Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2143

 

Б П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02079 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б П ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ш С ХХК-д холбогдох

 

Зуучлалын гэрээний үүрэгт 51 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б П ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани Ш с ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын гэрээ байгуулж, хамтран ажиллаж тус компанийн барьсан орон сууц, авто зогсоолыг худалдан борлуулахад зуучлалын үйлчилгээ үзүүлж ажилласан. Гэрээний дагуу ажлын хөлсөнд нийт худалдан борлуулсан обьектын үнийн дүнгийн 4 хувиар тооцож төлбөр авахаар харилцан тохиролцсон бөгөөд  үлдэгдэл төлбөр  51 600 000 төгрөгийг авч чадалгүй өнөөдрийг хүрсэн.  Ш с ХХК-иас манай компанид тооцоо нийлж хандсан 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №16/49 тоот тодорхойлолтод дурдсан 51 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулж ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ гэрээг дүгнэх үед захирал хариуцлагагүй хандаж, 51 600 000 төгрөг дээр гарын үсэг зурсан байсан. Энэ барилга анхнаасаа банкны зээлтэй. Ордер гаргуулах хүсэлт хэд хэдэн удаа гаргасан боловч зээлийн төлөлтийн хэмжээ хангалттай болоогүй байгаа учраас одоогоор боломжгүй гэсэн хариу өгсөн. Борлуулалтын алба хариуцлагагүй хандсанаас 14 захиалагч буцаалт хийлгэсэн.  Гэрээний дүнгээр 1 тэрбум гаруй төгрөгийн буцаалт айл өрхүүд хийсэн. Тухайн үедээ тооцоо нийлсэн акт үйлдээд явсан боловч буцаалт хийсэн айлын тооцоо үнийн дүнгээс хасагдах ёстой. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т зааснаар хариуцагч Ш С ХХК-иас 51.600.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б П ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш С ХХК-иас 415.950 төгрөг гаргуулж, хариуцагч Б П ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ш С ХХК-ийн төлөөлөгч Б.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн дүгнэлт техникийн болон хууль зүйн дүгнэлтийн хувьд илт алдаатай болжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 51 600 000 төгрөгийн ажлын гүйцэтгэл болон талуудын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн акт, ажил хүлээлцсэн буюу хүлээн авсан акт, гүйцэтгэлийн задаргаа зэрэг нотлох баримт байхыг гэрээний дагуу шаардаж байна. Нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч байгууллагаас нэхэмжилж буй 51 600 000 төгрөгийг ямар тооцооллоор хичнээн төгрөгийн худалдан борлуулалт хийсэн, тооцоо нийлсэн зэрэг ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бичгийн нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд нотолж чадаагүй. Иймд анхан шатны шүүх гэрээний харилцаанд үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор үнэлэх үүргээ үл биелүүлж, хариуцагчийн тайлбарыг илт үгүйсгэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Борлуулалтын алба буюу нэхэмжлэгч байгууллага нь гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн бөгөөд 44 захиалагчийн 14 нь буцаалт хийж, 30 захилагч үлдсэн. Гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь 80 айлын орон сууцыг худалдан борлуулахад зуучлах үүрэг хүлээсэн боловч үүргээ бүрэн биелүүлээгүй. Нэхэмжлэгч нийт 4 хувийн ашгийг нэхэх эрх зүйн үндэслэлгүй. Учир нь тухайн  бүтээгдэхүүн борлогдсон тохиолдолд үндсэн үнээс 2 хувь, нэмж борлуулсан 2 хувийн ашгаа нэхэмжлэгч байгууллага авах гэрээний зохицуулалттай байна. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн гүйцэт тогтоолгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Б п” ХХК нь хариуцагч “Ш с” ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 51 600 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 14 байр буцаалт хийгдсан, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ш  ХХК-ийн талбайд барих 80 айлын орон сууцыг гараашийн хамт зуучлан борлуулж, ажлын хөлс авахаар харилцан тохиролцсон байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /х.х-ийн 5-7/

 

Талууд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй хэдий ч хариуцагч Ш С ХХК нь гэрээний дагуу байрны борлуулалтаас олсон орлогын хувь, ажлын хөлс 51 600 000 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу төлөх талаарх албан бичгийг хариуцагч Б П ХХК-д хүргүүлсэн байна. /хх-ийн 9/

 

Хариуцагч нь дээрх албан бичгийг өөрийн хүсэл зоригийн дагуу бичгээгүй гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, өөрийн тайлбар, татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцааж чадаагүй болно.

 

Хэрэгт авагдсан талуудын хоорондын зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ болон хариуцагч Ш с ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 16/49 тоот албан бичиг зэргийг харьцуулан үзвэл нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлсэн байна.

 

Иймд нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02079 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш С ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

            ШҮҮГЧИД                                                      Д.ЦОГТСАЙХАН

                                                                                   Ш.ОЮУНХАНД