Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00206

 

Т-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

     Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

         Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

         2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 504 дүгээр шийдвэр,

         Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 212/МА2017/00114 дүгээр магадлалтай,                                                                                                                     

          Т-ны нэхэмжлэлтэй,

          Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт холбогдох

     Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.206.342 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 264.761 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 213.574 төгрөг бүгд 2.684.677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

          Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч Т-ны нэхэмжлэлд: Би Цэнгэл сумын 3 дугаар хүүхдийн цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл галчаар ажиллах хөдөлмөрийн түр гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд тус цэцэрлэгийн шинээр томилогдсон эрхлэгч энэхүү гэрээг үндэслэлгүй хэмээн үзэж, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн. Энэхүү байдалд би гомдол гаргаж улмаар 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 212/МА2017/00037 дугаар магадлалаар эцсийн шийдвэр гарч би урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдсон билээ. Иймд шүүхээс миний ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны 6 сар 10 хоногийн цалин болох 2.500.000 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн журмаар Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн данснаас гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саулешийн нэмэгдүүлсэн шаардлагад: Т анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалин болох 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэлх 6 сарын цалин хэмээн нэхэмжилсэн. Би 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс тус маргаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож хавтас хэрэгт байгаа нотлох баримтыг судалж үзэхэд 2016 оны 10 дугаар сарын цалинг нэхэмжлэгч гардан авсан байна. Энэхүү 2016 оны 10 дугаар сарын цалинг хасаж байна. Харин Т нь Цэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгт 8 сар ажилласан байна. Өмнө нь улсад 4 жил ажилласан эсэх нь НДДэвтрийн бичилтээр нотлогдож байгаа ба Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасан ногдох ээлжийн амралт эдлэх бөгөөд амралтад 264.761 төгрөг олгогдох юм. Иймд Цэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгийн данснаас 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 1, 2, 3, дугаар сар мөн 4 дүгээр сараас 5 хоногийн цалин нийтдээ 5 сар 5 хоногийн цалин болох 2.206.342 төгрөг, 5 сарын Нийгмийн даатгалын шимтгэлд 213.574 төгрөг, амралтын мөнгө 264.761 төгрөг, нийтдээ 2.684.677 төгрөгийг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

         Хариуцагч Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ш.Майгүлийн тайлбарт: Т нь тус хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сараас эхлэн галчаар томилогдсон ба тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдох хүртэл ажил эрхлээгүй байсан юм. Ажил олгогч Т-ыг шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр ёсоор 2017 оны 04 дүгээр сарын 15-наас өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан тухайн байгууллагад 11 сар биеэр ажилласан нөхцөлд ээлжийн амралтын асуудлыг ярих ёстой. Гэтэл нэхэмжлэгч Т нь ажилд ороод 15 хоног хагас дутуу ажиллаад одоо ээлжийн амралтын нөхөн олговрыг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Т нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг төлүүлэх тухай асуудлыг хөндөөгүй байна. Манай байгууллагын нягтлан бодогч Б.Кикийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасан тооцоогоор ажил олгогчоос Т-ны үндсэн цалингийн тооцоог хийхэд байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл, нэхэмжлэгчийн цалингаас суутгах ашиг орлогын татварыг хассан ба нэхэмжлэгч Т-ны гарт нь шууд хүлээн авах мөнгийг 1.745.742 төгрөг байхаар тодорхой дурдсан юм. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

          Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 504 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 55 дугаар зүйлийн 55.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д тус тус заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн санхүүгээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.031.890 төгрөг, ээлжийн амралтын мөнгөнд 180.610 төгрөг, бүгд 2.212.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 472.177 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

          Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 212/МА2017/00114 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 504 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

         Хариуцагчийн төлөөлөгч Ш.Майгүлийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Би Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 504 тоот шийдвэр, Баян- Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 212\МА2017\00114 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Т-ны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт холбогдох цалин хөлстэй холбоотой маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэн зөв үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Т нь 2016 оны 10 дугаар сарын дунд үед анх ажилд орсон ба 2017 оны 04 дүгээр сарын 15-ныг хүртэл ажилгүй байгаад 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэр ёсоор тус цэцэрлэгийн сантехникчийн ажилд эгүүлэн томилогдсон юм. Гэтэл анхан шатны шүүх ээлжийн амралтын нөхөн олговорт 180.610 төгрөгийг ажил олгогчоос шууд гаргуулахаар шийдвэрлэсэн явдлыг зөвшөөрөхгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь бодит байдалд биеэр ажил хийгээгүй ажилтанд ээлжийн амралтын нөхөн олговор олгож байгаа нь хууль бус гэж үзэж байна. Ажил олгогч нь Т-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тус байгууллагын нягтлан бодогч Б.Кикийн гаргасан тооцоогоор 1.745.742 төгрөг төлөх ёстой байтал анхан шатны шүүх цалин хөлсөнд 286.148 төгрөгийг илүү олгохоор шийдвэрлэсэн явдлыг мөн л зөвшөөрөхгүй байна. Иймд Баян-Өлгий аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 504 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 212\МА2017\00114 дүгээр магадлалын хууль зүйн үндсийг хянан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

       Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

         Нэхэмжлэгч Т нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт холбогдуулан  2016 оны 11 дүгээр сарын 01-нээс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 2.206.342 төгрөг, 5 сарын нийгмийн даатгалын шимтгэл 213.574 төгрөг, ноогдох ээлжийн амралтын олговорт 264.761 төгрөг нийт 2.684.677 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1.745.742 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, харин нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын өөрийн гарт авсан цалингаа нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэжээ.           

         Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Т нь галчийн ажилд томилогдсон ба тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар галчийн ажлаас чөлөөлсөн, улмаар Т нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоожээ. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг үндэслэн Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар түүнийг галчийн ажилд эгүүлэн томилсон тухай баримт хэрэгт авагдсан, талууд энэ талаар маргаагүй байна.  

 

        Анхан шатны шүүх ажилтны ажилгүй байсан нийт 5 сар 5 ажлын хоногийн олговорт 2.031.890 төгрөг, ээлжийн амралтын мөнгөнд 180.610 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж, хуульд заасан журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагч болон ажил олгогчоос гаргуулан нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын олговор 472.177 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

          Зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1.-т заасан зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

         Ажилтны ажилгүй байсан хугацаа, түүнд ногдох ажилгүй байсан хугацааны олговрыг анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв тооцож, хариуцагчаас ажилтан Т-ны 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэлх 5 сар 5 хоногийн хугацааны олговорт 2.031.890 төгрөг, ээлжийн амралтын олговорт 180.610 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж дүгнэн, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах үндэслэлгүй юм.  

 

         Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

         1. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 504 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 212/МА2017/00114 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

 

        2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН