Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 266

 

 

 

   

2020        04          06                                  2020/ШЦТ/266

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч С.Мөнхгэрэл,

Шинжээч эмч А.Батбаяр,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл, П.Одонтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бумбат овгийн Батсайханы Тт холбогдох эрүүгийн 1902007400267 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо-Жаргалан 1 дүгээр байрны 9 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бумбат овогт Б. Т /РД: .........

Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 9 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан “делта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг сүүтэй хольж худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, “Алое” гэсэн бичиглэл бүхий 0.5 литрийн хуванцар саванд хийсэн 102 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар үүрч явсан цүнхэндээ хадгалж, Б.Цэрэннямд өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кино театрын хажууд байдаг “Үйлдвэр” нэртэй бааранд 01 цагийн үед DJ хөгжим тоглох ажил хийх гэж очсон юм. Тэгээд хөгжим тоглож байхад зүс таних Бек гэдэг нэртэй залуу над дээр ирээд намайг шек уухуу гэхээр нь яадаг шек юм бэ гэж асуухад өвстэй шек гэж хэлэхээр нь би сонирхож үзээд Бекээс өвстэй шекийг нь авч уусан. Уг шекээс хоёр, гурван удаа балгачихаад хөгжим тавьсан ширээнийхээ доор тавьсан. Хөгжим тоглож байхдаа дахин нөгөө шекнээс хоёр, гурван удаа балгачихаад хөгжмөө тоглоод зогсож байхад гэнэт цагдаагийн байгууллагын ажилтнууд орж ирээд тэнд байсан бүх хүмүүсийг доош нь хэвтүүлсэн...” гэх /1-р хх-ийн 191-192х/,

 “...Б.Тийн өмсөж явсан хувцасанд үзлэг хийхийн өмнө нь хэрэгт ач холбогдолтой мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байвал сайн дураараа гаргаж өгөхийг санал болгоход миний цүнхэнд “Каннабис” ургамалтай сүү байгаа гэж хэлсний дагуу түүний цүнхэнд эхэлж үзлэг хийхэд...цүнхний ёроолд “АLOЕ” гэсэн бичиглэлтэй 0.5 литрийн багтаамжтай, дотроо бор шаргал өнгийн шингэн зүйлтай ундааны сав байх Б.Тийн хэлснээр “Каннабис” ургамал хийж буцалгасан сүү гэж хэлсэн учир хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хураан авав ..” гэх 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хүний / Б.Т / биед үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хх-ийн 3-10х/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд:

 “...бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгав...” гэх хүний биеэс /Б.Т, Б.Цэрэнням/ биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест ашигласан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 11-13, 18х/,

Гэрч Б.Цэрэнням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Үйлдвэр бааранд 22 цагийн үед очиход манай найз Авид ирээгүй байсан. Би ч бааранд ороод хөгжим тоглоод зогсож байхад Б.Хүлэгт, Авид, Цэрэндорж нар ирчихсэн ширээн дээр сууж байсан. Тэгээд бид нар ганц нэг пиво уугаад юм яриад сууж байхад Б.Т ирчихсэн хөгжим тоглох гээд зогсож байхаар нь би Б.Т дээр очсон юм. Б.Ттэй ойр зуур юм ярьж байхад Б.Т цүнхнээсээ ундааны савтай сүү гаргаж ирснээ уух уу “Каннабис” ургамалтай сүү байгаа юм гэж хэлэхээр нь миний сонирхол хөдлөөд Б.Тээс сүүг нь аваад гарсан. Баарны гадаа ганцаараа уг сүүнээс ганц хоёр удаа балгачихаад буцаад баар луу орж явахад баарны коридорт Н.Галмандахтай тааралдаад сүү уух уу гээд өгсөн чинь Галмандах ганц хоёр балгачихаад буцаагаад надад өгсөн. Тэгээд би цаашаа баар луу ороод Б.Тт сүүг нь буцааж өгчихөөд Б.Хүлэгт, Цэрэндорж нар дээр очиход Авид явчихсан байсан удалгүй гэнэт гаднаас цагдаагийн байгууллагын ажилтнууд орж ирээд тэнд байсан бүх хүмүүсийг шалгаж, баривчилсан...Надад Каннабис ургамалтай хольж буцалгасан сүү байгаа гэж хэлээд цүнхнээсээ ундааны савтай сүү гаргаж ирэхээр нь би аваад баарнаас гарч өөрөө ганц хоёр балгачихаад буцаж орж ирэхдээ Галмандахад өгөхөд мөн ганц хоёр балгасан. Тэгээд Галмандахаас сүүгээ аваад буцааж Б.Тт өгсөн...”,“...Б.Т өөртөө байсан Каннабис ургамалтай сүүгээ шууд чамд өгөөгүй, байгаа гэдгээ хэлэхээр нь би сонирхоод хэрэглэж үзье гэж хэлээд цүнхнээсээ гаргаж ирээд надад өгсөн. Тэгэхээр нь би нэг том балгачихаад өгсөн. Мөн танай байгууллагын алба хаагч нарт баригдсаны маргааш орой нь Б.Ттэй таарсан чинь намайг мэдүүлгээ өгсөн үү гэж асуухаар нь мэдүүлгээ өгөөгүй байгаа гэсэн чинь Б.Т надаас найзын хувиар миний талаар ямар нэгэн юм яриад хэрэггүй гэж гуйхаар нь би за гэж хэлсэн. Тэгээд би Б.Тээс аваагүй гэж мэдүүлгээ өгье гэж бодоод мэдүүлэг өгөх гэж байхдаа Галмандахтай мэдүүлгийг өрөөний үүдэнд таарсан чииь цагдаа нар бүгдийн мэдэж байна гэж хэлээд миний хажуугаар өнгөрсөн. Би мэдүүлэг өгөх гээд мэдүүлгийн өрөөнд орж ирээд суухад шууд надаас та худал мэдүүлэг өгч болохгүй гэж хууль сануулаад Б.Тийн өгсөн сүүг хэн нэгэнд өгч дамжуулсан уу? асуухаар нь би худлаа ярьж болохгүй юм байна гэж бодоод тэр өдөр болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь мэдүүлсэн...” гэх /1-р хх-ийн 36-37, 214-215х/,

Гэрч Н.Галмандах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө өөрийн хариуцан ажиллуулдаг “Үйлдвэр” нэртэй цэнгээний газартаа байж байгаад 00 цагийн үед түр гарчихаад орж ирсэн юм. Тэгээд баарны коридорт Цэрэннямтай тааралдсан юм. Тухайн үед Цэрэнням надад сүү уух уу гээд ундааны савтай сүү өгөхөөр нь би ганц хоёр удаа балгаад буцаагаад өгсөн... манай бааранд хөгжим тоглож байсан Б.Тийн үүргэвчнээс Цэрэннямын надад уулгаад байсан ундааны савтай сүү гарч ирсэн бөгөөд Б.Тээс танай алба хаагчид уг сүүг юу болохыг асуухад “Каннабис” ургамалтай сүү байгаа юм гэж хэлэхийг нь сонссон. Яг үнэндээ би уг зүйлийг мэдэхгүй зүгээр л сүү юм байх гэж бодоод хэрэглэсэн юм. “Каннабис” ургамалтай сүү гэдгийг нь мэдсэн бол огт хэрэглэхгүй байсан. Би “Каннабис” ургамалыг цаасанд ороож тамхи шиг татдаг гэдгийг мэдэхээс биш сүүнд хийж буцалгаж уудаг гэж огт мэдээгүй...”, “...Би худлаа яриагүй гухайн үед болсон үйл явдлыг үнэнээр нь мэдүүлж байна. Харин Цэрэнням дээр над дээр ирээд би чамд би Б.Тийн “Каннабис” ургамалтай сүүнээс өгөөгүй гээд хэлчихлээ. Б.Т, өмгөөлөгчийн хамт намайг хамт хэрэгт татна гэж айлгаад, бас сүрдүүлээд байна чи намайг сүү өгөөгүй гээд хэлчих гээд гуйхаар нь би өмнө нь болсон явдлыг үнэнээр нь мэдүүлчихсэн байгаа, одоо яаж худлаа ярих юм бэ гэж хэлсэн... Тухайн үед Цэрэнням ганцаараа байсан санагдаж байна, тэр үед баар хүн ихтэй байсан болохоор би Цэрэннямыг сайн анзаарч хараагүй...” гэх /1-р хх-ийн 38-39, 227х/,

2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4972 тоот шинжээчийн дүгнэлтээр:

Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

”2019.09.07 Батсайханы Тийн үүргэвчинд үзлэг хийж хураан авсан шингэн зүйл ХТТГ-МШХ” гэж хаягласан “АLОЕ” гэсэн бичиглэл бүхий шошготой, 0,5 литрийн багтаамжтай хуванцар савтай цайвар шаргал өнгийн шингэн зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол ... илэрч байна.

Дельта-9 тетрагидроканнабинол...нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

3ууралдсан, өтгөн шинж чанартай шингэн тул цэвэр жинг тогтоох боломжгүй. Хуванцар савны хамт жин нь 102 гр...” гэх /1-р хх-ийн 73-74х/,

2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4973 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:

 Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.

Т 2019 оны 09 дүгээр сарын 07-ны гэж хаягласан Метамфетамин, Тетрагидроканнабинол илэрсэн.

Метамфетамин, Тетрагидроканнабинол нь НҮБ-ын “сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай” конвецийн жагсаалтад хамаарна гэх, /1-р хх-ийн 77-78х/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1096 дүгнэлтэд:

Б.Т нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна.

Одоо Б.Т нь сэтгэцийн эмгэггүй байна.

Б.Т нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

Б.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.

Б.Т мансуурах дон, мансуурах сэтгэцэт нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

Мансуурах дон, мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисын хамаарал нь Монгол Улсад эмчлэгдэх боломжтой, СЭМҮТ энэ төрлийн эмжилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

Б.Т сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна..” гэх /1-р хх-ийн 89-90х/,

Гэрч Б.Цэрэннямын INSTAGRAM хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 231-250, 2-р хх-ийн 1-1Зх/,

“Үйлдвэр” нэртэй цэнгээний газрын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 14-42х/,

Гэрч FLEISCHIR ROBERT / Плейшер Роберт/ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Занабазарын музейн хойно байх бааранд сууж байхдаа тамхи татах цэг дээр нь тамхи татаж байхад Монголд аялалаар ирсэн нутаг нэгт залуутай таарсан юм. Тэр залуутай юм ярьж байхад надад цаасанд ороосон “Каннабис” ургамал өгөхөөр нь би сонирхоод ганц хоёр сорчихоод буцаагаад өгөхөд өөрөө татаад дуусгасан. Тэгээд буцаад баарлуугаа орох гэхэд нөгөө залуу надад сэргээж байгаа юм гээд надад гялгар ууттай мөс гэх зүйлийг өгсөн. Би уг зүйлийг тухайн үед бол хэрэглээгүй. Буцаж баарандаа ороод сууж байгаад баарнаасаа гараад Төгсөө гэх залуутай уулзахаар хүүхдийн “100” нэртэй баарлуу явсан. Уг бааранд очиод Алгирмаа, Төгсөө бид гурав нөгөө залуугийн өгсөн мөс гэх зүйлийг хувааж хэрэглэсэн ...” гэх /1-р хх-ийн 47-48х/,

Гэрч Л.Алгирмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Тийг Каннабис ургамалтай сүү биедээ авч явсаныг мэдээгүй, цагдаад баригдсаныхаа дараа л харсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 45-46х/,

Ял шалгасан хуудас /1-р хх-ийн 131х/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 15х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд  багтсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох “дельта-9 тетрагидроканнабинол”-ийн агууламжтай ургамал мэт мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисын түүхий эдийг сүүтэй хольж  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, “АЛОЕ” гэсэн бичиглэл бүхий 0,5 литрийн хуванцар саванд хийсэн 102 граммыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар үүрч явсан цүнхэндээ хадгалж, Б.Цэрэннямд өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх, шүүгдэгч Б.Тийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэрэгийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлт болон тайлбартаа:

“...Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчийн гэм буруугийн зүйлчлэл дээр маргаангүй. Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар эхнээсээ тогтвортой мэдүүлдэг. Хэргийн бодит байдлыг тогтоох үүднээс бусдад өгсөн болон бэлтгэсэн асуудал дээр тайлбар хэлэхэд. Мөрдөгчид удаа дараа хүсэлт тавьсны үндсэн дээр хяналтын камерын бичлэгт үзлэг хийлгэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш хяналтын камерын бичлэгт үзлэг хийгээд яллагдагчаар татах тогтоолд бэлтгэсэн, өгсөн гэсэн үйлдэл нэмэгдсэн. Гэтэл юунаас авч яаж бэлтгэсэн талаар нэг ч мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Бэк гэх хүнийг байсан эсэхийг тодруулаагүй. Асуусан хүн нь Галмандах, гэтэл Галмандах тухайн цэнгээний газар үйлчлүүлж байсан бүх хүнийг таних албагүй. Галмандахын мэдүүлгээр Бэк гэх хүн байсан эсэхийг тодорхойлж болохгүй. Б.Цэрэнням үнэхээр Б.Тээс авсан уу? Яллах дүгнэлтээр цэнгээний газрын дотор авсан гэж байгаа боловч сүүлийн мэдүүлэг дээр гадаа авсан гэдэг. Үүнийгээ өмгөөлөгч нөлөөлсөн гэж тайлбарладаг. Тийм зүйл болоогүй нь хэрэгт авагдсан байдлаас харагддаг. Өгсөн гэдэг нь өгөх гэдэг идэвхитэй үйлдлээс хамаардаг. Цүнхнээсээ аваад өглөө гэсэн мэдүүлэг байгаа гэдэг гэтэл тэр нь хяналтын камерын бичлэгээс зөрдөг. Үнэхээр бусдад түүнийг өгөх гэж байна уу? Өөрөө хэрэглэх гэж байна уу? гэдэг Б.Цэрэннямын хэлсэн шиг шүүгдэгч нь өөрөө аваад өгч байгаа зүйл байхгүй. 2-р хх-ийн 36 дугаар хуудсанд авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр Б.Цэрэнням өөрөө аваад өөрөө цүнхэнд нь хийж байгаа. Бусад этгээдийн үйлдэл нь гэмт хэрэг биш зөрчлийн шинжтэй үйлдэл болж, хадгалсан үйлдэл нь бэлтгэсэн гэж үйлдэл нэмэгдэн яллах дүгнэлтэд орж байна. Шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаагүй өөрөө гэм буруугаа хүлээж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж байгаа. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэрэг хэрхэн хэзээ, яаж, хэрхэн, хэн үйлдсэн гэдгийг эргэлзээгүй тогтооно. Хэрэв эргэлзээтэй байх юм бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчимтай. Шүүгдэгч нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн 3 шинжээр ялалсан. Хадгалж байгаа зүйл нь бодит байх ёстой. Илэрцийг хадгалахгүй. Шинжилгээнд илэрц илэрлээ гэсэн. Илрээд байгаа боловч агууламжийн хувьд хадгалах нь өргөн хүрээтэй ойлголт. Савны хамт 102 грамм гэсэн. Гэтэл тухай савтай зуурмаг сүүний хэдэн грамм нь мансууруулах бодис байсан бэ?. Улсын яллагчаар яллаж байгаа шинжээчийн дүгнэлт нь илэрц л илэрлээ гэсэн байсан. Тухайн гэмт хэрэг хэрхэн яаж гарсан бэ гэдгийг хөдөлбөргүй тогтоосон байх ёстой. Шинжээч яаж шинжилгээ хийсэн бэ? Шинжилгээний явцын зургаар бэхжүүлээгүй. Илэрцийг ярихаас биш бодисын хэмжээг тодорхойлохгүй гэж байна. Гэтэл тусгай мэдлэгтэй шинжээч нь 102 грамм зуурмагыг өтгөн зуурмаг учир граммыг тогтоох боломжгүй гэсэн нь үндэслэлгүй нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байна. Хуульд хэмжээ заагаагүй. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн л бол гэмт хэрэг гэж үзэж байна. Илэрц гэдгээр хүнийг шууд гэм буруутайд тооцох үндэслэл байхгүй. Харин илэрц бүхий бодис нь хэдэн грамм байсныг тогтоож байж эрүүгийн хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл гарч ирнэ. Бодис байгаа боловч ямар хэмжээтэй бодисыг хадгалсан бэ? гэдгийг хөтөлбөргүй тогтоох хэрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу бэхжүүлж аваагүй нотлох баримтыг үнэлэхгүй байхыг хүсэж. Дахин шинжилгээ хийлгэж тоон болон арга зүйн шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр сав дүүрэн шээс биологийн дээжинд авчихаад яагаад шээс дундарсан бэ? Шинжээчийн дүгнэлт илэрхий эргэлзээтэй байна. Яагаад дүүрэн байсан шээс дундарсан бэ? Галмандахаас яагаад 14 хоногын дотор устдаг бичлэгийг авч тэмдэглэл үйлдсэн бэ? Б.Цэрэннямын бусдад өгөөд байгаа үйлдлийг яагаад гэмт хэрэгт татахгүй байна вэ? Яагаад Б.Тийг ялган эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээнд хүрсэн бэ? Шинжээч нь шинжээч томилсон асуултанд бүрэн хариулаагүй. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа нь бодитой хуульд нийцсэн байх хэрэгтэй. Би прокурорын үйл ажиллагаанд гомдолтой байна. Хэргийг прокурорт буцааж өгнө үү ...” гэснийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

         Учир нь:

Шүүгдэгч Б.Т нь  2019 оны 9 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан “делта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг сүүтэй хорьж худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, “Алое” гэсэн бичиглэл бүхий 0.5 литрийн хуванцар саванд хийсэн 102 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар үүрч явсан цүнхэндээ хадгалж, Б.Цэрэннямд өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т нь 1 хоног цагдан хоригдсон, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Тийн биед үзлэг хийж биологийн дээж авах, 0,5 литрийн багтаамжтай хуванцар савтай, бор шаргал өнгийн шингэн зүйлийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хавтаст хэрэгт авагдсан 2 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.