Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 212/МА2017/00114

 

    Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 504 дүгээр шийдвэртэй, Б-ын нэхэмжлэлтэй, Б аймгийн Ц сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Я.С нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ц сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгээс ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2206342 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 264761 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 213574 төгрөг бүгд 2684677 төгрөг гаргуулах тухай. 

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: “Б би Ц сумын 3 дугаар хүүхдийн цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл галчаар хөдөлмөрийн түр гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд тус цэцэрлэгийн шинээр томилогдсон эрхлэгч энэхүү гэрээг үндэслэлгүй хэмээн үзэж 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн. Энэхүү байдалд би гомдол гаргаж улмаар 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012/МА2017/00037 дугаар магадлалаар эцсийн шийдвэр гарч би урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Иймд Б миний ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 10 дугаар сарын 01-ээс 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны 6 сар 10 хоногийн цалин болох 2500000 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн журмаар Ц сумын ** дугаар цэцэрлэгийн данснаас гаргуулж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад: “Б анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалин болох 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны 6 сарын цалин хэмээн нэхэмжилсэн байна. Би 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс тус маргаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож хавтас хэрэгт байгаа нотлох баримтыг судалж үзэхэд 2016 оны 10 дугаар сарын цалинг нэхэмжлэгч гардан авсан байна. Энэхүү 2016 оны 10 дугаар сарын цалинг хасаж байна. Харин Б нь Ц сумын хүүхдийн цэцэрлэгт 8 сар ажилласан байна. Өмнө нь улсад 4 жил ажилласан эсэх нь нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр нотлогдож байгаа ба Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасан ноогдох ээлжийн амралт эдлэх бөгөөд амралтад 264761 төгрөг олгогдох юм. Иймд Ц сумын хүүхдийн цэцэрлэгийн данснаас 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 1, 2, 3, дугаар сар мөн 4 дүгээр сараас 5 хоногийн цалин нийтдээ 5 сар 5 хоногийн цалин болох 2206342 төгрөг, 5 сарын нийгмийн даатгалын шимтгэлд 213574 төгрөг, ноогдох амралтын мөнгө 264761 төгрөг, нийт 2684677 төгрөгийг тус тус гаргуулах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Ц сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ш-ийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: “Ер нь Б нь тус хүүхдийн ** дугаар цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сараас эхлэн галчаар томилогдсон ба тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдох хүртэл ажил эрхлээгүй байсан юм. Ажил олгогч Б-ын шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр ёсоор 2017 оны 4 дүгээр сарын 15-наас өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон юм. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан тухайн байгууллагад 11 сар биеэр ажилласан нөхцөлд ээлжийн амралтын асуудлыг ярих ёстой. Гэтэл нэхэмжлэгч Б нь ажилд ороод 15 хоног хагас дутуу ажиллаад одоо ээлжийн амралтын нөхөн олговрыг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Б нь тус шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг төлүүлэх тухай асуудлыг хөндөөгүй байна. Манай байгууллагын нягтлан бодогч К-гийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан тооцоогоор ажил олгогчоос Б-ын үндсэн цалингийн тооцоог хийхэд байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл, нэхэмжлэгчийн цалингаас суутгах ашиг орлогын татварыг хассан ба нэхэмжлэгч Б-ын гарт нь шууд хүлээн авах мөнгийг 1745742 төгрөг байхаар тодорхой дурдсан юм. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 504 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 55 дугаар зүйлийн 55.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д тус тус заасныг баримтлан Б аймгийн Ц сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн санхүүгээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2031890 төгрөг, ээлжийн амралтын мөнгөнд 180610 төгрөг, бүгд 2212500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 472177 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Б аймгийн Ц сумын Хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ш би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 504 тоот шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Б-ын нэхэмжлэлтэй Ц сумын Хүүхдийн ** дугаар цэцэрлэгт холбогдох цалин хөлстэй холбоотой маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэн зөв үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Б нь 2016 оны 10 дугаар сард анх ажилд орсон ба 2017 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэл ажилгүй байгаад 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэр ёсоор тус цэцэрлэгийн сантехникчийн ажилд эгүүлэн томилогдсон юм. Гэтэл анхан шатны шүүх ээлжийн амралтын мөнгөнд 180610 төгрөгийг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн явдлыг зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх бодит байдалд биеэр ажил хийгээгүй хүнд ээлжийн амралт олгож байгаа нь буруу гэж үзэж байна. Ажил олгогч нь Б-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 1745742 төгрөг гаргуулах төлөх ёстой байтал анхан шатны шүүх цалин хөлсөнд 286148 төгрөг илүү олгуулахаар шийдвэр гаргасан явдлыг бас л зөвшөөрөхгүй байна.

Иймд Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 504 дүгээр шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулан хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна. 

Б нь Б аймгийн Ц сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгт холбогдуулан ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх 5 сар 5 хоногийн хугацааны олговорт 2206342 төгрөг, 5 сарын нийгмийн даатгалын шимтгэл 213574 төгрөг, ноогдох ээлжийн амралтын олговорт 264761 төгрөг нийт 2684677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1745742 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, харин нэхэмжлэгч Б нь 2017 оны 10 дугаар сарын өөрийн гарт авсан цалингаа нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажил олгогчоос ажилгүй байсан нийт 5 сар 5 ажлын хоногийн олговорт 2031890 төгрөг, ээлжийн амралтын мөнгөнд 180610 төгрөгийг тус тус гаргуулж, хуульд заасан журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагч болон ажил олгогчоос гаргуулан нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын олговор 472177 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Б нь Б аймгийн Ц сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр галчийн ажилд томилогдсон ба тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар галчийн ажлаас чөлөөлсөн, улмаар Б нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоожээ. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг үндэслэн Ц сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар түүнийг галчийн ажилд томилсон байна.

Ажилтны нэг сарын хөдөлмөрийн хөлсний дунджийг 388317 төгрөгөөр тооцохдоо шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний ажилгүй байсан хугацаа, ажилтны нэг сарын болон нэг ажлын өдөрт ноогдох дундаж цалин хөлс, ажилгүй байсан нийт хугацааны олговор зэргийг зөв тооцсон, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1.-т заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэжээ. 

 

Хариуцагчийн “цалинд 286148 төгрөгийг, ээлжийн амралтын мөнгөнд 180610 төгрөгийг тус тус ажилтанд илүү олгуулахаар шийдвэрлэсэн нь буруу” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, ажилтны ажилгүй байсан хугацаа, түүнд ногдох ажилгүй байсан хугацааны олговрыг анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв тооцож, хариуцагчаас ажилтан Б-ын 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэлх 5 сар 5 хоногийн хугацааны олговорт 2031890 төгрөг, ээлжийн амралтын олговорт 180610 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 504 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК 

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

Д.КӨБЕШ