Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 950

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: .... “Д” ХХК, 

Хариуцагч:  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2011 оны ... дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Д” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Манай “Д” ХХК 11.... тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд “Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу тухайн талбай дахь тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлөхөөс гадна мөн хуулийн 27, 34 дүгээр зүйлүүдэд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх нийтлэг үүргийг бүрэн биелүүлсээр ирсэн.

Гэтэл 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр УИХ-аас батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан үндэслэлээр манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа хязгаарлагдаж ашиглалт явуулах боломжгүй болсон бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр уг хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр манай компанийн ашиглалтын талбай нь хуулиар хязгаарлагдсан талбайгаас чөлөөлөгдөж хэвийн үйл ажиллагаа явуулах хууль зүйн үр дагавар үүссэн. 

Дээрх нөхцөл байдлуудыг судлан үзэж, ашиглалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг Ашигт малтмалын газарт удаа дараа хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу өгөлгүй, тусгай зөвшөөрөл сэргээж өгөхгүй манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. 

Мөн “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт “... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлнө...” гэж зааснаар нөхөн олговор орсон боловч одоог хүртэл манай компанид улсаас нөхөн төлбөр олгоогүй бөгөөд тухайн үеийн Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсээс тусгай зөвшөөрөлтэй холбогдох баримтыг хураан авч үйл ажиллагааг бүрэн зогсоосон юм. Тиймээс дээрх нөхөн олговрыг манай компанид төлөөгүй байж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох боломжгүй байдал тодорхой харагдаж байна.  

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №1/2620 тоот мэдэгдлийг манай компани Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас хүлээн аваад байна. Компанийн зүгээс Кадастрын хэлтсийн даргын 251 дүгээр шийдвэр нь илтэд хууль бус бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар цуцалж буй шийдвэрээ тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдээгүй, энэ байдал нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн, цуцлах үндэслэл болсон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэг нь бодит байдалтай нийцээгүй илтэд хууль бус акт болсон гэж үзэж байна. 

Мөн дээрх нөхцөл байдлуудад манай компани олон удаа “Ашигт малтмалын газар” болон “Ашигт малтмалын газрын, Уул уурхай судалгааны хэлтэс”-т албан бичиг хүргүүлж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулж байсан боловч Ашигт малтмалын газраас манай “Д” ХХК-д хүргүүлсэн №6/310 тоот 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хариу албан бичгийг хүлээн авснаас хойш 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн манай компаниас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хяналт шалгалтын ажлын хэсэгт гаргасан №46 тоот албан бичиг гаргах хүртэлх хугацаанд гомдол гаргасан тухай баримт бичиг байхгүй байгаа нь манай компани нэг гишүүнтэй бөгөөд Т.Д би бүх ажлаа хариуцан ажилладаг, миний бие “Чихрийн шижин” гэх оноштой хүнд өвчний улмаас удаан хугацаанд эмчилгээ хийлгэж эмчийн хяналтад байх шаардлагатай болж компанийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах боломжгүй байсан. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт илт хууль бус акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа үл хамаарахаар заасан байна. 

Мөн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №55 тоот “Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б од” хаягласан албан бичгийг хүргүүлсэн боловч бидэнд одоог хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй болно.

Иймд манай компани нь нөхөн төлбөр авах аж ахуй нэгжийн жагсаалтад орсон боловч өнөөдрийн байдлаар улсаас нөхөн төлбөр олгоогүй бөгөөд Ашигт малтмалын газрын, Уул уурхайн хэлтсээс /тухайн үеийн/ тусгай зөвшөөрөлтэй холбогдох баримтыг хураан авч үйл ажиллагааг бүрэн зогсоосон байхад төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл цуцалж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж байх тул 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №251 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...  “Д” ХХК-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна. 

Нэг: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “Намагт хөндий” нэртэй 41.03 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 11.... дугаартай тусгай зөвшөөрлийг 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр анх “Д” ХХК-д олгожээ. 

“Д” ХХК өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын 11.... дугаартай тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу төлөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан цуцлах үндэслэл бүрдсэн байна.  

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын 11.... дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болохыг “Д” ХХК-ийн албан ёсны хаягаар 6/169 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.  

Хоёр: Монгол Улсын Их Хурал “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” -ийг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан.  

Дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ыг баталсан.  

Дээр дурдсан хууль болон журмаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөөгүй. 

Гурав. “Д” ХХК өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын 11.... дугаартай тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу төлөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/ 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр дээр дурдсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 251 дүгээр шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Дөрөв. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан хуулийн хугацаа хэтэрсэн байна. 

Иймд “Д” ХХК-ийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “ Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Нэхэмжлэгч “Д” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмалын геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 0З дугаар сарын 23-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах” гэж тодорхойлсон. 

Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа дэмжиж байгаа бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа “...Сэлэнгэ аймгийн Е сумын нутаг Н-ын хөндий гэх газар орших 11... дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, Газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгах” хэмээн нэмэгдүүлж байна.

1. 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчид олгосон А1.... дугаартай Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.21, 56 дугаар зүйлийн 56.1.22-т заасан үндэслэлээр Ашигт малтмал газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр цуцалсан хэдий ч энэ тухай нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдээгүй болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан, түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтын тайлбарлах тухай 09 дүгээр тогтоолын 6 дахь хэсэгт 56 дугаар зүйлийн 56.2 ...”-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид олгосон А1.... дугаартай Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй болох нь хэрэгт авагдсан “баримт хүлээлцэх дэвтэр нэг дүгээр боть” гэсэн баримтын 148 дугаарт “6/169 буцалт” гэж тэмдэглэгдсэнээр нотлогдож байна. 

Тиймээс хариуцагчийн А1.... дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болохыг “Д” ХХК-ийн албан ёсны хаягаар 0/169 тоот албан бичгээр мэдэгдсэн” гэх тайлбар үндэслэлгүй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан “мэдэгдэл” нь тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгах эзэмшигчийн эрхийг хангах зорилготой байдаг. Тодруулбал тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн болохыг эзэмшигчид мэдэгдсэнээр тухайн этгээдээс төлбөр төлсөн бол баримтаа гаргаж өгөх, эсхүл төлбөр төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулах, нөгөө талаас ийнхүү ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг судлан үзсэний дагуу тухайн тусгай зөвшөөрлийг цуцлах эсэхийг шийдвэрлэх хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг захиргааны байгууллагад олгосноос гадна тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагад өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэн явуулах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллах, гаргасан зардлаа үр ашигтайгаар нөхөх, хохиролгүйгээр ажиллах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх боломжийг олгосон агуулгатай зохицуулалт юм.

“Д” ХХК нь нэг гишүүнтэй бөгөөд захирал Т.Д нь бүх ажлаа өөрөө хариуцан ажилладаг, тэрээр “Чихрийн шижин” гэх оноштой хүнд өвчний улмаас удаан хугацаанд эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтад байх шаардлагатай болж компанийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах боломжгүй болсон байсан. 

Гэтэл хариуцагч нь тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдээгүйгээс “Д” ХХК-иас төлбөр төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тухай нотлох баримтыг Төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, улмаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг нөхөн төлөх, оруулсан хөрөнгө оруулалтаа хэвээр хадгалах, аливаа хохирол үүсэхээ урьдчилан сэргийлэх зэрэг нэхэмжлэгчийн холбогдох эрхээ хэрэгжүүлэх боломжийг алдагдуулсан байна. 

Нэхэмжлэгч талаас анх тусгай зөвшөөрлийг авах өргөдөл өгөхдөө “Д” ХХК-ийн албан ёсны хаягын тодорхойлолтыг гаргаж өгсөн бөгөөд уг тодорхойлолт Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Энхтайваны өргөн чөлөө, “М” ХХК-ийн Улаанбаатар хотын салбар ... тоот” гэж заасан. Уг хаяг нь нэхэмжлэгч компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд мөн бүртгэлтэй өөрчлөгдөөгүй болно. 

2. Нэхэмжлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаартай албан бичгээр Маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд гомдол гаргасан. Улмаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/1063 дугаартай албан бичгээр “Тусгай зөвшөөрлийг сэргээж зохих арга хэмжээ авах тухай” албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн. 

Гэтэл хариуцагчаас дээд шатны байгууллагынхаа биелүүлэх боломжгүй тухай 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/2620 дугаартай албан бичгийг хүргүүлж, улмаар “Д” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Хариуцагч нь А1.... дугаартай Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай болон маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид албан ёсоор хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй атлаа “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа” дууссан хэмээн маргаж буй үндэслэлгүй, шударга ёсонд нийцэхгүй байна.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20 дахь заалтад “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь хуульд заасны дагуу төлөх төлбөрийг хэлнэ”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилсан төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжит жилийнхээ төлбөрийг урьдчилан төлөх үүргээ хангалттай биелүүлж байсан. Тухайлбал 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 5 дахь жилийн төлбөрийг төлсөн бөгөөд 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг урьдчилан төлөх ёстой байсан. Гэтэл Ашигт малтмалын газраас 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 5-569 дугаартай,  2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5-792 дугаартай, 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5-7282 дугаартай албан бичгүүдээр “нөхөн олговор авах хүсэлт ирүүлэх”-ийг тус тус мэдэгдсэн болно. Улмаар “Д” ХХК нь 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 02 дугаар албан бичгээр нөхөн олговрын жагсаалтыг хүргүүлсэн билээ. 

Гэтэл хариуцагч нь энэхүү нөхөн олговор авах хүсэлтийг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй бөгөөд уг хүсэлтийг хүлээн авсан болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/2127 дугаартай албан бичгийн 1 дэх заалтад “Д” ХХК нь 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нөхөн олговор авах тухай хүсэлт гаргасан” гэж бичсэнээр, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/2620 дугаартай “Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Н-д” хандсан албан бичгүүдээр нотлогдож байна.

Тиймээс хариуцагчийн “Д” ХХК-ийн нөхөн олговор авах тухай хүсэлтийг хүлээн авсан тухай баримт байхгүй” гэсэн тайлбар үндэслэлгүй. 

4. Ашигт малтмалын газраас “Нөхөн олговор авах хүсэлт ирүүлэх” тухай 5-1569 дугаартай албан бичиг ирэх өдөр буюу 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл “Д” ХХК тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байдлаар эзэмшиж, тусгай зөвшөөрлийн зургаа дахь жилийн төлбөр төлөх эцсийн хугацаа дуусаагүй байсан ба Ашигт малтмалын газар болон “Д” ХХК-ийн хооронд Ашигт малтмалын тухай хуульд заасан “зохицуулалт харилцаа” үргэлжилж байсан.

Харин Ашигт малтмалын газраас “Нөхөн олговор авах хүсэлт ирүүлэх” тухай 5- 1569 дугаартай албан бичгийг хүлээн авсан буюу 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс хойш “Д” ХХК болон Ашигт малтмалын газрын хооронд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, тэр дундаа Засгийн газрын 2010 оны 299 угаар тогтоолоор баталсан “... Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-д заасан харилцаа шинээр үүссэн гэж болохоор байна. 

Тодруулбал уг журмын 6 дугаар зүйлийн 6.3-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос өөр үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 4 дүгээр зүйлийн 4.7-д “Энэ журмын 4.1 (нөхөх олговор авах хүсэлт)-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 2 (хоёр) жилийн дотор нөхөх олговрыг олгоно” зааснаар “Д” ХХК ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, нөхөн төлбөр авах эрх үүссэн болно. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцална”, Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан дээрх журмын 5 дугаар зүйлийн 5.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн “...Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заажээ. 

Дээрх зохицуулалтаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш талбайд ашигт малтмал ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж болохгүй, харин нөхөн олговор авах хүсэлтээ Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд улмаар хүсэлтийг 2 жилийн дотор нөхөх олговрыг олгохоор заажээ. 

Тиймээс “нөхөх олговрыг эрх бүхий байгууллагаас олгох эсэхийг шийдвэрлэх хүртэл буюу 2 жилийн хугацаанд” “Д” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдал нь хэвээр хадгалагдах тул хариуцагчийн “... урт нэртэй хууль болон Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан “... Нөхөх олговор олгох тухай” журмаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөөгүй” гэсэн тайлбар үндэслэл муутай байна. 

5. “Д” ХХК нь 11...., 168А, 784А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд хариуцагчаас 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 5-1569 дугаартай, 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5-792 дугаартай, 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5-7282 дугаартай “нөхөн олговор авах хүсэлт ирүүлэх” тухай албан бичгүүддээ дээрх гурван тусгай зөвшөөрлийг дурдсан байдаг. 

Тиймээс “Д” ХХК-ийн 11...., 168А, 784А дугаартай тусгай зөвшөөрлүүд нь “бүгд зэргэлдээ нэг дор байршилтай” учир урт нэртэй хуулийн хязгаарлалтын бүсэд хамаарсан гэж ойлгож байсан. Улмаар 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар дээрх гурван тусгай зөвшөөрөл бүхий талбай нь “хуулиар хязгаарласан талбайн бүс”-ээс чөлөөлөгдсөн. Гэтэл хариуцагч нь 168А, 784А дугаартай хоёр тусгай зөвшөөрлийн ашиглах эрхийг сэргээсэн атлаа 11.... дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байна. 

Иймд “Ашигт малтмалын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 51 дүгээр шийдвэрийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцож, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Намагтийн хөндий гэх газар орших 11.... дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмалын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргад даалгасан шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Д” ХХК нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Намагт хөндий” гэх газар орших 11.... дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй гэдгээ илэрхийлж, “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ. 

Ашигт малтмал, Газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газраас 2005 оны 1691 дүгээр шийдвэрээр “Д” ХХК-д Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Намагт хөндий” гэх 41 га талбай бүхий газарт 11.... дугаарын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг олгосон байна. 

Харин Ашигт малтмалын газрын 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 5-1569 тоот “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” 2009 онд батлагдсан хуулийг хэрэгжүүлэх явцад танай эзэмшлийн 11...., 168А, 784А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлагдах магадлалтай тул дээрх хуулийн дагуу улсаас авах нөхөн олговрын төрөл хэмжээ болон байгаль орчныг нөхөн сэргээх зардлын хамт ... ирүүлнэ үү” гэх албан бичгийг хүргүүлсэн. 

Мөн дахин хариуцагч байгууллагаас 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5-792, 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5-7282 тоотоор дээрх албан бичигтэй утга ижил албан бичгийг удаа дараа хүргүүлж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. 

Улмаар 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “...Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох” журмын 4.1.5-д заасны дагуу “Д” ХХК-ийн эзэмшлийн МҮ-011... тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтыг эх хувиар нь Уул уурхай, судалгааны хэлтэст хүлээлгэн өгсөн. 

Хэдийгээр нэхэмжлэгч “Д” ХХК-иас нөхөн олговор авах тухай хүсэлт, албан бичгийг Ашигт малтмалын газрын Уул уурхайн судалгааны хэлтэст 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн гэснийг хариуцагч үгүйсгэдэг боловч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/2620 тоот Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн албан бичигт “... “Д” ХХК нөхөх олговор авах хүсэлтээ 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Жагсаалт хүргүүлэх тухай” 02 тоот албан бичгээр ирүүлсэн байна” гэж дурдсанаар нотлогддог. 

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр “...“Д” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “Намагт хөндий” нэртэй 41,03 га талбайд ашигт малтмал ашиглалтын 11.... дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацаа 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дууссан, уг хугацаанаас өмнө төлөөгүй” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу төлөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар цуцлах үндэслэл бүрдсэн учир хүчингүй болгосон байна. 

Нэгэнт тусгай зөвшөөрлийг 2011 онд хүчингүй болгочихоод нөхөн олговор авах хүсэлтийг явуулсан, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг эх хувиар нь хурааж аваад байгааг хариуцагчаас тодруулахад “нэхэмжлэгчийн эзэмшилд зэргэлдээ байрлах гурван тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын талбай байсан, бусад хоёрынх нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдээгүй тул давхар явуулж байсан” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй, мөн хариуцагч “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 онд батлагдаж, уг хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ыг мөн баталсан. Дээрх хууль, журамд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөөгүй” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн “...зэргэлдээ байрлах 3 тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын талбайг эзэмшиж байхад маргаан бүхий 11.... дугаар тусгай зөвшөөрлийн нөхөн олговрын асуудлыг шийдвэрлээгүй байж цуцалсан шийдвэр нь илт хууль бус” гэж маргаж байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээс цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 168А, 784А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуулийн хугацаанд төлсөн нь нотлогдохын зэрэгцээ хууль, журамд зааснаар нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэхэд тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр байжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьд тухайн газар нь хуулиар хориглосон бүсэд орвол нөхөн олговор авахаас өөр эрх үлддэггүй. ...энэ эрхээ хангуулахаар зохих байгууллагад хүсэлтээ өгчихсөн байхад тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон” нь маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тул илт хууль бусад тооцох ёстой” гэж тайлбарлах боловч 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийг буцаан хэрэглэж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. 

Учир нь энэ тохиолдолд маргаан бүхий актыг нэхэмжлэлд дурдсанчлан хууль тогтоомжид нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг үндэслэлээр илт хууль бусад тооцох боломжгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулиар хариуцагч төрийн захиргааны байгууллагыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны үүргээ биелүүлж байгаа болон тусгай зөвшөөрлийн хүчингүй байх нөхцөл шаардлага хангагдаж буй эсэхэд хяналт тавих, улмаар үүргээ биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол цуцлах эрхийг хариуцагчид хуулиар олгосон.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын тухайд уг хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацаа үл хамаарах хэдий ч харин тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны журам зөрчсөнөөс бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн тохиолдолд хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх байгууллагад гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу шүүхэд гаргах боломжтой байсан.

Гэвч шүүх маргаан бүхий актыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагад баригдалгүй нэгэнт нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн, шүүхээс түүний зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой эсэхийг судалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан боловч нэхэмжлэгч “Д” ХХК нь өөрийн эзэмшлийн 11.... дугаар бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг мэдсэн нь , мөн тухайн үед төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч “Д” ХХК-ийн  “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах” гэх нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЮУМАА