусан” гэдэг. Тус мэдүүлгээс Г.М нь хохирогч С.Эыг цохиулсныг хараагүй хирнээ банзаар цохиулсан юм шиг гэж илт зөрүү худал мэдүүлэг өгдөг.

4. Шүүгдэгч Г.А 2012 онд С.Э гэх хүнийг зодсон нь үнэн гэж мэдүүлдэг. Гэтэл яаж зодсон нь тодорхойгүй. Шүүгдэгч Б.Аийн мэдүүлгийг няцаадаг.

5. Гэрч Г.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “Удалгүй Г.А гэрийн хаалга цохиод би тайлж өгсөн. Сандарчихсан С.Э ахын толгой хагарчихлаа, би банзаар цохисон. Нуруу руу нь цохисон гээд байсан” гэх мэдүүлгээр шүүгдэгч Г.Б.Аийн мэдүүлгийг няцаасан байдаг. Тухайн үед үнэн зөв мэдүүлсэн байдаг. /хх-ийн 34/

6. Мөн сэжигтэн Г.Аын “Г.Аоо гараад ир, зодоон хийгээд байна, салгаадах гэхээр нь би гарсан чинь С.Э, Г.Х, Б.А гурав Г.Хын гэрийн үүдэнд байсан. Очиход С.Э хоёр гараараа толгойгоо бариад тонгойгоод сууж байсан. Би яасан бэ гэж асуусан чинь С.Э танай бэр чинь миний толгой руу цохичихлоо гээд байсан. Мөн Б.А гэрээс татаж гаргаж ирээд чамайг С.Э хөлөөрөө жийсэн тэгэхээр нь би толгой руу нь цохисон гэж цагдаад хэлээрэй” гэх мэдүүлэгүүдээр шүүгдэгч Б.Аийн үйлдэл нотлогддог. /хх-ийн 133/

Мөн Б.Аийн гэм буруутай нь 2012 оны 02 сарын 08-ны өдөр /хх-ийн 21/, 2012 оны 02 сарын 17-ны өдөр /хх-ийн 27/, 2012 оны 09 сарын 14-ний өдөр /хх-ийн 220/, 2017 оны 02 сарын 16-ны өдрийн /хх-ийн 239-240/ тус тус мэдүүлэгээр нотлогддог юм. Иймд 2017 оны 09 сарын 14-ний өдрийн 101 дугаартай цагаатгах тогтоол нь илт үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй тул тус тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Миний бие хохирогч С.Э, хохирогчийн өмгөөлөгч Д.Насанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. 2013 онд Г.Аод холбогдуулж уг хэргийг шалгаад сэтгэцийн өвчтэй учраас хэрэг хариуцах чадваргүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэргийг гомдлын дагуу авч хянасан. Хэрэгт авагдсан нөхцөл байдлыг тал бүрээс нь оролцогч нар ярьж байна. Шүүгдэгч нарын хувийн байдлын тухайд авч үзвэл Г.Х, Г.А хоёр төрсөн ах дүү хоёр байгаа юм. Б.А нь Г.Хын гэр бүлийн хүн юм. Г.М тухайн үед Г.Аын гэр бүлийнх нь хүн байсан. Хэрэг болдог 2012 оны 01 сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Жана гэдэг газар цуг өвөлжиж байсан хот айлууд байсан. Төрөл садангийн холбоотой хамт өвөлжиж байсан 4 хүний хотонд С.Э ирсэн. Эдгээр 5 хүний хооронд уг хэрэг болсон. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд өөрийнхөө болон гэр бүл төрөл төрөгсдийнхөө эсрэг тэдгээрийн хувийн байдлыг хүндрүүлж мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж заасан. Энэ зүйл заалт хэргийг шийдвэрлэхгүй удсан, хэргийг тал бүрээс нь мэтгэлцсэн ийм асуудал үүсгээд байгаа юм. Эдгээр хүмүүсийн эрх юм. Тэрнээс байцаан шийтгэх ажиллагаа явуулж байхад оролцогч нар орж ирж санал хүсэлт тавихдаа хачин юм ярьж орж ирдэг. Адаг сүүлд нь Г.А руу хэргийг чихээд сэтгэцийн өвчтэй хүний үгээр үг хийлээ гэж өмгөөлөгч нь мэтгэлцэж байна. Гэтэл Г.Х Г.Аыг тэгж хэлсэн гээд сэтгэцийн өвчтэй хүний мэдүүлгийг хоёр өөр байдлаар тайлбарлаж ашигтай байдлаар ярихаар дэмжиж, ашиггүй зүйл ярихаар энэ сэтгэцийн өвчтэй байсан юм гэдэг. Би энэ хэргийг нотолж чадахгүй байгаадаа өөртөө бухимддаг. Хохирогчийн гомдол гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлттэй байна гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар одоог хүртэл гэмт хэрэг гарсан байдлыг тогтоож чадаагүй. Хохирогчийн өмгөөлөгч хэлсэн Г.Ариунболд анхныхаа мэдүүлгээр тэгж хэлээгүй гэж дундаас нь авч яриад байна. Г.Ариунболд анхны мэдүүлэгтээ /хх-129х/ би хар модон банзыг аваад С.Энхбаатарыг нэг удаа толгойн тус газар нь цохисон гэж хэлсэн. Мөн дараагийн мэдүүлэгтээ ч би цохисон гэж хэлсэн байгаа. Шүүх хуралдааны үед ч Г.Ариунболд би цохисон гэж хэлж байсан. Хохирогч С.Энхбаатарт Г.Хадбаатар, Б.Алтангэрэл хоёроос юм салгаж авна. Г.Аринуболдоос юу авах вэ гэсэн бодол байдаг. Шууд хэрэг болсоны дараа хохирогч С.Энхбаатар Ичинхорлоо гэдэг айлд очоод хэлсэн байдаг. Ичинхорлоогийн мэдүүлэг хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд байгаа. С.Энхбаатар Бадамдорж, Гантулга гээд хоёр хүүхэддээ Г.Ариунболд цохисон гэж хэлсэн. Г.Ариунболд гэртээ орж ирээд галаа түлж байхдаа  ах, эгч хоёроос болж С.Энхбаатарыг цохичихлоо гээд байсан гэж хэлж байсан. Уг хэргийн болсон үйл явдал гэрийн гадаа болсон байгаа. Г.Хадбаатар гэрээс гараагүй гэртээ нуруу нь түлэгдсэн хэвтэж байсан. Гэрийн гадаа байсан хөндлөнгийн гэрч болох Г.Мөнхцэцэг Г.Ариунболд С.Эыг цохисон талаар хэлсэн. Хэргийг тал бүрээс нь шинжлэн судлаад үзэхээр Б.Алтангэрэл хохирогч С.Энхбаатарын биед хүнд гэмтэл учруулаагүй байна гэж харагдаж байгаа юм. Иймээс өмгөөлөгчийн зүгээс хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхээс гаргасан цагаатагах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн өмнөх саналаа дэмжиж байна гэв. 

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Энэ хэргийг хохирогч С.Э өөрөө зааж мэдүүлдэг. Тийм тийм гэмтэл учирсан гэж мэдүүлсэн байдаг. Мөн сэжигтэн Г.А анхны мэдүүлэг /хавтаст хэргийн 133 дугаар хуудас/, гэрч Эрдэн-Очирийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн анхны мэдүүлэг, гэрч Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нь С.Энхбаатарт учирсан хохирлыг хэн учруулсан гэдгийг шууд зааж өгсөн байдаг. Анхнаасаа Г.Ариунболд цохисон гэж мэдүүлээгүй хэрэв Г.Ариунболд цохисон бол анхнаасаа бүх хүмүүс Г.Ариунболд цохисон гэж мэдүүлэх байсан. Анхан шатны шүүхээс гаргасан цатгаатгах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир тус тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус зааснаар Б.А, Г.Х, Г.А, Г.М нарт холбогдох хэрэгт гаргасан хохирогч С.Э, түүний өмгөөлөгч Д.Насанжаргал нарын гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

 Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчиж хэргийг хянан шийдвэрлэжээ. Тухайлбал:

1. Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Г.Аод холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 Гэтэл Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 сарын 08-ны өдрийн 417 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэж үзэж яллагдагч Г.Аыг шүүхэд шилжүүлсэн атлаа 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101 дугаартай цагаатгах тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овгийн Г-ийн Г.Аыг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй хэргийг хэлэлцэж, цагаатган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

 

2. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагт эхэлсэн Б.А, Г.Х, Г.А, Г.М нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг даргалагч шүүгч нээхдээ Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Х, Г.М, Г.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэнэ гэж зарласан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгээр нотлогдож байна. Гэтэл шүүхийн цагаатгах тогтоолын удиртгал хэсэгт шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгээс зөрүүтэйгээр шүүгдэгч Г.Аод холбогдох  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт заасан хэргийг хэлэлцэнэ гэж зарласан мэт засаж бичжээ.

 

3.Шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийг даргалагч шүүгч уншиж танилцуулахдаа тогтоох хэсгийн 1, 2 дахь хэсэгт заасан заалтад хуулийн ямар зүйл заалт баримталсан болохоо танилцуулаагүй атлаа цагаатгах тогтоолын эх бичвэрт хуулийн зүйл заалт баримталсан мэтээр бичсэн, 4 дахь хэсэгт  заасан заалтад...шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай гэж шийдвэрлэсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэг зэргээр тогтоогдож байхад цагаатгах тогтоолдоо бичээгүй орхигдуулсан байна.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт...прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харъяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ...гэж хуульчилсан байхад 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх захирамжинд шүүгч өөрт олгодоогүй эрх болох яллах дүгнэлт гардуулахыг заасан нь үндэслэлгүй байна.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт...яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ...гэж, 6 дахь хэсэгт...прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харъяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ...гэж тус тус хуульчилсан байхад прокурор /хавтаст хэргийн 177-184 дугаар талд авагдсан /  8 хуудас яллах дүгнэлт үйлдсэн атлаа 7 хуудас яллах дүгнэлт яллагдагч нарт гардуулж хууль зөрчсөнийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Түүнчлэн Прокурорын яллах дүгнэлтэнд шүүх хуралдаанд хохирогч С.Э, гэрч Г.Энхтуяа нарыг оролцуулах санал гаргасан байхад яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэхдээ хохирогч С.Эыг шүүх хуралдаанд оролцуулахаар зааж, харин гэрч Г.Энхтуяаг шүүх хуралдаанд оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, 2017 оны 08 дугаар  сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд улсын яллагч дахин гэрч Г.Энхтуяаг оролцуулах хүсэлт гаргаж байхад шүүх хуралдаан хойшлуулахдаа мөн хүсэлтийг шийдвэрлээгүй. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гэрч Г.Энхтуяаг оролцуулаагүй шүүх хуралдааныг нээсэн атлаа өмгөөлөгч Д.Насанжаргалын гэрч Г.Энхтуяаг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг хангаж, гэрч Г.Энхтуяаг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэр гаргаж, шүүх хуралдааныг дахин нээхгүйгээр шууд үргэлжлүүлж байгаа зэрэг зөрчил байгааг дурдах нь зүйтэй байна.

 

 Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй учир хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдолд дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.А, Г.Х, Г.А, Г.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ДАВААСҮРЭН

 

                      ШҮҮГЧИД                                       М.МӨНХДАВАА

 

                                                                              В.ЦЭЦЭНБИЛЭГ