Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 251

 

Т.Яндагдаваад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, З.Ариунжаргал,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 519 дүгээр магадлалтай, Т.Яндагдаваад холбогдох эрүүгийн 201626030194 дугаартай хэргийг хохирогч Ү.Эрдэнэхорол, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, З.Ариунжаргал нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

1998 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 6 сар хорих ял,

1998 онд Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сар хорих ял,

1998 онд Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

2002 онд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 8 дугаар сарын 27-ны өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Мөнхсум овогт Тогмидын Яндагдаваа нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Яндагдавааг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг үйлдэхдээ хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэргийн эд мөрийн баримт ногоон өнгийн хуванцар иштэй хутгыг устгахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Яндагдаваа, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, З.Ариунжаргал нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Ү.Эрдэнэхорол хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Яндагдаваа нь миний төрсөн эгч Сарангэрэлийн нөхөр бөгөөд 4 настай охинтой. Яндагдаваа томоотой хүн. Тэр өдөр архи ууснаас ийм хэрэг гарсан. Би ч буруугаа бүрэн ойлгож байна. Би эгч болон хүүхдийнх нь амьдралаар тоглосноо ойлгож харамсаж байна. Яндагдаваад ийм хүнд ял өгнө гэж бодоогүй. Энэ хэргээс болоод нагац дүү, төрсөн эгч хохирч байгаа нь намайг давхар хохироож байгаа тул Яндагдаваагийн ял шийтгэлийг багасгаж, эсвэл жирийн дэглэм болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд дурдагдсан саналаа дэмжиж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Гомдолд заасан нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл “... шүүгдэгч нь ямар ч шалтаг шалтгаангүй хохирогчид хутгаар хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотлогдож, тогтоогдсон. Шүүгдэгч, хохирогч хоёрын хооронд маргаан үүсэж, хохирогчийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэг гарсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Т.Яндагдаваа нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаагийн 24 дүгээр гудамжны 78 тоотод хамт архи уусан өөрийн хадам дүү Ү.Эрдэнэхоролыг илтэд үл хүндэтгэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогчийн зүүн бугалга руу хутгалж “хүндэвтэр” зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдсон тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй буюу гудамжинд ямарч шалтаг, шалтгаангүйгээр хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хадам дүү Ү.Эрдэнэхоролын зүүн гарыг хутгалж бие махбодид нь гэмтэл учруулсан үйлдэл нь танхайрах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгийн “хувийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн тул Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй байдал, үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах эрхгүй болно.

Харин шүүгдэгч Т.Яндагдаваа нь 2002 онд хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлснээс хойш 12 жилийн хугацаа өнгөрч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д зааснаар ялгүй болсон, гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаас гэмшиж хохирогчийг эмчлүүлэхэд гарсан бүх зардлыг сайн дураар нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ял болон ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Энэ талаар гаргасан хохирогч Ү.Эрдэнэхорол, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал нарын гомдол үндэслэлтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалт, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 519 дүгээр магадлалд “Т.Яндагдавааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар З жил 5 сар хорих ял шийтгэж”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Яндагдаваад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж” гэсэн нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

      ДАРГАЛАГЧ,

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Т.УРАНЦЭЦЭГ

      ШҮҮГЧ                                                                Б.ЦОГТ