Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 0159

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч С.Цэрэндорж,

хохирогч О....,

шүүгдэгч Х...., түүний өмгөөлөгч Б.Баярмагнай /ШТЭД-2437/

шүүгдэгч О...., түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /ШТЭД-0929/

шүүгдэгч Г...., түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /ШТЭД-2149/,

шүүгдэгч М...., түүний өмгөөлөгч Б.Чинбат /ШТЭД-0053/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндоржоос:

- Х...., Г...., М.... нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

- Х...., Г...., О...., М.... нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905 00283 0059 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сум ...тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоогоор Сонгинохайрхан дүүргийн ...ард байх нийтийн байранд түр оршин суух, урьд

Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1/54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1260 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 9 жил хорих ял шийтгүүлж Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 55 дугаартай шүүгчийн захирамжаар 8 сар 10 хоногийн хорих ялаас хугацаанаас нь өмнө сулласан,

            Тайж овогт ...гийн ... /РД:.../.

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, эцэг, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар ...тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо ...тоотод түр оршин суух, урьд

Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

Боржигин овогт ...ийн ... /РД:.../.         

3. Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн ...тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн ...тоотод түр оршин суух, урьд

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сар хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай 2006 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт зааснаар ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар хуулийн 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 529 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлсэн,

Боржигон  овогт ...ийн ... /РД:.../,

            4. Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймагт төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт Булган аймгийн Орхон сум ... оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Төв аймгийн Заамар сум Хайлааст ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

            Үжээд овогт ...ийн ... /РД:.../,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х...., Г...., М.... нар бүлэглэж 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Хуст ойл” шатахуун түгээх станцаас тоёота маркийн харриер загварын ... улсын дугаартай автомашинд 121.971 төгрөгийн бензин хийлгэж төлбөр төлөх гэж байгаа мэтээр виза карт харуулан хуурч, бензиний төлбөрийг төлөхгүй бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдсэн,

- Х...., Г...., О...., М.... нар бүлэглэж 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн ...зочид буудалд О....ын иргэний үнэмлэх, түрийвч, хаан банкны виза карт, айфоне 5 загварын гар утас, монетон бөгж, тоёота маркийн харриер загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж 29.507.100 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх3-8/, “...” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх23-35/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх9-11/, хохирогч О....ын мэдүүлэг /1хх42-43/, хохирогч Д....гийн мэдүүлэг /3хх8-9/, гэрч Д....ийн мэдүүлэг /1хх15-16/, иргэний нэхэмжлэгч Б....гийн мэдүүлэг /2хх113-114/, Кровн ломбардны барьцаат зээлийн гэрээ /1хх155-156/, Криминалистикийн шинжилгээний тасгийн 01/061 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх71-76/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх158-159/, Тоёота маркийн Харриер загварын ... улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх3-6/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх30-33/, Х....ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх146-147/, Г....ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх16-20, 3хх22-24/, М....гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх149-150/, О....ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх123-124, 143-144/,  шүүгдэгч нарын урьд ял шийтгэлтэй холбоотой болон хувийн байдлыг тодруулсан холбогдох баримт, хохирол төлсөн баримт зэргийг шинжлэн судлуулав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Х...., Г...., О...., М.... нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх3-8/, 

2. 2019 оны  01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо “...” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...М.... нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17:54:10 цагт буудлын хаалгаар гарч байгаа, М...., О.... нар 17:56:22 цагт орж ирж байгаа, буудлын дэлгүүр рүү орж байгаа, 18:01:14 цагт М...., О.... нар өрөөнд орж байгаа, 18:23:00 цагт Х...., Г...., О.... нар хохирогч О....ын өрөө рүү орж байгаа, 18:27:00 цагт М.... өрөөнөөс гарч ирж байгаа, 18:29:02 цагт Г.... гарч ирж байгаа, 18:29:11 цагт Х.... гарч ирж байгаа, 18:29:29 цагт О.... гарч ирж байгаа, 18:30:15 цагт хохирогч О....ын харриер маркийн машинд Х...., М...., Г...., О.... нар сууж хөдлөв...” гэж тусгагджээ. /1хх23-35/,

3. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...О....ын биед үзлэх хийхэд хүзүүний баруун хэсэгт 0,5х2см, 1х2см хэмжээтэй шархтай, зүүн хэсэгт 2х1см хэмжээтэй шархтай биед өөр ил харагдах гэмтэл шархгүй...” гэжээ. /1хх9-11/,

4. Хохирогч О....ын “...би 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гадуур ажилтай явж байсан 11 цагийн үед миний зүс таних ... гэх эмэгтэй ... гэсэн дугаараас миний ...гэсэн дугаар луу залгаад надад та хаана байгаа юм бэ? Би гэмтлийн эмнэлэг рүү өгсөөд явах замд байдаг ... зочид буудалд мөнгөний төлбөрийн барьцаанд орсон байна та ирээд тооцоо хийгээд өгөөч гэсэн. ...өөдөөс ... гараад ирэхээр нь би очоод уулзсан намайг 38.000 төгрөгийн тооцоо хийчих гэхээр нь би карт уншуулаад хийсэн. Өрөө рүү орохдоо намайг 0,5 архи, гоймон, хайрцаг тамхи, аваад өгсөн чинь нөгөөх чинь ганцаараа сууж байсан. Би өрөөнд 18 цагийн үед ороод сууж байтал ... ундаа авах гэж шалтгаангүй 1 удаа гарсан. Би архи задлаад ...д хийгээд өгөхөд ... уусан, би өөрөө бол уугаагүй, тэгээд ... хувцасаа тайлаад хэвтлээ гээд хэвтсэн харин намайг бас хувцсаа тайлаад хэвтээч гэхээр нь гутлаа тайлаад, гадуур хувцас болон дээгүүр өмсөж явсан цамцаа тайлаад орон дээр дөнгөж хэвтсэн. Тэгсэн удалгүй өрөөний хаалгыг хэн нэгэн хүн цохисон, ... босоод очоод онгойлгосон чинь гаднаас үл таних гурван эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд би юу болов гээд босоод ирсэн чинь араас хоёр хүний гар орж ирээд намайг боогоод авсан. Царайг нь хальт харахад барзгар царайтай байсан, нөгөөхийг нь харвал танина. 3 дахь хүний царай хувцсыг нь хараагүй, намайг боосон, араас нэг нь цохисон, тэгээд ухаан алдсан тэр хойгуур юу болсныг мэдэхгүй, хэсэг хугацааны дараа өөрөө сэрсэн чинь миний хоёр гар, хоёр хөлийг уяагаар хүлээд үлдээсэн байсан. Тэгээд би арай гэж уяагаа тайлаад дараа нь шууд гараад үүдний зөөгч нарт ямар нэгэн зүйл хэлээгүй өөрийн найз ...ын гэрт нь очоод тэгээд болсон зүйлээ хэлээд ...ын ... дугаарын утаснаас цагдаад дуудлага өгсөн. Тэгээд ...атай хамт зочид буудалдаа очоод хойноос цагдаа нар ирсэн. ...... улсын дугаартай харриер маркийн автомашин, айфоне 5 загварын гар утас, хуримын очиртой монетон бөгж, бор өнгийн савхин эрэгтэй түрийвч, иргэний үнэмлэх, виза карт зэрэг байсан. Миний хувьд хохирлын мөнгө болох 1 сая төгрөгийг холбогдогч ...гийн ээж болох ...гээс 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан. Надад ... болон бусад этгээдүүд болох ..., ..., ... нарт ямар нэг гомдол санал хүсэлт байхгүй, тэр хүмүүст хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /1хх42-43, 3хх29/,

5. Хохирогч Д....гийн “...Би 2019 оны 01 дүгээр сарын13-ны өдөр 22 цаг 29 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгонд байрлах “Хуст ойл” ШТС-д түгээгчийн ажлаа хийгээд байж байтал ... улсын дугаартай Тоёота Харриер маркийн машин ирсэн, тухайн үед машины жолоон дээр бор царайтай махлагдуу залуу сууж байсан, хажуугийн монхор хамартай залуугийн харалдаа хойд талд нэг хүүхэн сууж байсан. Тэгээд машин ирэнгүүт монхор хамартай залуу цонхоо хагас онгойлгоод банк дүүргэчих гэж хэлсэн ба өөр зүйл хэлээгүй архи дарс үнэртээгүй. Тэгэхээр нь би бензиний хошууг хийгээд бензин шахаж эхэлсэн, яг тэр үед нь хойд талын цонх онгойлгоод дотор нь сууж байсан эмэгтэй нэг карт гартаа барьчихсан байсан тэгээд би ойлгохдоо энэ хүн картаараа тооцоо хийх юм байна гэж ойлгосон. Харин жолоо барьж байгаа хүн ямар нэг юм хэлээгүй, тэгээд удалгүй бензин дүүрсэн тэгээд дөнгөж хошуугаа аваад байж байтал шууд ухас хийгээд л машин хөдлөөд явсан тэгээд би үлдсэн. Машин барьсан залуу юм хэлээгүй харин машинаа хөдөлгөөд зугтаасан, жолоочийн хажууд сууж байгаа залуу дүүргэчих гэж хэлсэн хойд талд сууж байгаа хүүхэн гартаа карт барьсан байдалтай байж надад итгэл төрүүлсэн, би тэр хүмүүсийг анхнаасаа ярилцаж тохиролцож энэ гэмт хэргийг үйлдлээ гэж ойлгож байна. Би хохирлын мөнгө болох 122.000 төгрөг төгрөгийг хүлээн авсан, надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /3хх8-9/,   

6. Гэрч Д....ийн /буудлын зохион байгуулагч/ “...2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 12 цаг гээд өрөөнөөс гаргах гэтэл өрөөгөө сунгана дансаар хүн мөнгө шилжүүлнэ гээд гарахгүй байж байгаад 18 цаг орчим нэг эмэгтэй гарч яваад нүдний шилтэй эрэгтэй хүн дагуулж орж өрөөний тооцоо 1 шил архи аваад картаа уншуулаад 202 тоот өрөө рүү орсон. Ороод удалгүй нэг эмэгтэй нь манай ах дээр байгаа шүү би хоолонд орчхоод ирэе гэж хэлээд гарч яваад ирээгүй. ...сүүлд ирсэн залуу ...би танай буудалд дээрэмдүүллээ гэсэн...Нүдний шилтэй залуу орсноос хойш 10-20 минутын дараа 3 залуу 1 эмэгтэй хүн гарсан...” гэх мэдүүлэг /1хх15-16/, 

7. Иргэний нэхэмжлэгч Б....гийн “...би Кровн нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг. Манай ломбарданд ажилтан Г.... байх үед Г.... гэдэг хүн 2019 оны 01 дүгээр сарын 13-ны орой 3,3 грамм 5,85 сорьцтой 1 ширхэг монетон бөгжийг бичиг баримтаа үзүүлж 145.000 төгрөгөөр барьцаанд тавьж зээл авсан байна. 2019 оны 02 дугаар сарын 03-ны цагдаагийн байгууллагаас дээр хэлсэн эд зүйлийг дээрмийн гэмт хэрэг үйлдэж олж авсан гээд хурааж авсан. Зээл өгсөн 145.000 төгрөг, хүү 11.600 төгрөгийг нэмээд нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2хх113-114/,

8. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Кровн” ломбардны барьцаат зээлийн гэрээнд “монетон бөгж 3,3 грамм 5,85 сорьцтой 1 ширхэг” гэжээ. /1хх155-156/,

9. Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...О....од монетон бөгжийг хүлээлгэн өгсөн...” тухай /1хх158-159/,

10. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Тоёота маркийн Харриер загварын ... улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр О....од автомашиныг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх3-6/,

11. 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “хохирогч О....ын гар утас, монетон бөгж, түрийвч, иргэний үнэмлэх, банкны картыг нийтдээ 507.100 төгрөгөөр, автомашиныг 29.000.000 төгрөгөөр” үнэлжээ.  /2хх30-33/,

12. Х....ийн яллагдагчаар өгсөн “...би бусдад хүч хэрэглэн дээрэмдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...... бид гурвыг харагдаад яахав би ганцаараа уулзаад мөнгөө авчихъя гэж байсан, тэгээд удалгүй нөгөө ах нь гээд Алтанолд ирсэн, тухайн үед бид гурав хажуу талын өрөөнд ороод сууж байтал нөгөө хүнээ өрөөндөө үлдээсэн бололтой ... орж ирээд нэг нэг тамхи бид нарт өгөөд ...тай шивнэлдэж юм яриад буцаад өрөө рүүгээ орсон, хэсэг хугацаа өнгөрсний дараа ... өрөөндөө хамт орцгооё гээд ... хаалгыг тогшоод ... онгойлгож өгсөн, ... шууд нөгөө ах руу дайраад ...” гэх мэдүүлэг /1хх146-147/,

13. Г....ын яллагдагчаар өгсөн “...бид нарт мөнгө байгаагүй ... харин нэг таньдаг ах руугаа ярья тэр ахыг ирэхээр нь мөнгийг нь төлүүлье гэсэн тэгээд хэсэг байж байтал нөгөө хүн ирлээ гээд бид нарыг ... өрөөнөөс гаргаад бид нар өөр өрөөнд ороод байж байтал ... тэр хоёрын өрөө рүү оръё гээд тэгэхээр нь яваад ортол ... тэр ... гээд ах 2 дотуур хувцастайгаа байсан. Тэгсэн ... уурлаад нөгөө ах руу дайраад цээжин дээр нь дараад унагаасан тэр үед ... хажуунаас нь даралцаж өгч байсан би тэгэхээр нь ...ын гар хөлийг хүлж өгсөн. Тэгсэн ... ...ын хуруунд байсан бөгжийг нь мултлаад авсан... Машин ... барьсан тэгээд хэсэг яваад нэг колонк дээр очсон, колонк орохын өмнө ..., ... нар бензин дуусч байна бензин хийлгүүлээд зугтах уу гэж байсан тэгэхээр  нь би яах юм бэ мөнгө байгаа юм чинь гэж хэлсэн тухайн үед бид нарт 60-аад мянган төгрөг байсан тэгсэн ... мөнгө хэрэг болно бензин хийлгүүлээд зугтаая гэж хэлсэн тэгээд тэр Партизаны хавьд байсан санагдаж байна. Хуст ойл колонк дээр ирээд зогссон, тэгсэн нэг хүн гарч ирсэн би тэгэхээр нь бензин дүүргээдэх гэж хэлсэн ба яг миний хойд талд ... байсан. ...... машинаа хөдөлгөөд зугтсан тэрнээс хойш болсон явдлыг би мэдүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх16-20, 3хх22-24/,

14. М....гийн яллагдагчаар өгсөн “...би ийм хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1хх149-150/,

15. О....ын яллагдагчаар өгсөн “...Би энэ зүйл ангиудыг хүлээн зөвшөөрч байна. Би энэ бүлэглэн хэрэг хийснээ зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх123-124, 143-144/.

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Х...., Г...., М...., О.... нар:

Шүүгдэгч Г...., түүний өмгөөлөгч, шүүгдэгч О.... түүний өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас.

Шүүгдэгч М...., түүний өмгөөлөгч нь яллах дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас,

Шүүгдэгч Х...., түүний өмгөөлөгч нь яллах дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт хамтран оролцоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох байр сууринаас тус тус мэтгэлцэж оролцсон.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын мэтгэлцээнээс дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч нарын хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн тухайд:

2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүгдэгч Х...., Г...., М...., О.... нар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудалд байрлаж байгаад шүүгдэгч М.... нь буудлын тооцоо хийлгэхээр өөрийн танил хохирогч О....ыг утсаар холбогдон дуудсан.

Улмаар шүүгдэгч М.... нь өрөөний тооцоог хийлгүүлэн хохирогч О....ын хамт тус зочид буудлын 202 тоот өрөөнд орсон. Хэсэг хугацааны дараа ойролцоох өрөөнөөс шүүгдэгч О...., Х...., Г.... нар тухайн өрөөнд орж хохирогчид хүч хэрэглэн түүний түрийвч, гар утас, монетон бөгжийг авч, мөн буудлын гадаа байсан ... улсын дугаартай тоёота харриер маркийн тээврийн хэрэгслийг унаж явсан, хохирогчийн бөгжийг ломбарданд тавьсан болох нь хохирогч О....ын мэдүүлэг, буудлын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Д....ийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б....гийн мэдүүлэг, шүүгдэгч Х...., Г.... нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.  

Тодруулбал, хохирогч О....ын “...Би өрөөнд 18 цагийн үед ороод сууж байтал ... ундаа авах гэж шалтгаангүй 1 удаа гарсан. Би архи задлаад ...д хийгээд өгөхөд ... уусан, би өөрөө бол уугаагүй, тэгээд ... хувцасаа тайлаад хэвтлээ гээд хэвтсэн харин намайг бас хувцсаа тайлаад хэвтээч гэхээр нь гутлаа тайлаад, гадуур хувцас болон дээгүүр өмсөж явсан цамцаа тайлаад орон дээр дөнгөж хэвтсэн. Тэгсэн удалгүй өрөөний хаалгыг хэн нэгэн хүн цохисон, ... босоод очоод онгойлгосон чинь гаднаас үл таних гурван эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд би юу болов гээд босоод ирсэн чинь араас хоёр хүний гар орж ирээд намайг боогоод авсан, араас нэг нь цохисон, тэгээд ухаан алдсан тэр хойгуур юу болсныг мэдэхгүй, хэсэг хугацааны дараа өөрөө сэрсэн чинь миний хоёр гар, хоёр хөлийг уяагаар хүлээд үлдээсэн байсан. ...... улсын дугаартай харриер маркийн автомашин, айфоне 5 загварын гар утас, хуримын очиртой монетон бөгж, бор өнгийн савхин эрэгтэй түрийвч, иргэний үнэмлэх, виза карт зэргийг авсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д....ийн “...18 цаг орчим нэг эмэгтэй гарч яваад нүдний шилтэй эрэгтэй хүн дагуулж орж өрөөний тооцоо, 1 шил архи аваад картаа уншуулаад 202 тоот өрөө рүү орсон. Ороод удалгүй нэг эмэгтэй нь манай ах дээр байгаа шүү би хоолонд орчихоод ирэе гэж хэлээд гарч яваад ирээгүй. ...сүүлд ирсэн залуу ...би танай буудалд дээрэмдүүллээ гэсэн... Нүдний шилтэй залуу орсноос хойш 10-20 минутын дараа 3 залуу 1 эмэгтэй хүн гарсан...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж заасан.

Шүүгдэгч Х...., Г...., О.... нар нь хохирогчид хүч хэрэглэн дээрэмдсэн үйлдэлтэй маргаагүй бөгөөд шүүгдэгч М...., түүний өмгөөлөгч нь хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд М....г оролцоогүй, хаалга нээгээд шууд зөрөөд гарсан гэсэн нь дараах баримтаар үгүйсгэгдэж байна.

Энэ нь “...” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...18:01:14 цагт М...., О.... нар өрөөнд орж байгаа, 18:23:00 цагт Х...., Г...., О.... нар хохирогч О....ын өрөө рүү орж байгаа, 18:27:00 цагт М.... өрөөнөөс гарч ирж байгаа, 18:29:02 цагт Г.... гарч ирж байгаа, 18:29:11 цагт Х.... гарч ирж байгаа, 18:29:29 цагт О.... гарч ирж байгаа, 18:30:15 цагт хохирогч О....ын харриер маркийн машинд Х...., М...., Г...., О.... нар сууж хөдлөв...” гэсэн баримтаар хохирогчид хүч хэрэглэсэн цаг хугацаанд хамт байсан гэж үзнэ.

Мөн хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч М.... нь хохирогчийг дуудаж тооцоо хийлгэсэн, хамтдаа буудлын өрөөнд орсон, бусаддаа хаалга нээж өгсөн, хохирогчид хүч хэрэглэн дээрэмдэхэд хамт байж байгаад түрүүлж гарсан, буудлын зохион байгуулагчид “манай ах дээр байгаа шүү би хоолонд орчихоод ирэе гэж” худал хэлж гарсан, хохирогчийн машиныг аваад хамтдаа явсан, хохирогчийн эд зүйлийг ломбарданд тавьсан зэргээс гэмт хэрэг үйлдэх сэтгэхүй /гэмт санаа зорилго/ болон үйлдлийн хувьд нэгдмэл шинжтэй хамтран оролцсон нь хангалттай нотлогдсон гэж дүгнэв.

Түүнчлэн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч М....г хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй гэж мэтгэлцэх боловч түүний гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдэж байсан, бусадтайгаа санаа зорилго нэг байсан, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг ашигласан байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдсэнээс хойшхи үйлдлүүд нь хамтран оролцсонг батлаж байна.

Шүүгдэгч Х...., Г...., О...., М.... нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О....од “...iphone-5 маркийн гар утас 176.000 төгрөг, монетан бөгж 283.800 төгрөг, түрийвч 24.000 төгрөг, иргэний үнэмлэх 18.300 төгрөг, виза карт 5.000 төгрөг нийт 507.100 төгрөг, 2009 онд үйлдвэрлэгдсэн, Toyota Harrier маркийн суудлын авто машиныг 29.000.000 төгрөгөөр...” тус тус үнэлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар ... урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Х...., Г...., О...., М.... нар нь хохирогчийг хүч хэрэглэн /хоолой боох, толгойн тус газар цохих, гар хөлийг хүлэх/ довтолж, эд зүйлийг нь авч явсан нь “хамтран гүйцэтгэсэн” буюу гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нар нь урьдаас үгсэж тохиролцоогүй боловч, тухайн нөхцөлд байдалд үйлдлээрээ санаатай нэгдсэн нь тогтоогдсон, шунахайн сэдэлттэй, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн буюу “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон”-оор төгс үйлдэгдсэн, үйлдлээ бүлэглэн гүйцэтгэсэн байх тул энэ талаарх улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Х...., Г...., О...., М.... нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

2. Шүүгдэгч нарын хүч хэрэглээгүй дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн тухайд:

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Х...., Г...., М.... нар нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн орой хохирогч О....ын тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хуст ойл” шатахуун түгээх станцаас бензин хийлгүүлэн, бензин хийлгэсэн төлбөрөө төлөхгүй цааш зугтаасан нь:

Хохирогч М....гийн “...... улсын дугаартай Тоёота Харриер маркийн машин ирсэн, тухайн үед машины жолоон дээр бор царайтай махлагдуу залуу сууж байсан, хажуугийн монхор хамартай залуугийн харалдаа хойд талд нэг хүүхэн сууж байсан. Тэгээд машин ирэнгүүт монхор хамартай залуу цонхоо хагас онгойлгоод банк дүүргэчих гэж хэлсэн ... Тэгэхээр нь би бензиний хошууг хийгээд бензин шахаж эхэлсэн, яг тэр үед нь хойд талын цонх онгойлгоод дотор нь сууж байсан эмэгтэй нэг карт гартаа барьчихсан байсан ...тэгээд удалгүй бензин дүүрсэн тэгээд дөнгөж хошуугаа аваад байж байтал шууд ухас хийгээд л машин хөдлөөд явсан тэгээд би үлдсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч О....ын хувьд хамт явсан байх боловч хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр архи уугаад унтсан байсан, болсон үйл явдлыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж улсын яллагчаар энэхүү үйлдэлд хамтран оролцоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Бусад шүүгдэгч нар болох Х...., Г...., М.... нар нь тээврийн хэрэгсэлд шатахуун хийлгэж байгааг мэдэж байсан, төлбөрөө төлөхгүйгээр зугтаах нэгдсэн санаа зорилготой байсан нь тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдсон гэж дүгнэв.  

Шүүгдэгч Г....ын яллагдагчаар өгсөн “...Машин ... барьсан тэгээд хэсэг яваад нэг колонк дээр очсон, колонк орохын өмнө ..., ... нар бензин дуусч байна бензин хийлгүүлээд зугтах уу гэж байсан тэгэхээр  нь би яах юм бэ мөнгө байгаа юм чинь гэж хэлсэн тухайн үед бид нарт 60-аад мянган төгрөг байсан тэгсэн ... мөнгө хэрэг болно бензин хийлгүүлээд зугтаая гэж хэлсэн тэгээд тэр Партизаны хавьд байсан санагдаж байна. Хуст ойл колонк дээр ирээд зогссон, тэгсэн нэг хүн гарч ирсэн би тэгэхээр нь бензин дүүргээдэх гэж хэлсэн ба яг миний хойд талд ... байсан. ...... машинаа хөдөлгөөд зугтсан...” гэх мэдүүлгээр давхар нотлогдох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн мэдүүлэгтэй үйл баримтын хувьд таарч байгаа тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Х....ийн өмгөөлөгч шүүхийн мэтгэлцээнд өөрийн үйлчлүүлэгчээ тухайн үед согтууруулах ундааны зүйл уусан, жолоочийн хажууд сууж байсан, энэхүү шатахуун хийлгэсэн нөхцөл байдлыг мэдэхгүй гэж мэтгэлцсэн боловч дээрх баримтуудаар няцаагдаж байгааг дурдах нь зүйтэй.

Улсын яллагчаас шүүгдэгч Х...., Г...., М.... нарын энэхүү шатахуун хийлгэн, төлбөрөө төлөлгүй зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн

17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

          Учир нь             шүүгдэгч нар нь шатахууны төлбөрийг төлөхгүй байхаар ярилцсан, шатахуун хийлгэсэн даруйд зугтаасан хуульд заасан залилах гэмт хэргийн шинжтэй бус харилцагч талуудын хооронд итгэлцэл үүсээгүй, харин эд зүйлийг авсан даруйд хохирогчоос зугтаах санаа зорилготой байсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Х...., Г...., М.... нарыг бүлэглэж тоёота маркийн харриер загварын ... улсын дугаартай автомашинд 121.971 төгрөгийн бензин хийлгэн, төлбөрийг төлөөгүй зугтаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Хохирогч О.... нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгсэл, монетон бөгжийг хүлээлгэж өгсөн, мөн 1.000.000 төгрөгийг холбогдогч ...гийн ээж болох ...гээс 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан бусад хохирлыг барагдуулсан нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Мөн хохирогч Д.... нь мэдүүлэгтээ хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Б.... нь 156.600 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Х...., Г...., О...., М.... нар нь нийтдээ 156.900 төгрөг төлсөн нь банкны орлогын баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэв.   

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд шүүгдэгчид Х...., Г...., О...., М.... нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 3 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Х...., Г...., М.... нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

Шүүгдэгч О....ын ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгүүлэх,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г....ын Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүйг нэмж нэгтгүүлэх, шүүгдэгч нарын ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. 

Шүүгдэгч Х....ийн өмгөөлөгч “шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, хохирлыг нөхөн төлсөн тул хүч хэрэглээгүй дээрэмдэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэх, хүч хэрэглэн дээрэмдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу хөнгөрүүлэн доод хэмжээгээр хорих ял оногдуулах” дүгнэлт санал гаргасан.

Шүүгдэгч М....гий өмгөөлөгч “шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн оролцоог харгалзан гэмт хэрэг тус бүрд хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах” дүгнэлт санал гаргасан.

Шүүгдэгч О....ын өмгөөлөгч “шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан ялыг хөнгөрүүлж хорих ял оногдуулах” дүгнэлт санал гаргасан.

Шүүгдэгч Г....ын өмгөөлөгч “шүүгдэгч нь гэм буруугаа анхнаасаа сайн дураар хүлээн зөвшөөрөг, хохирлыг нөхөн төлсөн тул хүч хэрэглээгүй дээрэмдэх үйлдэлд хуульд заасан доод хэмжээгээр, хүч хэрэглэсэн дээрэмдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу хөнгөрүүлэн доод хэмжээгээр хорих ял оногдуулах” дүгнэлт санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан.

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцох үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай юм. 

Учир нь шүүгдэгч Х.... нь урьд 2 удаа, шүүгдэгч Г.... нь 1 удаа, шүүгдэгч О....  нь 4 удаа тус тус санаатай гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдсэн байна.

Шүүгдэгч Х....ийн хувьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1260 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 9 жил хорих ял шийтгүүлсэн байх бөгөөд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 55 дугаартай шүүгчийн захирамжаар 8 сар 10 хоногийн хорих ялаас хугацаанаас нь өмнө суллагдсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, урьд шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар, хугацаанаас өмнө тэнссэн суллагдсан шүүгчийн захирамжийн хуулбар зэргээр тус тус тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.... нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаа дуусаагүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь дээр дурдсанаар тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно”, мөн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О....ын хувьд  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, урьд шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О....ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулсан хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Г.... нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, энэхүү ялыг биелүүлээгүй нь баримтаар тогтоогдож байх тул уг ялыг хорих ялд шилжүүлэн тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ял дээр нэмж нэгтгэх нь зөв байна.   

Шүүгдэгч нарын бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршигийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хорих хорих ялыг хөнгөрүүлэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгч Б.Баярмагнайгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй болохыг тус тус дурдаж байна.

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдэлдээ гэмшиж, хохирогчоос уучлал гуйж байгаа байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал, хохирогчийн санал хүсэлтийг тус тус үнэлэн:

шүүгдэгч М....д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож,

шүүгдэгч Г....т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлснийг биелүүлээгүй тул хорих ялд шилжүүлэн тооцож 62 хоногийг түүний эдлэх ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 62 хоногийн хугацаагаар тогтоож,

шүүгдэгч О....ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

шүүгдэгч Х....д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1260 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 8 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 8 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хөх өнгийн 160 см уяа, хаан банкны 9496188120371989 дугаартай виза картыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, sony гэсэн бичигтэй хар өнгийн плашийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Мөн шүүгдэгч М....гийн цагдан хоригдсон 30 хоног, шүүгдэгч О....ын 252 хоног, шүүгдэгч Х...., Г.... нарын 391 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцов.

Мөн шүүгдэгч О....ын Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор 4 сар 25 хоног ял эдэлсэнг /2хх182/ түүний эдэлсэн ял оруулж тоохох нь зөв байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ... овогтой ..., ... овогтой ..., ... овогтой ... нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч” дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

            - Шүүгдэгч ... овогтой ..., ... овогтой ..., ... овогтой ..., ... овогтой ... нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж” дээрэмдэх гэмт хэрийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.          

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х...., Г...., М.... нарыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

            - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х...., Г...., М...., О.... нарыг тус тус 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х...., Г...., М.... нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тус тус оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Х...., Г...., М.... нарын эдлэх ялыг тус тус 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О....ад энэ тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаан/ жилийн  хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х....д энэ тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жил хорих ял дээр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1260 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 8 /найм/ сар 10 /арав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 8 /найм/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г....т энэ тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн тооцож 62 хоногийг түүний эдлэх ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 62 /жаран хоёр/ хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х...., Г...., М...., О.... нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х....ийн урьд цагдан хоригдсон 391 /гурван зуун ерөн нэг/ хоног, шүүгдэгч Г....ын урьд цагдан хоригдсон 391 /гурван зуун ерөн нэг/ хоног, шүүгдэгч М....гийн урьд цагдан хоригдсон 30 /гуч/ хоног, шүүгдэгч О....ын урьд цагдан хоригдсон 252 /хоёр зуун тавин хоёр/ хоногийг тус тус тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож, шүүгдэгч О.... нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 105 дугаартай шийтгэх тогтоолоор 4 /дөрөв/ сар 25 /хорин тав/ хоног ял эдэлсэнг дурдсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хөх өнгийн 160 см уяа, хаан банкны 9496188120371989 дугаартай виза картыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, sony гэсэн бичигтэй хар өнгийн плашийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч Х...., Г...., О.... нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР