Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 306

 

 

 

 

   2020        04         15                                 2020/ШЦТ/306

 

     

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгчид С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Д.Нэргүй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч С.А (шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлттэй),

шүүгдэгч А.М (шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлттэй) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Сүхбаатарын А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогтой Алтантуяагийн М нарт холбогдох эрүүгийн “2011004600233” дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Автын засварчин мэргэжилтэй, Нарантуул хотел, хажуугийн барилга дээр гадна шилэн фасадны ажил хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн, 7 дугаар хороо, Жаргалантын 13-327 тоотод оршин суудаг,

урьд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 581 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг торгуулыг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төлж дууссан, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх Олхонууд овогт А. М, /........../,

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Өгөөж чихэр боов” ХХК-нд технологч хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн, 9 дүгээр хороо, Центрийн 07 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх Боржигон овогт С. А, /................../,

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,

Шүүгдэгч С.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Элба” төвийн урд хохирогч Д.Мтай ямар ч шалтаг шалтгаангүйгээр маргаж, улмаар түүнтэй зодолдон, чулууг зэвсгийн чанартай хэрэглэн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Элба” төвийн урд хохирогч С.Атой маргаж, улмаар түүнтэй зодолдон, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...”  гэх мэдүүлэг,

Шүүгдэгч А.М. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...”  гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 03-ны орой 23:30 цагийн үед найзуудтай караокед суучихаад гарсан. Гадаа гараад иртэл манай 2 найз Мгийн найзуудтай муудалцаад байсан. нэг мэдэхэд бүгдээрээ зодолдоод, маргалдаад би Мг найзуудаас нь салгаад хашаа руу тулгаад бид хоёр зууралдаж байх үед миний зүүн нүд рүү М гараараа цохьчихсон. Тэр үед би доошоо сууж байтал М явах гэж байхаар нь би араас нь гүйж очоод тоосгоор толгойн зүүн хэсэгт нь нэг удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх /хх-ийн 73х/,

Шүүгдэгч А.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 03-ны орой 23:30 цагийн үед найзуудтай караокед суучихаад гарч яваад караокены гадаа танихгүй 3-4 залуучуудтай муудалцаж би нүүрнийхээ зүүн хэсэгт С.Ат тоосгоор нэг удаа цохиулж гэмтсэн. Миний биед дух ясны зөрөөгүй хугарал, зүүн нүдний ухархайн дээд, доод хананы цөмөрсөн хугарал, дух, элхэгийн хөндийд цус хуралт, хамар ясны цөмөрсөн хугарал, таславч мурийлт, зүүн нүдний алимны доргилт, тархи доргилт, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, хамар, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон... Миний нэхэмжлээд байсан эмчилгээний зардал болох 3,000,000 төгрөгийн талаар бид хоёр уулзаж ярилцаад харилцан тохиролцоод би 2,500,000 төгрөгийг надад С.А 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр миний дансруу шилжүүлсэн. Одоо Аоос гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Бид хоёр эвлэрсэн. Аыг цохисон үйлдэлдээ гэмшиж байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээхэд санал, хүсэлт байхгүй...” гэх /хх-ийн 67х/

Шүүгдэгч С.А мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр найз Батбаатарын төрсөн өдрийг манай найзууд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “псб” караокенд тэмдэглэсэн юм. 2020 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00 цагийн орчимд манай найзууд болох Өнөболд, Наранбаатар, Чинзориг, Батбаатар нар бие засах өрөө орсон би дотор өрөөндөө үлдсэн. Манай найзууд 00 орчихоод буцаж орж иртэл караоке хаах цаг нь болоод бид нар бөөндөө гарцгаасан. Бид нараас Чинзориг, Батбаатар хоёр түрүүлээд гарсан ба араас нь гартал тэр хоёр үл таних 4 залуутай муудалцаад барилцчихсан байсан. Би салгах санаатай очсон боловч нөгөө талын залуусаас нь өндөр биерхүү М гэх залуутай нь барилцаж аваад хоорондоо шууд зодолдож эхэлсэн. Тухайн үед бид нар бүгд согтуу, тэгээд хоёр талаасаа муудалцчихсан байсан учраас уг М гэх залуутай хувийн шалтгаангүйгээр зодолдсон. Бид хоёр харилцан бие биенийхээ нүүрэн тус газарт цохилцож байгаад хоёр тийш салсан. Зодолдож байгаад салахад миний зүүн нүдний дээд зовхи язарчихсан цус гарч байсан. Нөгөө надтай зодолдсон залууд гэмтэл харагдаагүй. Би шууд цагдаа дуудсан ба, зодуулсан уурандаа газраас тоосго аваад уг М гэх залуугийн нүүрэн тус газарт нэг удаа цохьсон. Тэгээд байж байтал цагдаа ирээд бид хоёрыг хоёуланг нь ГССҮТ-рүү авч явж үзүүлсэн ...” гэх  /хх-ийн 5-6х/,

Шүүгдэгч А.М мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 02-ны орой 18:00 цагийн орчим ажлын найзууд болох Болдбаатар, Батсүх, Даваабаяр нарын хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 4 замын хажууд нэрийг мэдэхгүй караокед ороод бүгдээрээ тус бүр 4 шил пиво уусан. Миний утас 23:00 цагийн үед дуугарахаар утсаар яриахаар тамхины өрөөнд ороход 3 залуу сууж байсан. Тэгэхээр найзуудаа чимээгүй байж байгаарай эхнэртэйгээ утсаар яриадхая гэж хэлсэн чинь 2 найз нь заза гэтэл нэг найз нь чанг чанга дуу гаргаад байтал цуг байж байсан 2 найз нь амыг дараад чимээгүй бай гэсэн би утсаар ярьж дуусчихаад баярлалаа гээд гарах гэтэл араас элдэвээр хэлээд л байхаар нь би гараад буцаад өрөөндөө ороод 10 минут орчим сууж байгаа бөөнөөрөө тухайн өрөөнөөсөө гарсан. Гадаа гартал нөгөө тамхины өрөөнд сууж байсан залуучуудын хажуугаар гарах үед нөгөө орилоод байсан залуу надруу дайрч орилоод байхаар нь цуг явж байсан Батсүх ах бид хоёрын дундуур ороход намайг үсдээд эхлэхэд бусад залуучууд хажуугаас дайрч цохиж зодолцож байгаад бид салсан. Салсаны дараа намайг тусгаарлаад найзууд тойроод зогсож байх үе намайг цохисон залуу зодох гээд дайраад байхаар нь өөрийгөө хамгаалаад цамцнаас заамдаад хашааны буланд шахахад гар нь намайг цохиж хүрэхгүй байсан хэрнээ татаж ирээд нүүр лүү гараараа 3 удаа цохисоны дараа би эргээд нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохих үед Батсүх ахын эхнэр намайг салгаж аваад машинд суух гэтэл хажуугаас нэг хүн орж ирээд тоосгоор нүүрэн тус газарт нэг удаа цохьсон. Тэгээд байж байтал цагдаа ирээд бид хоёрыг хоёуланг нь ГССҮТ-рүү авч явж үзүүлсэн...” гэх /хх-ийн 8-9х/,

Гэрч Д.Даваабаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...23 цаг 30 минутын үед караокеноос гараад Батсүх ахын эхнэрийг хүлээгээд зогсож байсан чинь Мг зодох гээд нэг танихгүй залуу дайраад байхаар нь бид нар салгах санаатай дундуур нь орсон. Тэгтэл бусад найзууд нь надруу дайраад шанаа руу гараараа нэг удаа толгой руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед манай найз Болдбаатар ирээд салгахад хоорондоо ээлжлээд цохилцоод бид салсан. Тэр үед Мг Батсүх ахын эхнэр Заяа эгч авч явахаар машины хойд суудалд суулгах гэж байтал Мтай нь өмнө нь зодолдож байсан залуу гүйж ирээд тоосгоор нүүрэн тус газар нь нэг удаа цохичихоод яваад өгсөн...” гэх /хх-ийн 12х/,

Гэрч Г.Болдбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мг Батсүх ахын эхнэр Заяа эгч машины хойд суудалд суулгах гэж байтал цэнхэр куртиктэй танихгүй залуу гүйж ирээд нүүрэн тус газарт нь тоосгоор нэг удаа цохичихоод яваад өгсөн...” гэх /хх- ийн 13х/,

Гэрч А.Наранбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...найз Аыг тэр өндөр залуу зүүн нүдрүү нь нэг удаа цохисоны дараа би очиж салгасан. Өндөр залуу болох Мг найз А цохихыг бол хараагүй, харин өндөр залуутай цуг явж байсан хөгшин ах манай энэ найз А манай найзыг чулуу буюу тоосгоор зүүн нүд рүү нь цохичихлоо гэж хэлсэн...” гэх /хх-ийн 14х/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2317 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Мгийн бие дух ясны зөрөөгүй хугарал, зүүн нүдний ухархайн дээд, доод хананы цөмөрсөн хугарал, дух, элхэгийн хөндийд цус хуралт, хамар ясны цөмөрсөн хугарал, таславч мурийлт, зүүн нүдний алимны доргилт, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, хамар, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо.

-Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл.

Дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх /хх-ийн 21-22х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2271 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

С.Аын биед зүүн зовхинд шарх, цус хуралт, зүүн хацарт зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх /хх-ийн 23-24х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч С.Аийг тоосгыг зэвсэгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Ат ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д  зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч А.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгуулийн ял оногдуулж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь харилцан биедээ хохирол учруулж тус эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон хохирогч А.М эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг нэхэмжилж мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Миний нэхэмжлээд байсан эмчилгээний зардал болох 3,000,000 төгрөгийн талаар бид хоёр уулзаж ярилцаад харилцан тохиролцоод би 2,500,000 төгрөгийг С.Аоос 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр миний дансруу шилжүүлсэн. Одоо Аоос гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.   

Шүүгдэгч А.Мд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.