Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2020/ДШМ/633

 

А.М, С.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

хохирогч, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/306 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.М, С.А нарт холбогдох 2011004600233 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. О овгийн Аийн М, 1996 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Автын засварчин мэргэжилтэй, хувиараа барилгын гадна шилэн фасад хийдэг ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 13-327 тоотод оршин суух бүртгэлтэй;

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 581 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг торгуулийн ялыг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр биелүүлж дууссан,

            2. Б овгийн Сын А, 1995 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Өгөөж чихэр боов” ХХК-д технолигч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Центр гудамжны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 2-ны шөнө 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элба” төвийн урд хохирогч Д.Мтай ямар ч шалтгаангүйгээр маргаж, улмаар түүнтэй зодолдохдоо чулууг зэвсгийн чанартай хэрэглэн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,  

            А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 2-ны шөнө 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элба” төвийн урд хохирогч С.Атой маргаж, улмаар түүнтэй зодолдохдоо нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар, А.Мн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Олхонууд овогт Алтантуяагийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Боржигон овогт Сүхбаатарын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мг 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Аыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч С.Ат оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч, шүүгдэгч С.А гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс шүүгдэгч С.Аыг хохирогч А.Мг газарт байсан тоосгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүнд гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж энэ гэмт хэргийг хүндрүүлэн заасан. Уг зүйл, хэсгийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэжээ. Дээрх тайлбараас үзэхэд, тоосго нь зэвсэг болон зэвсгийн чанартай зүйлд хамаарах боломжгүй. Тоосго нь барилга барихад зориулагдсан барилгын материал бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тоосго газар байсан тул түүнийг тусгайлан бэлтгэсэн гэж үзэх боломжгүй юм. Миний бие бусдын биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа тул миний гэр бүл, ар гэрийн амьдралыг бодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Миний бие эхнэр Бадам-Өлзий болон 0-3 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний бие тогтмол цалинтай бөгөөд “Өгөөж чихэр боов” ХХК-д тууштай 8 жил ажиллаж, оюутан дүү Адъяажаргалын сургалтын төлбөрийг олж, эхнэр, хүүхэд, эцэг, эхээ тэжээн тэтгэж байсан. Мөн хохирогч А.Мд хохирлын төлбөрт 2.500.000 төгрөгийг сайн дураараа төлсөн зэргийг харгалзан торгуулийн ялаар шийтгэж өгнө үү. Миний бие хэрэгт холбогдсоноос хойш хуулийн мэдлэг дутуугаас өмгөөлөгчгүй байсан ба анхан шатны шүүхээр шийтгэгдсэнээс хойш өмгөөлөгч Ц.Шийтэрчулуунаас хууль зүйн туслалцаа авч байна. ...” гэв.

            Хохирогч, шүүгдэгч С.Аын өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Адьяа-Очирыг газарт байсан тоосгыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч Мд хүнд гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж энэ гэмт хэргийг хүндрүүлэн заасан. Уг зүйл, хэсгийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэжээ. Дээрх тайлбараас үзэхэд тоосго нь зэвсэг болон зэвсгийн чанартай зүйлд хамаарах боломжгүй. Тоосго нь барилга барихад зориулагдсан барилгын материал бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тоосго газар байсан тул түүнийг тусгайлан бэлтгэсэн гэж үзэх боломжгүй юм. Миний үйлчлүүлэгчийн хувьд бусдын биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ маргадаггүй бөгөөд зүйл, хэсгийг бодит байдалд нийцүүлэн хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгчийн тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой байдал, эхнэр 2 хүүхэдтэй, эхнэр нь 6 сартай жирэмсэн, хохирлоо сайн дураараа барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн зэргийг харгалзан торгох ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

            Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тоосго нь бүтцийн хувьд аливаа биетэд гэмтэл учруулах хэрэгсэл юм. Хэрвээ гараараа цохисон бол ямар гэмтэл учрах уу, зэвсэг буюу чулууг хэрэглэснээр ямар гэмтэл учирсан бэ гэдэг нь шинжээчийн дүгнэлтээс тодорхой харагдана. Иймд зэвсэг хэрэглэж хүний биед гэмтэл учруулсан үйлдэл нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 2 дугаар сарын 2-ны шөнө 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элба” төвийн урд хохирогч А.Мтай маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,   

А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 2 дугаар сарын 2-ны шөнө 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элба” төвийн урд хохирогч С.Атой маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

С.Аын хохирогчоор өгсөн “...Өндөр биерхүү М гэх залуутай нь ... хоорондоо шууд зодолдож эхэлсэн. ...М гэх залуутай хувийн шалтгаангүйгээр зодолдсон. Бид хоёр харилцан бие биенийхээ нүүрэн тус газарт цохилцож байгаад хоёр тийш салсан. Зодолдож байгаад салахад миний зүүн нүдний дээд зовхи язарчихсан, цус гарч байсан. ...Би ... зодуулсан уурандаа газраас тоосго аваад М гэх залуугийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон. ...” /хх 5-6/,

А.Мн хохирогчоор өгсөн “...Нөгөө орилоод байсан залуу над руу дайрч, ... намайг үсдээд эхлэхэд бусад залуучууд хажуугаас дайрч цохиж зодолдож байгаад бид салсан. ...Намайг цохисон залуу зодох гээд дайраад байхаар нь өөрийгөө хамгаалаад цамцнаас заамдаад хашааны буланд шахахад ... татаж ирээд нүүр рүү гараараа 3 удаа цохисны дараа би эргээд нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохих үед Батсүх ахын эхнэр намайг салгаж аваад машинд суух гэтэл хажуугаас нэг хүн орж ирээд тоосгоор нүүрэн тус газарт нэг удаа цохисон. ...” /хх 8-9/,

гэрч Д.Даваабаярын “...Мг зодох гээд нэг танихгүй залуу дайраад байхаар нь бид нар салгах санаатай дундуур нь орсон. ...Тэр үед Мг Батсүх ахын эхнэр Заяа эгч авч явахаар машины хойд суудалд суулгах гэж байтал Мтай өмнө нь зодолдож байсан залуу гүйж ирээд тоосгоор нүүрэн тус газар нь нэг удаа цохичихоод яваад өгсөн. ...” /хх 12/,

гэрч Г.Болдбаатарын “...Мг Батсүх ахын эхнэр Заяа эгч машины хойд суудалд суулгах гэж байтал цэнхэр куртиктэй танихгүй залуу гүйж ирээд нүүрэн тус газарт нь тоосгоор нэг удаа цохичихоод яваад өгсөн. ...” /хх 13/,

гэрч А.Наранбаатарын “...Аыг тэр өндөр залуу зүүн нүд рүү нь нэг удаа цохисны дараа би очиж салгасан. ...Өндөр залуутай цуг явж байсан хөгшин ах манай найз Аыг “манай найзыг чулуу буюу тоосгоор зүүн нүд рүү нь цохичихлоо” гэж хэлсэн. ...” /хх 14/,

С.Аын яллагдагчаар өгсөн “...Би Мг найзуудаас нь салгаад хашаа руу тулгаад бид хоёр зууралдаж байх үед миний зүүн нүд рүү М гараараа цохисон. Тэр үед би доошоо сууж байтал М явах гэж байхаар нь би араас нь гүйж очоод тоосгоор толгойн зүүн хэсэгт нь нэг удаа цохиж гэмтэл учруулсан. ...” /хх 73/,

А.Мн яллагдагчаар өгсөн “...Би нүүрнийхээ зүүн хэсэгт С.Ат тоосгоор нэг удаа цохиулж гэмтсэн. Миний биед дух ясны зөрөөгүй хугарал, зүүн нүдний ухархайн дээд, доод хананы цөмөрсөн хугарал, дух, элхэгийн хөндийд цус хуралт, хамар ясны цөмөрсөн хугарал, таславч мурийлт, зүүн нүдний алимны доргилт, тархи доргилт, зүүн нүдний зовхинд няцарсан шарх, хамар, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. ...С.Аыг цохисон үйлдэлдээ гэмшиж байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээхэд санал, хүсэлт байхгүй. ...” /хх 67/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2317 дугаартай “…А.Мн бие дух ясны зөрөөгүй хугарал, зүүн нүдний ухархайн дээд, доод хананы цөмөрсөн хугарал, дух, элхэгийн хөндийд цус хуралт, хамар ясны цөмөрсөн хугарал, таславч мурийлт, зүүн нүдний алимны доргилт, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, хамар, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. …” /хх 21-22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2271 дугаартай “…С.Аын биед зүүн зовхинд шарх, цус хуралт, зүүн хацарт зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. …” /хх 23-24/ гэх дүгнэлтүүд,

гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 26-27/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Мн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч С.Аын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч А.Мн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарын “...Шүүхээс шүүгдэгч С.Аыг хохирогч А.Мг газарт байсан тоосгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүнд гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж энэ гэмт хэргийг хүндрүүлэн заасан. Уг зүйл, хэсгийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэжээ. Дээрх тайлбараас үзэхэд тоосго нь зэвсэг болон зэвсгийн чанартай зүйлд хамаарах боломжгүй. Миний бие бусдын биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа тул миний гэр бүл, ар гэрийн амьдралыг бодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий тус тус давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.А нь хохирогч А.Мн нүүрэн тус газарт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч С.Аыг чулууг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч А.Мн нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэж, уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

Учир нь, “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг, “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг тус тус хамааруулан ойлгоно.

Иймд шүүгдэгч С.Аын үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн...” гэсэн хүндрүүлэн зүйлчилснийг хөнгөрүүлэн өөрчлөв.

Прокуророос С.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан мөн зүйл, хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэв.

Шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудын зарим хэсгийг хүлээн авч, харин торгох ялаар шийтгүүлэх талаар гаргасан хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/306 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос С.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Олхонууд овогт Алтантуяагийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Боржигон овогт Сүхбаатарын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Олхонууд овгийн Алтантуяагийн Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Боржигон овгийн Сүхбаатарын Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мг 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Аыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “шүүгдэгч А.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудаас “...Тоосгыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч А.Мд хүнд гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, торгох ялаар шийтгүүлэх талаар гаргасан хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ