Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00173

 

Б П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02079 дугаар шийдвэртэй, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2143 дугаар магадлалтай,

Б П ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Ш С ХХК-д холбогдох,

Зуучлалын гэрээний үүрэгт 51.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Б.М-ий гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Б П ХХК нь Ш С ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 13-001 тоот үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын гэрээ байгуулж, хамтран ажиллаж тус компанийн барьсан орон сууц, авто зогсоолыг худалдан борлуулахад зуучлалын үйлчилгээ үзүүлж ажилласан. Гэрээний дагуу ажлын хөлсөнд худалдан борлуулсан обьектын нийт үнийн дүнгийн 4 хувиар тооцож төлбөр авахаар харилцан тохиролцсон бөгөөд үлдэгдэл төлбөр 51.600.000 төгрөгийг авч чадалгүй өнөөдрийг хүрсэн. Ш С ХХК-иас манай компанид тооцоо нийлж хандсан 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №16/49 тоот тодорхойлолтод дурдсан 51.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэрээ байгуулж ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ гэрээг дүгнэх үед захирал хариуцлагагүй хандаж, 51.600.000 төгрөг дээр гарын үсэг зурсан байсан. Энэ барилга анхнаасаа банкны зээлтэй. Ордер гаргуулах хүсэлт хэд хэдэн удаа гаргасан боловч зээлийн төлөлтийн хэмжээ хангалттай болоогүй байгаа учраас одоогоор боломжгүй гэсэн хариу өгсөн. Борлуулалтын алба хариуцлагагүй хандсанаас 14 захиалагч буцаалт хийлгэсэн. Гэрээний дүнгээр 1 тэрбум гаруй төгрөгийн буцаалт айл өрхүүд хийсэн. Тухайн үедээ тооцоо нийлсэн акт үйлдээд явсан боловч буцаалт хийсэн айлын тооцоо үнийн дүнгээс хасагдах ёстой.

Иймд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02079 дугаар шийдвэрээр,  Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар хариуцагч Ш С ХХК-иас 51.600.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б П ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш С ХХК-иас 415.950 төгрөг гаргуулж, хариуцагч Б П ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2143 дугаар магадлалаар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02079 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш С ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, талуудын хооронд үүссэн маргааны зүйлийн талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй зэрэг үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хоёр шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ шударгаар хэрэгжүүлээгүйгээс шийдвэр, магадал хууль ёсны болж чадаагүй гэж үзэж байгаа болно. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 51.600.000 төгрөгийн ажлын гүйцэтгэл болон талуудын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн акт, ажил хүлээлцсэн буюу хүлээн авсан акт, ажлын гүйцэтгэлийн задаргаа, гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэг нотлох баримтууд байхыг гэрээний дагуу шаардаж байгаа бөгөөд энэ талаарх баримтууд хэрэгт огт авагдаагүй байхад шүүх хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байсан юм. Нөгөө талаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагчаас нэхэмжилж буй 51.600.000 төгрөгийг ямар тооцооллоор хичнээн төгрөгийн  худалдан борлуулалт хийсэн, энэ талаар тооцоо нийлсэн зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нотолсон бичгийн баримтуудыг гаргаж өгөөгүй бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон. Талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааны дагуу борлуулалтын алба болох Б П ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн бөгөөд нийт 44 захиалагчийн 14 нь буцаалт хийж, 30 захиалагч үлдсэн, гэрээгээр борлуулалтын алба нь нийт 80 айлын орон сууцыг худалдан борлуулахад зуучлах үндсэн үүргийг хүлээсэн боловч энэ үүгээ бүрэн биелүүлээгүй ажлыг орхиод явсан байдаг.Түүнчлэн нэхэмжлэгч тал нийт 4 хувийн ашгийг нэхэх ч эрх зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, гэрээгээр тохиролцсон 80 айлын орон сууцыг зуучлан худалдан борлуулсан тохиолдолд үндсэн үнээс 2 хувь, нэмж борлуулсан 2 хувийн ашгаа нэхэмжлэгч байгууллага авах гэрээний зохицуулалттай байхад анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн гүйцэт тогтоолгүй хэргийг шийддвэрлэсэн нь илт үндэслэл муутай болсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч Ш С ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 16/49 тоот албан бичгийг үнэлж шийдвэр гаргаж байгаа боловч бодит байдалд тухайн үед гэрээний дагуу манай компанийн барьсан барилгын борлуулалт хариуцаж байсан Б П ХХК-ийн захирал н.Сэндэнсүрэн нь “...манай компани шийдвэр гуйцэтгэлийн ажиллагаанд бусдад өгөх их хэмжээний өр төлбөртэй болсон. Манай компанийг ажил хийж байгаа, ажлын үлдэгдэл хөлс авах талаар тодорхойлолт бичиг хийж өгөөч гэсний...” дагуу албан бичиг хийж өгсөн бөгөөд энэ бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлнэ гэж тухайн үед захирал нь хэлж байсан боловч энэ бичгийг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан ойлгомжгүй байна.

Иймд, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхэд нь буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, “маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн” гэх  хариуцагч Ш С ХХК-ийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Б П ХХК нь Ш С ХХК-с зуучлалын хөлс 51.600.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх Б П ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч Ш С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гардуулж хариу тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор буюу 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлэх үүрэг хүлээлгэж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд  зохигч ямар эрх болон үүрэгтэйгээр оролцохыг тайлбарлан өгчээ./хх-15, 17-р  тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг бөгөөд талууд мэтгэлцэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шардлага, хариуцагч өөрийн тайлбар татгалзлаа тус тус нотлох үүрэгтэй байна.

Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шүүгчийн захирамжаар  шүүх хуралдааныг мөн оны 8 дугаар сарын 08-ны өдөр хийхээр товлож, хуралдааны зарыг 8 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Шүрэн солюшн ХХК-д баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.

Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч оролцохдоо  шүүхэд нотлох баримт гаргах, өмгөөлөгч авах хүсэлт гаргаж энэ үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт  гаргасныг шүүх хангахгүй орхиж, хэргийг хэлэлцсэн нь хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан  тухай тайлбарыг шүүхэд ирүүлээгүй атлаа нотлох баримт гаргах хүсэлт гаргаж буй нь ойлгомжгүй, өмгөөлөгч авах боломжит хугацаа байсан өмнө нь эдгээр хүсэлт гаргаагүйг хүндэтгэн үзэх шалтгаантай гэх боломжгүйгээс шүүх хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3-т  заасныг зөрчөөгүй байна.   

2.Хэргийн баримт, шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбараас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Б П ХХК нь Ш С ХХК-ийн барьсан орон сууцны барилга болон автомашины гараашийг худалдан борлуулахад худалдан авагчид зуучилж, худалдан борлуулсан хөрөнгийн үнийн дүнгийн 4 хувиар зуучлалын хөлс авахаар тохиролцсон нь тогтоогдсон, энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл болгож, зохигчдын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн зуучлалын гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээг  нотлох баримтаар гаргасан ба хариуцагчийн тодорхойлолт зэргийг гаргасан ба эдгээр баримтаар гэрээ байгуулагдаж, хүчин төгөлдөр болсон, гэрээний дагуу зуучлалын хөлсөнд хариуцагч нийт 51.600.000 төгрөгийг хугацаа зааж хэсэгчлэн төлөхөөр тохирсон  үүргээ гүйцэтгээгүй нь тогтоогджээ.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан баримтын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.1-д заасантай нийцсэн гэж үзэв.  Зуучлалын гэрээний дагуу хөлсөө шаардах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02079 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2143 дугаар магадлалтус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.М-ий гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Ш С ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                                 Г.АЛТАНЧИМЭГ