Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/00138

 

С.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/01327 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2085 дугаар магадлалтай,

С.А-гийн нэхэмжлэлтэй,

Б.Б-, Б.О- нарт  холбогдох,

Тэнгэрийн хас шил" ХХК-ийн эд хөрөнгийг Б.Б-д буцаан олгож, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн 60.000.000 төгрөг болон  хохирол 26 000 000, нийт 86.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 22 320 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У-, З.А- нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А-, хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У-, хариуцагч Б.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч С.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.А- миний бие бууз, баншны үйлдвэр худалдана гэсэн зарын дагуу Б.Б-тэй холбогдож Чингэлтэй дүүгийн 10 дугаар хороо, Дэнжийн 42 дугаар гудамжны 180 тоот хаягт байрлах Тэнгэрийн хас шил  ХХК-ийн Хүслэн гэдэг нэртэй олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа банш, буузны үйлдвэрийг, үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийнх нь  нь хамтаар 60.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон юм. Гэрээнд заасан нөхцөл ёсоор  Тэнгэрийн хас шил  ХХК-ийн эрхийг эд хөрөнгийн хамт худалдан авагч С.А- миний бие 2016 оны 11 дүгээр сарын 05-ны дотор шилжүүлэн авч  тус компанийн Хүслэн бууз баншны үйлдвэрийн байрыг 2017 оны 06 дугаар сарыг дуустал түрээсийн төлбөргүйгээр ашиглах ёстой байсан. Мөн Тэнгэрийн хас шил ХХК-ийн Хүслэн үйлдвэр нь банш бууз, хэрчсэн гурил, Наполеон торт үйлдвэрлэдэг бөгөөд бүтээгдэхүүнүүдэд шинжилгээний бичигтэй байх ёстой.

            Өдөрт 70 уут бууз, банш үйлдвэрлэдэг хажуугаар нь хэрчсэн гурил, наполеон торт хийдэг. Цехийн 7 ажилтантай, 2 борлуулагчтай, түгээлтийн 2 машинтай, машины эвдрэл гэмтэл, түлшээ борлуулагч нь хариуцдаг, 2 жилийн гэрээтэй, гэрээний хугацаа дуусахаар борлуулагч нь машинаа авна гэж танилцуулсан. Хөдөө орон нутагт 5 хөргөгчтэй, хот, хөдөө нийлсэн 300 гаруй дэлгүүртэй, компьютерт жор, мөн борлуулах дэлгүүрүүдийн хаяг, утасны дугаартай бүгдийг нь шивээд өгнө гэсэн.

            Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 60.000.000 төгрөгийг бүрэн төлж дууссан. Харамсалтай нь худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэх боломжгүй байсан, анхнаасаа гэрээгээ зөрчих хүсэл сонирхолтой байсан нь тогтоогдсон. Компанийн эрх шилжээгүй. Учир нь тухайн компани олон жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа гэсэн боловч хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан болох нь эрх бүхий байгууллагаас тогтоож илрүүлсэн. Компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр компанийг Б.Б-эс С.А- руу шилжүүлж бүртгүүлэх гэхэд үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлан гаргаж байсан компани 60.000.000 төгрөгөөр худалдагдаж байгаа нь бүртгэх боломжгүй байдлыг үүсгэж байгаа тухай эрх бүхий байгууллагаас илэрхийлж компанийн бүртгэлд өөрчлөлт хийхээс татгалзсан.

            Худалдагч тал гэрээний үүргээ зөрчиж Тэнгэрийн хас шил ХХК-ийг өөрийн байрандаа үйлдвэрлэл явуулахыг хориглож хөөсөн. Энэ нь үйлдвэрийг 2017 оны 06 дугаар cap хүртэл түрээсийн төлбөргүйгээр эзэмшүүлж, ашиглуулна гэсэн үүргээ зөрчсөн үйлдэл юм. Үйлдвэрийн байр ажлын байрны дүгнэлтээр ёсоор цэвэр бохир ус, халаалтын хэсгийн шугам сүлжээнд холбогдсон гэсэн дүгнэгдсэн боловч энэ нь худлаа байсан. Тиймээс үйлдвэрлэл, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах дэд бүтэц бүрдээгүй байсан нь тогтоогдсон.

            Хэрчсэн гурил, наполеон торт гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүд нь нийтэд худалдах шинжилгээний бичиггүй байснаас худалдан борлуулах боломжгүй байдал тогтоогдсон. Худалдан авагч миний эрх, ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байгаа учраас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэн Б.Б-тэй байгуулсан компанийн хувьцаа шилжүүлэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийг үндэслэн гэрээнээс татгалзаж байгаа татгалзлыг баталгаажуулж гэрээний худалдагч тал болох Б.Б- нь гэрээний үүргээ зөрчсөн, худалдаж байгаа зүйлийн доголдол байгааг нуун даргадуулсан болохыг тогтоож Тэнгэрийн хас шил  ХХК-ийн эд хөрөнгийг Б.Б-д буцаан олгуулж, Б.Б-д шилжүүлсэн 60.000.000 төгрөгийг С.А- надад буцаан олгуулж өгнө үү. Компанийн үйл ажиллагааг явуулах зорилгоор гаргасан 26.000.000 төгрөгийн зардал гаргуулах шаардлагаасаа нотлох баримт шаардлага хангахгүй байгаа үндэслэлээр татгалзаж байна. 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

            Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн компанийн эрх шилжүүлэх гэрээний нэг тал болох С.А- нь эдгээр гэрээнүүдээс хуульд заасан үндэслэлээр хэдийгээр татгалзах эрхтэй боловч түүнд эдгээр гэрээнээс татгалзах үндэслэл, хариуцагч биднийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэдгийг зохих журмын дагуу холбогдох баримтуудаар нотолсон ямар нэгэн бичгийн баримт байхгүй байна. С.А- нь манай компанийн нэр дээр тусгай зөвшөөрөлтэй, үйл ажиллагаа, сарын орлого нь тогтворжсон, стандарт шаардлага хангасан, ямар нэгэн эрхийн болон эд хөрөнгийн доголдолгүй үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг зарын дагуу сайн дураараа 65.000.000 төгрөгөөр худалдан авахаар саналаа илэрхийлэн 45 хоногт үйлдвэрийн бүхий л үйл ажиллагаатай биечлэн танилцаж, хамт үйлдвэрийг ажиллуулж, нэг өдрийн 500.000 төгрөг, 45 хоногийн 20.000.000 гаруй төгрөгийн цэвэр ашгийг өөртөө ашиг болгон авч 10 гаруй ажилтантай минь хамт ажлын байрыг 2017 оны 07 сарыг хүртэл үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглах нөхцөлтэйгөөр худалдаж авахаар тохиролцсон.

            Бидний хооронд дээрх 2 гэрээ байгуулагдахаас өмнө манай компани хэрчсэн гурил, наполеон торт үйлдвэрлэх зохих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас аваагүй байсан, татвар тайлан гаргадаггүй "X" тайлан өгдөг байсан, үйлдвэрийн ажлын байрны дүгнэлтийн хэмжээ зэргийг С.А- нь 45 хоног бидэнтэй хамт үйлдвэрийг ажиллуулж ашиг, орлогыг авч байхдаа, 10 сард эхний төлбөрийг шилжүүлж эхлэхээс өмнө маш сайн мэдэж байсан ба тэрээр зохих зөвшөөрлийг авсаны дараа торт, хэрчсэн гурилыг үйлдвэрлэх, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны сургалтанд хамрагдсанаар тайлангаа өгч байхаар тохиролцож байсан юм.

            С.А- нь үнээ жаахан бууруулаач гэсэн саналыг хүлээн авч тоног төхөөрөмжийн үнийг 60 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч, гэрээ байгуулсан. С.А- компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, дүрэм зэрэг эрх зүйн бүх бичиг баримтыг эх хувиар нь авч хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахад таны гарын үсэг хэрэгтэй байна гээд надаар баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлэх тогтоол шийдвэр зэрэгт гарын үсэг зуруулаад авч үлдсэн юм.

            Компанийн эрх шилжүүлэхэд санхүүгийн тайлан өгч байгаагүй шалтгаанаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй ба хэрэв шаардлагатай материалыг бүрдүүлээд өгсөн байхад улсын бүртгэгч үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бол энэ нь надаас шалтгаалсан үйлдэл биш, харин Захиргааны хэргийн шүүхийн маргаан гэж ойлгож байна. С.А-тай гэрээ байгуулахаас өмнө түүний надад эхний ээлжинд хэсэгчлэн хүлээлгэж өгсөн мөнгөнөөс нь үйлдвэрийн хөлдөөгчийн моторыг шинээр захиалан суурилуулж өгсөн, ажлын байранд нь засвар хийж, зуух, хаалга зэргийг шинэчилсэн. Гэтэл С.А- нь хөлдөөгчийн 100 000 төгрөгийн үнэ бүхий ферон дуусчихлаа, та мөнгө гаргаад солиулж өгөөч үйлдвэр зогсох гээд байна гэдэг шаардлага тавьсан. Би түүнд чи орлогоо бүгдийг авч байгаа атлаа үйл ажиллагаа явуулахаа больсон надаас 100 000 төгрөг нэхээд байх нь утгагүй асуудал, өөрөөсөө гаргаад фероноо худалдаж ав гэхэд С.А- нь фероны мөнгө өгөхгүй бол ажиллуулахаа болилоо гэсэнд намайг гэрээгээ зөрчсөн гэж буруутгах боломжгүй юм.

            Мөн манай компанид ажиллаж байсан жолооч, түгээгч, борлуулагч, туслах ажилтан зэрэг 15 ажилтнуудын өдрийн хоолыг урьд өгч байсан норм хэмжээнээс багасгаж, ажилчидтай байнга маргаж, мөн зөвшөөрөлгүй гэж хэлсээр байхад торт, хэрчсэн гурилыг дураараа үйлдвэрлэж, ажилчидаа зохион байгуулж чадахгүй тэдэнд зүй бус шаардлага тавьж байнга хэл ам тасрахгүй байснаас ажилчид нь ажиллахаа болилоо гэсэн нь С.А- өөрөө ажлын байраа орхиж үйл ажиллагаагаа зогсооход хүргэсэн шалтгаантай, түүнээс биш түүнийг үйл ажиллагаагаа хэвийн эрхэлж байхад нь байрнаас гар гэж хөөгөөгүй юм. Төрийн эрх бүхий байгууллагаас 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан 02-02-340/07 дугаартай Ажил үйлчилгээний тухай улсын байцаагчийн мах махан бүтээгдэхүүн эрүүл ахуй аюулгүй байдлын үндсэн шаардлага, стандартыг хангасан гэх дүгнэлт нь худлаа байсан эсэх асуудал нь надад хамааралгүй юм. С.А- нь ажлын байрны дүгнэлтэд заагдсан байр цэвэр ус, халаалтын шугаманд холбогдоогүйг мөн шугам холбогдоогүйгээс тухайн үед үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож байгаагүй гэдгийг маш сайн мэдэж байсан. Түүнчлэн энэ ажлын байранд С.А- нь үнэ төлбөргүй 2017 оны 07 cap хүртэл үйлдвэрлэл явуулахад ажлын байр шугам сүлжээнд холбогдсон эсэх нь саад болохгүй ба энэ нөхцөл байдал нь гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэл бүхий шалтгаан болохгүй юм. Тоног төхөөрөмжийг худалдаж авсаныхаа дараа өөрөө зөвшөөрлийг хөөцөлдөж авна гэж байсан атлаа зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж түгээчихээд надад ноцтой хохирол учирсан гэж байгаа нь ойлгомжгүй байна.

            Эцэст нь С.А- нь талуудын хооронд байгуулагдаж байсан гэрээнүүдийн яг аль, хэддүгээр заалтыг хариуцагч зөрчсөн гээд байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад нь тодорхой бус байх ба С.А- нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар ямар нэгэн гомдлын шаардлагыг хуульд заасан үндэслэл, журмаар худалдагч талд огт гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч Б.Б-ийг хариуцагчаар татсан. Гэтэл Тэнгэрийн хас шил ХХК гэдэг хуулийн этгээд байгаа. Б.О- нь энэ гэрээгээр ямар нэг үүрэг хүлээгээгүй. Түүний дансруу тоног төхөөрөмжийн мөнгийг шилжүүлсэн гэж байгаа ба уг данс нь Б.Б-, Б.О- нарын дундын данс юм. Энэ мөнгийг Б.О- захиран зарцуулаагүй. Тэд үүрэг дуусгавар болгох хэлцэл хийж, гэрээний үүрэг дуусгавар болсон, тамга, тэмдэг, эрх зүйн баримт бичиг нь С.А-д байгаа тул Б.Б- өнөөдөр ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.А- нь манай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдаж авахаасаа өмнө манай үйлдвэр нь нэг сард доод тал нь 10 000 000 төгрөгийн дээд тал нь 57 000 000 төгрөгийн тогтмолжсон орлоготой, Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийг хамарсан 300 гаруй иргэн, аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллаж өөрийн бараа, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлж борлуулж хэвшсэн гэдгийг баталгаажуулах зорилгоор үйлдвэрийн үйл ажиллагаатай биечлэн 45 хоногт танилцаж манай үйлдвэрийн бизнесийн дотоод нууцыг мэдэж авснаар өдрийн борлуулалтын бүх орлогыг өөртөө төвлөрүүлэн авч хамгийн багаар тооцоолоход нэг өдрийн 496 000 төгрөг, нийт 22 320 000 төгрөгийн цэвэр ашгийг өөртөө авч байсан. Борлуулалт хэвийн, үйл ажиллагаа тогтмолжсон байхад өдөрт 35 уут банш, 35 уут буузыг 3 машинтай орон нутагт нийлүүлж, 300 гаруй цэгээр олгодог байсан талаар гэрчүүд мэдүүлсэн. Банк орлогыг тооцоолсоны үндсэн дээр зээл олгож байсан. Иймд 22 320 000 төгрөгийг С.А-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч С.А- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

           Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/01327 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Б-, Б.О- нараас 60 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.А-д олгож, гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 22 320 000 төгрөг гаргуулах тухай Б.Б-, Б.О- нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар компанийн үйл ажиллагааг явуулах зорилгоор гаргасан 26 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч С.А- татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас төлсөн 270 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2085 дугаар магадлалаар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/001327 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гэснийг 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 570 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У-, З.А- нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бид бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг хамтран гаргаж байна.

Анхан шатны шуухийн шийдвэрийн ундэслэх хэсэгт:

Нэхэмжлэгч нь нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нартай маргаан үүссэнээс болж “Тэнгэрийн хас шил” ХХК-д үйл ажиллагаа явуулахгүй байгаа, хариуцагч нар өөрсдөө одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа, тоног төхөөрөмж хариуцагч нарын эзэмшилд байгаа тул 60.000.000 төгрөгөө буцаан гаргуулна гэж тайлбарласан гэж байсан.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2 өөр утга, агуулгатай, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Компанийн эрх шилжүүлэх үүргээ зөрчсөн, Үйлдвэрлэл явуулахыг хориглож байрнаасаа хөөсөн, Ажлын байрны дүгнэлт худлаа байсан, Хэрчсэн гурил, наполеон торт нь шинжилгээний бичиггүй гэдэг гэрээнээс татгалзах үндэслэлийг заасаар байхад үүнийг буруу дүгнэсний үндсэн дээр шүүгчийн гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй юм. /хх-1-2, 26-28, 131-134 тал/

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь С.Апимаа нь гэрээнээс татгалзсан тул 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн хугацааны хохиролд 22.320.000 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан. Хариуцагч нар С.Апимаа нь хэвийн, тогворжсон үйл ажиллагаатай бууз баншны цехийн үйл ажиллагааг тоног төхөөрөмжтэй нь худалдахаар 2016 оны 9 сарын сүүлээр тохирсоноор Б.Б- нь компанийн бизнесийн үйл ажиллагааны нууцад хамаарах бүхий л зүйлийг тайлбарлан таниулсанаар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг сайн дурын үндсэн дээр байгуулсан байдаг ба 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эдгээр гэрээнүүдээр хүлээсэн талуудын үүрэг дуусгавар болсон хэлцэлд гарын үсэг зурсан байна. Нэхэмжпэгч тал Б.Б-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнээд дээрх гэрээнүүдийг дуусгавар болгосон тухай хэлцэлд гарын үсэг зурмагц шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж байгаа тухай нэхэмжлэл гаргасаныг хариуцагч нар мэдээд хэргийг хянан шийдвэрлэх хүртэл компанийн хэвийн байсан үйл ажиллагаадоголдож, үйлчлүүлэгч нараа алдсан, тэдний бүтээгдэхүүнийг хэн хүссэн хүмүүс нь гадуур шаардлага хангахгүй хэлбэрээр үйлдвэрлэн борлуулж дахин үйлдвэрлэл явуулахад маш их хохирол учруулсан учраас 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд гэрээнээс татгалзсаны улмаас өөрт учирсан хохирол нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ дүгнэлт хэсэгтээ энэ үйл баримт, өөрч учирсан хохирол нэхэмжилсэн хугацааг буруу ойлгосны улмаас дутуу дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй байсанд гомдол гаргасан. /9-12,... тал/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У- хариуцагч Б.Б- иргэний хувьд хариуцагч биш гэж тайлбарласан боловч анхан шатны шүүхээс хариуцагч Б.Б-ийг хариуцагч Б. Отгонтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А- нь Б. Отгонтуяа уг мөнгийг хэрэглээгүй тул хариуцагч биш гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Б. Отгонтуяагийн дансанд 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн байх тул шүүх түүнийг хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэж үзлээ гэсэнд гомдолтой байгаа. Учир нь: Нэхэмжлэгч “Тэнгэрийн хас шил” ХХК-тай байгуулсан 2 гэрээнээс ямар үндэслэлээр татгалзсан тухай нэхэмжлэлдээ ойлгомжтой дурьдсан ба эдгээр гэрээнд энэ хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Б.Б- эрх эдэлж, үүрэг хүлээхээр гарын үсгээ зурсан атал Б.Б-ийг эхнэр Б.О-г хамт буюу 2 иргэнийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа Түүнчлэн Б.О-гийн дансанд 30 сая төгрөг шилжүүлсэн учраас хариуцагч мөн гэж шүүх үзсэн нь учир дутагдалтай юм. Б.О-гийн данс гэх харилцах данс нь иргэн Б.Б-ийн эхнэртэйгээ хамтран эзэмшдэг төгрөгийн данс байсан бөгөөд нэхэмжпэгч Б.Б-ийн зөвшөөрлөөр тухайн данс руу С.А- нь 30 сая төгрөгийг шилжүүлж байна гэсэн хүсэл зоригтойгоор тухайн мөнгийг  шилжүүлсэн гэдгээ шүүхэд тайлбарласан. Компанийн хувьцаа удалдах, худалдан авах тухай гэрээний 2.5 дахь заалтад энэ талаар бичсэн байдаг.

2016 оны 10 дугаар сарын 26 -ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний 3.5-д “компанийн хувьцаа эзэмшигчийн шинэчлэсэн бүртгэлийг Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд эрх шилжүүлэн авагч нь төлбөрийг төлж дууссанаас хойш 10 хоногийн дотор бүртгүүлэх үүрэгтэй.” Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 -д компанийн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно. Хуулийн этгээдийн улсын ^ бүртгэлийн тухай хуулийн 21.1 -д өөрчлөн байгуулсан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхэд бүрдүүлэх материалд нэрийн баталгаажуулалт гэх баримт байх ба хэрэгт уг баримт авагдсан байх боловч энэ баримт нь хуулийн этгээдийн өөрчлөлтийг бүртгэсэн баримт болохгүй юм. Өөрөөр хэлбэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.3-т хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулсанаас хойш өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг ажпын 10 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад гаргана гэсэн ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр болоогүй гэж үзэж нэхэмжпэлийн шаардлагыг хангах нь зүйтэй. Мөн одоо компанийн үйл ажиллагаа явагдаж байгаа талаар 2017 оны 05 дугаар сарын 16 * -ны өдөр гэрч Э.Оюунцэцэг мэдүүлсэн болно. Иймд зохигчийн хооронд байгуулсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь дээрх хууль болон гэрээнд зааснаар хүчин төгөлдөр болоогүй, талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж үзэх үндэстэй гэснийг зөвшөөрөх боломжгүй юм.

Яагаад гэхээр Б.Б- нь бууз баншны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг үйл ажиллагааны хамт С.А-д худалдаж байхад мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл түүний үүсгэн байгуулсан 1 гишүүнтэй “Тэнгэрийн хас шил” ХХК-ийн нэр дээр төрийн эрх бүхий байгууллагаас олгогдсонбайсан ба тэрээр компанийн эрхийг шилжүүлэхэд шаардлагатай зохих эрх зүйн актыг, өөрөөс шалтгаалах бүхий л баримтыг С.А-д улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, компанийн тамга зэргийн хамт хүлээлгэн өгч, компанийн зүгээс компани өөрчлөн байгуулагдахтай холбогдох тогтоол, шийдвэрийг гаргаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас шаардсан өргөдөл, хүсэлтэд гарын үсгээ зурж үүргээ биелүүлсэн байсан. Ийнхүү бүртгэлийн газар компанийн үүсгэн байгуулагчийн өөрчлөлтийг үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзсан гэх үйлдлийг хариуцагчтай уялдуулан түүнийг буруутгаж байгаа нь буруу, бүртгүүлэх үүрэг нь С.А-д байсан, С.А- бүртгүүлээгүйн улмаас талуудын хооронд байгуулсан гэрээнүүд хүчингүй, учирсан хохирлыг Б.Б- хариуцах ёсгүй гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч хүчин төгөлдөр хэлцлүүдийг хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан болохоос бүртгүүлээгүй учраас тухайн гэрээнүүд хүчин төгөлдөр болоогүй гэж маргаагүй байхад шүүх нэхэмжпэлийн шаардлагаас хальсан үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж дүгнэхэд хүргэсэн. Одоо компанийн үйл ажиллагаа явагдаж байгаа талаар 2017 оны 05 дугаар сарын 16 -ны өдөр гэрч Э.Оюунцэцэг мэдүүлсэн гэх хэдий ч шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ Б.Б- бууз банш үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй “Тэнгэрийн хас шил“ компанийн тамгагүй, улсын бүртгэлийн гэрчилгээгүй, тусгай зөвшөөрөлгүй байж ямар нөхцөлд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй гэдгийг ойлгоогүйд гомдолтой. /хх- 6-9, 14, 15-18, /

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 -д ... хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардах эрхтэй. Иймд хариуцагч Б.Б-, Б.О- нараас 60.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С. Алимаад олгох нь зүйтэй гэсэнд гомдолтой байсан юм. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Нэхэмжпэгч Иргэний хуулийн 225-р зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзаж байна гэж, хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ ямар нэгэн байдлаар зөрчөөгүй гэж маргасан, мөн талуудын хооронд 3-н тусдаа гэрээ байгуулагдсаар байхад гэрээний нэг талыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж анхан шатны шүүх үзсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхэд хүргэсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ үүрэг, бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийг зохицуулсан хуулийн зүйл, заалтыг хэрэглэх байсан гэж үзэж байна. Хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ С.Апимаад гэрээнээс татгалзсан тул ... хугацааны хохиролд 22.320.000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан гэдэг нь үндэслэлгүй юм. Бид хэзээнээс хэзээг хүртэл хохирчбайгаа талаараа хугацаа тодорхойлсон болохоос ийм хугацаанд учирсан хохирол гэж нэхэмжлээгүй. Шүүх гэрээ хүчин төгөлдөр болоогүй, талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж үзсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэсэнд гомдолтой байгаа ч  талуудын хооронд сайн дураараа байгуулагдсан байсан 3-н бие даасан тус тусдаа гэрээнүүд нь хуульд зааснаар хүчин төгөлдөр болсон ч бай, болоогүй ч бай сөрөг нэхэмжпэл нь хангагдах учиртай байсан гэж үзэж байгаа. Талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж шүүхээс дүгнэж байгаа нь ойлгомжгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдэд тэдний эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхой зааж өгсөн байх ба талууд эдгээр эрхээ эдэлж, үүргээ биелүүлсэн тухайгаа баталгаажуулан ^үүргийг дуусгавар болгож хэлцэл байгуулсанд ач холбогдол өгөлгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас үндэслэлгүйгээр татгалзсанд гомдолтой байсан учраас Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байсан юм. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзэхдээ нэхэмжлэгч С.А- нь хариуцагч Б.Б-, Б.О- нарт холбогдуулан “Тэнгирийн хас шил” ХХК-ийн эд хөрөнгийг Б. Бат-Эрдэнэд буцаан олгож, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах, Б.Б-д шилжүүлсэн 60 000 000 төгрөгийг, компанийн үйл ажиллагааг явуулах зорилгоор гаргасан 26 000 000 ' 'төгрөг, нийт 86 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч С.А-д холбогдох гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 22 320 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжпэгч С.А- болон хариуцагч Б.Б- нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулж, уг гэрээгээр “Тэнгэрийн хас шил” ХХК-ийн 100 хувийн хувьцааг үндсэн хөрөнгийн хамт С.А-д шилжүүлэх, худалдан авагч буюу нэхэмжлэгч нь тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байна гээд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны .* ^үүх уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь буруу болжээ гэсэн. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг буюу бичгэн хэлбэртэй гэрээнд гарын үсэг зурж, хэлцэл хийсэн байх бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр байна гэж зөв дүгнэж Компанийн эрх шилжүүлж байгаа тохиолдолд Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээний 3.5 дахь хэсэгт зааснаар эрх шилжүүлэн авагч буюу нэхэмжлэгч С.А- нь төлбөрийн төлбөрийг төлж дууссанаас хойш 10 хоногийн дотор бүртгүүлэх боломжгүй гэх нөхцөл байдал байсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй учраас гэрээгээршилжүүлсэн компанийн хувьцаа эзэмших эрхийг Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар эрхийн доголдолтой хөрөнгө гэж үзэхгүй гэсэнтэй хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар санал нэгтэй байна.

Харин худалдагч буюу хариуцагч Б.Б- нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна гээд талуудын хооронд байгуулагдсан бичгийн гэрээнд бууз, баншны үйлдвэрийн аж ахуйн үйл ажиллагааг шилжүүлэх талаар нарийвчлан заагаагүй боловч талуудын хэн алины тайлбар болон гэрчийн мэдүүлгийг харьцуулан дүгнэвэл үйлдвэрийн үйл ажиллагааг буюу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах боломжтой үйл ажиллагааг ^худалдах талаар тохиролцоо хийгдсэн гэж үзээд хариуцагч нь уг тохиролцооны дагуу бусадтай байгуулсан гэрээ хэлэлцээр, эд хөрөнгийг үйлдвэрийн ажиллах хүчний хамт шилжүүлж өгсөн буюу үйл ажиллагаа явуулах боломжтой үйлдвэрийг шилжүүлж өгөх үүргийг хариуцагч нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт зааснаар хүлээнэ гэсэнд гомдолтой байна. Хариуцагч Б.Б-ийн гуравдагч этгээдтэй байгуулсан “Хүнсний дэлгүүрт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” нэртэй бичгийн баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байх боловч эдгээр гэрээг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн гэх байдал нотлогдохгүй байх тул Иргэний хуулий 251 дүгээр зүйлийн 251.1, 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт зааснаар доголдолгүй үйлдвэр шилжүүлэн ' өгсөн гэдгээ хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь дээрх гомдолд дурьдсан нөхцөл байдлаар мөн нэхэмжлэгчийн дэлгүүрүүдийг хүлээлгэн өгсөн гэх тайлбараар үгүйсгэгдэж байгаа юм.

Давж заалдах шатны шүүхээс хариуцагч биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.А- нь гэрээнээс татгалзах эрхтэй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн юм. Хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж буй тохиолдолд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талд нэмэлт хугацаа олгосон байх ёстой боловч хариуцагч нь уг ажлын байрны тоног төхөөрөмжийг 2016 оны 12 дугаар сараас эхлэн буцаан ажиглаж, үйл ажиллагаа явуулж байсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийж Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т зааснаар нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд хариуцагч нар үйлдвэрийг бичиг баримтгүйгээр ажиллуулах ямар ч боломжгүйгэдгийг шүүх ойлгоогүйд харамсаж байна. /Компанийн бүх бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, ажлын байрны дүгнэлт, тусгай зөвшөөрөл ... зэрэг нь бүгд нэхэмжлэгчид өнөөдрийг хүртэл байгаа юм./ Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авсан зүйлээ, гэрээ биелсэнээс хойш олсон орлогоо харилцан буцааж өгөх үүрэгтэй, нэхэмжпэгч С.А- нь гэрээний төлбөрт шилжүүлсэн 60 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй хэдий ч гэрээнээс тагалзах хуль зүйн үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй байсан юм.

Нэхэмжпэгч С.А- нь гэрээний төлбөрийн зарим хэсгийг буюу 30 000 000 төгрөгийг Б.О-гийн дансанд шилжүүлсэн нь тогтоогдож байх тул хариуцагчаар татсаныг буруутгах үндэслэлгүй гэсэнд гомдолтой байгаа. Энэ мөнгийг нэхэмжлэгч хариуцагч Бат-Эрдэнэтэй зөвшилцсөнөөр Б.О-г мэдээгүй байхад мөн түүнтэй ярилцаагүй байхдаа түүний дансыг ашиглаж нэхэмжлэгч мөнгөө шилжүүлсэн, энэхүү шилжүүлсэн мөнгийг хариуцагч Бат- Эрдэнэ хүлээн авсан болно. Мөн хариуцагч Б.Б-ийн буруугаас нэхэмжпэгч гэрээнээс татгалзсан гэдэг үйл баримт нотлогдоогүй байхад энэ үйл баримт нотлогдсон тул хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 09-ны эдрийг хүртэл хугацаанд учирсан хохиролд 22 320 000 төгрөгийг шаардах эрхгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг хэвээр үлдээсэнд гомдолтой байгаа.

Иймд талуудын хооронд үүссэн харилцааг анхан шатны шүүх буруу дүгнэснийг Давж заалдах шатны шүүхээс зөвтгөж худалдах худалдан авах гэрээг талууд байгуулсан байна гэж зөв дүгнэсэн хэдий ч хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг Давж заалдах шатны шүүхээс дутуу үнэлж хариуцагч доголдолтой эд хөрөнгийг нэхэмжпэгчид шилжүүлсэн гэх үндэслэлийг дурьдаж нэхэмжлэгч 60 000 000 төгрөг шаардах эрхтэй гэж үзсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож сөрөг пч/хэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч С.А- хариуцагч Б.Б-, Б.О- нарт холбогдуулж, Тэнгэрийн хас шил ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн 60.000.000 төгрөг, компанийн үйл ажиллагааг явуулахад гаргасан зардал 26.000.000 төгрөг, нийт  86.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч нь нэхэмжлэгч гэрээнээс татгалзсны улмаас  учирсан хохиролд 22.320.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

            Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч С.А-  компанийн үйл ажиллагааг явуулахад гаргасан зардал 26.000.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-д зааснаар шийдвэрлэж, нэхэмжлэгч С.А-гийн 60.000.000 төгрөг, хариуцагч Б.Б-ийн 22.320.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хүрээнд дүгнэлт хийжээ.

            Зохигчдын хооронд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан гэрээгээр хариуцагч Б.Б-  Тэнгэрийн хас шил ХХК-ийн 100 хувийн хувьцаа, тус компанийн эрхийг нэхэмжлэгч С.А-д шилжүүлэх, С.А- үнэ 60.000.000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний  шинжийг агуулсан ба гэрээ хүчин төгөлдөр байдлын талаархи  давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна.

            Анхан шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар тодорхойлсон нь буруу байгааг давж заалдах шатны шүүх залруулж, энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь  зөв болжээ.

            Гэрээ байгуулснаас хойш С.А- Тэнгэрийн хас шил ХХК-ийн эд хөрөнгийг хүлээн авч, 21 хоногийн туршид үйл ажиллагаа явуулсан боловч гэрээнээс татгалзсан,  эд хөрөнгийг хариуцагч Б.Б-д буцаан авсан  үйл баримт тогтоогдсон ба гэрээнээс татгалзах нэхэмжлэл, тайлбарт дурдсан шалтгаан байсан эсэхэд зохигч маргажээ.

            Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “бүртгэх байгууллага энэ хуулийн 17.3-т заасан баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын хоёр өдрийн дотор компанийн дүрэмд оруулсан өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзсан үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж заасан байна.

              Гэрээнээс татгалзахад хүргэсэн нөхцөл буюу Тэнгэрийн хас шил ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тухай   дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээс эрх бүхий байгууллага татгалзсан гэх нэхэмжлэлд заасан үндэслэл тогтоогдоогүйг давж заалдах шатны шүүх хэргийн баримтын хүрээнд дүгнэсэн байна.

              Тэнгэрийн хас шил ХХК нь нэг гишүүнтэй, 100 хувийн хувьцааг эзэмшигч нь Б.Б- байсан бөгөөд  хувьцаагаа С.А-д худалдаж, энэ талаар  бичгээр гэрээ байгуулсан, хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргасан  нь тогтоогджээ. Компанийн эрх шилжүүлэн авч буй тал буюу С.А- дүрмийн өөрчлөлтийг  улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг гэрээгээр хүлээсэн  ба улсын бүртгэлийн байгууллага компанийн дзрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан хариу шийдвэр гаргасан болон компанийн эрхийг шилжүүлэхэд саад болж буй хариуцагчаас шалтгаалсан  нөхцөл  үүссэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй  байна. Иймээс шилжүүлсэн хөрөнгө эрхийн доголдолтой байсан гэж үзэхгүй.

                 Зохигчдын  хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь Тэнгэрийн хас шил ХХК-ийн эрхээс гадна  эд хөрөнгө, үйл ажиллагаа   байх бөгөөд тус компанийн Хүслэн үйлдвэр нь эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр бууз, банш, хэрчсэн гурил, напалеон тортны  үйлдвэрлэлийг эрхлэх, түүнчлэн бүтээгдэхүүнээ борлуулах үйл ажиллагааг тогтвортой явуулж байжээ.

            Хариуцагч Б.Б- гэрээний дагуу компанийн хувьцаа, эд хөрөнгийг шилжүүлсэн нэхэмжлэгч С.А-д боловч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах нөхцөл болсон бусад хамтран ажилладаг байгууллагуудтай байгуулсан гэрээ хэлцэл, эд хөрөнгийг үйлдвэрийн ажиллах хүчний хамт шилжүүлэн өгсөн  буюу үйлдвэрлэл явуулж ашиг олох хэвийн, тогтвортой үйл ажиллагааг бүхэлд нь шилжүүлэн өгснөө нотлоогүй тул худалдах худалдан авах гэрээний зүйл нь биет байдлын доголдолтой  байсан, үүний улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж үзсэн  давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.  Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

            Иймд  хэлцлээр шилжүүлсэн 60.000.000 төгрөгийг хариуцагчаас буцаан  гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн буюу түүний буруугаас  нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул 22.320.000 төгрөг буюу хохирол шаардсан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлтэй байна.

            2.Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоор  шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, өөрчлөх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байна. 

            а.Нэхэмжлэгч 60.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ  “ гэрээнээс татгалзах”, “гэрээг хүчингүй болгуулах” гэсэн хоорондоо зөрчилтэй, уялдаагүй байдлаар тодорхойлсон хэдий ч  нэхэмжлэл болон тайлбарт  шилжүүлсэн эд хөрөнгө доголдолтойн улмаас гэрээнээс татгалзсан,  хэлцлээр шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулах гэсэн агуулга бүрэн илэрхийлэгдсэн  тул нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус гэж үзэхгүй.

            б. Б.Б-, Б.О- нарыг иргэнийхээ хувьд хариуцагч байх боломжгүй гэх хариуцагчийн тайлбарт дурдсан үндэслэлд анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой дүгнэлт хийжээ.

            в. Анхан шатны шүүх  талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэснийг  давж заалдах шатны шүүх залруулж магадлалдаа тодорхой зааж, энэ алдаа засагдсан  тул  хяналтын шатны шүүхээс дахин дүгнэлт хийх шаардлагагүй байна.

            г. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзснаас хохирол гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

            Дурдсан үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2085 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Т.У-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 570.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                                     Г.АЛТАНЧИМЭГ