Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2085

 

 

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02085

 

 

С.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/001327 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч: С.А- нэхэмжлэлтэй, хариуцагч: Б.Б , Б.О  нарт холбогдох

 

“ТХШ” ХХК-ийн эд хөрөнгийг Б.Б д буцаан олгож, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах, Б.Б эс хохиролд 86 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 22 320 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Б.О гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд  гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А- миний бие бууз, баншны үйлдвэр худалдана гэсэн зарын дагуу Б.Б тэй холбогдож Чингэлтэй дүүгийн 10 дугаар хороо, Дэнжийн 42 дугаар гудамжны 180 тоот хаягт байрлах “ТХШ” ХХК-ийн “Хүслэн” гэдэг нэртэй банш, буузны үйлдвэр, үйл ажиллагааных нь хамтаар 60 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон юм.

Гэрээнд заасан нөхцөл ёсоор “ТХШ” ХХК-ийн эрхийг эд хөрөнгийн хамт худалдан авагч С.А- миний бие 2016 оны 11 дүгээр сарын 05-ны дотор шилжүүлэн авч “ТХШ” ХХК-ийн “Хүслэн” бууз баншны үйлдвэрийн байрыг 2017 оны 06 дугаар сарыг дуустал түрээсийн төлбөргүйгээр ашиглах ёстой байсан. Мөн “ТХШ” ХХК-ийн “Хүслэн” үйлдвэр нь банш бууз, хэрчсэн гурил, Наполеон торт үйлдвэрлэдэг бөгөөд бүтээгдэхүүнүүдэд шинжилгээний бичигтэй байх ёстой.

Ингээд миний бие олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бууз, банш, хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үйлдвэрийг тоног төхөөрөмж, тусгай зөвшөөрөл, компанийх нь хамт 60 000 000 төгрөгөөр тохиролцон худалдаж авсан. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 60 000 000 төгрөгийг бүрэн төлж дууссан.

Харамсалтай нь худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэх боломжгүй байсан, анхнаасаа гэрээгээ зөрчих хүсэл сонирхолтой байсан нь тогтоогдсон.

Компанийн эрх шилжээгүй. Учир нь тухайн компани олон жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа гэсэн боловч үйл ажиллагаа явуулж байгаагүй эсвэл хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан болох нь эрх бүхий байгууллагаас тогтоож илрүүлсэн. Компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр компанийг Б.Б эс С.А- руу шилжүүлж бүртгүүлэх гэхэд үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлан гаргаж байсан компани 60 000 000 төгрөгөөр худалдагдаж байгаа нь бүртгэх боломжгүй байдлыг үүсгэж байгаа тухай эрх бүхий байгууллагаас илэрхийлж компанийн бүртгэлд өөрчлөлт хийхээс татгалзсан.

Худалдагч тал гэрээний үүргээ зөрчиж “ТХШ” ХХК-ийг өөрийн байрандаа үйлдвэрлэл явуулахыг хориглож хөөсөн. Энэ нь үйлдвэрийг 2017 оны 06 дугаар cap хүртэл түрээсийн төлбөргүйгээр эзэмшүүлж, ашиглуулна гэсэн үүргээ зөрчсөн үйлдэл юм.

Үйлдвэрийн байр ажлын байрны дүгнэлтээр ёсоор цэвэр бохир ус, халаалтын хэсгийн шугам сүлжээнд холбогдсон гэсэн дүгнэгдсэн боловч энэ нь худлаа байсан. Тиймээс үйлдвэрлэл, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах дэд бүтэц бүрдээгүй байсан нь тогтоогдсон.

Хэрчсэн гурил, наполеон торт гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүд нь нийтэд худалдах шинжилгээний бичиггүй байснаас худалдан борлуулах боломжгүй байдал тогтоогдсон.

Худалдан авагч миний эрх, ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байгаа учраас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэн Б.Б тэй байгуулсан компанийн хувьцаа шилжүүлэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийг үндэслэн гэрээнээс татгалзаж байгаа татгалзлыг баталгаажуулж гэрээний худалдагч тал болох Б.Б  нь гэрээний үүргээ зөрчсөн, худалдаж байгаа зүйлийн доголдол байгааг нуун даргадуулсан болохыг тогтоож “ТХШ” ХХК-ийн эд хөрөнгийг Б.Б д буцаан олгуулж, Б.Б д шилжүүлсэн 60 000 000 төгрөгийг С.А- надад буцаан олгуулж өгнө үү. Компанийн үйл ажиллагааг явуулах зорилгоор гаргасан 26 000 000 төгрөгийн зардал гаргуулах шаардлагаасаа нотлох баримт шаардлага хангахгүй байгаа үндэслэлээр татгалзаж байна.    Өдөрт 70 уут бууз, банш үйлдвэрлдэг хажуугаар нь хэрчсэн гурил наполеон торт хийдэг. Цехийн 7 ажилтантай, 2 борлуулагчтай, түгээлтийн 2 машинтай, машины эвдрэл гэмтэл, түлшээ борлуулагч нь хариуцдаг, 2 жилийн гэрээтэй, гэрээний хугацаа дуусахаар борлуулагч нь машинаа авна гэж танилцуулсан.

Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдтэй танилцахад гүн хөлдөөгч ажилгаагүй байсан. Бусад нь хэвийн ажилгаатай байсан. Хөдөө орон нутагт 5 хөргөгчтэй, хот, хөдөө нийлсэн 300 гаруй дэлгүүртэй, үйлдвэрийн байраа 8 сарын хугацаатай үнэгүй ашиглуулаад 70 000 000 төгрөгөөр зарна. Үйлдвэрээ яг авна гэсэн хүнд тодорхой мэдээлэл өгнө, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 30 000 000 төгрөгийг эхнэр Б.О гийн дансруу махны үнэ гэж хийгээрэй гэсний дагуу хийсэн. Энэ мөнгөөр халаалт, хэрэглээний усны асуудал шийдэж өгнө, гүн хөлдөөгчний мотор солино гэж авсан боловч 2016 оны 10 дугаар сарын 10-нд цехэд ирэхэд дээрх ажлаа хийгээгүй байсан.

Үйл ажиллагаа эхлэхээс өмнө “бууз, банш хэрчсэн гурил наполеон тортны технологи юу байна авья би материалаа авах гэсэн юм” гэхэд Б.О  “ажил ихтэй байна би чамд дараа компьютерт жор, мөн борлуулах дэлгүүрүүдийн хаяг, утасны дугаартай бүгдийг нь шивээд өгнө. Би 1 өдрийн материалыг чинь бэлдээд өгье” гэсэн. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэмж 10 000 000 төгрөг Б.Б д бэлэн өгч, энэ өдөр манайх үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Б.Б  , Б.О  нарын хэлж өгсөнөөр өдөрт 102 кг махаар 35 уут бууз, 35 уут банш, 200 кг ороосон мах, 360 ширхэг хэрчсэн гурил, 360 ширхэг наполеон, торт хийх материал авсаны мөнгийг нь төлсөн. 2016 оны 10 сарын 13-20-ны хооронд 7 хоногийн борлуулалт муу байна гэж Б.Б , Б.О  нарт хэлсэнээр бидний маргаан эхэлсэн. Халаалт тавиагүй, гүн хөлдөөгч ажиллахгүй, гурил, наполеон тортны уут гараагүй, махны үнэ өндөр байна, ажилчид ажлаа дийлэхгүй оройтож байна гэсэн маргаан үүссэн.

Энэ хүмүүс надад зарсан гэх тоног төхөөрөмж, компанийхаа нэрээр үйл ажиллагаагаа явуулсаар 6 cap болж байгаад гомдолтой байна. 6 сарын хугацаанд сөрөг нэхэмжлэлийн дагуу бол энэ хүмүүс хангалттай 180 хоног х 496 000 =89 280 000 төгрөгийн ашиг олсон гэж үзэж болох уу. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн компанийн эрх шилжүүлэх гэрээний нэг тал болох С.А- нь эдгээр гэрээнүүдээс хуульд заасан үндэслэлээр хэдийгээр татгалзах эрхтэй боловч түүнд эдгээр гэрээнээс татгалзах үндэслэл, хариуцагч биднийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэдгийг зохих журмын дагуу холбогдох баримтуудаар нотолсон ямар нэгэн бичгийн баримт байхгүй байна.

С.А- нь манай компанийн нэр дээр тусгай зөвшөөрөлтэй, үйл ажиллагаа, сарын орлого нь тогтворжсон, стандарт шаардлага хангасан, ямар нэгэн эрхийн болон эд хөрөнгийн доголдолгүй үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг зарын дагуу сайн дураараа 65 000 000 төгрөгөөр худалдан авахаар саналаа илэрхийлэн 45 хоногт үйлдвэрийн бүхий л үйл ажиллагаатай биечлэн танилцаж, хамт үйлдвэрийг ажиллуулж, нэг өдрийн 500 000 төгрөг, 45 хоногийн 20 000 000 гаруй төгрөгийн цэвэр ашгийг өөртөө ашиг болгон авч 10 гаруй ажилтантай минь хамт ажлын байрыг 2017 оны 07 сарыг хүртэл үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглах нөхцөлтэйгөөр худалдаж авахаар тохиролцсон.

Бидний хооронд дээрх 2 гэрээ байгуулагдахаас өмнө манай компани хэрчсэн гурил, наполеон торт үйлдвэрлэх зохих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас аваагүй байсан, татвар тайлан гаргадаггүй "X" тайлан өгдөг байсан, үйлдвэрийн ажлын байрны дүгнэлтийн хэмжээ зэргийг С.А- нь 45 хоног бидэнтэй хамт үйлдвэрийг ажиллуулж ашиг, орлогыг авч байхдаа, 10 сард эхний төлбөрийг шилжүүлж эхлэхээс өмнө маш сайн мэдэж байсан ба тэрээр зохих зөвшөөрлийг авсаны дараа торт, хэрчсэн гурилыг үйлдвэрлэх, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны сургалтанд хамрагдсанаар тайлангаа өгч байхаар тохиролцож байсан юм.

Бид нотариатын газарт очиж тоног төхөөрөмж 65 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулах гэтэл нотариатч нь үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл нь компани дээр байгаа юм чинь компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах худалдан авах гэрээг байгуулах нь хуульд нийцнэ гэсэн ба С.А- нь “үнээ жаахан бууруулаач” гэсэн саналыг хүлээн авч тоног төхөөрөмжийн үнийг 60 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч, гэрээ байгуулсан.

С.А- компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, дүрэм зэрэг эрх зүйн бүх бичиг баримтыг эх хувиар нь авч хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахад таны гарын үсэг хэрэгтэй байна гээд надаар баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлэх тогтоол шийдвэр зэрэгт гарын үсэг зуруулаад авч үлдсэн юм.

Компанийн эрх шилжүүлэхэд санхүүгийн тайлан өгч байгаагүй шалтгаанаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй ба хэрэв шаардлагатай материалыг бүрдүүлээд өгсөн байхад улсын бүртгэгч үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бол энэ нь надаас шалтгаалсан үйлдэл биш, харин Захиргааны хэргийн шүүхийн маргаан гэж ойлгож байна.

С.А-тай гэрээ байгуулахаас өмнө түүний надад эхний ээлжинд хэсэгчлэн хүлээлгэж өгсөн мөнгөнөөс нь үйлдвэрийн хөлдөөгчийн моторыг шинээр захиалан суурилуулж өгсөн, ажлын байранд нь засвар хийж, зуух, хаалга зэргийг шинэчилсэн. Гэтэл С.А- нь “хөлдөөгчийн 100 000 төгрөгийн үнэ бүхий ферон дуусчихлаа, та мөнгө гаргаад солиулж өгөөч үйлдвэр зогсох гээд байна” гэдэг шаардлага тавьсан. Би түүнд чи орлогоо бүгдийг авч байгаа атлаа үйл ажиллагаа явуулахаа больсон надаас 100 000 төгрөг нэхээд байх нь утгагүй асуудал, өөрөөсөө гаргаад фероноо худалдаж ав гэхэд С.А- нь фероны мөнгө өгөхгүй бол ажиллуулахаа болилоо гэсэнд намайг гэрээгээ зөрчсөн гэж буруутгах боломжгүй юм.

Мөн манай компанид ажиллаж байсан жолооч, түгээгч, борлуулагч, туслах ажилтан зэрэг 15 ажилтнуудын өдрийн хоолыг урьд өгч байсан норм хэмжээнээс багасгаж, ажилчидтай байнга маргаж, мөн зөвшөөрөлгүй гэж хэлсээр байхад торт, хэрчсэн гурилыг дураараа үйлдвэрлэж, ажилчидаа зохион байгуулж чадахгүй тэдэнд зүй бус шаардлага тавьж байнга хэл ам тасрахгүй байснаас ажилчид нь ажиллахаа болилоо гэсэн нь С.А- өөрөө ажлын байраа орхиж үйл ажиллагаагаа зогсооход хүргэсэн шалтгаантай, түүнээс биш түүнийг үйл ажиллагаагаа хэвийн эрхэлж байхад нь байрнаас гар гэж хөөгөөгүй юм.

Төрийн эрх бүхий байгууллагаас 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан 02-02-340/07 дугаартай “Ажил үйлчилгээний тухай улсын байцаагчийн мах махан бүтээгдэхүүн эрүүл ахуй аюулгүй байдлын үндсэн шаардлага, стандартыг хангасан” гэх дүгнэлт нь худлаа байсан эсэх асуудал нь надад хамааралгүй юм.

С.А- нь ажлын байрны дүгнэлтэд заагдсан байр цэвэр ус, халаалтын шугаманд холбогдоогүйг мөн шугам холбогдоогүйгээс тухайн үед үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож байгаагүй гэдгийг маш сайн мэдэж байсан. Түүнчлэн энэ ажлын байранд С.А- нь үнэ төлбөргүй 2017 оны 07 cap хүртэл үйлдвэрлэл явуулахад ажлын байр шугам сүлжээнд холбогдсон эсэх нь саад болохгүй ба энэ нөхцөл байдал нь гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэл бүхий шалтгаан болохгүй юм. Тоног төхөөрөмжийг худалдаж авсаныхаа дараа өөрөө зөвшөөрлийг хөөцөлдөж авна гэж байсан атлаа зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж түгээчихээд надад ноцтой хохирол учирсан гэж байгаа нь ойлгомжгүй байна.

Эцэст нь С.А- нь талуудын хооронд байгуулагдаж байсан гэрээнүүдийн яг аль, хэддүгээр заалтыг хариуцагч зөрчсөн гээд байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад нь тодорхой бус байх ба С.А- нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар ямар нэгэн гомдлын шаардлагыг хуульд заасан үндэслэл, журмаар худалдагч талд огт гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийг хариуцагчаар татсан. Гэтэл “ТХШ” ХХК гэдэг хуулийн этгээд байгаа. Б.О  нь энэ гэрээгээр ямар нэг үүрэг хүлээгээгүй. Түүний дансруу тоног төхөөрөмжийн мөнгийг шилжүүлсэн гэж байгаа ба уг данс нь Б.Б , Б.О  нарын дундын данс юм. Энэ мөнгийг Б.О  захиран зарцуулаагүй. Тэд үүрэг дуусгавар болгох хэлцэл хийж, гэрээний үүрэг дуусгавар болсон, тамга, тэмдэг, эрх зүйн баримт бичиг нь С.А-д байгаа тул Б.Б  өнөөдөр ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

С.А- нь манай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдаж авахаасаа өмнө манай үйлдвэр нь нэг сард доод тал нь 10 000 000 төгрөгийн дээд тал нь 57 000 000 төгрөгийн тогтмолжсон орлоготой, Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийг хамарсан 300 гаруй иргэн, аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллаж өөрийн бараа, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлж борлуулж хэвшсэн гэдгийг баталгаажуулах зорилгоор үйлдвэрийн үйл ажиллагаатай биечлэн 45 хоногт танилцаж манай үйлдвэрийн бизнесийн дотоод нууцыг мэдэж авснаар өдрийн борлуулалтын бүх орлогыг өөртөө төвлөрүүлэн авч хамгийн багаар тооцоолоход нэг өдрийн 496 000 төгрөг, нийт 22 320 000 төгрөгийн цэвэр ашгийг өөртөө авч байсан. Борлуулалт хэвийн, үйл ажиллагаа тогтмолжсон байхад өдөрт 35 уут банш, 35 уут буузыг 3 машинтай орон нутагт нийлүүлж, 300 гаруй цэгээр олгодог байсан талаар гэрчүүд мэдүүлсэн. Банк орлогыг тооцоолсоны үндсэн дээр зээл олгож байсан. Иймд 22 320 000 төгрөгийг С.А-гаас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Б , Б.О  нараас 60 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.А-д олгож, гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 22 320 000 төгрөг гаргуулах тухай Б.Б , Б.О  нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар компанийн үйл ажиллагааг явуулах зорилгоор гаргасан 26 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч С.А- татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас төлсөн 270 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ компанийн эрх шилжүүлэх үүргээ зөрчсөн, үйлдвэрлэл явуулахыг хориглож байрнаасаа хөөсөн, ажлын байрны дүгнэлт худлаа байсан, хэрчсэн гурил, наполеон торт нь шинжилгээний бичиггүй байсан гэж шүүхэд тайлбарлаж мэтгэлцсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд болон дээрх гэрээнүүдээс татгалзах болсон үндэслэл нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагууд нь ойлгомжгүй, тодорхой бус, хоёр янзын агуулгатай байна гэдгийг шүүх анхааралгүй нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нь ямар үндэслэлээр хангаагүй шалтгааныг шийдвэртээ тусгаагүй, хариуцагч биш этгээдийг хариуцагчаар тогтоосон, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нартай маргаан үүссэнээс болж “ТХШ” ХХК-д үйл ажиллагаа явуулахгүй байгаа, хариуцагч нар өөрсдөө одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа, тоног төхөөрөмж хариуцагч нарын эзэмшилд байгаа тул 60 000 000 төгрөгөө буцаан гаргуулна гэж тайлбарласан гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох  баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2 өөр утга, агуулгатай, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь компанийн эрх шилжүүлэх үүргээ зөрчсөн, үйлдвэрлэл явуулахыг хориглож байрнаасаа хөөсөн, ажлын байрны дүгнэлт худлаа байсан, хэрчсэн гурил, наполеон торт нь шинжилгээний бичиггүй гэдэг гэрээнээс татгалзах үндэслэлийг заасаар байхад үүнийг буруу дүгнэсний үндсэн дээр шүүгчийн гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй.

Хариуцагчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь С.А- нь гэрээнээс татгалзсан тул 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 09 -ны өдрийн хугацааны хохиролд 22 320 000 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч нар С.А-д хэвийн, тогворжсон үйл ажиллагаатай бууз баншны цехийн үйл ажиллагааг тоног төхөөрөмжтэй нь худалдахаар 2016 оны 9 сарын сүүлээр тохирсоноор Б.Б  нь компанийн бизнесийн үйл ажиллагааны нууцад хамаарах бүхий л зүйлийг тайлбарлан таниулсанаар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг сайн дурын үндсэн дээр байгуулсан байдаг ба 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эдгээр гэрээнүүдээр хүлээсэн талуудын үүрэг дуусгавар болсон хэлцэлд гарын үсэг зуржээ. Нэхэмжлэгч тал Б.Бат-Эрдэнийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнээд дээрх гэрээнүүдийг дуусгавар болгосон тухай хэлцэлд гарын үсэг зурмагц шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж байгаа тухай нэхэмжлэл гаргасаныг хариуцагч нар мэдээд хэргийг хянан шийдвэрлэх хүртэл компанийн хэвийн байсан үйл ажиллагаа доголдож, үйлчлүүлэгч нараа алдсан, тэдний бүтээгдэхүүнийг хэн хүссэн хүмүүс нь гадуур шаардлага хангахгүй хэлбэрээр үйлдвэрлэн борлуулж дахин үйлдвэрлэл явуулахад маш их хохирол учруулсан учраас 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 05 дугаар cap хүртэлх хугацаанд гэрээнээс татгалзсаны улмаас өөрт учирсан хохирол нэхэмжилсэн байхад шүүх шийдвэрийнхээ дүгнэлт хэсэгтээ энэ үйл баримт, өөрт учирсан хохирол нэхэмжилсэн хугацааг буруу ойлгосны улмаас дутуу дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүйд гомдолтой байна.

Нэхэмжлэгч “ТХШ” ХХК-тай байгуулсан 2 гэрээнээс ямар үндэслэлээр татгалзсан тухай нэхэмжлэлдээ ойлгомжтой дурьдсан ба эдгээр гэрээнд энэ хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Б.Б  эрх эдэлж, үүрэг хүлээхээр гарын үсгээ зурсан атал Б.Бат-Эрдэнийн эхнэр Б.О г хамт буюу 2 иргэнийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Түүнчлэн Б.О гийн дансанд 30 сая төгрөг шилжүүлсэн учраас хариуцагч мөн гэж шүүх үзсэн нь учир дутагдалтай юм. Б.О гийн данс гэх харилцах данс нь иргэн Б.Бат-Эрдэнийн эхнэртэйгээ хамтран эзэмшдэг төгрөгийн данс байсан бөгөөд нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн зөвшөөрлөөр тухайн данс руу С.А- нь 30 сая төгрөгийг шилжүүлж байна гэсэн хүсэл зоригтойгоор тухайн мөнгийг шилжүүлсэн гэдгээ шүүхэд тайлбарласан. Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний 2.5 дахь заалтад энэ талаар бичсэн байдаг.

Б.Б  нь бууз баншны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг үйл ажиллагааны хамт С.А-д худалдаж байхад мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл түүний үүсгэн байгуулсан 1 гишүүнтэй “ТХШ” ХХК-ийн нэр дээр төрийн эрх бүхий байгууллагаас олгогдсон байсан ба тэрээр компанийн эрхийг шилжүүлэхэд шаардлагатай зохих эрх зүйн актыг, өөрөөс шалтгаалах бүхий л баримтыг С.А-д улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, компанийн тамга зэргийн хамт хүлээлгэн өгч, компанийн зүгээс компани өөрчлөн байгуулагдахтай холбогдох тогтоол, шийдвэрийг гаргаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас шаардсан өргөдөл, хүсэлтэд гарын үсгээ зурж үүргээ биелүүлсэн байсан. Ийнхүү бүртгэлийн газар компанийн үүсгэн байгуулагчийн өөрчлөлтийг үндэслэлгүйгээр бүртгэхээс татталзсан гэх үйлдлийг хариуцагчтай уялдуулан түүнийг буруутгаж байгаа нь буруу, бүртгүүлэх үүрэг нь С.А-д байсан, С.А- бүртгүүлээгүйн улмаас талуудын хооронд байгуулсан гэрээнүүд хүчингүй, учирсан хохирлыг Б.Б  хариуцах ёсгүй гэж үзэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч хүчин төгөлдөр хэлцлүүдийг хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан болохоос бүртгүүлээгүй учраас тухайн гэрээнүүд хүчин төгөлдөр болоогүй гэж маргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж дүгнэхэд хүргэсэн. Одоо компанийн үйл ажиллагаа явагдаж байгаа талаар 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэрч Э.Оюунцэцэг мэдүүлсэн гэх хэдий ч шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ Б.Б  бууз банш үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй "Тэнгэрийн хас шил" компанийн тамгагүй, улсын бүртгэлийн гэрчилгээгүй, тусгай зөвшөөрөлгүй байж ямар нөхцөлд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй гэдгийг ойлгоогүйд гомдолтой.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу гэрээнээс татталзаж байна гэж, хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ ямар нэгэн байдлаар зөрчөөгүй гэж маргасан, мөн талуудын хооронд гурван тусдаа гэрээ байгуулагдсаар байхад гэрээний нэг талыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж анхан шатны шүүх үзсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхэд хүргэсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ үүрэг, бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийг зохицуулсан хуулийн зүйл, заалтыг хэрэглэх байсан гэж үзэж байна.

Хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ С.А-д гэрээнээс татгалзсан тул 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хугацааны хохиролд 22 320 000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан гэдэг нь үндэслэлгүй юм. Бид хэзээнээс хэзээг хүртэл хохирч байгаа талаараа хугацаа тодорхойлсон болохоос ийм хугацаанд учирсан хохирол гэж нэхэмжлээгүй болно. Шүүх гэрээ хүчин төгөлдөр болоогүй, талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж үзсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж шийдвэрлэв гэсэнд гомдолтой.

Талуудын хооронд сайн дураараа байгуулагдсан байсан гурван бие даасан тус тусдаа гэрээнүүд нь хуульд зааснаар хүчин төгөлдөр болсон ч бай, болоогүй ч бай сөрөг нэмэмжлэл нь хангагдах учиртай байсан юм. Талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж шүүхээс дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдэд тэдний эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхой зааж өгсөн байдаг ба талууд эдгээр эрхээ эдэлж, үүргээ биелүүлсэн тухайгаа баталгаажуулан үүргийг дуусгавар болгож хэлцэл байгуулсанд ач холбогдол өгөлгүй буруу дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас үндэслэлгүйгээр татгалзсанд гомдолтой.

Йимд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч С.А- нь хариуцагч Б.Б , Б.О  нарт холбогдуулан “ТХШ” ХХК-ийн эд хөрөнгийг Б.Б д буцаан олгож, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах, Б.Б д шилжүүлсэн 60 000 000 төгрөгийг, компанийн үйл ажиллагааг явуулах зорилгоор гаргасан 26 000 000 төгрөг, нийт 86 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч С.А-д холбогдох гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 22 320 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэхэмжлэгч С.А- болон хариуцагч Б.Б  нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулж, уг гэрээгээр “ТХШ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг үндсэн хөрөнгийн хамт С.А-д шилжүүлэх, худалдан авагч буюу нэхэмжлэгч нь тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь буруу болжээ.

 

            Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг буюу бичгэн хэлбэртэй гэрээнд гарын үсэг зурж, хэлцэл хийсэн байх бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Компанийн эрх шилжүүлж байгаа тохиолдолд Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээний 3.5 дахь хэсэгт зааснаар эрх шилжүүлэн авагч буюу нэхэмжлэгч С.А- нь төлбөрийг төлж дууссанаас хойш 10 хоногийн дотор бүртгүүлэх үүргийг хүлээсэн байна. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний дагуу эрх шилжүүлсэн талаар бүртгүүлэх боломжгүй гэх нөхцөл байдал байсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй учраас гэрээгээр шилжүүлсэн компанийн хувьцаа эзэмших эрхийг Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар эрхийн доголдолтой хөрөнгө гэж үзэхгүй.

 

            Харин худалдагч буюу хариуцагч Б.Б  нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан бичгийн гэрээнд бууз, баншны үйлдвэрийн аж ахуйн үйл ажиллагааг шилжүүлэх талаар  нарийвчлан заагаагүй боловч талуудын хэн алины тайлбар болон гэрчийн мэдүүлгийг харьцуулан дүгнэвэл үйлдвэрийн үйл ажиллагааг буюу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах боломжтой үйл ажиллагааг худалдах талаар тохиролцоо хийгдсэн гэж үзнэ. Иймд хариуцагч нь уг тохиролцооны дагуу бусадтай байгуулсан гэрээ хэлэлцээр, эд хөрөнгийг үйлдвэрийн ажиллах хүчний хамт шилжүүлж өгсөн буюу үйл ажиллагаа явуулах боломжтой үйлдвэрийг шилжүүлж өгөх үүргийг хариуцагч нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт зааснаар хүлээнэ.

 

            Хариуцагч Б.Бат-Эрдэнийн гуравдагч этгээдтэй байгуулсан “Хүнсний дэлгүүрт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” нэртэй бичгийн баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байх боловч эдгээр гэрээг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн гэх байдал нотлогдохгүй байна. Ийм учраас Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт зааснаар доголдолгүй үйлдвэр шилжүүлэн өгсөн гэдгээ хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй гэж дүгнэхээр байна.

 

            Иймд хариуцагч биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.А- нь гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

            Хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж буй тохиолдолд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талд нэмэлт хугацаа олгосон байх ёстой боловч хариуцагч нь уг ажлын байрны тоног төхөөрөмжийг 2016 оны 12 дугаар сараас эхлэн буцаан ажиглаж, үйл ажиллагаа явуулж байх тул /3 хх 89 дэх тал/ Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т зааснаар нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

            Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авсан зүйлээ, гэрээ биелснээс хойш олсон орлогоо харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч С.А- нь гэрээний төлбөрт шилжүүлсэн 60 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч С.А- нь гэрээний төлбөрийн зарим хэсгийг буюу 30 000 000  төгрөгийг Б.О гийн дансанд шилжүүлсэн нь тогтоогдож байх тул хариуцагчаар татсаныг буруутгах үндэслэлгүй болно.

 

            Иймд хариуцагч Б.Б , Б.О  нараас 60 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Мөн нэхэмжлэгч нь компанийн үйл ажиллагааг явуулах зорилгоор гарсан зардалд 26 000 000 төгрөгийг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

            Хариуцагчийн буруугаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан байх тул хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд учирсан хохиролд 22 320 000 төгрөгийг шаардах эрхгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/001327 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 570 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА