Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 500

 

 

 

 

 

 

 2020             04            23                                        2020/ДШМ/500                           

 

 

Х.У-, Г.Т-, О.Н-, М.Х- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                             

            прокурор С.Цэрэндорж,

            шүүгдэгч Х.У-, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

шүүгдэгч О.Н-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч М.Х-, түүний өмгөөлөгч Б.Чинбат,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.У-, Г.Т-, О.Н-, М.Х- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн тэдгээрт холбогдох 1905002830059 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн Х-гийн У, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1990 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 0 дугаар баг, 00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 1 дүгээр хороололд нийтийн байранд түр оршин сууж байсан, /регистрийн дугаар: 000000000/

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар хорих ял шийтгүүлсэн,

2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 9 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ялыг дүйцүүлэн хасч эдлэх ялыг 6 жил 9 сар 22 хоног хорих ялаар тогтоож, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

2. Б овгийн Г-ийн Т, Улаанбаатар хотод 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, эцэг, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10-511 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Согоотын 00-0000-0 тоотод түр оршин сууж байсан, /регистрийн дугаар: 000000000/

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

3. Б овгийн О-ийн Н, Улаанбаатар хотод 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15-1 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Дарь-Эхийн дунд буудлын орчим нийтийн байранд түр оршин сууж байсан, /регистрийн дугаар: 00000000/

2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтын дагуу ялаас өршөөн хэлтрүүлсэн,

2011 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял,

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял,

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгүүлсэн.

4. Ү овгийн М-ийн Х, Булган аймагт 2000 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, Булган аймгийн Орхон сум 5 дугаар баг, “Мандал” гэх газарт оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Төв аймгийн Заамар сумын Хайлааст 0 дугаар баг, Цагаан булгийн 00 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

Х.У-, Г.Т-, О.Н-, М.Х- нар бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Хаус 25” нэртэй зочид буудалд О.Алтанболдын эсрэг хүч хэрэглэн довтолж, иргэний үнэмлэх, түрийвч, банкны VISA карт, “I phone-5” загварын гар утас, монетон бөгж, “Toyota нarrier” загварын 31-34 УНӨ улсын дугаартай автомашин зэрэг 29,507,100 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг дээрэмдэн авсан,

Х.У-, Г.Т-, М.Х- нар бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хуст ойл” ШТС-аас “Toyota harrier” загварын 31-34 УНӨ улсын дугаартай автомашинд 121,971 төгрөгийн үнэ бүхий шатахуун дүүргээд, түгээгчид VISA карт харуулан төлбөр төлөх гэж байгаа мэт дүр эсгэн зугтсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Х.У-, Г.Т-, М.Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, О.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Х.У-, Г.Т-, М.Х- нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч Х.У-, Г.Т-, М.Х-, О.Н- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-, Г.Т-, М.Х- нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-, Г.Т-, М.Х-, О.Н- нарыг тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.У-, Г.Т-, М.Х- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-ад энэ тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-д энэ тогтоолоор оногдуулсан 4 жил хорих ял дээр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1260 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4 жил 8 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-т энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн тооцож 62 хоногийг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4 жил 62 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-, Г.Т-, М.Х-, О.Н- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-, Г.Т- нарын цагдан хоригдсон 391 хоног, шүүгдэгч М.Х-гийн цагдан хоригдсон 30 хоног, шүүгдэгч О.Н-ын цагдан хоригдсон 252 хоногийг тус тусын эдлэх ялд нь оруулан тооцож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн 160 см уяа, ХААН банкны 9496188120371989 дугаартай VISA картыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, “Sony” гэсэн бичигтэй хар өнгийн флаш дискийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч О.Н- нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор 4 сар 25 хоног ял эдэлснийг, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний ард өндөр настай эмээ, аав, насанд хүрээгүй дүү минь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны 10-511 тоотод амьдардаг. Би ганцаар ажил хийж ар гэрээ тэжээдэг тул ар гэрийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч О.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би эрх зүйн байдлаа дордуулахгүйн үүднээс Баянгол дүүрэгт шалгагдаж байгаа 1905002830059 дугаартай, ижил зүйлчлэлтэй хэргүүдээ нэгтгүүлэн нэг шүүх хуралдаанаар шийдвэрлэх байсан. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон шүүх хуралдаанд хэргүүдээ нэгтгэх хүсэлтээ мэдэгдсэн боловч авч хэлэлцээгүй. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон шүүх хуралдаанд дээрх хүсэлтээ илэрхийлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэн ялыг нэмж нэгтгэн 6 жил хорих ял оногдуулж эрх зүйн байдлыг минь дордуулж байгаад гомдолтой байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялыг хөнгөрүүлж, доод хэмжээгээр хорих ял оногдуулах нөхцөл байдал байсан. Миний өмнөх гурван удаагийн ял шийтгэлийг үндэслэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэнд гомдолтой байна.

Миний цагдан хоригдсон хоногийг 252 хоног гэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор цагдан хоригдсон 4 сар 25 хоног гэж дутуу, буруу тооцсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн одоог хүртэл цагдан хоригдож байгаа ба үүнээс өмнө 27 хоног цагдан хоригдсон гэж бичигдсэн байдаг. Миний цагдан хоригдсон хоногийг үнэн зөвөөр бодож өгнө үү.

Би гэм буруугаа хүлээж, өөрийн хийсэн болчимгүй тэнэг үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэндээ маш ихээр гэмшиж байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Х.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би мөрдөн байцаалтын шатнаас хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа ухаарч хохирлоо барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан шийдвэрлэж өгнө үү. 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 55 дугаартай шүүгчийн захирамжаар 8 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан. Уг хэрэг 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буюу хянан харгалзах хугацаа дуусахаас 29 хоногийн өмнө үйлдэгдсэн тул эдлээгүй үйлдсэн ялыг 29 хоногоор тооцож хорих ялд оруулж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч М.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хэрэгт холбогдох үедээ 18 настай байсан. Оюутан болоод 2018 оны 9 сард хотод ирж найз Баянхишигийн гэрт түр байсан. Найз маань “Наранбат ахтай уулзах хэрэгтэй байна” гээд хамт 21 дүгээр хороололд очсон. Тэнд Тогтохбаяр, Наранбат, Уугангэрэл нартай танилцаж, архи уусан ... “Хаус 25” нэртэй зочид буудалд орсон. Буудлаас гарах болоход бидэнд мөнгө байгаагүй учир би таньдаг Алтанболд ахад хандсан. Удалгүй Алтанболд ах ирэхэд Тогтохбаяр, Наранбат, Уугангэрэл нар “наад ахаараа шар тайлах ганц юм авхуулчих, бид өөр өрөөнд байж байя” гэсэн. Би Алтанболд ахаар 0,5 литрийн архи, бэлэн гоймон авхуулаад өрөөнд орсон. Алтанболд ах миний гараас бариад тавихгүй байхаар нь би “ундаа аваад ирье” гэж худал хэлээд өрөөнөөс гарч нөгөө гурав дээр очоод энэ тухай хэлэхэд Уугангэрэл “чи хувцсаа тайлаад сууж бай,  худлаа хардаад ахыг чинь явуулья” гэсэн. Тэгэхээр нь өрөөнд ороод Алтанболд ах бид хоёр хувцсаа тайлаад сууж байх яг тэр үед хаалга тогшоод тэр гурав орж ирээд “яагаад жаахан хүүхдэд архи уулгаад байгаа юм” гээд уурлаад намайг гар гэсэн. Би хувцсаа өмсөөд гарахад, удалгүй тэр гурав араас гарч ирсэн ба машины түлхүүрийг нь авчихсан байсан. “16 орж хүнтэй уулзчихаад буцааж авчирна” гээд явж байтал Нийслэлийн Цагдаагийн газраас залгахаар нь айсандаа зугтаасан. Тухайн үед айгаад хаашаа явахаа мэдэхгүй ярилцаж байгаад Уугангэрэлийн хөдөө гэр рүү нь явахаар болсон. Шатахуунгүй болоод колонк дээрээс “карт уншуулна” гэж худлаа хэлж шатахуун хийлгүүлээд зугтсан. Тэр хүнийг дээрэмдэх санаа огт байгаагүй. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд хуульд заасан залилах гэмт хэргийн шинжтэй бус, харилцагч талуудын хооронд итгэлцэл үүсээгүй гэх боловч хохирогч Мягмарсүрэнгийн мэдүүлэгт “хойд талд сууж байсан хүүхэн гартаа карт барьсан байдалтай байж надад итгэл төрүүлсэн” гэж үгүйсгэсэн байдаг.  

Би бүх хохирлыг барагдуулж, хохирогч Алтанболдод сэтгэл санааны хохиролд 1,000,000 төгрөг төлсөн. Хэрэгт холбогдох үед би ийм зүйл болохыг мэдээгүй, тооцоо хийлгэх гэж таньдаг ахыгаа дуудсан, надад өөр санаа зорилго байгаагүй. Би Уугангэрэл, Тогтохбаяр, Наранбат нарыг сайн танихгүй, ямар хүмүүс болохыг ч сайн мэдэхгүй. Өөрийн санамсар болгоомжгүй, хууль зүйн мэдлэггүйн улмаас анх удаа ийм хэрэгт холбогдсондоо маш ихээр харамсаж, гэмшиж байна. Иймд миний үйлдсэн хэргийн нөхцөл байдал болон хувийн байдлыг минь харгалзан үзэж надад итгэл хүлээлгэн оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж өгөхийг хүсье.” гэв.

Шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.Т-ын ар гэрийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү. Тэрээр гэм буруугийн талаар маргадаггүй, хохирол төлбөргүй гэж шүүхээс тогтоосон ...” гэв.

Шүүгдэгч О.Н-ын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч О.Н-ын давж заалдах гомдлыг дэмжиж байна. О.Н-ын хувьд урьд 4 удаагийн ял шийтгэлтэй боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад нөхцөлд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэсэнд нийцнэ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан шийдвэрлэж өгнө үү. Тэрээр бусдад төлөх төлбөргүй, мөрдөн байцаалтын шатнаас хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн болно ...” гэв.

Шүүгдэгч Х.У-ийн өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Х.У- нь эхнээсээ хэргээ үнэн зөвөөр хүлээсэн. Хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо барагдуулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч М.Х-гийн өмгөөлөгч Б.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М.Х- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа ба давж заалдах шатны шүүхэд ял хөнгөрүүлэх хүсэлт гаргасан. Түүний үйлдэл оролцоог судалж үзэхэд энэ хэрэгт хамжигчаар оролцсон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж заасан тул дээрэмдэх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж дүгнэх үндэслэлтэй. Иймд гэмт хэргийн үйлдэл оролцоо, бусдад учруулсан бүх хохирлыг ганцаараа төлж, гэм хорыг арилгасан нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил хорих ял оногдуулсныг 6 сар болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял оногдуулсныг 2 жил хорих ял болгон өөрчилж өгнө үү. Өчигдөр хорих 461 дүгээр ангид очиж М.Х-тай уулзаад давж заалдах гомдлын утга агуулгын талаар тодруулахад “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж бичсэн. Гэм буруу дээр маргаагүй” гэсэн болохыг дурьдах нь зүйтэй ...” гэв.

Прокурор С.Цэрэндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Г.Т-, Х.У- нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмын дагуу эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул Г.Т-, Х.У- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй. Шүүгдэгч О.Н- урьд нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрээр 3 жил хорих ял шийтгүүлсэн ба хяналтын шатны шүүхээр уг хэрэг хэлэлцэгдэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ялыг нэмж нэгтгэсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолд цагдан хоригдсон хоногийг тооцсон байдаг. Шүүгдэгч Х.У- нь ялаас хугацааны өмнө суллагдсан байхдаа гэмт хэрэг үйлдсэн тул 8 сар 10 хоногийг нэмж нэгтгэсэн нь хуульд нийцсэн болно. Шүүгдэгч М.Х- нь тухайн хэрэгт оролцоогүй талаар маргаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Харин давж заалдах гомдлоос нь үзэхэд хэрэг үйлдээгүй талаар болон ял хөнгөрүүлж өгөхийг хүссэн байна. Эндээс үзэхэд гэм буруугийн талаар маргаантай гэж ойлгож байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Х.У-, Г.Т-, О.Н-, М.Х- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ тэдний давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Хаус 25” нэртэй зочид буудалд шүүгдэгч Х.У-, Г.Т-, О.Н-, М.Х- нар урьдчилан үгсэн тохирч, шүүгдэгч М.Х- нь хохирогч О.Алтанболдыг зочид буудлын төлбөр, тооцоо хийлгэх нэрийдлээр дуудан ирүүлж, шүүгдэгч Х.У-, Г.Т-, О.Н- нар хохирогчийг боомилж, нүүрэнд нь цохиж ухаан алдуулаад, хүлж орхин иргэний үнэмлэх, түрийвч, банкны VISA карт, “I phone-5” загварын гар утас, монетон бөгж болон зочид буудлын гадна зогсоолд байрлуулсан “Toyota нarrier” загварын 31-34 УНӨ улсын дугаартай автомашиныг шилжүүлэн авсан,

Дээрх автомашиныг жолоодон Өвөрхангай аймгийн чиглэлд явж байхдаа шүүгдэгч Х.У-, Г.Т-, М.Х- нар үгсэн тохирч Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хуст ойл” ШТС-аас 121,971 төгрөгийн шатахуун хийлгээд үнийг нь төлөлгүй зугтсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

хохирогч О.Алтанболдын “... 11 цагийн үед Хулан утсаар яриад “Зочид буудалд мөнгөний барьцаанд орсон, ирээд тооцоо хийгээд өгөөч” гэсэн. Орой буудалд нь очоод 38,000 төгрөгийн тооцоог хийсэн. Хулан өрөөндөө орохдоо архи, бэлэн гоймон, тамхи авхуулсан. 202 тоот өрөөнд ороход ганцаараа байсан. Хулан ундаа авахаар гарсан. Эргэж орж ирээд архинаас уугаад хувцсаа тайлаад “намайг хувцсаа тайлаад хэвтээч” гэхээр нь дээгүүр өмсөж байсан цамцаа тайлаад орон дээр дөнгөж хэвтэхэд өрөөний хаалга нүдсэн. Хулан босоод хаалга онгойлгоход үл таних 3 эрэгтэй орж ирсэн. Намайг араас боогоод, цохиж ухаан алдуулсан. Хэсэг хугацааны дараа сэрэхэд гар, хөлийг минь хүлж орхисон байсан. Буудлын хашаанд байрлуулсан миний 31-34 УНУ улсын дугаартай, “Toyota нarrier” загварын автомашин байхгүй байсан. Цагдаа дуудаад, хяналтын камер шүүхэд Хулан, гурван залуугийн хамт миний машинд суугаад явсан байсан. Миний “I phone-5” загварын гар утас, хуримын монетан бөгж, түрийвч зэрэг эд зүйлсийг авсан ...” /1-р хх 42-43, 3-р хх 29/,

хохирогч Д.Мягмарсүрэнгийн “... 2019 оны 01 дүгээр сарын 13-ны орой 22 цаг 29 минутын үед “Хуст ойл” ШТС-д түгээгчийн ажлаа хийж байхад 31-34 улсын дугаартай, “Toyota нarrier” загварын автомашин ирсэн. Жолооны ард бор царайтай, махлаг залуу, түүний хажууд монхор хамартай, саравчтай малгайтай залуу, ард нь нэг хүүхэн сууж байсан. Жолооч цонхоороо “дүүргэчих” гэсэн. Шатахуун хийж эхлэхэд хойно сууж байсан эмэгтэй гартаа карт барьж байсан тул “картаар тооцоо хийх юм байна” гэж ойлгосон. Шатахуун дүүрээд хошууг дөнгөж авахад автомашин шууд ухасхийгээд хөдлөөд явсан ...” /3-р хх 9/,

гэрч Д.Цэрэнмядагын “... 2019 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим хоёр залуу, хоёр охины хамт 202 тоот өрөөнд орсон. 13-ны өдөр “өрөөгөө сунгана, дансаар мөнгө шилжүүлнэ” гээд гараагүй. 18 цагийн орчим нэг эмэгтэй гарч яваад нүдний шилтэй эрэгтэй хүн дагуулан буцаж ирээд буудлын төлбөр, тооцоог хийлгээд 202 тоот өрөөнд орсон. Удалгүй нөгөө эмэгтэй “манай ах дээр байгаа шүү, би хоол идээд ирье” гээд гарсан. Дараа нь нүдний шилтэй залуу “Танай буудалд дээрэмдүүлчихлээ” гэсэн ...” /1-р хх 14-16/,

иргэний нэхэмжлэгч Б.Бадраагийн “... 2019 оны 01 дүгээр сарын 13-ны орой манай барьцаалан зээлдүүлэх газарт Ганзоригийн Тогтохбаяр гэх хүн өөрийн бичиг баримтаар 3,3 грамм, 585 сорьцтой, 1 ширхэг монетан бөгжийг 145,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан ...” /2-р хх 113-114/ гэсэн мэдүүлгүүд,

барьцаат зээлийн гэрээ /1-р хх 155-156/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 3-8/,

“Хаус 25” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 23-35/,   

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх 158-159, 2-р хх 6/,

автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 3-5/,

эд зүйлийн үнэлгээ /2-р хх 30-33/,

шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүд Х.У-, О.Н-, Г.Т- нарын гарын нэрээр санд бүртгэгдсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 01/061 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх 71-76/,  

шүүгдэгч Х.У-, Г.Т-, О.Н-, М.Х- нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Х.У-, Г.Т-, О.Н-, М.Х- нар хохирогч О.Алтанболдын эд хөрөнгийг авахаар урьдчилан үгсэн тохиролцож, шүүгдэгч М.Х- хохирогчийг дуудан ирүүлээд, шүүгдэгч Х.У-, Г.Т-, О.Н- хохирогчийн араас боож, цохиж унаган ухаан алдуулаад, хүлж орхин автомашин, бөгж, гар утас, түрийвч зэрэг эд хөрөнгийг нь авсан, дээрэмдсэн автомашинаа шатахуунаар цэнэглэх шаардлагатай болсон тул шүүгдэгч Х.У-, Г.Т-, М.Х- нар ШТС-аас үнийг нь төлөхгүйгээр шатахуун авахаар урьдчилан үгсэн тохирч “Хуст ойл” ШТС-аас автомашиндаа шатахуун дүүргүүлж зугтсан хэргийн үйл баримтууд нотлогдон, тогтоогдсон тул эдгээр үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан ...”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж ... авахаар довтолсон ...” гэсэн дээрэмдэх гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан байна. Энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

“Хуст ойл” ШТС-аас шатахуун дээрэмдэхээр үгсэн тохиролцох үед болон гэмт санаагаа хэрэгжүүлэх явцад О.Н- унтаж байсан учраас хэргийн талаар мэдээгүй гэж шүүгдэгч нар мэдүүлснийг батлах, үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн улмаас шүүгдэгч нарын мэдүүлэгт үндэслэн автомашинд хамт явсан О.Н-ад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгаагүй тухайгаа прокурор тайлбарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг ... ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчимд нийцсэн байна.  

Хохирогч Д.Мягмарсүрэн “... хойно сууж байсан эмэгтэй карт үзүүлж илтгэл төрүүлсэн ...” гэж мэдүүлсэн нь бусад нотлох баримтуудаар батлагдаж, шүүгдэгч нарын үйлдэл залилах гэмт хэргийн шинжтэй эсэх, хэргийн зүйлчлэл тохирсон эсэхийг тодруулах шалтгаан болов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан шинжээрээ ижил төстэй боловч залилах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авахдаа хуурах, баримт бичиг, эд зүйл харуулах, зохиомол байдлыг зориуд бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулан  төөрөгдөлд оруулах, эсхүл өөрийн нэр хүнд, өөрт нь итгэх итгэлийг урвуулан ашиглах зэрэг арга хэрэглэсний үр дүнд хохирогч сайн дураар эд хөрөнгөө шилжүүлэн өгч, тодорхой хугацааны дараа буцааж авна гэсэн ойлголттой үлддэг. Энд дурьдсан хохирогчид сэтгэл зүйн нөлөөлөл үзүүлэх аргаар бус, эд хөрөнгөөс нь шууд, бүр мөсөн хагацуулах зорилгоор хүч хэрэглэсэн шинжгүй, хууль бус арга хэрэглэсэн нь дээрэмдэх гэмт хэрэгт тооцогдоно.

Шүүгдэгч Х.У-, Г.Т-, М.Х- нар “Хуст ойл” ШТС-аас үнэ төлбөргүй шатахуун авахдаа түгээгчид банкны төлбөрийн карт үзүүлэн итгэл үнэмшилтэй харагдуулсан нь залилах гэмт хэргийн шинжтэй мэт боловч шатахуун дүүргээд зугтсанаар эд хөрөнгийг бүрэн мэдэлдээ шилжүүлэн авсан байна. Мөн тэд энэ тухай “түгээгчийг шатахуун дүүргэмэгц зугтаана” гэж урьдчилан төлөвлөсөн болох нь Г.Т- /3-р хх 69-70/, Х.У- /3-р хх 64-65/ нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул уг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжид илүү нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.  

Шүүгдэгч Х.У-, Г.Т-, О.Н- нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан нэг төрлийн гэмт хэргийг хоёр, түүнээс дээш буюу бүлэглэн үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал хангагджээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.У-, Г.Т-, О.Н- нарын гэм буруу хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон ял шийтгэж, өмнөх тогтоолоор эдлээгүй ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул ял хөнгөрүүлэх талаар тэдний гаргасан давж заалдах гомдлуудыг хангах боломжгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, 3 жил хорих ял шийтгэсэн байх ба 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 129 хоног буюу 4 сар 9 хоногийн хорих ялыг эдэлсэн байна. Үүнээс хойш Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамжаар энэ хэрэгт цагдан хоригдож, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болтол нийт 252 хоног цагдан хоригдсоныг шүүх зөв тооцож, тогтоолдоо тусгажээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтад шүүгдэгч О.Н-ын цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор заасан байх тул цагдан хоригдсон хоногийг шүүх буруу тооцсон гэх түүний давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй гарчээ.

Шүүгдэгч О.Н-ын “дээрэмдэх гэмт хэргүүдээ нэгтгэн шийдвэрлэх” гэсэн давж заалдах гомдлын үндэслэлийг Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 517 дугаартай тогтоолоор “... өөр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэх боломжтой байх тул энэ талаар шүүгдэгч О.Н-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй ...” гэж эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй. 

Шүүгдэгч М.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйл, хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг ганцаараа бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан нэг төрлийн гэмт хэргийг хоёр удаа, бүлэглэн үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоноос гадна түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, 19 настай, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр “... ял хөнгөрүүлэх ...” тухай давж заалдах гомдлыг нь хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Мөн хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан тул шүүгдэгч О.Н-ын өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 21 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн, шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Т-ын нийт эдлэх ялыг “... 4 жил 62 хоног ...” гэж ойлгомжгүй бичснийг зөвтгөж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар “Хуст ойл” ШТС-аас шатахуун дээрэмдсэн аргаараа Булган аймгийн Рашаант суманд дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байж болох үндэслэл бүхий баримтууд хэрэгт цугларсан байхад прокуророос тодорхой хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгож /2-р хх 188/ ял завшуулах боломж олгосныг зориуд тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолд:

а/ Тогтоох хэсгийн 2 дахь заалтын шүүгдэгч М.Х-д холбогдох хэсгийг “Шүүгдэгч М.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын шүүгдэгч М.Х-д холбогдох хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,  

б/ Тогтоох хэсгийн 4 дэх заалтын шүүгдэгч О.Н-ад холбогдох хэсгийг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-ад энэ тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэтгэн, түүний нийт эдлэх ялыг 5 жил 7 сар 21 хоног хорих ялаар тогтоосугай.” гэж, шүүгдэгч Г.Т-ын нийт эдлэх ялын хэмжээг “... 4 жил 62 хоног ...” гэснийг “... 4 жил 2 сар 2 хоног ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаас “... шүүгдэгч О.Н- нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор 4 /дөрөв/ сар 25 /хорин тав/ хоног ял эдэлсэнг дурдсугай ...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. “... Ял хөнгөрүүлэх ...” талаар шүүгдэгч М.Х-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Х.Уурангэрэл, Г.Т-, О.Н- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                         ШҮҮГЧ                                                             Н.БАТСАЙХАН

 

                         ШҮҮГЧ                                                             М.ПҮРЭВСҮРЭН